• Өнөөдөр 2024-05-20

П.НАРАНБАЯР: Төсөв дээрээ улстөржвөл төрийн ажил гацаж, иргэд хохирно

-НИЙСЛЭЛИЙН ОЛОН АГЕНТЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ ЁСТОЙ-

Нийслэлийн ирэх оны төсвийг өнөөдөр хэлэлцэн батлах юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа. 

-Ирэх оны төсвийг батлах гэж байна. Хэр төсөв болсон гэж та дүгнэж байна вэ?

-Татварын орлого уначихсан байгаа. Асар хүнд нөхцөлд ажиллахаар харагдаж байна. 

-Чухал салбарууддаа мөнгө төсөвлөөгүй гэх шүүмжлэл байгаа. Тэвчиж болох зардлууд юу байна вэ?

-Нийслэлийн харьяанд байдаг олон агентлагын чиг үүргийн давхардлыг арилгах ёстой. Ажлын үр дүнгүй давхардсан орон тоог өөрчлөх, цөөлөх бодлого барих ёстой. Хийж гүйцэтгэдэг чухал үүрэгтэй хүмүүсийг нь нэмэх ёстой. Түүнээс биш чухал ажилтнуудаа халчихаад дарга нар нь данхайгаад үлд гэж хэлээгүй шүү. 

-Боловсролын салбарт хөрөнгө хэр тавигдсан байна вэ? 

-Боловсролын салбар бол босоо удирдлагатай. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хувьсах зардал 36 тэрбумаар буурчихсан байна. Тэгэхээр хүнд төсөв орж ирж байгаа. Боловсролын салбарын зарцуулалтыг хамаагүй унагаж болохгүй. Хүнд цаг үеийг ойлгохоос яах вэ. Сургуулиудын өөрийн үйл ажиллагаанаас олж байгаа орлогыг багш ажилчин руу нь зарцуулах тал дээр нийслэлийн хүрээнд шинэчлэл хийх ёстой гэж үзээд байгаа юм. 

-“Ковид-19” халдварт өвчний үед эдийн засаг хүнд байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр төсөвт дорвитой нэмэр болчихоор зүйл харагдахгүй байна гэх шүүмжлэл бий. Та хэрхэн харж байна вэ?

-Ковид руу чиглэсэн төсөв хангалтгүй байна билээ. Энэ өвчний нөлөөг дор хаяж гурван жилээр харах ёстой болж байгаа. Яагаад гэвэл маш их боломжийг бид алдаж байна. Хувийн хэвшлүүд үйлдвэрлэлээ алдаж байна. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь өнгөрсөн сард цалингаа олгоогүй гэж байна. Цалингаа олгоогүй гэдэг чинь иргэдийн хэрэглээ рүү нөлөөлнө. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй байна. Өнгөрсөн жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа доголдлоо. Ялангуяа хувийн сургуулиудад хүчтэй цохилт болж байна. Тэнд 5000 орчим ажлын байр, 48 мянган хүүхэд сурч байна. Төрийн сургуулиуд ч ялгаагүй. Тэгэхээр “Ковид-19” халдварт өвчний өмнөх болон дараах үе гэж хармаар байгаа юм. 2-3 жилдээ энэ “цохилт” байна гэж харж байгаа. Тэрний тооцоог сайн хийж чадаагүй, эсрэг оновчтой арга хэмжээ авах тал дээр дутмаг болсон харагдаж байна. 

-Аялал жуулчлалын салбар бараг тэг зогсолт хийчихлээ. Ирэх жилд энэ салбарыг дэмжих чиглэлээр хийх ажил харагдаж байна уу. Ялангуяа Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт?

-Аялал жуулчлал тэг зогсолт хийчихлээ. Ялангуяа тур оператор компаниуд. Хүчтэй цохилт авч байгаа аялал жуулчлалын салбараа орхигдуулсан байна лээ. Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр үнэхээр ядмаг, тодорхой бус байна. Хөдөлмөрийн Үндэсний нам энэ тал дээр олон санал хэлсэн. Тиймээс ирэх жил төсвийг аль болох үр дүнтэй зарцуулах тал дээр нь анхаарч ажиллана. 

-Хөдөлмөрийн Үндэсний нам ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид ийм цаг үед хугацаа алдалгүй төсвөө батлаад, төрийн ажлыг зогсоолгүй шуурхай явуулах ёстой гэж үзэж байгаа. Үүнд ач холбогдол өгч байгаа. Тэгэхгүй бол төсөв дээрээ улстөржөөд зогсчих юм бол төрийн ажил явахаа болиод, иргэд илүү хохирол амсана. 

-Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой гэж үзээд байгаа. Гэтэл ирэх жил энэ салбарт хийх тодорхой шинэчлэлийн төсөв, төлөвлөлт харагдахгүй байна гэх шүүмжлэл бий. Үүнээс өөрөөр шийдэх ямар арга зам байгаа юм бэ?

-Цахилгаан автобус нэмэх гэх мэт ажлууд харагдаж байсан. Гэхдээ  энэ бол түгжрэлийг бууруулах үндсэн шийдэл биш. Нийслэлийн 1400 орчим км зам дээр 600 мянган тээврийн хэрэгсэл явж байна. Хүмүүсийг хувийн унаагаар явахгүй байх сэдлийг төрүүлэх арга хэмжээ авах ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн унаагаараа явалгүйгээр аюулгүй, цэвэрхэн, найдвартай такси, тусгай замын автобус зэрэг олон төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ёстой. Жишээ нь, үйлчилгээ сайтай uber буюу такси гэх мэт. 

-Ойрын хугацаанд бол нийтийн тээврээ л хөгжүүлэхээс өөр гарцгүй юм биш үү?

-Анхнаасаа автобусны шинэчлэл хийхдээ смарт картаа яах гэж Солонгосын компанид өгч байгаа юм бэ. Тэр орлого, зарлага бүх юмыг Солонгосын компани мэддэг. Үүнээс асар их алдагдал хүлээдэг. Өөрийнхөө төсвөөс 130 гаруй тэрбум төгрөг өгч алдагдлыг нь нөхөж байна. Автобусны үйлчилгээ нь туг тойрох л сэтгэлтэй. Иргэдэд аюулгүй, цэвэрхэн үйлчлэх бус явж л байх нь чухал болчихсон. Нийслэлээс төсвөө авчихдаг учраас тэр байх. Ингэж их татаас олгодог бодлогоо хянах ёстой. 

-Хотын дарга Сонгинохайрхан дүүрэгтээ их төсөв тавьсан байна гэх шүүмжлэл гараад байгаа. Үнэхээр тийм зүйл байгаа юм уу?

-Энэ жил Сонгинохайрханд илүү төсөв тавьчихсан юм биш. Жил жилд ийм явж ирсэн. Нийслэлийн есөн дүүргээс дөрвөн дүүрэг нь нийслэлд орлого төвлөрүүлж, өөрсдийгөө авч явах чадвартай. Учир нь, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд ихээр төвлөрсөн байдаг. Харин хөгжлийн хувьд хэцүү байгаа дүүргүүдээ хурдан тэнхэрүүлээд бүгд нийслэлийн төсөв рүү мөнгөө нийлүүлдэг, эдийн засгийн хувьд бие даасан болгох ёстой. 

-Хотын даргын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-100 хоног ч ажиллаагүй байгаа хүнийг шууд дүгнэх нь эрт байна. Гэхдээ алдаа гаргаад байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг хариуцлагатай хийх нь зөв. Нөгөө талдаа эдийн засгаа тэтгэх хэрэгтэй байна. Хотын даргаас уян хатан ажиллагаа дутагдаад байна гэж харж байгаа

-Улаанбаатар хотод хуулиар өөрчлөх, шинэчлэх ямар асуудал байна вэ. Хоттой холбоотой хэд хэдэн хууль УИХ-ын чуулганаар орж байгаа юм билээ. Танай намаас тухайн хуулиудад санал өгсөн зүйл бий юү?

-Хотын төвд барилга нь ихдээд, автомашины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байхгүй болчихсон. Барилгын норм дүрэм, стандарт гэж юм бий. Үүнийг мөрдүүлэх тал дээр манай намаас нэлээд шаардлага тавьж, санал гаргаад хуульд тусгуулахаар Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Ер нь цаашдаа хотын төвд барилгын зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй байна. Үүнийг хуульчлах ёстой. Манай нам нийслэл хотоо эдийн засгийн хувьд бие дааж, иргэддээ илүү ойр үйлчилгээ үзүүлдэг болгохын төлөө зүтгэнэ. 


П.НАРАНБАЯР: Төсөв дээрээ улстөржвөл төрийн ажил гацаж, иргэд хохирно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188