УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 6-нд Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч, 14 нэр дэвшигчийг бүртгээд буй. Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нөхөн сонгуульд та ХҮН-ыг төлөөлж нэр дэвшихээр болсон. Танай нам ямар шалгуураар нэр дэвшигчийг тодруулав. Хэр өрсөлдөөнтэй байсан бэ?
-ХҮН буюу “Зөв хүн электорат” эвслээс УИХ-ын 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Б.Найдалаа намайг нэр дэвшүүлэхээр болсон. Манай намд нэр дэвших боломжтой залуу боловсон хүчин олон бий. Энэ удаад бид эвслийн төлөөлөх зөвлөлийн хуралдаанаар гишүүдээс санал авч, нэр дэвшигчийг тодруулсан. Бид эвслийн бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц, гишүүдээ бүрэн төлөөлөх, нэр цэвэр, ёс зүйтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй, улс төрд манлайлал үзүүлэх хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн шалгуур үзүүлэлт тавьсан.
-Танай нам олон нийтийн дунд гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байна. Намын бодлого хэтийн зорилгын талаар мэдээлэл өгвөл?
-Бид өөрсдийгөө гуравдагч биш хоёрдогч хүчний байр суурь эзэлсэн гэж харж байгаа. Учир нь, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн таван хүн тутмын нэг нь манай намыг дэмжсэн. Мөн орон нутаг болон нийслэлийн сонгуульд хэд хэдэн төлөөлөгчтэй болсон. Тэгэхээр манай нам ганц, нэгхэн гишүүнтэй бус нийслэл, дүүрэг, аймаг, сумдад төлөөлөлтэй болсон байна. Ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нам сүүлийн үед ховор болоод буй. Тиймээс ч бид Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд амжилттай оролцоно гэсэн хүлээлттэй байна. Цаашлаад бид Монгол Улсын хөгжлийн бодлого, УИХ-д нөлөөлөх том улс төрийн хүчин болох зорилго тавьсан.
-Хөдөлмөрийн үндэсний нам одоогийн байдлаар бүртгэлтэй хэчнээн гишүүнтэй байна вэ?
-Манай намд албан ёсоор бүртгүүлсэн 1000 гаруй гишүүн бий. Цаанаа нь маш олон дэмжигч гишүүн байгаа.
-Нийслэлд, УИХ-д ч төлөөлөлтэй болчихсон танай намын тухайд цаашдаа шийдвэр гаргах түвшний эрх мэдэлд хүргэхэд мэдээж түүнээс олон төлөөлөлтэй байх шаардлагатай. Нөхөн сонгууль ч үүний нэг шалгуур болох болов уу?
-Манай намын дэмжигчид сүүлийн жилд маш их нэмэгдэж байгаа. УИХ-д нэг, нийслэлд гурав, дүүрэгт 15 суудалтай байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд тодорхой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч байгаа гэж харж болно. Ер нь бол нийслэл болон цаашлаад Их хуралд ХҮН-ын оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэдгийг иргэд, гишүүд дэмжигчид илэрхийлж байна.
-Таны нэр дэвших гэж байгаа Сонгинохайрхан дүүргийн онцлог нь юу байна вэ?
-Тухайн дүүрэг нь хотын төвөөс бага зэрэг алслагдмал, хэмжээ томтой. Тэгэхээр дан ганц Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй захын дүүргүүдийг хөгжүүлэхэд хотын шинэ төв байгуулах хэрэгтэй. Үүнийг би сонгууль болох гээд яриад байгаа юм биш. Урьд нь ч ярьж байсан. Хот ганцхан Сүхбаатарын талбай гэдэг төвтэй байх ёсгүй. Хот олон төвтэй байх ёстой. Дүүргийн иргэд нь хотын төв рүү орж ирж ажиллах биш дүүрэгтэй хот байгуулж ажиллах нь зүйтэй. Ингэж байж хотын түгжрэлийг бууруулна.
-Өнгөрсөн хугацаанд танай намын зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээ, иргэдийн амьдралд нөлөөлж, шийдвэр гаргах түвшинд хүрсэн жишээ бий юү?
-Бид УИХ-д нэг суудалтай. Нэг суудлын минут бага учраас төрд хүргэх үг нь бага байна. Олон асуудал нэг дор тавьж чадахгүй үе бий. Гэхдээ нэг гишүүний ард маш том баг ажиллаж байна. Иргэдийн дуу хоолойг нэг гишүүнээрээ дамжуулж хүргэх гэж хичээж байгаа.
Ардчилсан нам Их хуралд 11 гишүүнтэй, бүлэгтэй хэр нь эрх баригчдаас хариуцлага нэхэж дуу хоолой болж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Нийслэлд манайх гурван төлөөлөлтэй. Энэ төлөөлөгч нар нийслэлийн газрын маргаантай асуудлуудыг нь шийдвэрлэх, цаашлаад иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах түвшинд нь хүргэж ажиллаж байна. Тиймээс бид төлөөллөө нэмэх хэрэгтэй. Иргэдийн итгэлийг авч байгаа учраас илүү сайн боловсон хүчин бэлтгэж, улс төрийн зөв манлайлал үзүүлж амжилт гаргана.
