• Өнөөдөр 2024-04-26

Ажлаа хийдэггүй ГИШҮҮДЭД АМРАХ ЭРХ бий юү

         -Тэд төр түмнийхээ өмнө эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагч нартай яг ижилхэн тангараг өргөсөн төрийн алба хаагчид-

        Үндэсний баяр наадмаа хойшлуулснаас хойш ажлаа хийж, улс орныхоо эдийн засгийг сэргээх арга хэмжээ авмаар байна. Монголчуудад амралт, зугаалга ихэдсэн үү гэхээс багадах гэж яав ч байхгүй.
 
 Ялангуяа төрд суусан эрхэм түшээд нарт өдийд найр, наадам амралт зугаалга хийх нь битгий хэл үстэй толгойноос нь их ажил баймаар. Цар тахлын хүнд үед улсынх нь эдийн засаг элгээрээ хэвтэж, эрүүл мэндийн салбар нь “амь” гуйж байхад төр төмөр нүүрээ харуулж байна уу гэлтэй УИХ-ын гишүүд нь хаврын чуулганаа завсарлуулж орхиод усанд хаясан чулуу шиг алга болчихлоо. Төрийн ордон ирэх намар хүртэл эзгүйрэх нь.
 
         Олон хүний амийг авч одон, хэчнээн мянгаар нь өвчлүүлж байгаа цар тахлын хүнд үед парламентад суусан гишүүд гараа хумхиад зүгээр суух эрх байхгүй гэдгийг сануулах гэсэн юм. Тэд төр түмнийхээ өмнө эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагч нартай яг ижилхэн тангараг өргөсөн төрийн алба хаагчид. Улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллах яг ижилхэн үүрэг хүлээчихээд эмч, цагдаа нар гэртээ ч харих завгүй ажиллаж байхад төрийн түшээд нар амарч, зугаалж байгаа нь шударга бус байна. 
 Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн
         Энэ хаврын чуулганы хуралдаан ёстой л салан, задгай болж өндөрлөсөн. Сөрөг хүчин ч үгүй парламент хаврын чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөөх хуулийн төслөөс илүүтэй улстөржсөн, сонгуульд зориулсан хуулиудыг ногоон гэрлээр баталсан гээд хэлчихэд хол зөрөхгүй биз. 
 
      Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтыг хааж үг хэлэхдээ “Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр буюу 83 өдөр чууллаа.
 
    Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод зургаан удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган боллоо.  Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.  Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлэх боломж цар тахлын улмаас хумигдсан ч цахим хуралдаандаа өндөр ирцтэйгээр, идэвхтэй оролцож, өндөр ачаалалтай ажилласан” хэмээсэн. 
 
        Бодит байдал дээрээ өнгөрсөн хавар гишүүд Төрийн ордонд хууль боловсруулах нь битгий хэл сонгууль гэж нэр дэвшигчдээ дагаж гүйсээр долоо хоног чуулганы хуралдаанаа сунгаж, хаваржингаа сонгуулийн сурталчилгаа хийсэн нь нууц биш юм.  Угтаа бол МАН чухал хуулийн төслүүдээ хойш тавьж, чуулган завсарлахтай уралдаж, амралтгүй долоо хоног хуралдсаар онцлох хуулийн төслүүдийг олонхоороо хүч түрэн баталчихсан. Үүний цаана хуулийн цоорхой гаргасан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн хууль байхыг ч үгүйсгэхгүй юм.
 
Төрд сонгосон гишүүдийн үндсэн үүрэг нь хууль санаачлан, батлах болохоос биш, сонгуулийн “шоу”-нд оролцож, дарга нараа магтах биш шүү дээ. Найр, наадам, сонгууль хэсэж дууссан бол улс орондоо анхаарч, Засгийн газартаа хяналт тавьж ажилламаар байна.
 

Ажлаа хийдэггүй ГИШҮҮДЭД АМРАХ ЭРХ бий юү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-14 11:03:32
    Зочин: Засаг тер нь ийм хариуцлагагуй ажиллаж, арав арваараа хорвоог орхиж байхад юун амралт бэ?!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188