Эргэлт.мн мэдээллийн сайтаас энэ оны онцлох 22 дуулиан, онцлох 22 хүн, онцлох 22 үйл явдлыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад 2022 онд улс төр, нийгэм, эдийн засаг, эрэн сурвалжлах, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлуудыг 22 багц болгон хүргэж байна.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ
2022 оны аравдугаар сарын 26-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байдаг. Иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг зарлахыг шаардаж, энэ сарын 4-нөөс эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Жагсагчдын шаардлагыг Засгийн газрын сайд над хүлээн авч, ажил хэрэг болгосон. Ингэснээр АТГ-аас 17 хүнийг нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Мөн иргэдийн эсэргүүцэл өнөөдрийг хүртэл үргэлжилж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон бусад гишүүдийг зарлахыг шаардаж, зарим өдөр эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжиж, иргэн нүцгэн жагсаж буй.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ
“Хөгжлийн банк”-ны захирал Н.Мандуул нэгдүгээр сарын 23-нд 25 чанаргүй зээлдэгчийн нэрийг зээлийн хэмжээтэй нь зарлав. Мөн нэгдүгээр сарын 31-нд дахин 17 хүний нэрийг зарлаж, Хөгжлийн банканд нэг их наяд 873 тэрбум төгрөгийн хохирол учирсан болохыг нийтэд ил болгосон. Дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл нээж, шалгасан. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласны дараа хэд хэдэн удаагийн шүүх хурал болж байв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, улсад хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн банкны албан тушаалтан нийт 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах, хадгалах данс болон 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байдаг. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гэх эхний ээлжийн 80 гаруй хүнийг прокурорт шилжүүлж байв. Мөн Хөгжлийн банкны хэрэгт МАН-ын Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар холбогдож, тэднийг яллагдагчаар татсан билээ. Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл 803.7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.
ЕСӨН САЙД ШИНЭЭР ТОМИЛОВ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл наймдугаар сарын 29-нд хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын найман сайдыг чөлөөлж, УИХ-ын гишүүдээс сайд томилох саналыг оруулсан байдаг. Энэ үеэр ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг дэмжсэн байдаг. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл иргэдээ “ул”-ны хэмээн доромжилсон учир түүнийг Үндсэн хуулиа зөрчиж, ёс зүйн доголдол гаргасан хэмээн үзэж Засгийн газраас огцруулах шийдвэр гаргасан. Ингээд аравдугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Л.Аюурсайханыг томилсон билээ. Одоогоор боомт хариуцсан сайдыг томилоогүй байна.

“ЧИНГИС БОНД”-ЫН 137.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛСӨН
Монгол Улсын Засгийн газар Чингис бондын энэ оны хуваарьт төлбөр үлдэгдэл болох 137.8 сая ам. долларыг хөрөнгө оруулагчдад төлсөн. Монгол Улс 2012 онд анх удаа бонд босгож, хөрөнгө оруулагчдаас нийт 1.5 тэрбум ам.доллар татан дэд бүтэц сайжруулах болон бусад чиглэлээр зарцуулсан байдаг.
ХЭНТИЙ АЙМАГТ ГОВЬСҮМБЭР АЙМГААС 24 ДАХИН ИХ ТӨСӨВ ТӨСӨВЛӨВ
Монгол Улсын 2023 оны төсвийг арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан байдаг. Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төсвийн төслөө боловсруулсан. Харин төсвийн зарлага 2.27 их наяд төгрөгөөр нэмэгдсэн хэмээн танилцуулсан. Энэ жил аймгуудад төсөв хэрхэн хуваарилсныг танилцуулъя. Хэнтийд 271 тэрбум, Төв аймагт 163 тэрбум, Архангайд 107 тэрбум, Дорнодод 92 тэрбум, Дархан-Уул аймагт 90 тэрбум, Ховдод 86 тэрбум, Хөвсгөлд 61 тэрбум, Баянхонгорт 57 тэрбум, Баян-Өлгийд 56 тэрбум, Өвөрхангайд 52 тэрбум, Увсад 44 тэрбум, Өмнөговьд 44 тэрбум , Говь-Алтайд 43 тэрбум, Булганд 40 тэрбум, Дорноговьд 36 тэрбум, Сэлэнгэд 34 тэрбум, Сүхбаатарт 23 тэрбум, Завханд 24 тэрбум, Дундговьд 36 тэрбум, Орхонд 19 тэрбум, Говьсүмбэрт 11 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 2020 оноос буюу 2021 оны төсвийн жилээс Хэнтий аймагт хамгийн их төсөв хуваарилагдаж байгаа билээ.
БНХАУ-ААС 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, НҮХЭН ГАРЧ БАРИХААР БОЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар арваннэгдүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулахаар болсон билээ. Тодруулбал, Таваншарын тавдугаар баазын баруун талын нүхэн гарц, “Геологийн төв лаботари”, “Гермес” төвөөс төмөр замын зоорь хүртэл, “Нарантуул” гээд дөрвөн хэсэгт 30 сая ам.долларын зээлээр нүхэн гарц байгуулахаар төлөвлөсөн юм. Ирэх жил энэ ажлыг эхлүүлж, ойрын гурван жилд дуусгахаар төлөвлөсөн байна. Нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна гэж тооцжээ.

МАХ БОЛОВСРУУЛДАГ 17 ҮЙЛДВЭРИЙГ БИТҮҮМЖИЛЛЭЭ
“Эмээлт” захын зарим аж ахуйн нэгж махны шаардлага хангадаггүй, муудсан мах иргэдэд нийлүүлдэг, хорт бодис маханд шахсан байдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан тухай үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай хамтарсан ажлыг хэсэг байгуулж, мах боловсруулдаг үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийсэн. “Эмээлт” захын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж, махны чанарт анхаарч эхэлсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ЖИЛД 40-70 САЯ ТОННД ХҮРГЭХЭЭР ХЯТАДЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦОВ
БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд “Хятадын нүүрсний хэрэглээ багасаж байгаа. Гэсэн ч Монголоос нүүрс авахгүй байж болно” хэмээж байсан. Харин манай улс нүүрс экспортолсон орлогоороо эдийн засгаа тэжээж, төсвөө бүрдүүлдэг билээ. Харин У.Хүрэлсүх урд хөрш дэх айлчлалынхаа үеэр гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гол нь гацаагүй гаргах асуудлыг хөндсөн. Хариуд нь Хятадын тал ч "Танай улс олборлож чадах хэрээрээ бидэнд нийлүүл, бид авахад бэлэн" гэж татгалзах зүйлгүйгээр дэмжиж байлаа. Тухайлбал, манай хоёр улс гадаад худалдааны эргэлтээ 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох, энэ хүрээндээ нүүрсний экспортыг жилд 40-70 сая тоннд хүргэхээр тохиролцжээ. Жилд ихдээ 30 орчим сая тонн нүүрс экспортолж, тэр орлогоороо төсвийнхөө талаас илүүг бүрдүүлдэг манай улсад 70 сая тонн бага тоо биш юм.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ЭКСПОРТОЛНО
“Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлын үеэр газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эд, дэвшил гарцын талаар хэлэлцсэн. Газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх хүртлээ үнэ цэн нь өссөн. Тоон үзүүлэлтээс харвал, дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн үйлдвэрлэл 2018 онд 190 мянган тонн байсан бол 2019 онд 210 мянган тонн болж нэмэгдсэн байгаа юм. Цаашид ч ногоон технологи, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам эрэлт, хэрэгцээ нь улам өсөхийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тодруулбал, технологийн эрин үед дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь ашигладаг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроникт ГХЭ-ийг ашигладаг байна.
“ОЮУТОЛГОЙН” ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХНЫ ТЭСЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ
Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах тооцоо гаргаж байв. Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. "Оюу толгой" компани гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулах юм.Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх аж.
Тодруулбал, "Оюу толгой" компани таван тэрбум ам. долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
НОЦТОЙ ХҮН АМИНЫ ХЭРГҮҮД
Завхан аймагт 15 настай хүү өөрийгөө буудсан бол Ховд аймагт 15 настай хүү аавыгаа буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Мөн Хөвсгөл аймагт 28 настай эмэгтэйг хамтран амьдрагч нь хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөж, амийг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан. Түүнчлэн хүн ашигладаггүй зоориноос хоёр ч эмэгтэй хүний цогцос гарав.
ДОЛООН МАШИН МӨРГӨЖ, ХОЁР ХҮҮХЭД ГЭМТЭЭСЭН МАРАЛМААГИЙН ХЭРЭГ
Өнгөрсөн аравдугаар сард 28 настай, шүдний эмч мэргэжилтэй, жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэх эмэгтэй хоёр хүүхэд, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргалаа. Одоогоор Ч.Маралмаагийн машинд мөргүүлж, чирэгдсэн охин хүнд гэмтэл авч эмчлүүлж байна. Харин Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ГОМДЛООР Э.ОДБАЯР НАРТ ЯЛ ОНООВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор Э.Одбаяр нарыг шүүж, зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосон шүүхийн шийдвэр гарлаа.
60 НАСТАЙ СИНГАПУРЫН ИРГЭН 300 ЭМЭГТЭЙГ БАРЬЦААЛАВ
Сингапур Улсын 60 настай эрэгтэй манай улсын 300 гаруй эмэгтэйчүүдийг барьцаалж, хүний наймааны золиос болгосон байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Сэжигтэн нь эмэгтэйчүүдийн нүцгэн дүрс бичлэг, зургийн авч хятадуудад зардаг байсан байж болзошгүй гэх.
ТАРВАГАН ТАХЛААР ӨВДСӨН ИРГЭН ЭМНЭЛЭГТ ӨӨРИЙГӨӨ БООЖ, АМИА АЛДЛАА
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол болоод байхдаа эмнэлгийн өрөөнд амиа хорлов. Талийгаач өвчнөө дийлэлгүй, эмч нараас тусламж гуйсаар хорвоогоос одсон байдаг.
ХААН БАНКНЫ АЖИЛТАН БАНКАА ДЭЭРЭМДЭВ
Хаан банкны ажилтан банкаа дээрэмдэж, 360 сая төгрөг авч зугтсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Монголын хамгийн олон хэрэглэгчтэй Хаан банк үйлчлүүлэгчийнхээ мөнгийг ажилтандаа алдаж хариуцлага алдлаа.

МОНГОЛЧУУД ХАВРЫН ДУЛААН ӨДӨР Ч, ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭН Ч НЭГДЭЖ, ТӨВ ТАЛБАЙДАА ЖАГСЛАА
Өнгөрч буй 2020 онд Монгол Улсад улсад хэд хэдэн жагсаал, цуглаан боллоо. Үүнээс онцолбол, өнгөрсөн дөрөвдүгээр сард залуучууд “Ажлаа хий” жагсаалыг таван хоног зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн байдаг. Харин арванхоёрдугаар сарын 4-нөөс “Нүүрсний хулгайчдаа зарла” хэмээх жагсаал эхэлж, өдгөө 21 дэх өдрөө үргэлжилж байна. Залуучууд тэмцлийн хурц хэлбэрт шилжилж, Засгийн газар, УИХ-ыг нүүрсний хулгайчиддаа бодитой хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

П.ОРХОНЫ ЭРХ СЭРГЭЖ, Б.ОРХОНБАЯР УЛСЫН НААДМЫГ ШУУГИУЛАВ
Улсын наадмын дэвжээнд Улсын харцага Б.Орхонбаяр онцгой сайн байж үзүүрлэлээ. Тэрбээр улсын арслан цолыг 23 насандаа хүртэж, олныг баясгалаа. Харин чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон дөрвөн жилийн дараа дэвжээндээ эргэн ирлээ. Сэргээш хэрэглэсэн хэмээн барилдах эрхээ хасуулсан П.Орхон гавьяат өнгөрсөн есдүгээр сараас тэмцээнд оролцож, амжилтаа ахиулхаар хичээж байна.

ЗУЛЗАГАН МОД шилжүүлэн суулгахыг ХОРИГЛОЛОО
БОАЖЯ ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хориглолоо. Ингэхдээ байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах хориглох шийдвэр гаргасан юм.

ОРОН ДАЯАР ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулах үйл ажиллагааг хийж эхэлсэн. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эхлүүллээ.
ОНЦЛОХ МЭС ЗАСАЛ
Орон нутгийн мэс заслын эмч нар олон төрлийн мэс заслыг орон нутат нутагшуулж, иргэдэд үйлчлэв. Үүний нэг нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эмч нар өчигдөр үсээ иддэг ховор төрлийн өвчнөөр өвчилж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа нь саармагжсан зургаан настай охинд мэс засал хийжээ.

НОМГОНЫ ХӨНДИЙГӨӨС ТҮҮХИЙН НЭН ХОВОР ХОЁР ГҮЕГТЭЙ АРСЛАНГИЙН ХӨШӨӨ ОЛДЛОО
Цаг хугацааны явцад түүхийн дээврийг сөхөн судлахаар олон улсын Түрэг академи, Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран 2019 оноос “Номгон” төслийн хүрээнд малтлагын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг, Билгэ хааны аав Кутлуктай холбоо бүхий нэн үнэ цэнтэй олдворыг илрүүлсээр байна.
ХААНЫ ГОЛЫН ХӨВӨӨНД ОРШИХ ГОЁМСОГ БАРИЛГА, ХААЛГА, ӨРГӨН ЧӨЛӨӨ, СҮМ ХИЙД, ХААДЫН ОРДОН БҮХИЙ ЭРТНИЙ ХОТЫН ТУУРИЙГ АРХЕОЛОГИЧИД СУДАЛЖ БАЙНА
Монгол Улсын төвийн бүс буюу Хангай нуруу, Хануй голын сав нутгаар нүүдэлчдийн олон үеийн түүх, археологийн дурсгалт газрууд байдаг. Үүний нэг бол Хархул хааны балгас буюу эртний томоохон хотын туурь юм. Эл туурь нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын урд эргээс хоёр километр, сумын төвөөс зургаан километрийн зайд оршдог аж. Энэ онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн экспедиц Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр Хархул хааны балгасыг 25 орчим хүний бүрэлдэхүүнтэй судалсан байна. Судалгааны баг хотын гол огтлолцсон өргөн чөлөөг тогтоож, түүний орчимд малтлага судалгаа гүйцэтгэсэн аж. Малтлагын үр дүн судалгааны шатанд явж байгаа бөгөөд археологичид хээрийн ажлын тайлангаа боловсруулж байгаа. Урьдчилсан байдлаар хот нь 18 метрийн өргөн гудамжтай, гудамж дагаад худалдааны төвүүд бололтой олон тооны гоёмсог барилгын туурь байсныг илрүүлсэн байна.

“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ 117 УДАА ТОГЛОХОД ТАНХИМ ДҮҮРЭН ХҮН ҮЗЖЭЭ
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тамгагүй төр” жүжгийг дөрвөн сар тоглосон. Одоогоос 24 жилийн өмнө Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн жүжгийн зохиолыг тайзнаа дахин амилуулсан Б.Баатар найруулагчид олон хүн алга ташиж, дараагийн уран бүтээлд нь амжилт хүсэж байв.
“ЭХ ОРОНДОО Л ОЧИХ СОН” БАРИМТАТ КИНО ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛСОН
“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачлан бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино үзэгчдийн хүртээл болсон. Киноны продюсероор тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул ажиллаж СГЗ, сэтгүүлч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшн бүтээжээ. Цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан, гэр бүлтэйгээ уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан зэрэг олон тохиолдлын эзэд болон гадаадад бие биеэ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтсанаараа онцлог билээ.
“МOON DANCE” ХАМТЛАГ ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЖ, МОНГОЛЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ
Герман Улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д өрсөлдсөн “Moon dance" хамтлаг латин төрөлд аваргын дэд байр эзэлж анх удаа мөнгөн медаль хүртсэн. Мөн "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, монголчуудыг баярлуулсан билээ. Формейшны Стандарт ба Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа нэг өдөр, нэг талбайд болсноороо онцлог болж байлаа. Тус тэмцээнд Монголын гурван хамтлаг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.
МОНГОЛЫН ГУРВАН ШАТАРЧИН СОНИРХОГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг тамирчдаас дэлхийн гурван аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд шинэ хуудас нээсэн. Мальта Улсын Мелльеха хотноо аравдугаар сарын 20-30-ны өдөр "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болсон билээ. Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом хүртлээ.
МОНГОЛ ХҮҮХЭД БҮХ ОРОСЫН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ АВЛАА
Оросын алдарт тамирчин Александр Владимирович Поповын нэрэмжит Бүх Оросын усанд сэлэлтийн цомын төлөөх тэмцээн зургадугаар сарын 24-25-нд болсон. Тэмцээнээс Монголын тамирчин, спортын мастер Энхтөрийн Эрхэс гурван алтан медаль хүртсэн билээ. 14 настай тэрбээр 50 метрийн араар сэлэлтээр 27.43, 50 метрийн өврөөр сэлэлтээр 24.95, 50 метрийн далайн гахай сэлэлтээр 26.71 секунд сэлж, түрүүлсэн юм. Э.Эрхэс 50 метрийн араар сэлэлтээр 27.43 секунд сэлснээр өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж, ОУХМ цолны болзол хангасан юм.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ” ТӨРИЙН ӨМЧ БОЛГОВ
Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалж, төрийн өмчит болгосон. Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй үйлдвэрийн горим алдагдсан байсныг үе шаттай сайжруулж байгаа аж. Тус компани өнөөдрийн байдлаар 1536 ажилтан ажиллаж байгаагаас 49 хувь нь Гангын үйлдвэрт, 51 хувь нь уурхайд ажиллаж байгаа билээ.
МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛНА
Мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулахаар болсон. МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг 1600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 гаруй байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байсан аж.
ЦАР ТАХЛЫН УЛМААС УЛСЫН ХИЛ ХААГДАЖ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭВ
Хил хаалттай, шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өссөний улмаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсан. Тухайлбал, сүү 200-300, будаа 200, гурилан бүтээгдэхүүн 100-200, мах 300-500, наранцэцэгийн тос 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

АРГЕНТИНЫ ШИГШЭЭ БАГ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
“Катар-2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Аргентины баг Дэлхийн аварга боллоо. Катарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн Аргентины баг Хорватыг 3:0 харьцаагаар хожсон билээ. Месси өмнө нь ярилцлага өгөхдөө “Катар-2022 миний хувьд сүүлийн ДАШТ байх болно. Дэлхийн аваргын цом өргөх эртний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж” хэмээн онцолж байлаа. Аргентины шигшээ баг хамгийн сүүлд ДАШТ-ийн финалд 2014 онд шалгарч, түүнээс өмнө 1978 болон 1986 онуудад аваргын цомыг хүртэж байжээ.
ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ АМЬСГАЛ ХУРААВ
Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ долдугаар сард нас барсан. Түүнийг Канагава дүүргийн Ёкохама өртөөнд болсон үйл ажиллагаанд үг хэлж байх үеэр Тэцүяа Ямагами гэх этгээд хүзүү, цээжин тус газар нь хоёр удаа буудсан онц ноцтой хэрэг гарсан. Биеийн байдал нь хүнд байсан Шинзо Абэг Нара хотын эмнэлэгт шуурхай хүргэж, цус сэлбэж байсан ч, шархаа даалгүй амьсгал хураасан байна. Шинзо Абэ нь Японы түүхэн дэх хамгийн удаан хугацаанд Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайд юм. Түүнийг нас барсантай холбоотойгоор өнөө өглөө шуурхай зарласан онц байдлын хэмжээг сунгаж байжээ.
ХОЙД СОЛОНГОС ШИНЭ ТӨРЛИЙН ХЭТ АВИАНЫ ПУУЖИН ТУРШЖЭЭ
БНАСАУ баллистик пуужингийн туршилтаа зогсоосноос хойш гурав дахь удаагаа хэт авианы пуужин хөөргөжээ. Хэт авианы пуужингийн туршилтад тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлснээр хэт авианы пуужин 1000 гаруй км зайд байрлах байг оносон аж. Хэт авианы пуужинг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Дээд зэргийн маневрлах чадвартай” гэж тодорхойлсон гэнэ.
ОРОС, УКРАИНЫ ДАЙН ЭХЭЛЖ, РУБЛИЙН ХАНШ 5.4 ХУВЬ УНАВ
ОХУ армиа Украин руу оруулж, зүүн, өмнөд бүсэд цохилт өгч эхэлсэнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд огцом өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг нь Оросын рублийн ханш 5.4 хувиар огцом унаж, түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрсэн юм. Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Москвагийн бирж тодорхойгүй хугацаагаар зах зээлийн арилжаагаа зогсоогоод байна. ОХУ, Украины асуудал олон улсын хөрөнгө зах зээлд мөн нөлөөлж,Хонконгийн Hang Seng 3.1 хувиар, Nikkei хувиар, Сөүл 2.7 хувиар, Сиднейн ASX гурван хувиар унаж, үнэт цааснууд алдагдал хүлээсэн байдаг.

ГАДНЫН ТАГНУУЛ ГЭГДЭХ Ч.МӨНХБАЯРТ 10 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООВ
Иргэн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тус хэргийн дагуу Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тэгвэл шүүгдэгч Ч. Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 28-ны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 10 жилийн хорих ял ногдуулжээ. Тодруулбал, иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Н.ТҮВШИНБАЯРЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД 16 ЖИЛ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРАВ
Найзыгаа онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн Н.Түвшинбаярыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болов. Түүнийг хүн алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноов.Эрүүгийн болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь 2.5 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг бусад зардлаа хуулийн дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй аж.
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ГЭР БҮЛД 3.8 САЯ АМ.ДОЛЛАР НӨХӨН ОЛГОХООР БОЛОВ
Шах Аламын Дээд шүүхээс 2006 онд амиа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая ам.доллар төлөхийг Засгийн газар болон бусад гурван хүнд даалгасан байна. Энэхүү мөнгөн дүн нь монголын 3.8 тэрбум төгрөгтэй тэнцэх юм. 2007 онд иргэний нэхэмжлэл гарснаас хойш 15 жилийн дараа дээрх шийдвэр гарч буй. Тус мөнгийг Малайз Улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ.

Ж.БАТЗАНДАН, Г.АЮУЛГҮЙ НАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРЬСОН
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан туслах Г.Аюулгүйтэй хамт 30 хоног баривчилсан. Мөн түүний ах Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг тус яаманд ажиллаж байхдаа эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 48 цаг саатуулж байсан юм.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙГ НАЙМАН ХҮНИЙ ХАМТ БАРИВЧЛАВ
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчилсан. Мөн түүний эхнэр, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай саатуулсан байдаг. Шалгалтын үеэр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн бөгөөд мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ХЭРГЭЭР ДОЛООН ХҮНИЙГ 30 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАРИВЧИЛЖ БАЙВ
“Хөгжлийн банк”-ны хэрэгтэй холбоотойгоор долоон хүнийг 15-30 хоног баривчилж байв. Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, “Хөгжлийн банк”-ны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, “Хөгжлийн банк”-ны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, “Хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг хорьсон байдаг. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан шалгаж, түүний гэрт болон “Хөгжлийн банк”-нд нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авч, түүхийг хорих шийдвэр гарсан байдаг.

