• Өнөөдөр 2024-04-20

1+1=2

-У.ХҮРЭЛСҮХ БОЛ “КОЛА”, Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛ “ФАНТА” ЮМ-

Дэлгүүрээс “Кола” авав. Бас нэг “Фанта” авлаа. Гэртээ ирээд “Фанта”-гаа асгаад саванд нь “Кола”-гаа юүллээ. Тэгээд түүнийгээ “Фанта” гэж итгээд уув. Яасан гээч..., амт нь “Кола” л байлаа. Би “Энэ бол фанта болохоос кола биш” гэж өөртөө итгүүлээд уув. Арав дахин балгасан ч өнөөх “Фанта” маань “Кола” хэвээрээ л байлаа. Сав нь, шошго нь “Фанта” боловч, доторх нь “Кола” учраас энэ яалтчгүй “Кола” юм байна гэж бодов. Амт нь л мөн чанарыг нь илтгэхээс биш, харагдах байдал хуурамч зүйл ажээ. Дахин ийм тэнэг туршилт хийхгүй гэж өөртөө амлалаа. Юу гэх гээд байна гэхлээр У.Хүрэлсүх бол “Кола”, Л.Оюун-Эрдэнэ бол “Фанта” юм.

Бид шинэ Ерөнхий сайдтай болж байна гэж бодож байгаа ч хэлэх үг, хийх үйлдэл нь үнэндээ МАН-ын “томчууд”-ын,  бас намын дарга У.Хүрэлсүхийн зааварчилгаа байх нь тааж цөхөөд байх зүйл биш. МАН гэдэг тэнгэр нураагүй байхад Ерөнхий сайд гэдэг үүл солигдохыг “Төрийн эргэлт боллоо” гэж дэвэргэн төсөөлөөд, төргүй болчихлоо гэж бужигнаад байх нь хэрэггүй юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг дээ. Чухамдаа өнөө миний “Кола”-г “Фанта”-ны саванд хийчихээд “Кола” гэж итгэх, Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч, Л.Оюун-Эрдэнэ гэдэг шинэ Ерөнхий сайдтай болсон юм чинь одоо өөр бодлогоор улс хөгжинө гэж итгэх хоёр яг адилхан өнгөн төдий хуурамч төсөөлөл. Иргэд бидэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байна уу, Л.Оюун-Эрдэнэ байна уу, Дорж гуай байна уу ер нь ямар ялгаатай юм бэ, амт нь буюу бодлого нь МАН-ынх байхад... Яах вэ, телевизээр У.Хүрэлсүхийн загнаж хэлдэг байсан үгсийг Л.Оюун-Эрдэнэ аргадаж хэлэх байх, Засгийн газрын бичиг цаас дээрх гарын үсэг л өөрчлөгдөх байх, өөр гойдын ялгаа надад, танд мэдрэгдэхгүй л болов уу.  

 
Ард иргэд бидэнд ялгаа нь мэдрэгдэхгүй, ашиггүй байж болох ч солигдсон хоёрт бол ялгаатай, ашигтай байж таарна. Ерөөс улс төрийн тоглоомын гол дүрэм нь тийм. Ганц нүүдэл ч гэсэн ашигтай байх ётой. Тэгвэл ямар ашигтай гэж вэ. Энгийнээр бодоход одоо бид “Хөөш, Хүрэлсүхээ!!!” гэж орилох боломжгүй, тийм эрхгүй болж байгаа юм. Тэр Ерөнхий сайд биш, УИХ-ын гишүүн болсон. Цаашид ард түмэн илүү ядуурч, коронавирус эх захаа алдаж, эдийн засаг элгээрээ хэвтвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л элдвээр хэлүүлж, хэвлэлээр “нүдүүлээд” байна уу гэхээс эгэл жирийн гишүүн У.Хүрэлсүхийг хэн ч оролдохгүй, тийм шаардлага ч байхгүй гэсэн үг дээ. Эрх баригч намын даргын хувьд Ерөнхий сайдаа удирдан чиглүүлж, ард нь байснаараа энэ бүхэнд хамаатай байж болох ч ард түмэн УИХ, Засгийн газраас, Ерөнхий сайдаас “Ажлаа хий!!!” гэж шаардаж байснаас хэзээ л “Намын дарга ажлаа хий!!!” гэж орилж байлаа. Тэртээ тэргүй ард түмэнд үйлчлэх ёстой УИХ, Засгийн газар нь байхад намын даргаас хариуцлага нэхэх логик байхгүй юм л даа. Ингээд бодохоор цаашид эдийн засаг яаж ч муудсан, коронавирус яаж ч “галзуурсан” У.Хүрэлсүхийн нэр хүндэд хал пал болох нь бага. Цаашид нэр хүнд нь унахгүй, өнөөгийн “Хариуцлага хүлээж чаддаг” гэх карьераа авч үлдэж чадаж гэмээнэ Ерөнхийлөгч болох зүрхний чанадын хүсэл нь биелэх боломжтой. 
 

