Монгол Улс парламентын түүхийг цоо шинээр бичиж байгаа 126 гишүүний тав нь хүний их эмч мэргэжилтэй. Тэднийг тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар юм.
УИХ-ын гишүүн Б.Бейсен 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг мэс заслын их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд анагаах ухааны магистр, клиникийн профессор. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмчээр эхэлж, тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга, зөвлөх эмч, аймгийнхаа Эрүүл мэндийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж, 32 жил энэ салбарт зүтгэсэн. Ийн тэрбээр 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд өнгөрсөн сонгуулиар дахин гишүүн болсон юм.
Харин Д.Ганмаа гишүүн Японы Яманаши Анагаах ухааны их сургуулийн доктор, Харвардын Анагаах ухааны их сургуулийн профессор, судлаач багш юм. Харвардад багшилдаг цорын ганц монгол хүн хэмээгддэг тэрбээр 2004 oноос "Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл" (MHI) хэмээх Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулсан.
Мөн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анагаах ухааны доктор, клиникийн профессор, төрийн соёрхолт мэс засалч. Тэрбээр ГССҮТ-д их эмч, мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий захирал, Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлын албыг хашиж байсан бөгөөд 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайд, дараа нь Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.
Ж.Чинбүрэн гишүүний хувьд хавдар судлалаар мэргэшсэн сайн эмч, багш төдийгүй түүнийг өнгөрсөн 2020 онд УИХ-ын гишүүн болоход нь олон хүн “Хавдрын сайн эмчээ алдлаа” хэмээн халаглаж байсан. Гэхдээ түүнийг бодлого тодорхойлох түвшинд хавдрын чиглэлээр олон ажлууд санаачилна хэмээх хүлээлт иргэдийн дунд байсан ч тэрбээр хүлээлтэд хүрэхээр ажиллаж чадаагүй. Сонгуулийн өмнөхөн хуурамч эмийн асуудлыг хөндөж, сонсгол зохион байгуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд эмч сэтэртэйгээс цаашгүй, эмчээр ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй, АН-ын гол тоглогч, даргын сэнтийгээс буудаггүй улстөрч. Өдгөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдоод байгаа билээ.
Ийн эмч гишүүдийг танилцуулсан нь тэднийг энэ чиглэлд хэрхэн ажиллах чадамжтайг тодорхойлох гэсэн хэрэг. Иргэдийн өмнөөс эмч гишүүдэд хаяглан эрүүл мэндийн салбарын эмчилбэл зохих ужиг "өвчнүүд"-ээс онцлон дурдъя.
Бүх асуудлын үндэс нь явж явж боловсрол дээр очоод тулдаг. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн нэг шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой. Мөн буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж байгаагаас гадна суурин амьдралын соёл ч нөлөөлж буй. Тиймээс өвдсөнийх нь дараа эмчлэх биш, урьдчилан сэргийлэх нь өндөр ач холбогдолтой. Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүн эрүүл мэндийн талаар ямар хэмжээний ойлголт, боловсролтой байгаа нь эргээд эрүүл мэндэд нь нөлөөлдөг гэсэн үг.
Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ажиллаж, амьдарч, сурч байгаа орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь туслах замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэж байна. Гэтэл манай улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа юм. Иймд эмч гишүүдийн маань эн тэргүүний хийх ажил бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулахаас эхлэх учиртай.
Улсын эмнэлэг гэдэгт төрөөс санхүүждэг бүх шатлалын эмнэлгүүдийг хамааруулан ойлгох хэрэгтэй. Иргэн өвдөөд хамгийн түрүүнд ӨЭМТ-дөө очдог. Гэтэл тус төвд ихэнхдээ сургуулиа төгсөөд удаагүй, туршлагагүй эмч нар байдаг төдийгүй байсхийгээд солигдчихно. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй зэрэг шалтгаанаар иргэд дараагийн шатлалын эмнэлгийг зорихоос аргагүй болдог. Гэтэл тэдгээр эмнэлгийн үзлэгийн цаг нь багадаа нэг сар, цаашлаад хэдэн сараар яригддаг. Танил тал, ар өврийн хаалга хэрэглэхгүй, ном дүрмээрээ явбал үхэхдээ эмнэлгийн хаалга татвал “аз” болно. Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөнүүд үүний нэгээхэн жишээ. Эс бөгөөс иргэд өчнөөн жил эрүүл мэндийн даатгал төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадалгүй, өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хандахаас аргагүй болдог. Иймээс бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудаа чанаржуулж, эмч, сувилагч нараа чадавхижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь эрхэм таван гишүүний хийвэл зохих ёстой ажлын нэг юм.
Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй. Тодруулбал, дэлхийд хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад 17 хувьтай байхад Монголд 24 хувьтай байна. Мөн элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт жагсаж, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм. 2023 онд Монгол Улсад хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын улмаас эндсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас баржээ. Түүнчлэн нийт нас баралтын 62 хувийг оношлогдсоноос нэг хүрэхгүй жилийн хугацаанд нас барсан үзүүлэлт эзэлж байна.
Харин улсдаа цор ганц гэгддэг Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад 2023 онд 60 тэрбум болж, хоёр дахин нэмэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч хүлээгдэл ихтэй, иргэдийн сэтгэл ханамж сайн биш хэвээр байна. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, байлаа ч түүнийг нь ажиллуулах мэргэжлийн боловсон хүчингүй, эсвэл тоног төхөөрөмж нь эвдэрсэн, урвалж бодис нь дууссан зэргээр хавдрыг бүрэн оношилж чаддаггүй. Угтаа улсдаа бүх оношилгоог хийдэг болчихвол маш олон зардал хэмнэх тул эрхэм гишүүд үүнд анхаарал хандуулбал зохилтой.
Нэгэнт улсдаа оношлуулж, эсвэл эмчилгээ, мэс засал хийлгэх боломжгүй болсон иргэд хилийн чанадыг зорино. Ингээд арай дөнгүүрхэн шиг зардалтай, эмчилгээ сайтай орныг судалж судалж, байр, машинаа зараад, ах дүү, хамаатан саднаасаа, зарим нь элэг нэгт монгол түмнээсээ хандив цуглуулж, арай чүү төлбөрөө бүрдүүлнэ. Гэхдээ энэ хүртэлх зам бас амаргүй, дардан биш. Эмнэлэг рүү зураг, хариугаа илгээх, сайн орчуулагч олох, эмнэлгээ сонгох, тухайн эмнэлэг тус өвчнийг эмчилж байсан туршлагатай эсэх гээд судлах зүйл мундахгүй. Гэтэл зуучлалын үйлчилгээ үзүүлсэн иргэн нь хулхидах, орчуулагч олдохгүй, олдсон нь өндөр үнэ хэлэх, эсвэл эмнэлэгтэй нэг тал болж өвчтөнийг мөнгө олох хэрэгслээ болгох, үгэнд нь орохгүй бол хаяад явах нь энүүхэнд. Ингээд өвчтөн хийгээд гэр бүл эдийн засаг, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ, бүр хамгийн хайртай хүнийхээ амиар хохироход хүрнэ. Иймээс үүнд төр засгийн зүгээс зөв зохион байгуулалт, зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, монголчуудын хамгийн их зорин очдог Хятад, Солонгос, Энэтхэг, Япон, Турк зэрэг орны хамгийн сайн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ хийж, төлөөлөгчийн газрыг нь Монголд байгуулж болно. Ингэхдээ үүнийгээ тусгай дүрэм, журмаар зохицуулж, манай улсыг хариуцсан тусгай мэргэжилтэн гаргаж, зөвхөн манай өвчтөнүүдэд тусалдаг, мэдээлэл өгдөг, тосож авдаг, орчуулга хийдэг байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмч нар нь манайд ирж, өвчтөнөө үздэг, оношилдог, хагалгаа хийдэг байж ч болох юм. Үүнийг тусгай дүрэм журам, улс хоорондын гэрээ, хамтын ажиллагаагаар шийдэж болмоор санагдана, эмч түшээд ээ.
ЭМЧ ГИШҮҮДЭД ХАЯГЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УЖИГ "ӨВЧНҮҮД" |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |