• Өнөөдөр 2024-05-18

С.ЧУЛУУН: Чингис хааны музейг наадмын өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа

2021-01-26,   569

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах талаар танилцуулав.
 
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын  гишүүн Б.Жаргалмаа танилцуулж, УИХ-ын  гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, П.Анужин нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад  Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн нар хариулт өгсөн юм. 
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Чингис хааны музейн барилгын ажил хэдийгээр дуусаж, ашиглалтад орох талаар тодруулсан юм. Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун "Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн  хариулт өгөв.
 
УИХ-ын гишүүн П.Анужин музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт муугаас үзмэр алга болдог талаар хөндөөд, музейн удирдлага болон ажилтнуудын хариуцлага хуулийн төсөлд хэрхэн туссан талаар, мөн үзмэрийн бүртгэлжүүлэлт төсөлд хэрхэн туссан талаар тодруулав. Энэ асуултад Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн "Хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хадгалалт, хамгаалалт сайжирна. Яагаад гэвэл хуулийг дагаад хэд хэдэн стандарт батлагдана" гэж хариуллаа.
 
Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжлээ. Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
 
 
 

С.ЧУЛУУН: Чингис хааны музейг наадмын өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188