Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр (2020.12.30) Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын удирдлагуудыг томилжээ.
ҮХГ-ын даргаар Х.Батжаргалыг, дэд даргаар нь Б.Булганчимэг, эдийн засагч Б.Дөлгөөн нарыг тус тус томилсон байна.
Х.БАТЖАРГАЛ нь бизнес, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал, БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан. Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан туршлагатай аж.
Б.БУЛГАНЧИМЭГ нь олон улсын харилцаа, хөгжлийн бодлого судлаач мэргэжилтэй. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын санд хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018 оноос DeFacto сэтгүүлд зочин нийтлэлчээр ажилласан. Түүнчлэн 2020 онд Обама сангийн Ази, Номхон далайн залуу манлайлагчаар шалгарсан байна.
Б.ДӨЛГӨӨН нь эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. “Мосдак” ХХК-д менежер, “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,“Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч, “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирлаар ажиллаж байв. Мөн “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх, “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажилласан туршлагатай.
ТОМИЛГОО: Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудын хэн нь хэн бэ |
|