• Өнөөдөр 2024-11-09

СЭХЭЭНИЙ ТАСАГ ДАХЬ АРДЧИЛСАН НАМ ДАХИН ЯЛАГДАХ 2024 ОН

              Ардчилсан намын хувь заяа Ардын намын “гарт” ороод удаж байна. Хоёр удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээж, ядахад УИХ-д одоо байгаа хэд нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь битгий хэл эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихсон нь ирэх сонгуулиар энэ намаас юу ч хүлээлтгүйг илтгэдэг. Өнгөрсөн найман жилийн уналт нь АН-ын нэр хүнд, эрх мэдэл, хүрээллийг улс төрийн сэхээн амьдруулах тасагт нам “хэвтүүлж”, хэчнээн жил хэрүүл, тэмцэлтэй байсан намын тамга, даргын суудал нь нэг болсон ч доторх хэрүүл, фракцын зодооноо намжааж хүчрэхгүйд хүргэжээ.

        Тодруулбал, Ардчилсан намын дарга, Л.Гантөмөр, С.Баярцогт нар нам доторх фракцуудын тэмцлийг намжааж, эрх ашгийг нь хангах гэж дэд даргын 15 албан тушаал гаргаад ч тусыг эс олоод байна. Фракциуд дээр нэмэх нь 15 том дарга болчихоод намынхаа бус хувийнхаа улс төрийг хаа сайгүй хийж гүйгээд, ирэх сонгуульд өөрийн “нүх”-ээ тал талд малтахаас илүү гарч чадахгүй явна. Уг нь Л.Гантөмөр “Сонгуулиас өмнө манай нам улс төрийн акц эхлүүлнэ. Бид сөрөг хүчин биш, эрх баригч нам болно” гэсэн ч одоогийн байдлаар АН-аас авиа ч гарсангүй.  Бараг гаргуулсангүй гэх нь илүү онох ч юм уу. Гэхдээ яаж зүгээр суух вэ, нам л юм чинь ирэх сонгуульд оролцох нь тодорхой. Юмыг яаж мэдэх вэ гээд АН-ыг сонгуулиас өмнө бүр мөсөн татаж унагаж мэдэх хэдэн зүйлийг сануулаад үзье. 

МАН-Д “НООС”-ОО ТУШААСАН АН

          МАН-д ноосоо тушаах ажлыг АН-ын удирдлагууд 2016 оны сонгуулиас хойш гардаж, өнөөдөр горыг нь жирийн гишүүд, дэмжигчид нь амсаж байгаа гэхэд хилсдэхгүй. 2016 оны сонгуулийн дараах намын даргын өрсөлдөөн АН-ыг ялагдсан дээр нь дэвсэлсэн юм болсон. Тодруулбал, Ардчилсан намын даргын сунгаанд С.Эрдэнэ ялалт байгуулсан ч дарга байх бүх цаг хугацаандаа намтайгаа холбоотой бүхнийг МАН-д даатгах, МАН-ын удирдлага, чиглэлээр ажиллахыг тэр харин ч нэг үзүүлсэн, үлгэрлэсэн. Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэргүүдээрээ МАН-д барьцаалагдсан С.Эрдэнэ Ардын намын даалгавраар Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгууль гээд байж болох бүхнийг булиантуулж чадсан. Намын бодлого битгий хэл боловсон хүчин, санхүү, улс төрийн нөлөөлөл, хүрээлэл өөр юу байдаг юм бүх үнэт зүйл нь түүний үед үгүй болсон гэхэд хилсдэхгүйг намын гишүүд нь толгой сэгсрэн ярьж буй.

       Үүний дээр нэрмээс болж “Багцалсан таван сум” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар намынхаа хувь заяагаар тэр чигт нь тоглосон гэж болно. Тэдний хоршил унаад байсан намын рейтингийг үндсэндээ тэр чигт нь сэхээний тасагт шилжүүлсэн. Тодруулбал, Н.Алтанхуяг намаасаа хөөгдөж, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн бол Ж.Батзандан Лу.Болдтой нар намаасаа гарснаар парламентад Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн. Д.Эрдэнэбатын хувьд 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан ч хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадаагүй. Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацааг дуусгамагц хуулийн байгууллагад шалгуулж, цагдан хоригдсон. Одоо ч хэрэг нь шүүх дээр явна. Лу.Гантөмөрийн хувьд сонгуулиас хойш усанд хаясан чулуу шиг чимээгүй болж, ногоо тарьсан шигээ явж байгаад 2023 онд гэнэт л Ардчилсан намыг нэгтгэх баатар болон гарч ирсэн ч одоогоор эвээ сайн олоогүй л явна.  Бүр тодруулбал, өдөр өнгөрөх тусам АН МАН-ын “хүүхэд” болсоор л байна.
 

Х.БАТТУЛГА АРДЧИЛСАН НАМЫГ ОРХИЖ, ШИНЭ НАМ БАЙГУУЛАХ УУ

      Ардчилсан намын гишүүдийн тэн хагас нь, ялангуяа арай боловсролтой, улс төрийн нөлөөтэй, эдийн засгийн чадамжтай нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын толгойлдог МОАХ-нд харьяалагддаг. Энэ бол Х.Баттулгын хувьд эрх мэдлийн том хөзөр. Энэ хөзөр түүнийг ирэх сонгуульд нэг бол Ардчилсан намын эрх мэдлийг өөртөө “авах” эсвэл сонгуулиас өмнө шинэ нам байгуулж, АН-аас өрх тусгаарлах түүхэн сонголтыг өгч буй. Үнэндээ МОАХ фракцынхан намаа орхивол АН-д хүнд цохилт болно. Үүнийг нь мэдрүүлэх гэж Х.Баттулга нийслэлийн Ардчилсан намын даргад өөрийн хүнээ зүтгүүлээд зогсохгүй ирэх сонгуульд нийслэлийг манлайлж оролцох тохироо хийснийг улс төрийн хүрээнийхэн ярьж буй.

       Ардчилсан намын удирдлагууд Х.Баттулгын саналыг хэрхэх эсэхээ хэлж, шийдэж чадахгүй шийрэгнэж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, сэхээнд байгаа АН-ыг улс төрийн тохироо хийж чадвал Х.Баттулгын фракц өөд нь таталцана. Эс чадвал өрх тусгаарлаж, унаган намаа өрцлөх нь цаг хугацааны л асуудал болжээ. Гэхдээ хоржоонтой нь АН-аас Х.Баттулгын фракцыг салгаж, бүр мөсөн хүчгүйдүүлэх үү, түрдээ дүүжигнүүлэх үү гэдгийг МАН-ынхан шийдэж амжаагүй,  Л.Гантөмөр, С.Баярцогт нарт дорвитой шийдэл хэлэхгүй яваад байж ч мэдэх юм.

АН-ЫН “ИДЭЭ БЭЭР”

               Залуу үеийнхнээ фракцууд нь хувааж аваад тэрнийх, энийх гэсэн шошго зүүж, аль хүчтэй фракцад орж чадсан нь албан тушаалд хүрдэг хуучин арга барилаасаа АН салж чадаагүй. Тодруулбал, намын ах нарынхаа ивээлд багтсан нь даргын албанд хүрч, мэдлэг, боловсрол, сэтгэлтэй ч шударга үнэнийг хэлж, шүүмжилж яваа нь хаалганы гадна үлддэг тогтолцоо энд амь бөхтэй оршсоор байна. 

       Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлын уур амьсгал, намын генсекээ томилж чадахгүй явсаар саяхан түр орлон гүйцэтгэгч томилсон явдал, АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль дээр эмэгтэйчүүдийн саналыг хайрцагласан гээд мундахгүй олон жишээ хэлж болохоор байна. Ингээд зогсохгүй Нийслэлийн намын даргын сонгууль ч хэл ам, хэрүүл тэмцэл дунд өрнөсөн. “Нэр дэвшигчид саналаа худалдсан” гэх гомдлыг Ардчилсан намынхан өөрсдөөсөө гаргаж байв. Ийн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь энэ намын хувь заяаг шийдэж, сонгогч гишүүдийнхээ саналыг хайрцаглаж, дураараа дургидаг байдлаасаа ангижирч чадаагүй нь АН-ын алдаа, бугшсан идээ бээр нь юм.