МОНГОЛЧУУД ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ САВАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО
Монгол Улс цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн үйлдвэртэй болсон. Ингэснээр хатуу савангаа дотооддоо хангах боломжтой болж, импортын хараат байдлаас гарч чадсан билээ. Тус үйлдвэрийг “Mongol made” нэгдлийн санаачилгаар босгожээ.
“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” КИНО ОСКАРТ ОРОЛЦОХООР БОЛОВ
Энэ жил соёл урлагийн салбарт олон кино, ном, жүжиг нээлтээ хийсэн. Түүнээс бид “Эргэж ирэхгүй намар” болон “Аватар” киног онцолж байна. “Эргэж ирэхгүй” намар кино нь Оскарын кино наадамд оролцож буй долоо дахь бүтээл аж. Энэ жил манай улс Кино урлагийн зөвлөлтэй болсноороо анх удаагаа зөвлөлийн хамт олноороо хэлэлцэж, 2022 онд гарсан бүх бүтээлийг үзсэний эцэст “Эргэж ирэхгүй намар” киног Оскарт Монгол Улсаа төлөөлж чадах бүтээл хэмээн шалгаруулсан байна.
13 ЖИЛ ХҮЛЭЭЛГЭСЭН “АВАТАР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон “Avatar” киноны дараагийн анги “Avatar: The Way of Water” Энэ сард нээлтээ хийлээ. “Walt Disney”-ийн ээлжит бүтээл нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Олон улсын зах зээлд "Avatar: The Way of Water" кино 301 сая ам.долларын орлого олсныг тус компани мэдээллээ. Үүнээс 56 сая ам.долларын орлогыг БНХАУ-ын үзэгчид бүрдүүлсэн нь мөн тооцооллоос доогуур үзүүлэлт болсон байна.

ТӨМӨР ЗАМЫН НЭЭЛТҮҮД
Монгол Улсын хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээж Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтэц тээвэрт бэлэн боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд бүтээн байгууллаа.
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙ АШИГЛАЛТАД ОРЛОО
“Чингис хаан” хаад язгууртны музей нь Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрнээс авахуулаад хаад язгууртны олон зууны түүхийн баримт, үзмэрүүдийг агуулсан бүтээн байгуулалт юм. Мөн барилга талбайн хэмжээгээрээ Ази тивд тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Тус музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
“ИД ШИДИЙН ОРОН” ХӨВСГӨЛ, ДУНДГОВЬ АЙМАГТ СҮНДЭРЛЭЛЭЭ
“Лантуун дохио” ТББ-аас анх эхлүүлсэн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл болон Дундговь аймагт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Ингэснээр “Ид шидийн орон” төсөл монгол орны бүх аймаг, суманд баригдах эхлэл тавигдлаа.

ЭЕШ-ЫГ ЖИЛД ХОЁР УДАА АВДАГ БОЛЛОО
ЭЕШ-ыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэлийг хангаж, ажиллаж байна. Ингэснээр сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой юм
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН СУГАЛААГ БОЛИУЛЛАА
Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан. Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж. 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргасан.
.jpg)
74 бичиг, баримтыг цаасан хэрэглээнээс хасав
Монгол Улс Цахим хөгжлийн яамтай болж, сайдаар УИХ-ын гишүүн Ч.Учралыг томилов. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагагүй боллоо. Иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаяг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт үүнд багтаж байгаа юм.

Өмнөговь аймаг музейтэй боллоо.
| ЭРГЭЛТ.МН: 2022 ОНЫ ОНЦЛОХ 22 ҮЙЛ ЯВДАЛ |
|
"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
2025-12-25 11:03:12
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |