Эргэлт.мн мэдээллийн сайт энэ долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэр болон Ерөнхийлөгчийн зарлигийг онцлож байна. Тодруулбал, халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үндэсний баяр наадмыг энэ жил үзэгчтэй тэмдэглэх шийдвэр гаргаад байсан ч цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой цахим хэлбэрээр тэмдэглэх шийдвэр гаргаад буй. Энэ долоо хоногт болж өнгөрсөн анхаарал татсан үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АМРАЛТЫН ГАЗРУУДЫГ ХААЖ, ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ЗААЛААР ҮЙЛЧЛЭХГҮЙ
Коронавирусийн халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулга хийсэн.
Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахаар болсон билээ. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс долоо хоног хязгаарлалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НОЁН УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ БОЛГОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа.
Уг зарлигт “Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь заалтыг үндэслэн зарлиг болгох нь:
Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгосугай.
Монголын Тулгар төр, Хүннү дээдсийн түүх цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус, эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд, ард иргэдэд уриалсугай” гэжээ.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭЭЛЖИТ ДУУЛИАН
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт архидан согтуурсан үедээ эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Эхнэрээ зодсон гэх энэ асуудлаар түүний эхнэр Б-гийн ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргасан юм.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо" хэмээгээд буй.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбогдож, тодруулахад “Манайх “Жаргалан” хотхонд амьдардаггүй. Би эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Энэ тухай мэдээллийг олж уншаагүй байна” гэх тайлбарыг өгсөн юм. эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр гомдлоо буцаан татсан гэгдэж буй.
Эргэлтийн тойм: Үндэсний баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаж, Ноён уулыг төрийн тахилгат болсон долоо хоног |
|