АРДЧИЛСАН НАМЫН X ИХ ХУРАЛ Ц.ТУВААН, С.ЭРДЭНЭ ХОЁРЫН “ЭНЭ ХУРАЛ ХУУЛЬ БУС”, “ЭНЭ ХУРАЛ ХУУЛЬ ЁСНЫ” ГЭХ МАРГААНТАЙ, Д.СОСОРБАРАМЫН “АРДЧИЛСАН НАМ БАЯРТАЙ” ГЭХ ТУНИРХАЛТАЙ, Э.БАТ-ҮҮЛИЙН “ТА НАР МАН-ЫГ ХАР ДАА” ГЭХ АТААРХАЛТАЙ БОЛЖ ДУУСЛАА
“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Ардчилсан намд зөвхөн улс төрийн хоёр дахь том хүчин гэх нэр л үлдэж, бусдаар итгэл үнэмшил, үнэт зүйл, үзэл баримтлал нь устаж үгүй болсныг өнгөрч амралтын өдөр тэд өөрсдөө батлан харууллаа. Чухамдаа Ардчилсан намаас цаашид юу ч хүлээх, харах хэрэггүй болжээ.
Өнгөрсөн бямба гарагт Ардчилсан нам X их хурлаа хийж, хэрүүл шуугиантайгаар үндсэн дүрмээ өөрчлөн баталлаа. Хоёр сонгуульд угсраа ялагдал хүлээж, дотроо хоёр байтугай хагарч, үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж байгаа Ардчилсан нам одоо л алдаа оноогоо дэнсэлж, дотоод зохион байгуулалтаа цэгцэлж, чиг шугамандаа орох нь ээ хэмээн гишүүд дэмжигчид нь ихэд итгэн, эл хурлын үйл явцыг нухацтай ажиглаж суусан. Харамсалтай нь, хагарал бутрал, булхай луйвар, хэрүүл маргаан битүү ханхлуулсан хурал болж, эцэст нь гишүүд дэмжигчид нь итгэл үнэмшлээсээ ичихэд хүрэв. Уг нь гишүүд, дэмжигчид нь 2016 оноос хойш “Туг ч барина, тугал ч хариулна”, “Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз” гэх уужуу үгсээр Ардчилсан намын алдаа дутагдал, хагарал бутрал, ялагдал, уналт бүхнийг уучилж ирсэн. Гэвч цаашид ч “тугал хариулах” нь нэгэнт тодорхойг өөрсдийн нүдээр харлаа.
Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд удаа дараа төрийн эрхийг дангаар болон хослон барьж байсан улс төрийн том хүчин өдгөө дотоод дүрмээ ч хэрүүл шуугиангүй батлах чадамжгүй, зохион байгуулалтгүй болчихсонд зөвхөн тус намын гишүүд, дэмжигчид ч бус жирийн иргэд хүртэл халаглаж сууна.
Харин хурлын үйл явц, үр дүнгийн хувьд,
Ардчилсан намын X их хурал Ц.Туваан, С.Эрдэнэ хоёрын “Энэ хурал хууль бус”, “Энэ хурал хууль ёсны” гэх маргаантай, Д.Сосорбарамын “Ардчилсан нам баяртай” гэх тунирхалтай, Э.Бат-Үүлийн “Та нар МАН-ыг хар даа” гэх атаархалтай явагдаж өнгөрлөө. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд аль алинд нь ялагдал хүлээсэн Ардчилсан намд одоо Ерөнхийлөгчийн сонгууль юу юунаас илүү чухал. Тиймдээ ч Ардчилсан нам дотрох фракцууд дунд үндсэн дүрмийг өөрчлөх замаар намын даргаар өөрийн хүнийг томилох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах “уралдаан” эхэлчихээд байсан. Үүнийг ч X хурлын үеэр өрнөсөн маргаан, шүүмж нотолсон. Харин Ц.Туваан Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгчийн хувиар өрсөж намынхаа Үндэсний бодлогын хороог хуралдуулж, X их хурал зохион байгуулж, үндсэн дүрмийг өөрчлөн баталснаар намын эрхийг Х.Баттулгад албан ёсоор өглөө гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаа ялагдуулмагцаа ажлаа өгч буйгаа зарлаад “алга болсон” С.Эрдэнэ энэ бүхнийг чимээгүй хараад суусангүй, “Энэ бол хууль бус хурал” хэмээн гарч ирсэн. Тэрбээр өөрийн биеэр “Ардчилсан намын шинэ дарга томилогдох хүртэл намыг удирдах эрхийг Ц.Туваанд хариуцуулахаар боллоо” хэмээн мэдэгдэж, тамга тэмдгээ гардуулж байсан атлаа одоо “Би одоо ч Ардчилсан намын дарга хэвээрээ. Намын даргыг түр орлон гүйцэтгэгчид үндсэн дүрэм өөрчлөх, их хурал хуралдуулах эрх байхгүй. Тиймээс би намын даргын хувьд Ц.Тувааныг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөллөө” хэмээн “тамгатай цаас” үзүүлсэн. Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “Би намын дарга биш боловч намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх эрхтэй хүн. Надад олгосон эрхийн дагуу энэ бүхнийг хийж байна” хэмээн мэдэгдэж, хуучин дарга С.Эрдэнийн “Бөгсөн дээр нь бүлээн жин тавьсан” гэдгээ нуусангүй.
Будлиан, хэрүүл маргаантай ч Ардчилсан нам үндсэн дүрмээ өөрчлөн баталсан учраас одоо намын даргын сунгаа явагдаж эхлэх учиртай. Хагас жил орчим толгойгүй явсан Ардчилсан намын дарга тодорсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлаж, компанит ажилдаа албан ёсоор орно. Зарим эх сурвалж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын даргаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинг томилоод, өөрөө ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдээллэж буй.
Гэхдээ дотоод дүрмээ ч талцал хуваагдалгүй, эв эетэй баталж чадахгүй байгаа Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь юу л бол гэх гонсойлт ард түмэнд бий болсныг хэлэх нь зүйтэй.
“Будаан дээрээ зодоонтой” Ардчилсан намд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал алга |
|