Цагийн байдал ороо бусгаа болж байгаа энэ үед нэр хүндээ нэмж унагахгүйн тулд “Хариуцлагаа хүлээгээд огцорлоо” гэж хэлээд өөрийнх нь төлөө үхэхээс буцахгүй Л.Оюун-Эрдэнээ орондоо үлдээгээд өөрөө анхаарлын гадна гарах нь асар их ашиг биз дээ. “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэж нутгийн дүүгээ найрчих овжин чанар У.Хүрэлсүхэд бий. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд нэр хүнд нь яаж унаж, элдэв үгээр балбуулах байсан ч Ерөнхий сайдын суудлаас татгалзах хүн биш. 2001 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны Захирагчийн ажлын албанд ганц сар жижүүр хийснийгээ “Малчны хотноос дэлхийн дэвжээнд гарлаа” гэх маягтай ихэд дэвэргэж явдаг. Ерөнхий сайдын суудалд ганц сар суугаад үзчихвэл насан туршдаа ярих, аагархах намтартай болно. Энэ бол 1+1=2 гэдэгтэй л адилхан тодорхой зүйл. 

 
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаараа огцорсон дуулиантай зэрэгцээд Сү.Батболдын луйврын схемийн дуулиан ид өрнөж байна. Засгийн газар огцорсон шалтгааныг төрийн тэргүүн маань “Сү.Батболдын явуулга” гэж тайлбарласан. “У.Хүрэлсүхийг Сү.Батболд базсан баримт” гэх ганц хуудас цаасны зураг, дэлхий даяар тархсан 100 компанийнх нь жагсаалт гэх ганц нэг линк цахим орчинд хөвөрч байна. Сү.Батболд чуулганы танхимд нэлээд сандарчихсан, салганаж байгаа нэг гараа нөгөө гараараа тас атгачихаад “Намайг гүтгэлээ” гэж тайлбар хийснээс харвал оргүй хардлага яавч биш. 
 
Гэхдээ нэг зүйл байна. Сү.Батболд У.Хүрэлсүх хоёр нэг тал биш гэдгийг хэн, яаж батлах юм. Тэд хоёр тал юм шиг атлаа нэг тал байвал яах вэ. МАН-ын хамаг “луйхар”-ууд улс төрөөс ангижирч, зарим нь орон шоронд ороод одоо ганц үлдсэн аварга загас нь Сү.Батболд гэдэг биз дээ. МАН-ыг өдий зэрэгтэй авч яваа нь У.Хүрэлсүх биш, “Сү”-ын ухаан, мөнгө хоёр байвал яах вэ. Сү.Батболдын дүү нь У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхийн дүү нь Л.Оюун-Эрдэнэ байгаад ах дүү гурав нийлчихсэн огцруулах, огцрох, оронд нь томилогдох жүжиг зохиогоод сууж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгээд бүр анхнаасаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь Сү.Батболд араас нь үгийг нь заагаад, одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоход нь У.Хүрэлсүх үгийг нь заадаг болж, ах нарынхаа халааг авч байгаа ч юм бил үү. Улстөрчид ард түмнийг үргэлж хуурсаар ирсэн. Тийм ч учраас бид их хартай болж дээ, тэд МАН л бол МАН. 
 
 

1+1=2
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 09:34:43
    Н.ЛХАГВАДОРЖ: ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ҮР НЬ ШИЙР АЛАГ ГЭДЭГ ДЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188