• Өнөөдөр 2025-11-12

Үүргээ гүйцэтгэсэн "С.Зоригийн хэрэг" дараагийн сонгууль хүртэл "амралт"-аа авлаа

2021-06-22,   1222

            "С.Зоригийн хэрэг" Монголын улс төрд "моод"-ноос гараагүй, гарах болоогүй, мөнгөнөөс ч хүчтэй мөнхий сэдэв гэдгээ дахин нэг удаа батлан харуулж, үүргээ гүйцэтгээд дараагийн сонгууль хүртэл ээлжийн "амралт"-аа авлаа. Гэхдээ дараагийн сонгуулиас өмнө МАН-д таалагдаагүй ардчиллын хэн нэгэн, хэсэг бүлгийнхэн төрийн өндөр албан тушаал, эрх мэдэл руу санаархвал энэ хэрэг үүргээ гүйцэтгэхээр дахиад "дуудагдаж" ирэхийг үгүйсгэх аргагүй л дээ.
 
Эрх баригч намынхан, тэдний дундаас улс төрд өнө удсан нэр бүхий цөөн хүмүүс "Захиалагч нь хэн бэ" гэдэг ганцхан асуултаар "С.Зоригийн хэрэг"-т хэмжээлшгүй хүч  чадал оршоож, өрсөлдөгчөө айлгадаг "зэвсэг" болгон  ашигласаар ирсэн. Уламжлал ёсоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  ч ашиглалаа. Ингэхдээ "С.Зоригийн хэрэг" гэдэг агуу хүчтэй "зэвсэг"-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд атгуулж, зааварлагчаар нь Ц.Нямдорж өөрөө "гардаж" ажилласан нь сонирхолтой, содон шийдэл байв. Энэ хэрэг анх үйлдэгдэх үед Л.Оюун-Эрдэнэ 18 настай, Бэрс дээд сургуулийн оюутан болоод нэг сар л болж байсан  бол Ц.Нямдорж 42 настай, УИХ-ын гишүүн байсан. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ 41 настай буюу С.Зоригийн хэрэг үйлдэгдэх үеийн Ц.Нямдоржийн насан дээр ирчихсэн, Ц.Нямдорж 65 настай хэдий ч улс төрөөс хариагүй буюу Л.Оюун-Эрдэнийн хуучин албан тушаал дээр оччихсон байна. Цаг хугацааны тохуурхал гэх үү, ямартай ч Монголын улс төрийн хөгшин, залуу хоёр нь нийлчихсэн "С.Зоригийн хэрэг"-ийг "ашиглаж" байхыг харах сонирхолтой байв. Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ хэргийг анх удаа ашиглаж үзсэн нь, Ц.Нямдоржтой хамт ярьж үзсэн нь түүнд "нэр төрийн хэрэг" байсан биз. Магадгүй, тэр үнэхээр МАН-ын албан ёсны залгамжлагч болбол "С.Зоригийн хэрэг" гэдэг "зэвсэг" түүнд өвлөгдөж ирнэ. Тиймдээ ч Ц.Нямдорж "С.Зоригийн хэрэг"-ийн дараагийн залгамжлагч болох Л.Оюун-Эрдэнэд биечлэнн зааварчилгаа өгөхөөр Засагт нь урилгаар ирж, анхны "буудлага"-д нь хамт байсан ч байж болох. За энэ ч яах вэ. 
 
Гол нь энэ удаад "С.Зоригийн хэрэг"-ийг Х.Баттулгын эсрэг ашигласан ч бүр ч сонин байв. Ингэхдээ "С.Зоригийн хэрэг"-ийг Х.Баттулгатай маш нарийн зохион байгуулалтаар холбосон байдаг.
 
Тухайлбал,
 
Эхлэл: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болж байх үед өмгөөлөгч Б.Баасанцогт гэх залуу олны анхаарлын төвд ид орж байлаа. Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нарыг архидуулж, биеэ үнэлэгч зуучилж өгдөг байсан гэх бичлэгүүд олон нийтэд цувралаар цацагдаж байсан үе. Ингэхдээ өмгөөлөгч Б.Баасанцогт нь Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн "гарын хүн" гэдэг хаягтайгаар гүйцэтгэх ажиллагааны бичлэгүүдийг дэлгэж байв.
Өрнөл: У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцрох үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял өгөх чиглэл авдаг" гэж мэдэгдсэн. Барагтай шүүмжлэл, гүтгэлэгт хариу өгч, намба алдаж үзээгүй байсан Х.Баттулга Х.Нямбаатарын энэ мэдэгдэлд ихэд эмзэглэж, шүүхэд өгөхөө хүртэл илэрхийлсэн.
 
Төгсгөл: Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулж, "С.Зоригийн хэрэг"-т буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримтуудыг хэлэлцсэн. Дараа нь 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт өөрийн биеэр очиж “С.Зоригийн хэрэг”-ээр 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд 20 жилийн ял авсан Т.Чимгээтэй уулзсан. Т.Чимгээгийн нулимстай яриад удтал сонсож байгаад гарч ирмэгцээ “Сүүлийн үед Б.Баасанцогт гэж хүн гарч ирсэн. Хэргүүдийг Б.Баасанцогт өөрийн компьютертээ хойшлуулахаар төлөвлөдөг байсан хэрэг илэрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг ярина. Хэрвээ Б.Баасанцогт шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол том асуудал болж хувирна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд оролцсон байж болзошгүй асуудал бий” гэж мэдэгдсэн.
 
Ингэж "С.Зоригийн хэрэг"-ийг Х.Баттулгатай амжилттай холбож чадсан. Товчхондоо, эхлээд өмгөөлөгч Б.Баасанцогтыг шүүгч нарыг амархан аргандаа оруулдаг, архидуулдаг, биеэ үнэлэгч зуучилж өгдөг гэж нийтэд илчлээд, дараа нь шүүгч нар Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял оноох тухайгаа асуудаг гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдэгдээд, дараа нь Б.Баасанцогт нь шүүгч нарыг архидуулж, авлига өгөх замаар "С.Зоригийн хэрэг" тэргүүтэй улс төрийн томоохон хэргүүдийг гацаадаг байсан гэж Ерөнхий сайд нь өөрөө мэдэгдээд, эцэст нь Б.Баасанцогт бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн "гарын хүн", харин А.Гансүх бол Х.Баттулгын "гарын хүн" гэж нийтэд ойлгуулсан. Ингэж ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, өмгөөлөгч гэх Б.Баасанцогт нарыг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс гэж нийтэд ойлгуулах кампанит ажлыг хоёр сар орчим хийгээд, эцэст нь тэр хоёроор дамжуулаад Х.Баттулга бол "С.Зоригийн хэрэг"-ийг "гацаагч" гээд зарлачихаж байгаа юм. Энэ нүсэр, цаг хугацаа шаардсан, нарийн төлөвлөгөө ганцхан Л.Оюун-Эрдэнийн тархинд бүрэлдээгүй л байх. 
 
"С.Зоригийн хэрэг"-ийг ингэж сүр дуулиантайгаар сэргээж Х.Баттулгатай холбосон атлаа түүнийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй болохтой нь зэрэгцээд олон нийтийн анхаарлаас гаргаж орхисон. Одоо Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнийн хэн нь ч "С.Зоригийн хэрэг"-ийг Х.Баттулга яаж гацааж байсан, Б.Баасанцогтын асуудал юу болсон тухай дурсах ч үгүй байна. Өөрөөр бол, сонгууль өнгөрсөн, МАН ялсан, Х.Баттулгыг харлуулах хэрэггүй болсон учраас "С.Зоригийн хэрэг" ч "амралт"-аа авчихсан гэсэн үг л дээ.
 

Үүргээ гүйцэтгэсэн "С.Зоригийн хэрэг" дараагийн сонгууль хүртэл "амралт"-аа авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 11:47:40
    Гоошүр: Сэнсаци дэгдэхгүй нилээн удах байхдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188