Удаа дараагийн сонгуульд ялагдсан Ардчилсан намынхан ирэх сард намын Их хурлаа хийж даргаа сонгох гэж буй. Ойрноос Ардчилсан намаас гарсан нөхдүүд “Намынхаа төлөө ажиллана” гэх үгтэй буцаж ирсээр байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын батлахаа сэргээж, намынхаа үйл хэрэгт оролцохоо мэдэгдсэн. Түүнийг Ардчилсан намын даргын сунгаа болон ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан шийдвэр гаргалаа гэх хүн олон байгаа юм.
Тэгвэл нэг үе Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг “Ардчилсан намаас гараагүй” гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр, сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ “Ардчилсан намын тухайн үеийн удирдлагууд намайг намаас хассан. Үүнийгээ залруулах байх гэж бодож байна” гэсэн тайлбар өгч байлаа. Тухайн үед З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Ардчилсан намыг толгойлж байсан. Одоо тэд намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг намдаа буцаад орвол ирэх сард болох намын даргын марафонд оролцохыг үгүйсгэхгүй юм. Энэ талаар тэрбээр “Намын нөхөд дэмжвэл Ардчилсан намд юу ч хийсэн болно” гэх учир битүүлэг тайлбар өгсөн билээ. Түүний намаа гэх бадрангуй тэмүүлэл нь буураагүй гэдгийг ч энэ үеэр онцолж байсан.
Нөгөөтэйгүүр Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэгдэж Ардчилсан намын даргын суудлыг авах нь гэх яриа бий. Н.Алтанхуягийн амнаас “Х.Баттулга бол хэлмэгдсэн” гэх утга бүхий үг ч цухалзах болсон. Тэрбээр “Шударга бусын хонгил”-оор ороод гарсан хүн бол нэг нь би, нөгөөх нь Х.Баттулга. “Шударга бусын хонгил” одоо ч хэвээр байгаа” гэж байсан юм. Тэгэхээр хэлмэгдсэн гэх Х.Баттулга Н.Алтанхуяг нар нэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
Н.Алтанхуяг “Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж” хэмээн уулзалтын үеэр хэлж байсан. Тэгэхээр Ц.Элбэгдоржийг намын батлахаа сэргээж, намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоор ирсэн энэ цаг үед Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын “тоглолт” нь эхэлж буй бололтой.
Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан Н.Алтанхуягийг 2014 онд Ардчилсан намынхан өөрсдөө огцруулсан түүх бий. Намдаа гомдсон Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ нийтэд мэдэгдсэнээс хойш түүнийг тойрсон хууль, шүүхийн асуудал хэсэгтээ тасраагүй. Ингээд 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын Зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар эртнээс Ардчилсан намыг авах тактик боловсруулсан байхыг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ энэ удаад тэдний эсрэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зогсох болов уу.
Н.Алтанхуяг, Х.Баттулга нар нэгдэж, АН-ыг аваад, Ц.Элбэгдоржийн эсрэг зогсох уу |
|