-УИХ-ын нөхөн сонгууль 2020 оны ээлжит сонгуультай ижил зарчмаар явна. Томсгосон тойрог олон мандат гэдэг хувилбар манайд хэр тохиромжтой сонгуулийн тогтолцоо юм бэ?
-Манайд хэрэглэж байгаа энэ тогтолцоо хамгийн үр дүн муутай, иргэдийн дуу хоолойг шууд төлөөлж чаддаггүй муу тогтолцоо. Монгол Улс цаашдаа хөгжье, улс төрийн соёлыг бий болгоё гэвэл холимог тогтолцоотой болохоос өөр аргагүй. Хэзээ нэг цагт холимог тогтолцоотой болох нь ч гарцаагүй. Эрт холимог тогтолцоотой болох нь зүйтэй.
Тэгж гэмээнэ намууд хариуцлагатай болж, цөөн хэдэн улстөрчийн хэтэрсэн эрх мэдэл үгүй болно. Өнгөрсөн удаагийн сонгуулиар нэг нам үнэмлэхүй олонх болсон нь ч тогтолцоотой холбоотой. Энэ бүхнээс ангижрахын тулд сонгуулийн холимог тогтолцоог ашиглах нь зүйтэй.
Хэзээ нэг цагт холимог тогтолцоотой болох нь ч гарцаагүй. Эрт холимог тогтолцоотой болох нь зүйтэй.
-Та сая улс төрийн намуудыг хариуцлагатай болгох талаар дурдлаа. Намын хариуцлага гэдгийн ард хуулийн зохицуулалт, эрх зүйн орчныг ярих нь зүйтэй болов уу. Улс төрийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдэг ч өнөөдрийг хүртэл гар хүрээгүй байна. Энэ тухайд?
-Улс төрийн намтай холбоотой хамгийн чухал өөрчлөлтийн нэг нь дээр хэлсэн сонгуулийн тогтолцоо. Хоёрдугаарт, намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгох. Намын дүрэм дотоод зохион байгуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Гуравдугаарт, хуульд тусгасан хэр нь хэрэгжүүлдэггүй заалтыг хэрэгждэг болгох. Тухайлбал, намууд тайлангаа ил тод өгөх гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй. Үүнд анхаарах шаардлагатай.
-Намын нөхөд нь танд итгэл хүлээлгээд нэр дэвшүүлэхээр болжээ. ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй амжилттай оролцсон. Энэ амжилтаа ахиулж, ялалт байгуулна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-УИХ бол Монгол Улсын иргэдийг төлөөлж байгаа хууль тогтоох дээд байгууллага. Аль тойргоос сонгогдох нь чухал биш. Улсынхаа төлөө ажиллах хүнийг сонгож байгаа гэдгийг анхаарах ёстой. Тиймээс бид Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн чанартай бодлогын асуудлаас гадна улс орныхоо хөгжлийн асуудалд анхаарна. Сонгинохайрхан дүүргийн сонгогчид сүүлийн хэдэн сонгуульд МАН ялалт байгуулж байсан. Тухайн гишүүд нь тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээж чадсан эсэхийг одоо шийдэх гэж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд 3.3 сая иргэний өмнөөс Их хуралд хэнийг сонгох вэ, улс төрийн өнгө нь ямар байх вэ гэдгийг шийдэх эрх мэдэл байна.
Цаашид авлигачдыг сонгох уу, хэн нэг эрх мэдэлтэй албан тушаалтны хунтайжийг сонгох уу. Үүнийг тэд сонгох нь. Цаашдаа сонгуулийн үр дүнд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь ч энэ удаагийн сонгуулиар харагдах гэж байна. Тиймээс манай нам энэ удаагийн сонгуульд ач холбогдол өгч оролцож байна.
-Танай нам өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар шүүхээс танай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн маргаантай асуудлууд гарч байсан. Энэ асуудал бүрэн шийдэгдсэн үү?
-2020 оны орон нутгийн сонгуульд манай намыг сонгуульд оролцуулахгүй гэж зохиомлоор шүүхэд хандаж, Шүүхийг ашиглаж, биднийг түдгэлзүүлж байсан. Санаж багаа бол бид хуулийн дагуу эсэргүүцэж, шүүх дээр ялсан. Ингээд хуулийн хугацаанд долоон хоног сурталчилгаагаа хийсэн ч амжилттай оролцсон. Магадгүй хугацаандаа кампанит ажлаа явуулсан бол олон төлөөлөгчтэй болох магадлал ч байсан. Дахиад хариуцлагатай мэдэгдэхэд манайд ямар ч удирдлагын, тамга тэмдэгний маргаантай асуудал байхгүй.
Б.НАЙДАЛАА: Хөдөлмөрийн үндэсний нам гуравдагч биш хоёрдогч хүчний байр суурь эзэлсэн гэж харж байгаа |
|