Өнгөрсөн дөрвөн жил Завхан аймагт Ардчилсан нам олонхи болж ажилласан. Харин энэ жилийн орон нутгийн сонгуулиар МАН ялалт байгуулжээ. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Иргэдийн хурлын тэргүүлэгч нар анхдугаар хуралдааны товоо зарлахгүй өдий хүрсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “…Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Хуулийн хугацаанд бусад аймгууд хурлаа хийж, ИТХ-ын дарга болон Засаг даргаа сонгоод байгаа.
Гэвч Завхан аймгийнхан анхдугаар хуралдаанаа энэ сарын 24-нд хуралдуулахаар товлосон байна. Хууль зөрчин байж, хурлаа хойшлуулж байгаа нь хэд, хэдэн шалтгаантай гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тухайлбал аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар албан тушаалаа өгөх дургүй байгаа бөгөөд тэд албан тушаалын "тохироо" хийхээр ийн гацааж байгаа гэх мэдээлэл бий. Хэрвээ "ИТХ-ын даргын суудлаа Ардчилсан намынханд өгвөл анхдугаар хуралдаанаа зарлана" хэмээн тэд бойкот хийж байгаа аж. Мэдээж олонхи болсон Ардын намынхан үүнд эсэргүүцсэн байр суурьтай байгаа учраас анхдугаар хуралдаанаа өнөөдрийг хүртэл хийж чадахгүй байгаа юм. Тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан УИХ-ын сонгуулиар аймагтаа нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Харин ИТХ-ын дарга Ц.Балхярваа нь аймгийн ИТХ-д нэр дэвшээд мөн л ялагдал хүлээжээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймагтаа сайн ажилласан бол өдийд намаа ялуулчихсан сууж байх ёстой.
Гэвч тэдний хэрхэн ажилласныг Завханы иргэд үнэлж, энэ нь орон нутгийн сонгуулийн дүнгээр тодорхой болсон байна. Гэтэл өөрсдийн эрх ашиг, албан тушаалыг бодож аймаг, сумын ажлыг гацааж байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Учир нь ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед аймгийн удирдлагуудыг яаралтай томилж, дараагийн ажилд нь оруулах шаардлагатай байгаа. Нөгөө талаар Завхан аймагт энэ жил цас эрт орсон, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс аймгийн удирдлагуудыг яаралтай томилох нь нэн тэргүүний шаардлага болоод байгааг малчид, иргэд хэлж байна. Гэтэл Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан шат, шатны сонгуульд ялагдсан уураа Завхан аймгийн иргэдэд гаргаж буй бололтой. Нөгөөтэйгүүр тус аймгийн сумдын ИТХ нь хуралдаж, аль хэдийн сумын Засаг даргаа сонгочихоод байгаа юм. Тэд аймгийн Засаг дарга болон ИТХ-аа хуралдахыг хүлээсээр байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 20-ны дотор аймгуудын Засаг дарга нарыг албан ёсоор батламжилж, гэрээ байгуулна гэх мэдээлэл бий. Гэтэл Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар дээрх үйл ажиллагаанаас зөрүүлж, энэ сарын 24-нд хийхээр товлоод байгаа аж. Энэ нь Завхан аймгийн 60 мянга гаруй иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж буй үйлдэл гэдгийг Завханы иргэд хэлж байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар хууль зөрчиж, хурлаа хойшлуулжээ |
|