• Өнөөдөр 2024-04-25

“Хар тамхи”-ны хэрэгт холбогдсон гадаадын иргэн ял авч, Гавьяат хуульч Б.Баатарын хүү тэнсэнгээр суллагдав

2020-06-10,   4851

“Хар тамхи, мансуурах бодис”-той тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 26-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг олон нийтэд таниулах үүднээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргээр өнгөрсөн онд шүүхээс ял шийтгэл авсан олны анхаарлыг талаарх хэргүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, хар тамхитай холбоотой хэрэгт маш олон залуус холбогдох болсон бөгөөд зөвхөн 2019 онд л гэхэд 285 гэмт хэрэгт 427 хүн холбогдон шалгагдаж, зарим нь ял шүүхээс ял шийтгэл сонсчээ.

Дуучин Б.Амархүү хоёр жил хорих ял авав

Жүжигчин, дуучин Борхүүгийн Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ХУД-ийн нутаг дэвсгэрт, нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан.​​​​​​​

Түүнд холбогдох хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад “Б.Амархүү нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай” хэмээн үзэж хоёр жилийн хорих ял оноосон. Тэрбээр одоо ял шийтгэлээ биечлэн эдэлж байгаа.

Жүжигчин Т.Билэгжаргал хоёр жил, найман сар 10 хоногийг ял сонсов

Жүжигчин Т.Билэгжаргал нь 2020 оны хоёрдугаар сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ зодож танхайрсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж шүүхээс хоёр жил, найман сар, 10 хоногийн хорих ял оноосон.

Т.Билэгжаргал өмнө нь 2016 онд мансууруулах төрлийн мөс гэх нэршилтэй бодисыг хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдсон. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан аж.

"Голланд өвөө", монгол эхнэрийн хамт хоёр, хоёр жилийн хорих ял авав

"Гэрийн хорооллын голланд өвөө" нэрээр монголчуудын эчнээ танил болсон Голланд Улсын иргэн Фройт Вандерхарст болон түүний эхнэр Монгол Улсын иргэн Б.Ганболор нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи борлуулсан хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд гэм буруутай хэмээн тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноосон.​​​​​​​

Вандэр Харст Фридтжоф нь олон удаагийн үйлдлээр олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Нидерландаас "ЛСД" хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлж, эхнэр Б.Ганболор болон Э.Бархаст, Т.Осорсүрэн нарын тусламжтайгаар бусдад худалддаг байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шийтгүүлжээ.

 

Гавьяат хуульч, шүүгч Б.Баатарын хүү нь хар тамхины хэргээс тэнсэнгээр мултрав

Монгол Улсын гавьяат хуульч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Бавалын Баатарын төрсөн хүү болох Б.Энхманлай ХУД-ийн нутаг дэвсгэрт мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр тээвэрлэж яваад баривчлагдсан.

Түүнийг баривчлах үед хар өнгийн тагтай шилэн гаанс, цагаан гуурс залгасан шилэн бонго, соруулууд, тунгалаг өнгийн гуурс, улаан шингэн тарианы шилтэй ус, тарианы ус, гар жин, дөрвөн ширхэг гялгар ууттай мөс мэт зүйл, хятад үсэглэл бүхий ногоон өнгийн тал эм илэрсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр хянаад “Б.Энхманлай нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутай” хэмээн үзсэн хэдий ч 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял оноож, сулласан.

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин хар тамхины хэргээр баривчлагдав

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргалыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас баривчилсан. Баривчлах үед түүний биеэс метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүд олдсон байдаг.

Гэвч тэрбээр 48 цаг саатуулагдаад, шүүхийн шийдвэрээр сулласан даруйдаа БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарын хамтаар дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдон дахин баривчлагдан хоригдсон. Түүнд холбогдох гэмт хэрэг шүүхээр хараахан шийдвэрлэгдээгүй байна.

Жүжигчин Б.Энхтүвшин хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдав

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй” “Зүүдэнд оромгүй явдал” кинонд тоглож олон танигдсан жүжигчин Б.Энхтүвшин нь 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдан, баривчлагдан хоригдсон. Уг хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа.

“Мөсний хатан” С.Баярмаад зургаан жилийн хорих ял оноов

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг удаа дараа худалдан борлуулж, “Мөсний хатан хаан” гэх нэртэй хууль хяналтын байгууллагын дунд танигдсан иргэн С.Баярмаад шүүхээс зургаан жилийн хорих ял оноов.

Түүнийг 2015 онд хар тамхины хэргээр саатуулж, 93 гр “мөс” бодисыг худалдан борлуулахыг завдсан хэмээн 10 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байжээ. С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэтэй хамтран БНХАУ-аас есөн удаагийн үйлдлээр нэг килограм орчим “мөс” оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт асар хурдацтай нэмэгдсээр байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас уг хэргийн гэмт бүлэглэлийг илрүүлэх, худалдааны сүлжээ, нийлүүлэгч, борлуулагчийг олж тогтоох, таслан сэргийлэх ажлыг маш шаргуу хийсээр байгаа боловч шүүн таслах ажиллагааны явцад гэмт этгээдүүд тэнсэн харгалзах ялаар суллагдах, ял завших тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тухайлбал, МУГХ, Ерөнхий шүүгч Б.Баатарын төрсөн хүү Б.Энхманлай тэнсэн харгалзах ялаар суллагдсан бол дуучин Б.Амархүүг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр суллагдаад олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн дүнд буцан хоригдсон юм. Иймд ирээдүй хойч үеэ хар тамхи, мансууруулах бодисын хөнөөлөөс авран хамгаалахын тулд мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулсан суртал ухуулгыг хүүхдүүдэд бага наснаас эхлэн тасралтгүй явуулах, тухайн хэрэгт холбогдсон хүмүүст оноодог ял шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  


“Хар тамхи”-ны хэрэгт холбогдсон гадаадын иргэн ял авч, Гавьяат хуульч Б.Баатарын хүү тэнсэнгээр суллагдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188