• Өнөөдөр 2025-11-08

Т.ДОРЖХАНД: М.Билэгт гишүүн ээ, танд Хөгжлийн банкны зээл өгч, амыг чинь хаасан юм уу

2023-01-17,   416

       Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

      "Ачлал трейд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудалд тайлбар авч байна. Тус компанийг төлөөлж УИХ-ын гишүүн асан М.Билэгт гэрчээр дуудагдаж, тайлбар өглөө.

ШИНЖЭЭЧ: “Ачлал трейд” ХХК эмнэлгийн байгууллагын цогцолбор байгуулах төслийн хүрээнд 300 ортой эмнэлгийн байгууллагын цогцолбор санхүүжүүлэхээр 500 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас 10.03 хувийн хүүтэй 2017 оноос таван жилийн хугацаатай авчээ.

Тус компани нь Ачлал групп ХХК-ийн охин компани бөгөөд үүсгэн байгуулагчаар Батаагийн Мөнхжаргал 50 хувь, М.Билэгт 50 хувь эзэмшиж байна. Зээлийн үндсэн төлбөрөөс огт хийгээгүй, хүүгийн төлбөрөөс 6.7 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны эцсээр 51.7 тэрбум, хүүгийн үлдэгдэл 16.4, зээл, хүүгийн үлдэгдэл 68.1 буюу чанаргүй зээл байна.

 Төсөл 120 ортой эмнэлэг болон 180 ортой эмнэлэг гэж хоёр барилга байна. Авсан зээлийг шалгаж үзэхэд зээлээ зориулалтын бусаар ашиглаж, 1.8 сая ам.доллар нь тодорхойгүй зарцуулалт байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Анх бизнесийн зээл олгожээ. Зээлийн төслөө судлахад ямар үнэлгээ гарч байсан бэ. Үйл ажиллагааг явуулахад зээлээ төлөх боломж байсан юм уу. Дөрөвдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа яваад эхэлсэн үү. Ямар хугацаанд үйл ажиллагаа нь явж байна вэ.

ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЗОЛЖАРГАЛ: 2020 оны арваннэгдүгээр сард би М.Билэгттэй танилцсан. Би 10 гаруй жил бизнес эрхэлж байна. 2020 онд зориулалтын дагуу баригдсан эмнэлгийн барилга бэлэн байна. Үүнд хамтран ажиллах компани хайж байна гэсний дагуу хамтарч ажилласан. Төслийн үр ашгийн талаар судалгаа хийж 2021 оны гуравдугаар сард шийдвэр гаргаж, гэрээ хийсэн. Ингээд 120 ортой 10452 кв.метр талбайтай 13 давхар барилгыг нэгдсэн эмнэгийн зориулалтаар ашиглахаар 20 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. Төслийг үр өгөөжтэй байна гэж үзээд судалгаа гаргасан.Тоног, төхөөрөмж болон эд хөрөнгө худалдан авах тооцоо гарсан. Эмнэлгийн бизнес бол 4-5 жилийн дараа ашгаа өгдөг. Бид бизнесийн харилцаатай хүмүүс. Ингээд 2021 онд эмч, эмнэлгийн ажилчдын бүрэлдэхүүнээ бүрдүүлж, долоон сарын хугацаанд Нэгдсэн эмнэлгийн гуравдугаар зэрэглэлийн тусгай зөвшөөрлөө авсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Ямар хугацаанд ажиллах вэ. Бизнес төлөвлөгөөгөө хэрхэн харж байгаа вэ.

ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЗОЛЖАРГАЛ: Бид 2022 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулсан. Бид амбулаториор 25 гаруй иргэд үйлчилгээ үзүүлсэн байна. Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Дөрөвдүгээр эмнэлэг 19 орчим тэрбум төгрөгийн зардал гаргаан байна. Мэс заслын тасгийн бүтээн байгуулалт дээр бид Европын холбооноос санхүүжилт авахаар ярьж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Нийгмийн сүлжээний мэдээлэлтэй байна. М.Билэгт таны зээл авсан хугацаа Их хурлын гишүүн байсан. Улс төрийн нөлөөгөө ашиглаж, зээл авсан гэх хардлага бий. Энэ зээлийг авахдаа улс төрийн нөлөөгөө ашигласан уу. Ямар байдлаар авсан юм бэ. Намаас томилгоо аваагүй хүн нь та. Тиймээс Хөгжлийн банкны зээл өгч, амыг чинь хаасан юм уу.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТ: Монголчуудын элэг бүтэн амьдралын төлөө энэ төслийг би 2010 онд санаачлан хэрэгжүүлж байна. 2014 онд эмнэлгийн нэгдүгээр корпус босчихсон байсан. Нэгдүгээр корпус нь 70, хоёрдугаар корпус нь 30 хувийн гүйцэтгэлтэй байхад Хөгжлийн банкнаас зээл олгосон. Би 2017 оноос зээл авахаар эхэлсэн юм биш. Би 2013 онд Эрүүл мэндийн сайдаар Удвал ажиллаж байхад Япон Улс руу төслийн хэрэгжилтийн талаар бичиг явуулж байсан. Улмаар 2014 оны Засгийн газрын 114 дүгээр тогтоол гарсан. Үүнд барилгын болон эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай тусгасан байв. Ингээд 2015 оноос Засгийн газарт хандаж эхэлсэн. Улмаар тухайн үеийн холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт илгээсэн. Улмаар тухайн үеийн Спорт, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба сайд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ингээд 2015 онд Хөгжлийн банкнаас зээл гарахгүй, эдийн засаг хямарсан. Улмаар уг зээл судлагдаж явсаар 2017 онд зээл гарсан. Би энэ зээлээ хэрэгжүүлсэндээ баяртай байгаа. Энэ зээл надтай надгүй босчихсон төсөл байсан. Миний оролцоогүйгээр Хөгжлийн банкны хуулийн шаардлагыг хангаж байсан. Хэрвээ би албан тушаалаа ашигласан бол төгрөгийн зээл авах байлаа.


Т.ДОРЖХАНД: М.Билэгт гишүүн ээ, танд Хөгжлийн банкны зээл өгч, амыг чинь хаасан юм уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188