• Өнөөдөр 2025-12-25

УОК: НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬ НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

2023-01-03,   652

        УОК-оос хөдөө орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.  Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан байна. Үүнээс тухайн жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөлтэй байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна.

 
       Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаагаас  Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумуудад 10-20.0 см, Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 5-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цас тогтжээ. 
 

Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.

 
        Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 сум зудын эрсдэл их бөгөөд дээрх аймаг, сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгаа аж. Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.
 
        Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 88.0 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, хужир, шүү 92.2 мянган тн-ыг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. 
 
         Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчдын түвшинд өвс, тэжээл 84.5 хувьтай, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 80.0 хувиар бэлтгэсэн байсан ч цас ихтэйн улмаас мал байнгын тэжээлд орж хэрэгцээ улам нэмэгдэж, хэвийн жилд хэрэглэдэг өвс, тэжээлээс 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай байна. Сумдын өвс, тэжээлийн эхний нөөц дуусаж, дараагийн татан авалтаа хийж байна. Цас ихтэй сумдад 2-3 хоног тутамд малчны хот руу зам гаргах ажил хийгдэж байгаа бөгөөд хүнд даацын автомашин ашиглаж байна. 
 

       “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврыг гаргаж, орон нутагт хэрэгжилтийг ханган ажилласан. Үүнд:

 
       Улсын онцгой комиссоос 2022 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуншлага тааруу байсан 11 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг, 10 дугаар сард 11 аймагт зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг тус тус хийсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар салбарын яамд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг 2022 оны найм, есдүгээр сард цахим хурлаар, арав, арваннэгдүгээр сард хоёр удаа Улсын онцгой комиссын хуралдаанаар сонсож, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, бэлтгэл бэлэн байдлыг хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулах гэх мэт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хангаж ажиллаа.
 
      Мөн Төв аймгийн зарим сумдад ажиллаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж. Цаашид баруун болон говийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комисоосоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1,171 тонн өвс, 8,024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
 
      Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын ЗДТГ, ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин олголоо.
 

УОК: НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬ НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188