Инженерүүд бол улс, эх орныхоо хөгжлийг түүчээлэгчид байдаг. Тиймээс инженерүүдийн ур чадвар, манлайллаас улс орны хөгжил, эдийн засаг шууд хамааралтай гэж үзэх хүн олон. Тэгвэл шинээр бүрдсэн УИХ-ын 126 гишүүний 17 нь инженер /эх сурвалж: ikon.mn/ бөгөөд хууль тогтоох засаглалд инженерүүд олон байгаа нь Монголын ирээдүйн “газрын зураг”-ийг тодорхойлоход, тулгамдсан олон асуудлын шийдлийг олоход тустай.
Өнгөрсөн өвөлжин нийслэлчүүд бид дүүрэг, хороо, хотхоноороо цахилгаанаа хязгаарлуулсан. Харин хариуцсан сайд маань “Аргална даа” хэмээн хээв нэг хэлж суусан юм. Ирэх өвөл ч мөн цахилгаан хязгаарлах нь дамжиггүй. Гэхдээ 1.6 сая хүн амтай метрополис хотын иргэд бид “Өнөөдөр манай тогийг таслах болов уу” хэмээн тааж ядан суудаг баймааргүй байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэрэглээ жилд дунджаар 150-230 Гкал/ц-аар нэмэгдэж буй судалгаа бий. Цаашлаад агаарын температур удаан хугацаанд -39 хэмээс дээш хүйтэрбэл дулаан хангамжийн систем саатаж, дулаан дамжуулах сүлжээний алслагдсан цэгүүд хөлдөх эрсдэл үүссэн байна. Тэгвэл үүний шийдэл нь станцуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх явдал юм.
ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ
Манай улс нийт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоодоосоо хангаж, 14 хувийг БНХАУ-аас, таван хувийг ОХУ-аас импортолдог. Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жил байна. Эдгээрийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Мөн эрэлтээ дагасан нийлүүлэлт үгүйгээс эрчим хүчний ачаалал хязгаартаа тулж, шинэ станцууд барих, хуучныгаа засаж, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.
Тэгвэл Дулааны V цахилгаан станц барих талаар анх 1990-ээд оноос ярьж эхэлсэн гэдэг. Харин Монгол Улс зах зээлийн системд шилжсэнээр энэ бүхэн замхарч, 2000 оны эхээр дахин хөндөх болсон байна. Ийн үүнээс хойш газраа хэдэнтээ сольсноор төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар сонгон шалгаруулалтыг 2011 онд зарлаж, 2012 онд төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон ч мөн л газрын асуудал үүсэж замхарсан. 2017 онд ашиглалтад орох учиртай байсан тус станц одоо ч сураггүй хэвээр, анх барих тухай ярьснаас хойш 35 жил болох нь.
ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ
Тавантолгой дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Олон удаа тендер зарлаж, гадаад, дотоодын компаниуд гүйцэтгэгчээр шалгарсан ч төсөл одоог хүртэл хэрэгжээгүй. Төслийн эхний үе шатанд ашиглалтад орох 300МВт-ын хоёр блок бүхий дулааны цахилгаан станц нь жилд 2.3 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2.1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг нийлүүлнэ. Түүнчлэн тус станц нь говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэдгээрийг дотоодын эрчим хүчний системээр хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг хязгаарлан, жилд 120-140 сая ам.долларын гадагш чиглэсэн валютын урсгалыг дотооддоо үлдээж, улс болон орон нутгийн төсөвт жилд 34.5 сая ам.долларын татвар, хураамжийг төвлөрүүлэх судалгаа гарчээ. Төслийн нийт санхүүжилт 847.5 сая ам.доллар.
Өнгөрсөн 2023 оны сүүлчээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Тавантолгойн цахилгаан станцад хоёр оролцогч орж ирсэн ч хоорондоо маргаантай байгаа. Энэ шүүхийн асуудал дуусах юм бол 2024 ондоо багтаад ажил эхэлнэ. 2026 оны төгсгөлөөр 300 мВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орно” хэмээн мэдэгдсэн.
БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ
Энэ нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд барьж буй дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай дулааны цахилгаан станц юм. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулснаар эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах боломжтой болсон. Одоогоор эхний блокын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хоёрдугаар блокыг 2025 онд ашиглалтад оруулах бөгөөд тус хоёр блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм. Тус станц ашиглалтад орсноор төв, өмнөд, зүүн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, тухайн бүс нутагт дэд бүтэц, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломжийг бүрдэнэ.
Монгол Улс байгалийн асар их баялагтай боловч эдийн засаг маань боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр тогтсон хэвээр байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглаж, дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэртэй болох зайлшгүй шаардлагатай.
Дэлхий дахинд нар, салхины болон усан цахилгаан станцуудыг илүү ихээр ашиглах болсон. Учир нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь агаарын бохирдол болон хүлэмжийн хийг бараг ялгаруулдаггүй бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэдгээрээ шатах ашигт малтмалаас ялгаатай юм. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь эдийн засгийн хувьд илүү ашигтай төдийгүй эрчим хүчний импортын хараат бус байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Монголын ахны салхин парк болох Салхит 50 мВт-ын станц нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд жил бүр 180 мянган тонн нүүрс хүчлийн хий, 122 мянган тонн нүүрс шаталт, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэдэг. Мөн Монголд бага оврын 11, дунд оврын хоёр усан цахилгаан станц бий. Түүнчлэн цаашид нэн даруй ашиглалтад оруулах шаардлагатай дараах станцууд байна.
ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх боломжтой болно. Тус станцыг барих тухай яриа 1991 оноос буюу 33 жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Харин үйл ажиллагаа эрхлэх төслийн нэгжийг 11 жилийн өмнө байгуулжээ. Гэвч цаасан дээр бичсэнээс өөрөөр бодит ажил хэрэг болоогүй энэ төсөлд нийт 78 тэрбум төгрөг үргүй зарцуулсан мэдээлэл байна.
Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангана. Жилд 50 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Францын компанийн хийсэн Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харсан ОХУ-ын Эрчим хүчний яам нь "Найрамдалт бус харилцаатай орноор үнэлгээ хийлгэмээргүй байна. Харин манай хоёр улсын дөрвөн яам дундаа ажлын хэсэг байгуулчихъя" гэж хойшлуулаад байгаа гэнэ.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Он удаан жил яригдсан, стратегийн ач холбогдол бүхий томоохон мега төслүүдийн нэг бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт. Энэ төслийн барилгын бэлтгэл ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг хамарсан талбайд Ховд голын урсцыг түшиглэж уг усан цахилгаан станц баригдах юм.
90 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг 2018 оны тавдугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Монгол Улсын Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Уг станц ашиглалтад орсноор жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан.
Тус үйлдвэрийн шавыг зургаан жилийн өмнө сүр дуулиантай тавьсан бөгөөд 2021 онд ашиглалтад орох учиртай байсан ч дашийн шог болсон. Үүний шалтгааныг албаныхан цар тахалд “тохсон” ч үнэн хэрэг дээрээ “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК өрөнд баригдаж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрчээ. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрүүлэх судалгаа бий. Геополитик, стратегийн чухал ач холбогдолтой тус төслийг зогсоохгүй, харин ч хурдтай үргэлжлүүлж, дуусгах шаардлагатай юм. Өдгөө тус үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулна гэж буй.
Монгол Улс ураны салбарт балчирдахгүй. 1940-өөд оны сүүлчээр Зөвлөлт, Хятадын хайгуулын баг анх Монголын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын геологийн судалгаа эхлүүлсэн байдаг. Зөвлөлт, Хятад, Монгол хамтарсан ураны геологийн судалгааны ажил 1990 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувьд хайгуул, судалгаа хийжээ. Харин энэ салбарын хайгуул, шинжлэлийн ажил 2010-аад оны үед дахин “цэцэглэж” эхэлсэн бөгөөд “Камеко”, “Арева”, “Денисон майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжсэн. Ингэхдээ жилд 20-30 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалттай ураны төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд уг хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ураны ордыг илрүүлсний нэг нь өдгөө ураны талбарт Монголыг аваачаад буй Зөөвч-Овоо орд юм. Өдгөө Монгол Улсын дөрвөн аймгийн нутагт нийт 160 мянга гаруй гектар талбайд хайгуулын зургаа, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Дэлхийн хөгжингүй орнууд ураныг сонгож, цөмийн энергийг ашиглахтай зэрэгцэн уран гэх шар нунтаг зах зээлд талх шиг хурдан ч алтнаас үнэтэй зарагдаж байна. Харин манай улсад дэлхийд томоохон тооцогдох хэд хэдэн ураны орд газар бий. Тиймээс ч Монгол Улс Францын “Орано” групптэй хамтран дэлхийн ураны гол тоглогчдын нэг болж, эдийн засгаа гацаанаас гаргах боломж бүрдэхэд ойрхон буй.
ИНЖЕНЕР ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД буюу МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН “ГАЗРЫН ЗУРАГ” |
|
2024-09-11 12:13:32
2024-09-11 11:45:29
2024-09-11 11:43:43
2024-09-11 11:35:40
2024-09-11 11:28:49
2024-09-11 10:11:58
2024-09-11 09:47:20
2024-09-11 09:34:32
2024-09-11 09:25:19
2024-09-11 09:01:24
2024-09-11 09:00:00
2024-09-11 08:39:28
2024-09-11 08:00:00
2024-09-11 07:58:11
2024-09-11 07:54:20
2024-09-11 07:41:44
2024-09-11 07:36:52
2024-09-11 07:11:56
2024-09-11 07:01:08
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 07:00:00
2024-09-11 06:00:00
2024-09-11 06:00:00
2024-09-10 19:57:22
2024-09-10 18:20:26
2024-09-10 16:26:13
2024-09-10 15:30:42
2024-09-10 15:17:52
2024-09-10 14:28:54
2024-09-10 14:22:37
2024-09-10 14:01:45
2024-09-10 13:52:04
2024-09-10 13:35:02
2024-09-10 13:17:26
2024-09-10 13:09:05
2024-09-10 12:51:58
2024-09-10 12:47:12
2024-09-10 10:49:16
2024-09-10 10:41:34
2024-09-10 10:21:01
2024-09-10 08:55:21
2024-09-10 08:43:10
2024-09-10 08:14:33
2024-09-10 07:57:21
2024-09-10 07:00:31
2024-09-10 07:00:15
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
2024-09-10 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |