• Өнөөдөр 2024-05-13

ДУГТУЙНД ҮЛДСЭН 18 ХҮНИЙ НЭР ДАН АРДЫН НАМЫНХ БАЙХ УУ

       Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг зарлана гэж олон хоног хүлээлт үүсгэсэн дуулиантай нэрсийн талыг өчигдөр АТГ-аас зарлалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд УИХ-ын нэр бүхий гишүүд төрийн өндөр дээд алба хашдаг, хашиж байсан 17 нэр үүнд багтсан байв. Уг нь  нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахтай холбоотой гэх энэ том хэрэгт 35 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Ингээд нүүрсний хулгайчдыг зарлах жагсагчдын шаардлагыг хүлээж авсан гэх нэрийн дор эхний 17 хүний нэрийг дугтуйн дотроос сугалж, зарлалаа.


      Тухайлбал, энэ 17-д Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн дарга асан Б.Бадраа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ЭТТ ХК-ийн дарга асан А.Ариунболд, ЭТТ ХК-ийн дарга асан Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр нарын нэр багтав. Мэдээлэл гарсан даруйд бүгд “Хууль, хяналтын байгууллага шалгаж байгааг мэдээгүй, би ямар холбоогүй” гэх мэдэгдлийг ээлж дараалан хийж, зарим нь "Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй" гэх. Нөгөө нэг нь уурссандаа “Тойргийн сонгогчдоо гэр авч өгнө, зөрүүлээд тэвнээр хатгана” гэгчлэнгээр хэрэндээ л юм болцгоож байна.

        Дээрх 17 нэр жагсагчдын, иргэдийн хүлээлтэд байсан нэр байсан уу, гэвэл үгүй болж таарах нь. Өөрөөр хэлбэл,нүүрсний хулгайн хэрэгт одоогийн Их хуралд суугаа гишүүдээс долоогоор тогтохгүй олон хүн холбогдсон гэдэгтэй ард түмэн санал нэгдэж байгаа бололтой. Эхний 17 нэр дугтуйнаас задалсны дараа жагсаал, цуглаан тарах нь битгий хэл, улам иргэдийн дургүйцэл хүрч, жирэмсэн эмэгтэй өвлийн хүйтэнд Төв талбайд хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх 17 хүн нүүрсний хулгайн хэрэгт шалгагдах нь үнэн байсан бөгөөд “моодноос” гарчихсан гэж хэлж болохоор байна. Энэ 17 хүний олонхыг нь уль доль болтлоо ярьчихсан атал хууль, хяналтын байгууллагынхан шалгахгүй өнөөдрийг хүргэсэн гэх олны  шүүмж ч бий.

       Ийн АТГ-аас 35 хүн холбогдуулан шалгаж байгаа хэргийн 18 нэрээ дугтуйтай нь “аваад” гарав. Нэг талаараа нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон томчуудад дээрх 17 нэрийг зарлаж, сануулга өгсөн бол нөгөө талаараа МАН ямар нүүдэл хийх бол гэх хүлээлтэд байна. Магадгүй дугтуйд үлдсэн дараагийн 18 хүн дан МАН-ын томчууд байхыг үгүйсгэхгүй юм.

     Дугтуйнаас наанадаж, МАН-ын "эзэн" гэж олон жил яригдсан УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын нэрсийг сугалж үлдсэн нь лавтай. 

         Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болох УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн баримтыг бид олны өмнө нээлттэй болгоод байгаа. Гэвч УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар “Би нүүрсний хулгайн хэрэгтэй ямар ч холбоогүй” гэж ам уралдан мэлзэж, цаашлаад “Чаддаг юм бол намайг шалгаарай” гэхчлэн даналзаж суугаа. АТГ-аас газраас нүүрсний хулгайн хэрэгт шалгаж байгаа, эхний ээлжид ил болгосон 17 нэрний олонх нь Ардчилсан намынх. Тэр дундаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хоёр ч хүн бий. Харин МАН-аас таван гишүүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юм байна. Эндээс мөнөөх цөөн хэдэн гишүүнээ "золигт" гаргаад, олонхыг нь хамгаалж үлддэг хуучин технологи шууд харагдаж байна. Гол агуулгаараа Засгийн газар өөрөө шүгэл үлээж, жинхэнэ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдөө хамгаалж, үлдэх өнгөлөн далдлалт явж байгаа нь илэрхий байна.

     Гэхдээ эхний ээлжид намаасаа энэ таван гишүүний нэрийг зарлаж, туг тахисан нь учиртай. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн сонгуульд өрсөлдөх боломжгүй, намдаа төдийлөн үүрэг хүлээгээгүй үндсэндээ моодноос гарсан гишүүдээ эхний ээлжийн дугтуйд хийгээд явуулчихсан болж таарлаа.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр парламентад хоёр удаа сонгогдсон. УИХ-ын гишүүн байх хугацаандаа “Тэс петролиум” ХХК-иа хэрэндээ өөд нь татаж, төрийн тендерийг түүчихсэн нэгэн. Хамгийн сүүлд түүний эзэмшлийн шатахуун түгээх станцын Дархан-Уул аймаг дахь салбарт нь том осол гарч, гурван хүн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.

     Энэ мэт шалтгаанаар УИХ-ын гишүүний улс төрийн карьер энэ хүрээд дуусаж байгаа тул нүүрсний хулгайн хэргээр далимдуулж, явуулахад нэг их буруудахааргүй болчихсон бололтой.

   УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд намын гол санхүүжүүлэгчдийн нэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Их хуралд суухдаа олны дургүйцлийг хүргэсэн дуулиант хэргүүдэд олон ч удаа орооцолдсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнийг хүчингийн хэрэг хийсэн байж болзошгүй баримтыг ч дэлгэж байсан удаатай.

   Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийн нэгээр нэрлэгдэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүртлээ дуулиан тарьсан. Тухайн үед гишүүдээ МАН хамгаалж үлдсэн бол нүүрсний хэргээр дахин бүрэн эрх нь хөндөгдөөд эхлэх нь.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд парламентад хоёр удаа сонгогдсон, хийдгээ хийчихсэн хүн гэж үзэж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төрд зүтгэсэн 24 жилийн хугацаандаа төрөл, төрөгсдөө хамгийн их “тордсон” түшээгээр нэрлэгддэг. Гэвч төрийн албыг төрлийн алба болгож, өөрийн хамаарал бүхий төрөл, төрөгсдөө төрийн албанд шургуулсан баримтыг бид мэдээлж байв.

     Ш.Раднаасэдийн хувьд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэвч ажлын гараагаа “өлгийдөж” авсан газраас нь түүнийг нүүрсний хэрэгт холбоотой улстөрчөөр зарлав. Үндсэндээ түүний улс төрийн замналыг нь намын журамт нөхөд нь энэ хүрээд өндөрлүүлэхээр шийдсэн бололтой.

    2020 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын гишүүдээс хоёр шинэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоны нэг нь Өмнөговь аймгаас сонгогдсон Нанзадын Наранбаатар гишүүн байв. Н.Наранбаатар гишүүн АТГ-ын мэдээллийг сонссон даруйдаа цахим хаягтаа “Намайг нүүрсний хэрэгт холбоогүйг нутгийн иргэд гэрчилнэ” гэж ихэд тэвдэнгүй бичсэн харагдана лээ.  

    Гэтэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. Ингээд харахаар нүүрсний салбарт огт хамааралгүй нэгэн биш болж таараад байгаа юм. Харин түүнийг үргэлжлүүлэн шалгах уу, гэдэг нь эргэлзээтэй байна.

      УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн тухайд нүүрсний хэрэгт холбогдох нь байтугай, нүүрстэй холбогдох нэг ч компани байхгүй гэж мэдүүлдэг нэгэн. Гэхдээ тэрбээр яагаад нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоноо бага сага гадарлаж байгаагаа илэрхийлсэн. АТГ-аас өөрийнх нь нэрийг зарласан даруйд “Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй” гэх тайлбарыг өгсөн удаатай. Тэгэхээр нүүрсний хулгайг мэдсээр байж мэдээгүй царайлсан гэдэгт хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохоор болсон бололтой.

         Энэ мэт МАН-аас эхний ээлжийн гишүүдээ “хачир” болгоод, дугтуйд нэрийг нь илгээв. Мэдээж эдгээр УИХ-ын гишүүдээс гадна анхаарал татаж байгаа нэг нэр нь “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр байв.

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшиж, өвдөг шороодсон. Түүний хувьд “Эрхэт Монгол” группээрээ дамжуулан том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг, бизнесийн салбар хөлөө олчихсон нэгэн гэгддэг. Гэвч АТГ-аас түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэж зарласан даруйд эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг нь нүүрсний санхүүжилтээр эхлүүлчих вүү гэх хардлага ч олны дунд яваад эхэллээ. Түүнийг одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн ажил, амьдралын ойрын хамтрагч гэдэг. Тиймдээ ч том “артай” гэж үздэг байсан. Магадгүй нүүрсний хулгайн хэрэг түүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн ч, загасны ой санамжид түүнийг хийж, хэлмэгдүүлсэн гэх “өрөвдүүлэх технологиор” ирэх сонгуульд хүч үзүүлж мэдэх юм.

    Мэдээж өчигдрийн зарласан 17 нэр дунд Ардчилсан намын гишүүд олон бий. Тэднээс УИХ-ын хоёр гишүүн нь нүүрсний хулгайн хэрэгт аль хэдэн жилийн өмнөөс л яригдаж байв. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй түүний ойрын хэд хэдэн хүний нэр хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь олны анхаарал татаж байна.

   Ийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эхний 17 хүний нэр ил боллоо. Дараагийн 18 нэр дан МАН-ынхан байхыг үгүйсгэхгүй юм.


ДУГТУЙНД ҮЛДСЭН 18 ХҮНИЙ НЭР ДАН АРДЫН НАМЫНХ БАЙХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 09:11:51
    Zochin: Khamgiin tom 3 n' tag chig shyy. Amabayasgalan, Khyrelsykh, Oyun-Erdene. Shuud uursduu companygyi ch gsn busdiigaa uugshyylh dam idej uutsgaaj bsan biz dee. Khurungu orlogo n' syyliin 2-3 khan jild yagaad ogtsom nenegdsniikhee ynsesleliig gargaj tavikh kheregtei. Daraad daraad, nuugaad nuugaad ter baikhdaa bodvol. Dald zunduu l um bgaa viz.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 11:41:02
    Zochin: 35 bishee. 50 geed baigaa shyy dee. Mandakhbayar ch bilyy Amarbayasgalangiin khyn sh dee. Genet l tom, ynetei khotkhon bariad ekhelsen. Medeej mungu ugaalt l bgaa shyy dee. 35-iin tsaana 15 yldeed bna. Ted nar bol jinkhene akuluud n' yldekh gd baikh shig bna daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 10:16:58
    зумбай: Монгол Улсын тогтвортой хөгжлийг хувааж идсэн элбэгдорж баттулга сү батболд 3-ыг л бариад шоронд хийхэд цэлмээд явчих юм уг нь тэгэж чадахгүй гөлөлзөөд сууж байгаа засгийн газартай учраас манай улсад ирээдүй байхгүй. Араас нь чойжоо мөнхбат дэлгэрсайхан явах хэрэгтэй оджаргал багабанди явах л болно п очирбат ч үлдэх ёсгүй энэ хэд бол дайснууд юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:40:54
    Unshigch : Толгой нуурсчид болох Хуний махан хунстэн цуст Алуурчин элбэгдорж, Су данжаад, яравгвр пяздаа багабанди, хятадуудын охоордож нэрлэдэг энхрий боол оджаргал гээд МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн нэрийг хэзээ зарлах вэ??? Манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн боол голог болсон банкны дээрэмчин -казиночин хурэлсуг онгоншатар, данхар толгой оюунердэнэ нар Нянбаатаррын гараар могой бариулж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:40:54
    Unshigch : Толгой нуурсчид болох Хуний махан хунстэн цуст Алуурчин элбэгдорж, Су данжаад, яравгвр пяздаа багабанди, хятадуудын охоордож нэрлэдэг энхрий боол оджаргал гээд МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн нэрийг хэзээ зарлах вэ??? Манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн боол голог болсон банкны дээрэмчин -казиночин хурэлсуг онгоншатар, данхар толгой оюунердэнэ нар Нянбаатаррын гараар могой бариулж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188