Өнөөдөр төв талбайд ХҮН-ынхан жагслаа. Орон нутгийн сонгуульд ХҮН-аас хэн ч нэр дэвших боломжгүй гэх шийдвэр Захиргааны хэргийн шүүхээс гарсан учраас тэд ууртай байна. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхээс ХҮН\ Хөдөлмөрийн үндэсний нам\-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр орон нутгийн сонгууль ХҮН-гүйгээр явагдах нь тодорхой болж байна. Эл шийдвэрийг ХҮН-ын дарга болон УИХ дахь цор ганц төлөөлөл “АН-ын бохир улс төр” хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал,
ХҮН-ын дарга Б.Найдалаа: “ ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байх улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна”.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “ Ардчилсан сонгуулиар ардчиллыг хамгаалдаг. Гэтэл өнөөдөр захиалгын шүүх, шүүгчийн шийдвэрээр хүний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэж байна. Ардчиллаа хамгаалъя. Ардчилсан нам, МАХН нэгдэж сонгуульд оролцож байгаа. Бидэнд нэгдэх санал тавьсан. Бид нэгдэхгүй гэдэг хариулт өгсөн. Үүний хариуд биднийг сонгуульд оролцуулахгүй байхаар шүүхийг ажиллуулж байна. Энэ бүхний ард Ардчилсан нам, түүний ард талд Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэж хардаж байна”.
ХҮН-ын гишүүн П.Наранбаяр: “ Бие даасан шударга шүүх алга болжээ. Ардчиллаа алдах аюулын ирмэгт бид иржээ”гэжээ.
ХҮН-ынхан өөрсдийг нь сонгуульд оролцуулахгүй байх захиалгыг шүүхэд Ардчилсан нам, бүр нарийндаа Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн гэж хардаж байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Гэхдээ хардалт төдий бус бодит үнэн байх бүх талын боломжтой хувилбарыг тэд дэлгэж байгаа юм. Иймд ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх нь Ардчилсан намд, Ерөнхийлөгчид ямар ашигтайг авч үзье.
Өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэг суудалтай болж, улс төр дахь хонгилынх нь үзүүрт гэрэл ассан ХҮН-ынхан орон нутгийн сонгуулиар намын нөлөөллөө илүү ахиулах том зорилготой байсан байж таарна. Харамсалтай нь, тэдний эл зорилго тэднээс том улс төрийн хүчний зорилгод саад болж л дээ. Шуудхандаа АН-д. Улс төрийн хоёр том хүчний нэг гэх нэрнээс цааш юм үлдээгүй АН-д энэ удаагийн орон нутгийн сонгууль бол сэргэн мандах том боломж.
УИХ дахь орон зайгаа алдсан Ардчилсан нам орон нутгийн ИТХ-д амь зуух нь тэдэнд үлдсэн эцсийн найдвар.Тиймдээ ч Ардчилсан нам эцсийн боломжоо ХҮН-д алдахыг хүсээгүйучраас шүүхийг ашиглан замаасаа зайлуулж буй хэрэг байх талтай. Уг нь Ардчилсан нам ХҮН-д орон нутгийн сонгуульд нэгдэж оролцох санал тавьсан юм билээ. Уг санал нь нэгд эсвэл сөнө гэсэн далд агуулгатай байсныг ХҮН-ынхан анзааралгүй “Үгүй” гэснээс үүдэж хэрэг явдал ийм дээрээ ирсэн гэх хүмүүс мэр сэр бий.
Ардчилсан намд уналтын он жилүүд үргэлжилж буй. Ардчиллын алтан хараацайнууд нь сүүл шигээ хоёр хуваагдсан. Хоёр хуваагдчихсан хөгшид нь намынхаа удирдлагыг булаалдахаас залуу үе нь залхсан. Нам доторх энэ мэт хагарал бутралаас болж нэр хүнд нь шороотой хутгалдчихсан. “Ядаж байхад яр” гэгчээр УИХ-ын сонгуульд хоёр удаа далаараа тавиулчихсан. Одоо тэдний ирэх сонгууль хүртэл хорогдож болох дулаан үүр, басхүү эрх баригч МАН-тай үзэлцэж болох талбар нь орон нутгийн ИТХ. ИТХ-ыг авч гэмээнэ сөрөг хүчний үүргээ доороос нь гүйцэтгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын олонх УИХ, Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд нь АН амдаад сууж байна гэсэн үг.
Ерөнхийлөгч ХҮН-аар золиос хийж, АН-аа орон нутаг руу үхэн хатан зүтгүүлэхийн бүр цаад шалтгаан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах явдал юм.Аливаа нэг намын амин судас нь нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-аар лугшиж байдгийг бид гадарлахтайгаа болсон. Тиймдээ ч нийслэл, орон нутгийг гартаа авчихвал Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал нь өснө. АН-аас өдгөө хамгийн өнгөтэй өөдтэй яваа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Орон нутгаар тойрон аялж, одонтой ээжүүдийн батламжийг өөрийн биеэр гардуулж, уул уурхай, төмөр замын асуудалтай биечлэн танилцаж явааг нь харвал ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхэлснийх.
Гэхдээ өөрийнх нь рейтинг хэчнээн өндөр байлаа ч нийслэл, орон нутгийн удирдах шатанд намынх нь гар хөл нь байхгүй бол ялалт байгуулах боломж нь хумигдана.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох болсон нь алдаж боломгүй алтан боломж. Бүх юмны дарга байх их эрх мэдэл. Тиймээс ч тэр шүүх рүү утас цохиод ХҮН-ыг орон нутгийн сонгуулиас хасуулаад АН-ынхныхаа замыг цэвэрлэж өгсөн хэрэг байж болох. Товчхондоо намынхаа ч, өөрийнхөө ч ирэх жилүүдийн зам мөрийг ХҮН-аар засаж байна гэсэн үг.
Өмнөх шат шатны сонгуулиудад аливаа нэг нам ялалт байгуулах ашиг сонирхлынхоо төлөө хэн нэгэн улстөрчийг золиослодог байлаа. Өөрсдөөс нь олон санал авах магадлалтай нэр дэвшигчээс ямар нэгэнөөзаавал олно. Тэгээд Шүүх, Сонгуулийн хороог ашиглан нэр дэвших эрхээ авах боломжоос нь татгалзуулна, хасуулна. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар бүр улс төрийн хүчнээр нь золиослож буй ажээ. Шүүх гаргасан шийдвэрээ буцааж, ХҮН-ын сонгуульд оролцох эрхийг сэргээхгүй нь мэдээж. Тэгвэл хамаг булхай илэрнэ. Харин ХҮН л гомдолтойгоор дахин дөрвөн жил хүлээх хэрэгтэй болох бололтой.
ХҮН-гүйгээр сонгууль хийх захиалга Ерөнхийлөгчийнх гэв үү |
|
2025-04-18 16:03:45
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 06:00:00
2025-04-18 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |