• Өнөөдөр 2025-05-16

“ГАНГАН ЦАГААН”, “МОГЖООХОН ХҮҮ”, “ТЭРГЭЛ САР”, “RED HOODIE” ТЭРГҮҮТЭЙ ХИТ ДУУНУУДЫН ЭЗЭД “GANGBAY”

       “Гангарч болохгүй ганган цагаан

       Гантиг сувдан бэлзэг минь

      Амсаж болохгүй

     Амьны ганцхан амт нь дэндсэн амраг минь... гээд “Ганган цагаан” дуугаар нь үзэгчид тэднийг андахгүй мэдэх билээ. Мэдээж “Могжоохон хүү”, “Тэргэл сар”, “Red Hoodie”, “Тайл” тэргүүтэй залуусын сонсох дуртай өөр олон дуу бий. Тэд зөөлөн хэмнэлтэй дуунуудынхаа утгыг тун донжтой илэрхийлсэн клипүүдтэй. Мөнхүү өнгө төрхийн хувьд хуучин цагийг санагдуулах атлаа үгс болоод хөгжмийн өнгө аясаараа яах аргагүй орчин үеийн шинэлэг, сэтгэл татахуйц уран бүтээлүүдтэй. Үзэгчийн хувьд “Тэргэл сар” дуунд нь хамгийн их дуртай.

Тэнгис далайг гатлаад

Тэргэл саран гартлаа

Гарыг минь чанга атгаач

Тэргэл саран авхай минь” гээд эмэгтэй хүнийг сартай зүйрлэж, хүндэтгэн хайрласан утга илэрхийлж байгаа нь сонсоход таатай санагддаг. Ер тэдний дуунууд дан ганц эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтахаас гадна нандигнан хайрлаж, аргадан тайтгаруулдаг нь сонсогчдын сэтгэлийг татдаг.

     Хамтлагаа байгуулаад зургаан жил болж байгаа атлаа дуу бүр нь хит болохоос гадна хоёр ч бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Анхны уран бүтээл нь “Two Товариш Tour”. Ердөө дараа жил нь л "Xalxstar[3]" дебут цомгоо 10 дуутайгаар Belucci Records-с гаргасан байдаг. Харин хоёр дахь цомгоо 2021 онд “Gilbee” нэртэйгээр бичүүлсэн. Тэд СУИС-ийн нэг анги байхаасаа нэгдэн уран бүтээлээ хийж эхэлсэн түүхтэй тэдний гурав дахь тоглолт энэ сарын 25-нд болох гэж буй юм. Рок поп ертөнцийн өнөө цагийн тод өнгөний нэг бол яах аргагүй Gangbay хамтлаг. Өөрсдийн өнгө төрх, мэдрэмжийг шингээсэн дуу хуур хийх хүсэл мөрөөдөлтэй хоёр залуу нэгдэн олон сайхан уран бүтээлийг төрүүлж, өдгөө ч дуу бүхэн нь тасралтгүйгээр хит болсоор байгаа.

      “Two Товариш Tour”-аар эхэлсэн залуус “Могжоохон хүү” гэж дуугаараа дэггүйтэж,  “Ганган цагаан”-аар гал өрдөж, “Касетта”, “Close up”, “Mamacita”, “Seen” уран бүтээлүүдээрээ үргэлжилсэн. Тэд хайрласан нэгнээ хамгийн гоё алчуураа аваад ирээч гэж гуйж, мөнхүү хайртай хүнээ өөр төстэй нэгнээр орлуулахыг хүсэж, “Зангирсан бодлын зангиалааг тайл” гэж хүслээ хэлэн,шатан дүрэлзэж, шаналан, шархалж дуулдаг. Ерөөс үзэл бодол, сэтгэл санаа, хүсэл мөрөөдлөө бүгдийг нь дуундаа хамтатгаж, өөрсдийгөө уран бүтээлээрээ бүрэн илэрхийлж, бүтэн үзүүлдэг.

Хамтлагийн хоёр уран бүтээлч СУИС-ийн Хөгжимт драмын ангийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн болохоор ч тэр үү клипүүдийнх нь найруулга, дүрийн жүжиглэлт сонирхолтой байдгийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдэнд тун удахгүй болох “Касетта” тоглолтод нь том амжилт хүсье. Хамт уран бүтээл хийж эхэлснээсээ хойш хэсэгхэн тусдаа уран бүтээлээ хийж завсарласан ч эргээд нэгдэж, хит дуунуудаараа тоглолтоо хийх гэж байгаад үзэгч, фенүүд нь баяртай байгаа биз ээ. Хайрлахад, санахад, хүлээхэд гээд аль ч мэдрэмжид “Gangbay”-ийн дуунууд бидэнд үргэлж хань болдог. Цаашид ч хань итгэл, урам зориг болсоор байх биз ээ.


“ГАНГАН ЦАГААН”, “МОГЖООХОН ХҮҮ”, “ТЭРГЭЛ САР”, “RED HOODIE” ТЭРГҮҮТЭЙ ХИТ ДУУНУУДЫН ЭЗЭД “GANGBAY”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188