АТГ-аас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Д.Гэрэл нь 2017 онд, Б.Хурцын оронд АТГ-ын даргаар томилогдсоноосоо хойш төрийн өндөр албан тушаалтнуудыг тагнаж чагнасан, төрсөн хүүгийнхээ уурхайн булхайг нуун далдалсан зэрэг асуудлаар хэвлэлүүдийн гол сенсаац, хэл амны бай болсоор ирсэн нэгэн.
Тэгвэл ТЕГ-ын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд 10 гаруй хонож байгаа түүнийг ийнхүү хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Д.Гэрэлд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нууцаар тагнаж, чагнасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн түүнтэй хамт ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагааны хоёр ажилтныг шалгаж байгаа гэнэ.
ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг төрийн өндөрлөгүүдтэй хамаатан садны холбоотой, тэдний дэмжлэгээр өндөр албан тушаалд очдог гэх яриа улс төрийн хүрээнд өрнөдөг бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан нь ч төрийн өндөрлөгүүдийн захиалга байж болзошгүй гэх хардлага байгаа юм.
Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нь 2012 оны дөрөвдүгээр сараас 2013 оны тавдугаар сар хүртэл ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2017 онд дахин томилогдсон байдаг. Төрийн өндөрлөгүүд Д.Гэрэлийг ингэж удаа дараа ТЕГ-ын даргын суудалд суулгах замаар захиалга өгч, бусдыг тагнуулдаг байсан уу гэдэг хардлага ч мөн гарч эхлээд байна.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөөд байгаа. Тодруулбал, Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий сэтгүүлчид мөнгө төлж, бусдын тухай бичүүлдэг байсан нууц бичлэгийг задална гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байгаа билээ.
ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ |
|