• Өнөөдөр 2025-07-04

“ПИРАМИД ОРД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ЦОЛМОН: ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА

2023-01-20,   842

   Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсгол тав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд “Пирамид орд” ХХК-ийн Бум залуус 296 айлын орон сууцны хорооллын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцлээ.

    ШИНЖЭЭЧ: “Пирамид орд” ХХК “Бум залуус” 296 айлын орон сууцны хорооллын төслөөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 онд нийт 15 тэрбум төгрөгийг жилд 13.44 хүүтэйгээр төгрөгийн зээл олгосон байгаа. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс төлөлт хийгээгүй. Зээлийн өрийн үлдэгдлээс 0.5 тэрбумын төлөлт хийсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 15 тэрбум, хүүгээс  10.4 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, нийт үлдэгдэл 25.4 тэрбум төгрөг байна. Зээлийн ангиллын хувьд чанаргүй ангилал дээр байгаа. Тус зээлдэгчийн Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т зааснаар “Буман залуус” 296 айлын орон сууцны төслийн хүрээнд баригдах дөрвөн орон сууц үйлчилгээний барилга, төслийн орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад зориулагдана. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэсэн гэрээний заалттай байна. Хувьцаа эзэмшигчийн хувьд Г.Цолмон 100 хувь эзэмшиж байна. Монгол Улсын Хөгжлийн банканд  “Пирамид орд” ХХК-аас 2017 онд зээл хүсэх тухай албан бичгийг хүргүүлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших барьцаалах зөвшөөрлийг тухайн газар эзэмшигчээс “”Пирамид орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмонд өгсөн байна. “Парамид орд” ХХК-аас 2017 оны тавдугаар сарын –нд Хөгжлийн банканд 23 тоот албан бичгээр зээлийн хүсэлтийг ирүүлсэн байна. Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 30-нд зээлийн шинжилгээний танилцуулгыг хийж, 2017 оны есдүгээр сарын 4-нд хууль зүйн дүгнэлт гарсан байна. Мөн тус өдөр эрсдэлийн дүгнэлт мөн гарсан байна. Харин есдүгээр сарын 11-нд Хөрөнгө удирдлагын газрын дүгнэлт гарсан байна. Мөн 2017 оны есдүгээр сарын 11-нд  Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт гарсан. Түүний дараагаар есдүгээр сарын 28-нд ТУЗ-д зээлийн танилцуулгыг хүргүүлээд, Төлөөлөн удирдах зөвлөлийн зургадугаар тэмдэглэлээр зээл олгохыг дэмжсэн байна. Ингээд 2017 оны аравдугаар сарын 23-нд 186 тоот зээлийн гэрээг “Пирамид орд” ХХК-тай байгуулж, зээл олголтыг арваннэгдүгээр сарын 17-нд хийж эхэлсэн байна. Тухайн үед зээл олгоход барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгааг мөн дурджээ. Зээлийн зарцуулалтын хувьд гэхэд, Хөгжлийн банкнаас нийт “Парамид орд” ХХК-ийн дансанд нийт таван удаагийн гүйлгээгээр 14.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байгаа. Үүнээс нэгдүгээрт “Пирамид орд” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Ц.Хонгормаа 78 удаагийн гүйлгээгээр 8.1 тэрбум төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн. Хоёрдугаарт, Ц.Хонгормаа нийт таван удаагийн гүйлгээгээр хувийн данс руу 120 саяыг, хувьцаа эзэмшигч Г.Цолмон нь Ц.Хонгормаагийн аав нийт таван удаагийн гүйлгээгээр дансандаа 320 сая төгрөгийг зарцуулсан байна. Нийт 34 удаагийн гүйлгээгээр 4.8 тэрбум төгрөгийг бусад аж ахуй нэгж, иргэдэд барилгын материал гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Дээрх үндэслэлийг харгалзан “Пирамид орд” ХХК-ийн зээлийн зарцуулалтыг зориуд бүрэн бусаар зарцуулсан гэж үзээд зээлийн бэлэн зарлагын гүйлгээгээр их хэмжээний мөнгө авсан гишүүдээс тодруулга авах шаардлагатай гэж үзлээ. Зээл олгох үед барьцаа хөрөнгө 10.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан. Ажлын магадлагаа буюу 2022 оны хоёрдугаар сарын 28-ны газар дээрх үзлэгээр төсөл ашиглалтад ороод 21.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна гэж гарсан байна.

-“ПИРАМИД ОРД” ХХК-ИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫГ ГЭРЧЭЭР ДУУДСАН Ч  НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД ОРОЛЦСОНГҮЙ-

       Энэ үеэр  Хөгжлийн банкнаас авсан зээлийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч болон тэдний өмгөөлөгч, мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан байна. Тэгвэл гэрчээр оролцох байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонсголд оролцсонгүй. Учир нь тэрбээр дараах учир байдлын үүднээс Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож чадахгүй байгаагаа бичгээр ирүүлжээ.

