• Өнөөдөр 2024-04-26

Одоогоос 166 жилийн өмнө Артур Рембо мэндэлжээ

2020-10-20,   738

Францын яруу найрагч, символист дүрслэлийн эцэг гэгддэг Артур Рэмбо энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 10 нас хүрэхдээ хэдийнээ ямар шүлэг унших, ямрыг нь уншихгүй байх вэ гэдгээ мэддэг болсон байсан гэдэг. 15-тайгаасаа эхлэн шүлгүүдээ сонин хэвлэлд нийтэлж, 19 насандаа цорын ганц ном болох Там дундуур найраглалаа гаргасан юм. 17 насандаа өөрийн ихэнх шилдэг шүлгүүдээ бичсэн түүнийг утга зохиолд символизмыг авчирсан гэдэг билээ. Тэрбээр 1891 онд 37 насандаа хорт хавдрын улмаас өөд болсон юм.

Манай оронд түүний уран бүтээлээс орчуулж, уншигчдад танилцуулсан тохиолдол цөөн. Эргэлт.мн сайт уншигч та бүхэнд СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын орчуулсан “Хулгайлагдсан зүрх”, “Дурлал” шүлгийг хүргэж байна.

Хулгайлагдсан зүрх

Зүрх минь уйтгараа шүлс мэт нулимна,

Зүгээр энд тайван суух арга алга.

Хөлөг онгоцны хаалганууд савчиж,

Халуун тогоо бургилах сонстоод,

Хөөр наргиан, эх адаггүй шуугианаас

Хөөрхий зүрх минь залхаж уйтгарлана.

Зүрх ингэж уйтгараа нулимчаад байхад

Зүгээр энэ тавцан дээр тайван суух аргагүй.

Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд

Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.

Тэдний ер бусын, ойворгон төрх

Тийм утгагүй, уйтгарт зураг мэт.

Халгих давалгаа минь, дүүгийн ёсоор

Халтартсан зүрхийг минь угааж хайрла аа!

Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд

Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.

Тамхины утаанд мансуурсан үедээ

Тасалданги цохилох энэ зүрхийг

Хулгайд алдчихваас яавал зохилтой,

Хөөрхий тэр алдагдсан зүрх

Хэл дарвигнуулсан халуун чинжүүнээс ч

Хэмгүй гашууныг амталнам биш үү?

Тамхины утаанд мансуурсан зүрх

Тасалданги цохилохыг одоо яалтай? /Орчуулагч Г.Аюурзана/

 

Дурлал

Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг

Арван долоон насанд заадаггүй юм.

Цэцэглэж ногоорсон далдуу модны доор суухад

Цэнгэлийн диваажинд зүүрмэглэх мэт болоод

Цэцэгс хийгээд дарсны үнэрээр сэвэх нь

Цэлэмгэр салхи хүртэл халамцсаных шүү.

Үдшийн тэнгэр, яралзах одод

Үзтэл моддын мөчрөн жаазанд гялалзаж

Эгшин бүрийг эгнэгт ширтэх нь

Эндээс анир чимээ гэдэг үргэсэн гэлтэй.

Зургаан сар, Арван долоон нас

Зуны үдэш дарс хундагалах шиг...

Бүсгүйн уруул дээр бяцхан амьтан тодорч

Бүүр түүрхэн үнсээч намайг гэж

Үг хэлээ олж ядах шиг

Үүрэглэн сэрэхэд орь ганцаар би.

Янаг гэдэг үлгэр мэт...

Яруухан үдшээр дэнгийн гэрэлд

Шаа торго шиг сайхан охин зөрөхөд

Шөнө гэдэг эцгийнх нь сүүдэр мэт санагдана.

Зөрж өнгөрсөн охины хойноос 

Зүрхэлж дагах зориг алга.

Учирч цэнгэхсэн гэж бодохоос 

Уруул дээр минь цэцэг дэлгэрэх адил аа.

Яруу захидлыг үзэсгэлэнт охин бичиж 

Янагийн үгсээр  чамайг ерөөвч

Цаг ирэхэд нөхөд чинь элэглэж

Цадиггүй охины зугаа болсноо мэдвэл

Тэр л үдэш архины гуанз руу очоорой

Тэнд чамайг шилмэл дарс шилэн жүнз хүлээнэ.

Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг

Арван долоон насанд заадаггүй юм. /Орчуулагч Л.Энх-Амгалан/


Одоогоос 166 жилийн өмнө Артур Рембо мэндэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188