       Үүний хамгийн сонгодог жишээ нь, өдгөө УИХ-д суугаа гишүүд ирэх сонгуульд дахин сонгогдох эрхээ авахын тулд МАН-ын гишүүдийн хэлсэн бүхнийг биелүүлэх нь холгүй, юу ч хэлсэн ярсхийтэл гараа өргөн дэмжиж, сайд нарт загнуулж, хотын даргад хөөгдчихөөд юу ч болоогүй юм шиг инээгээд сууж  байгаа явдал мөнөөс мөн билээ. Иймийн учир ирэх сонгуульд АН-аас манлайлал, ялалт бус, МАН-аас тэднийг хэрхэн харж үзэх нь вэ, хэдэн суудал илүүчлэх нь вэ гэдгийг л харах нь. Өөрөөр хэлбэл, Ирэх сонгуульд тэд МАН-ын туслан гүйцэтгэгчээр оролцох нь бараг тодорхой байна.  

 


СЭХЭЭНИЙ ТАСАГ ДАХЬ АРДЧИЛСАН НАМ ДАХИН ЯЛАГДАХ 2024 ОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 18:22:12
    МОАХ: Баттулга ерөнхийлөгч шинэ нам байгуулаа. Эднийг хараад цаг алдахын нэмэр үзээд алд. Дэмжигч олон гарна бх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:36:25
    Зочин: МАН-д тэтгэвэрийн 400к, малчин 200к, төрийн албаны намын бөөс 100к, атуусанд үнэгүй суух оюутан 100к, цэрэг, цагдаа, гэх мэт формтой 100к, ноогдол ашиг авсан шинээр өгөх бацаан 100к, улны 100к нийт 1100к байна. Нийт 2сая сонгуулийн насны хүнтэй боловч 600к санал өгдөггүй. АН өөрийнхөө гишүүдийг мөнгөөр худалдаж авбал 200к байна. Бусдад 100к.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:34:22
    ялагдана: Баярцогт -авлигын хэргээр ял аваагүй боловч АН ыг сонгуулд ялуулах боломжгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 13:34:24
    Зочин: Манай нам хулгайч дээрэмчин улсаа зайлуулахгүй бол сүйрлээ.гантөмар Баярцогт од баяр.баасанхүү тэмүүжин өнөрбаяр мэт үнэн гай болох нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 12:33:50
    Иргэн: ЭНэ намын алдаа оноо муу бүхнийг MAH ы хийсэн ажил мэт эндүүрч төөрч будилах хэрэггүй шүү буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээж яваа ан ы шуналтангуудын хийж буй ажил баттулгыг бас боловсролтой хэсэг нь дагадаг гэчжээ эсрэгээр ээ худалдагдсан хар масс л дагадаг дүрдээ итгээд ижил хувцас өмсөөд дагахыг яанаа ичмээр эзнийхээ шуналыг гүйцээхийн тулд гараа юунд ч дүрж мэдэх нөхөд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 10:12:25
    Зочин: 2024-02+05 08:02:37 дугаар сэтгэгдэлтэй санал нэг байна. Ийм саналтай ард түмэн маш олон байгаа. Хожимдоогүй дээрээ энэ саналд тулгуурлаад олон нийтээс түүвэр судалгаа авалдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 09:45:04
    S: SEXSDN80955877AXN SEKSEER XNGNA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 08:02:37
    а: СӨНӨСӨН НАМ... ХӨГШИН ХУЛГАЙЧУУДААСАА САЛААГҮЙ ЦАГТ ДАХИН ГАРАХ НЬ ХУДАЛ БОЛСОН. БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖ, ГАНТӨМӨР, ГЭЭД ЭДНИЙ ҮЕ, ЭДНЭЭС ДЭЭШ ОЙГҮЙ ХУЛГАЙЧУУДААСАА САЛ... ТЭГЖ БАЙЖ НЭР ЦЭВЭРШИНЭ...ТЭГЭЭД ГАРАХУУ ДАА БАС АРААС НЬ ХУДЛАА ШААДАГ ХУЛГАЙЧУУДЫН АРМИ ЖАГСЦАН БАЙНА ЛЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188