• Өнөөдөр 2024-04-25

Намрыг угтсан найман шүлэг

2020-09-10,   4382

Намрын гуниг, тайвшрал, өнгө, мэдрэмжийн тухай өгүүлэх найман шүлгийг хүргэж байна. 

1. Л. Өлзийтөгс- Моддын дээр цас орно
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимс
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
 
2. Б. Ичинхорлоо- Зуун намар
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар
 
3. Д. Урианхай- Намар
Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..
Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!
Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,
Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!
 
4. Г. Аюурзана-Миний мэдэх намар
Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ
 
Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна
 
Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм
 
5. Б. Батзаяа-Догдлолууд түүврээс
Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод
Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд амьдрах...
Хавар явж буйг,
зун үргэлжилж, намар ирж буйг
Харах, төсөөлөх
эсвэл, юуг ч юм хүлээх
Шүүрс алдам ийм амьдрал
Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд
Шүлэг бичих, ганцаардах
эсвэл, санаашрах
Навч, үүлсийн гоо үзэсгэлэн, бас
шувуу нисэх эрх чөлөө
Намар цагийн хувирал хийгээд
үхэл, хагацал, төөрөгдөл
Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод
Хавар мартагдаж, зун өнгөрөөд
Намар, өвөл ирж буйг
Харсаар байж
шүлэг бичдэггүй хүмүүсийн дунд
Шүлэг бичиж амьдрах минь даанч...
 
6. Ц. Доржсэмбэ- Намайг харсан нүд 
Намайг харсан нүдээрээ
Өвгөн хэрээ
Хоёр зуун жилийн дараах
Намрыг харна
Доржсэмбийн шүлэглэсэн
Намар цаг
Домог болон 
Үлдэнээ хөөрхий....
 
7. Бэгзийн Явуухулан –Нүүдэлчний намар
Нүүдэлчний намар
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!
 
8. Б. Эрдэнэсолонго- Намар
Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг
Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад
Саяхан татсан өвсний үнэрт мансууран
Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө.
Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад
Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй 
Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд
Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод
Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг
Навчис өндрөөс унаж амиа хорложээ
Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ
Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг
Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана …
Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг

Намрыг угтсан найман шүлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188