Одоогоос хоёр жилийн өмнө “Монгол Улсад 400 сая жуулчин ирэх хамгийн том түүхэн цогцолборт газрыг байгуулна” хэмээн төсөл боловсруулан танилцуулж, Хэнтий аймгийн Батноров суманд их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв. Улмаар тус газарт “Андлалын өргөө” гэх түүхийн дурсгал бүхий бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн удаатай. Гэвч өнөөдөр эхлүүлсэн ажлаа бүрэн гүйцэд дуусгалгүй, буцааж нураах шийдвэр гаргасан нь олны анхаарал татаж байна.
Угтаа бол улсын төсвөөс 1.8 сая тэрбум төгрөгөөр барьж эхэлсэн энэ хөшөөг нурааж, шинэ бүтээн байгуулалт хийх дээрээ тулаад буй. Хэдий “Улсын төсвөөс гаргасан хөрөнгийг бүгдийг нь төлж, улсыг хохиролгүй болгоно” хэмээж байгаа ч эдийн засгийн хүндхэн цаг үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсны гор энэ жишээгээр харагдаж байгаа юм. Тухайн үед УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх үед цар тахлын хүнд үед бүтээн байгуулалтын ажлыг түр хойшлуулж, үр ашигтай зүйлд энэ хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэдгийг мэргэжлийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сөрөг хүчнийхэн мөн ч их сануулж байв.
Ёстой л их санасан шөнө есөн шөнө хоосон гэгчийн үлгэрээр орж, хоёр тэрбум төгрөгөөр “шавар өрж” тоглосон гээд хэлчихэд хол зөрөхгүй боллоо. Хэрэв зээ судалгаа, тооцоотой, үр ашигтай төсөл боловсруулсан бол өдийд энэ хөрөнгийг эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд тодорхой арга хэмжээ авахуйц хөрөнгө байв. Ядаж л гурван ээлжээр хичээллэдэг, ачааллаа дийлэхээ больсон дүүрэг, хороонд сургууль, цэцэрлэгийн ажил эхлүүлсэн бол нүдээ олох байлаа.
Гэвч төрийн алдаатай бодлогын гороор өнөөдөр ажлын байр ч үгүй, бүтээн байгуулалт ч үгүй хоосон хоцорлоо.
Энэ талаар Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дөрвөн суманд 2018 оноос хойш хийж байгаа. Үүний нэг нь Батноров суманд барьж байсан Андлалын өргөө цогцолбор.
Энэ цогцолборын зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Салбар яам, орон нутгийн Засаг даргын тамгын газар, "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн. Харамсалтай нь, зураг төслийг зохион бүтээсэн зохиогч маань барилга угсралтын ажил ид өрнөж байхад хүнд өвчний улмаас нас барсан. Салбар яамнаас энэ төслийг үргэлжлүүлэхээр судалгаа хийж, зохиогчийн шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх боломжтой эсэхийг судалсан. Гэвч зохиогч өөрөө барилгын явцад хяналт тавих нь хязгаарлагдмал учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж эхэлсэн. Тийм учраас оюуны өмчийг цуцлах санал гарлаа. Д.Эрдэмбилэг агсны гэргий, үр хүүхдүүдээс "Хос санаа" болон "Классик хаус" компанид оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг тавьсан.
Мөн салбар яаманд хүсэлт гаргахдаа "Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Эдгээрийг судалж, гурван талт гэрээний дагуу уулзсан. Сангийн яамнаас өнөөдөр чиглэл ирүүлэхэд гүйцэтгэлээр олгосон 1.9 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлэх чиглэлийг ирүүлж, нэхэмжлэх явуулснаар гүйцэтгэлээр олгосон төсвийн мөнгийг "Хос санаа" компани буцаан төвлөрүүллээ. Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй” гэх тайлбарыг өгсөн.
Цар тахлын амаргүй үе, эдийн засаг хямарсан энэ хугацаанд хоёр тэрбум төгрөг гэдэг тийм ч бага хөрөнгө биш байлтай. Ил тод нээлттэй, хохирлоо барагдуулсан нь “Андлалын өргөө” цогцолборын ажил болохоос төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, гацаанд оруулсан олон төсөл бий. Энэ мэт бодлогогүй төсөв гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдгаа больё Л.Оюун-Эрдэнэ сайд аа.