Ардчилсан намын гишүүн Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын Онц Их хурлыг хуралдуулах санал гаргаж, 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эрх баригч МАН нь АН-ын дотоод хагарал болон Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар ашиглаж ирлээ. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам хамгийн адгийн санал авлаа. Тиймээс АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачилгыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилгыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Намаа хоёр хувааж, нэгэндээ бууж өгөхгүй хөлөө жийлцээд сууж буй удирдлагууд минь мянга мянган гишүүн чинь та бүхнийг өнөөдрийн улс төрийн өндөрлөгт хүрэхэд чин сэтгэлээсээ хоёргүй үгээр зүтгэсэн. Залуусын хувь заяаны төлөө, намын ирээдүйн төлөө нэг удирдлагатай болоход бүгд хичээж зүтгэж ажиллахыг уриалъя. Ардчилсан нам орших уу, эс орших уу гэдэг заагт ирчихээд байна. Бид нарт хагарлын үр дагаварыг хангалттай амслаа. Намынхаа нийт гишүүдэд хандаж, Ардчилсан намд хариуцлагатай байх цаг ирсэн гэж хэлье. Эрх барьж буй намын шинэ залуу удирдлагад уриалга гаргамаар байна. Бид улс төрийг хуйвалдаанаар биш, улс төрийг эрх мэдлээр биш, улсын төсвөөр биш чин сэтгэлээсээ ард түмний сонголтод үндэслэн явуулдаг болж шинэчлэгдмээр байна. Эрх барьж буй нам Ардчилсан намын сул тал дээр бүү тогло. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах, үзэл бодлоо илэрхийлэх талбарыг нь чөлөөтэй өгөөч" гэв.
Б.ПҮРЭВДОРЖ: Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам хамгийн адгийн санал авлаа |
|