Нэгдүгээрт, Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой үйл ажиллагаанд зайлшгүй хяналт тавих үүднээс давхцаж байна.

Хоёрдугаарт, “Пирамид орд” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаагчийн ажиллагаанд саад учрахгүйн үүднээс энэ хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул холбогдох асуудлаар биечлэн оролцох мэдүүлэг өгөх боломжгүй юм.

Мөн “Пирамид орд” ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг гэрчээр дуудсан. Гэвч ханиад хүндэрч хатгалгаа болсон учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учир сонсголд оролцсонгүй. Харин Хөгжлийн банкны сонсголд Бэсон ХХК-ийн захирал Д. Батжаргал оролцох хүсэлт ирүүлж, гэрчээр иржээ.

    “ПИРАМИД ОРД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ЦОЛМОН: Хөгжлийн банкнаас барилгын зориулалтаар авсан зээлийн зарцуулалтад компани болон хувь иргэдтэй гэрээтэй ажилласан. Гэрээнийхээ дагуу барилгын материал гэрээнийхээ дагуу худалдаж авсан компанийн туслан гүйцэтгэгч нар нь мөнгөө голчлон бэлнээр авдаг. Түүнээс өөр зүйлд зарцуулсан зүйл байхгүй. Тиймээс хувьдаа зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан гэдэгт хүлээн зөвшөөрөхгүй байна.

   ГЭРЧ “БЭСОН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТЖАРГАЛ: Би 2017 онд Г.Цолмон гэх хүнтэй дутуу баригдсан барилгыг гүйцээж барих барилгын ажлаар гэрээ хийсэн. Энэ компани барилгаа бариулж дуусаад, бүрэн цутгалтыг нь хийж дуусаад намайг талбайгаас хөөж гаргасан. Ингэхдээ долоо, найман давхар дутуу барьсан барилгыг Хөгжлийн банканд барьцаа тавьсан байгаа юм. Дундаа үйлчилгээний төвөөр холбогдож энэ дөрвөн барилга явах ёстой байсан. Намайг ороход үйлчилгээний төвийн суурь нь ч байгаагүй йим барилга байсан. Энэ барилгыг 2015 онд хятадууд барьж байгаад тэднийг визийн зөрчилтэй гээд хөөгөөд гаргасан. Үүнийг би сүүлд мэдсэн. Ингээд байж байхад нь би орсон. Одоо би “ПИРАМИД ОРД” компанитай дөрвөн жил шүүгдэлцээд явж байна. Ямар ч шүүхэд эднийх эхний шатанд ялдаг. Тэгээд унагаадаг. Өнөөдөр энэ компаниас болж би хохироод байж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Гэрчийн хэлж байгаагаар анх 2018 онд энэ компани байхад барилгын тусгай зөвшөөрөл байгаагүй. Нөхөж авсан гэж ярьж байна. Энэ үнэн үү?

“ПИРАМИД ОРД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ЦОЛМОН: “Пирамид орд” ХХК-ийн түрүүчийн хувьцаа эзэмшигч Нямдэлгэр, Ганзориг гэх хоёр хүн байна. Энэ хоёр хүнээс барилгын тусгай зөвшөөрөлтэй ХХК-ийг 2004 онд авсан. Дараа нь энэхүү барилгыг эхлэхдээ манай компани долоон давхар хүртэл барих тусгай зөвшөөрөлтэй байсан. 2015 оны тавдугаар сарын 20-нд энэ барилгыг эхлээд, хятадуудаар барилгаа бариулсан. 2015 оны наймдугаар сарын 16-н гэхэд бүгд зоорийн давхартайгаа нийлээд баригдсан. Намар нь хятадуудыг буцах үед тэдэнд өгөх төлбөрийн асуудал байсан. Гэхдээ бид зохицуулж өгөөд явуулсан. Түүнээс хойш 2016 онд шүүхийн жижиг маргаан гарсан. Маргааны дундуур бид мөн барилгаа явуулсан. 2017 оны зургадугаар сард Д.Батжаргал гэх хүн манай дүүгийнх мундаг  барилгын компанитай гэхээр нь гүйцэтгэгчээр оруулсан чинь 2017 онд юу ч хийлгээгүй, 2018 оны гуравдугаар сарын 4-нд надтай гэрээ хийсэн. Гэрээнийх нь дагуу мөнгө нь өөрийнх нь дансаар орсон. Тэгэхээр миний хувьд бол угаасаа барилгын зөвшөөрөл байсан. 2016 оны сүүлчээр барилгынхаа зөвшөөрлийг 10 давхар хүртэл сунгуулахаар өгсөн байсан. 2017 онд зөвшөөрөл нь гарсан. Одоо 2019 онд барилга нь бүрэн дуусаад 300 айл ороод амьдарч байна.


“ПИРАМИД ОРД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ЦОЛМОН: ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188