У.Шекспир ямар азаар “Ромео, Жульетта” жүжгийн зохиолдоо Лоренцо ламын дүрийг бичсэн юм бэ гэж эл зохиолыг уншиж, жүжгийг нь үзэх бүрд бодогддог юм. Ромео, Жульетта хоёрт таагүй зүйл тохиолдож, бүтэлгүйтэхэд танхимд суугаа үзэгчдэд “Одоо яах бол” гэсэн түгшүүр, зовнил төрөхөд, “Нээрээ, Лоренцо лам байгаа шүү дээ” гэсэн итгэл төрж, тайвширдаг. Лоренцо ламтан хонгор жаахан Жульетта, хосгүй сайхан Ромео хоёрыг адислан ивээдэг шиг үзэгчдийг ч ялгаагүй хайр энэрэлдээ багтаадаг шиг санагддаг. Дэлхийн сонгодог бүтээлийн нэг болох энэхүү жүжгийг 1996 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч Монголд анх найруулан тавьсан байдаг. Энэ үед Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай Лоренцо ламтны дүрийг бүтээж байсан бол үүнээс 20 жилийн дараа буюу 2016 онд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч тэдний хайр дурлалыг дахин тайзнаа амилуулсан.
Энэ үед Лоренцо ламтны дүрийг МУГЖ С.Болд-Эрдэнэ бүтээсэн билээ. Үүгээр ч зогсохгүй тэр жилийнхээ “Гэгээн муза” наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртэж байсан. Тэгвэл есөн жилийн дараа буюу энэ хавар Улсын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид, найруулагч Б.Энхээгийн найруулгаар дахин тайзнаа амилууллаа. Лоренцо ламын дүрийг харин СТА, жүжигчин Ж.Даваасамбуу гуай бүтээжээ. Бид шинэхэн Лоренцотой уншигч таныг уулзуулж байна. Түүний дуу хоолойны өнгө, хамтран тоглох уран бүтээлчидтэйгээ харилцах харилцаа, үг хэлэх байдал нь үзэгчдэд гарцаагүй содон байхаас гадна залуу уран бүтээлчдэд хамт тоглоход нөмөр түшигтэй, үлгэр дуурайлалтай, суралцах зүйл ихтэй байгаа нь мэдрэгдэж байлаа.

Түүнээс энэхүү дүрд хэрхэн тоглох болсон тухай асуухад “Хүүхэд, залуучуудын театр маань дан залуу уран бүтээлчдээс бүрдсэн. Энэхүү сонгодог жүжиг дээр ахмад, залуучуудын харилцаа холбоог дэмжье, ахмадуудынхаа туршлагаас суралцъя гэсэн зорилгоор Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах бид гурвыг оролцооч гэж урьсан юм. Миний хувьд тайзнаа 27 жилийн дараа дахин тайзнаа гарч байна. Энэ хугацаанд Монголын ардын урлагийг Европын оронд сурталчлах ажлыг 16 жил хийсэн. Мэргэжлийн урлагийн тайзнаа гараагүй удсан болохоор бүх юм сайхан байлаа” гэсэн юм. Үнэхээр ч ахмадууд нь үлгэр дуурайлал болсон, залуучууд нь шижигнэсэн сайхан баг хамт олон бүрдэж, нэгэн сэтгэлээр алдарт энэ сонгодог жүжгийг бүтээсэн нь үзсэн хэн бүхэнд тодорхой байв.
Тэрбээр “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу нэрт найруулагч, жүжигчин Л.Лхасүрэн гуайн шавь байна. Сургуулиа төгсөөд уран бүтээлийнхээ гарааг 1981-1987 он хүртэл Улсын Хүүхэд, залуучуудын театрт ажиллажээ. Дараа нь Дархны театрт мөн арав гаруй жил ажилласан байна. Энэ хугацаанд тайзнаа Х.Зандраабайдийгийн “Задын чулуу”, “Дээвэр дээр суусан Карлсон”, “Нар туссан хараацай”, “Авьяастан ба бишрэгчид” тэргүүтэй 15, 16 жүжгийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Харин дэлгэцэд, “Зүрхээр наадагч”, “Бүү март”, “37-р точка”, “No Rules”, “Номер-1”, “Жүди”, “Буруу өрөг” зэрэг олон бүтээлийн дүрүүдэд тогложээ. Эндээс харахад найруулагчид түүнийг ихэвчлэн даргын дүрд сонгодог байна. Багаасаа урлагт дуртай, хөгжим тоглодог байсан тэрбээр ийнхүү Монголын урлагт тайз, дэлгэцийн олон сайхан дүрийн эзэн болж, өдгөө залуу уран бүтээлчиддээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, тэднээс мөн суралцаж уран бүтээлдээ орсоор байна.
ЖҮЖИГЧИН Ж.ДАВААСАМБУУГИЙН БҮТЭЭСЭН ЛОРЕНЦО ЛАМ |
|