УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонссон. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэв.
Тэрбээр "УИХ, Байнгын хорооны хуралдаан, харъяа яамд, эмэгтэй гишүүдийн төлөөллөөс хүчирхийллийн асуудлыг байнга ярьж байгаа. Магадгүй гэмт хэргийн тоо нь буурч байж болох ч зөрчил нь буурахгүй байна. Есөн настай охины хүчирхийлэл, хамгийн сүүлд 16 настай охин ах болон ахынхаа найзуудаас нь айж байгаагаа удаа дараа мэдэгдсэн байна. Гэтэл амь насыг нь бүрэлгэсэн. Эмэгтэйчүүдийн асуудал там болсон байна. Уг нь эмэгтэйчүүдийг зодох нь битгий хэл түлхэж ч болохгүй. Х.Нямбаатар сайд хуулийн төсөл санаачилсан гэж байна. Ямар заалтууд тусгаж байна вэ. Баривчлаад үр багатай байна. Бид ойрын болон урт, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Эх хүн эмэгтэй хүн цаазын ял ярих нь оновчгүй байж магадгүй. Гэхдээ бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд хуулийн хатуу заалт руу орох шаардлагатай. Ер нь манайх цаазын ялаас татгалзах болоогүй байсан юм биш үү. Цаазыг ялыг тодорхой хэмжээнд сэргээх боломж байна уу. Ингэж цочироо өгч эмэгтэйчүүд, охидуудаа хамгаалах хэрэгтэй" гэлээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барина. Дэмжигдвэл УИХ-аар хэлэлцэнэ. Эрүүгийн хуульд бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн төрлүүд дээр хорих ялын хэмжээ хязгаарыг нэмэгдүүлж байгаа. 14-16 насны хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол хорих ялтай болгож, ялыг хүндрүүлнэ. 2013 онд Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэж орсон. Ингэснээрээ манайх олон улс, НҮБ-ын байгууллагын өмнө цаазын ялаас татгалзах үүрэг хүлээсэн. 2017 оноос цаазаар авах ялыг халсан. Би энэ талаар судалсан. НҮБ-аас бидэнд "Монгол Улстай нийлж 54 улс энэ протоколд орсон. Энэ протоколоос гарахын тулд 54 улсаас нэг бүрчлэн зөвшөөрөл авч нэмэлт протоколоос гарах шаардлагатай. Ингэж байж цаазын ялыг сэргээх боломжтой" гэсэн тайлбар өгсөн юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Цаазын ялыг сэргээх хэрэгтэй |
|