• Өнөөдөр 2025-05-10

ОНЫ ОНЦЛОХ НОМУУД

2024-12-22,   675

         Эргэлт.мн мэдээллийн сайтаас энэ онд шинээр "мэндэлсэн" онцлох номуудыг хүргэж байна.

ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВЫН "ЖҮЖИГ, ТЭМДЭГЛЭЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ"

          Бидний онцлох номынхоо тэргүүнд МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагвын жүжгийн болон кино зохиол, дэлхийн сонгодог жүжгүүдийн орчуулга, зарим тэмдэглэл, эргэцүүлэл, нийтлэлээс бүтсэн "Жүжиг, тэмдэглэл, эргэцүүлэл" номыг хүргэж байна. Энэхүү ном нь зохиол, ОРЧУУЛГА, ТЭМДЭГЛЭЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ, ТУХАЙ гэсэн дөрвөн гол хэсгээс бүрдсэн байна.

          Тэрбээр номынхоо өмнөх үгт "...Өнгөрсөн 13-14 жилд хийснээ тэмтэрлээ. Найруулагч Б.Баатарын хүсэлтээр "Амьгүй албат"-аар эхэлсэн роман, найраглал, өгүүллэгээс сэдэвлэн жүжиг бичих оролдлогоо үргэлжлүүлжээ. Тухайлбал, шинэ залуу найруулагч М.Батболдын захиалгаар германы агуу уран бүтээлч Гётегийн "Фауст" найраглалыг жүжиг болгон хөрвүүлж. Дараа нь Улсын драмын эрдмийн театр, найруулагч Н.Наранбаатарын захиалгаар Л.Толстойн "Анна Каренина" романыг "Анна Каренина буюу бүтэлгүй хайрын дууль" хэмээх жүжиг болгосон байх юм. Жүжиг ч орчуулжээ. Заримаас дурдвал Л.Н.Толстой "Холстомер" өгүүллэгээс сэдэвлэн М.Розовскийн бичсэн "Адууны түүх", Б.Шоу "Пигмалион", Морис Метерлинк "Хөх шувуу". Белгийн зохиолч Морис Метерлинк, Англи-Ирландын зохиолч Б.Шоу хоёр бол жүжгийн зохиолоор Нобелийн шагнал авсан анхдагчид гэдгээрээ онцлог. Энэ эмхэтгэлд орж байгаа ихэнх жүжиг тайзны бүтээл болжээ..." гэсэн байна.
 

“БАДМААРСАН ЗУЛ-ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ”

              Түүнийг бид "Манай нутгийнхан”, “Хонх”, “Төрийн нууц”, “Сувд эрдэнэ”, “Суман хүрэн”, “Нандин эрдэнэ”, “Заяа дутуу бурхад”, “Хөх чонын удам”, “Паян”, “Гул-Аранжин”, “Зүүдэнд оромгүй явдал”, “Хонины найр” зэрэг олон сайхан зохиол, бүтээлээр нь мэдэх билээ. Тэгвэл энэ онд түүний мэндэлсний 90 жилийн ой тохиож, түүний хань, төрөл төрөгсөд, номын садан нөхөд нь  "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" дурсамжийн номыг хэвлүүлжээ.
 
        Тус номд орсон хүмүүсийн дурсамжаас онцолбол, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч Т.Баасансүрэн "Донровын Намдаг багш надад Д.Батбаяр гярхай, Д.Мягмар ухаалаг, Х.Зандраабайдий зүтгэлтэй хэмээн өөрийн шавь нараараа бахархан ярьж байсан удаатай. Тэр том хүнд зүтгэлтэй хэмээн үнэлэгдэнэ гэдэг тийм амархан зүйл биш ээ. Түүн дээр нэмж Х.Зандраабайдий зохиолч зангарагтай гэж тодотгомоор байна. Манай үргэлжилсэн үгийн зохиолын зангараг заасан том төлөөлөгчийн нэг тэр яриа байхгүй мөн билээ." гэж дурсжээ.

   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, НАЙРУУЛАГЧ Г.ЖИГЖИДСҮРЭНГИЙН "МОНГОЛ КИНОНЫ БАРИМТАТ ТОВЧООН"

    Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн түүний хань монгол кино судлаач Д.Цэцэг нарын хамтын бүтээл болох “Монгол киноны баримтын товчоон 1921-2024” хэмээх ном саяхан уншигчдын гарт хүрсэн билээ. Тус ном нь кино бүтээлийн шүүмж нийтлэл, кино наадам, уран бүтээлчдийн хөрөг, ярилцлага, хууль тогтоомж, нийтлэл, ном бүтээл, мэдээллийн эх сурвалж, жагсаалт, жэрийн хэлхээ хэмээх долоон агуулгаас бүрдсэн байна.
 
            Урлагийн түүхч, Соёл бодлогын судлаач Ж.Бодьбаатар энэхүү номын талаар “Зохиогч Д.Цэцэг, Г.Жигжидсүрэн эмхэтгэсэн энэхүү ном нь Монголын нийгэм, соёлын түүх судлалд үгүйлэгдээд буй орон зайг монгол кино судлалаар дамжуулан нөхөх чухал ач холбогдолтой юм. Зохиогчид 1936 оноос өнөөг хүртэлх бүтээгдсэн бүх төрлийн монгол кинотой холбоотой хэвлэмэл болон цахим орчинд нийтлэгдсэн шүүмж, мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээлүүд зэрэг эх сурвалжуудыг нэгтгэн эмхэтгэсэн нь нийгэм соёлын түүх төдийгүй кино урлагийн түүх дагнан судалдаг сэтгүүлч, оюутан, түүхч, мэргэжлийн сонирхогч хэнд ч болов хэрэгцээтэй судалгааны тойм болжээ. Номын хоёрдугаар бүлэгт зохиогчид монгол кино олон улсын ямар кино наадмуудад шалгаран оролцож, хэрхэн танигдан үнэлэгдсэнийг хөндсөн нь чухам ямар үндэсний кино олон улсад Монголыг төлөөлөн сурталчилах боломжтой холбоотой маргаан нийгэмд хүчтэй өрнөсөөр байгаа өнөө цаг үед хэрэгтэй сэдэв болж цаашид сэдэл болох болов уу. Гутгаар бүлэгт уран бүтээлчдийн тухай нийтлэгдсэн хөрөг нийтлэл, тэдэнтэй хийсэн ярилцлагуудыг багцлан багтаасан нь монгол кино ямар саад бэрхшээл туулж бүтсэн түүхийг хувь уран бүтээлчийн өнцгөөс харахад хэрэгтэй болжээ. Улмаар монгол кино үйлдвэртэй холбоотой төрөөс баримтлах хууль тогтоомжууд болоод Монгол кино үйлдвэр, кино театруудын тухай мэдээллийг нэгтгэн багцалсан нь монгол киноны улс төрийн эдийн засгийн түүх буюу үйлдвэрлэл, үзвэр зэрэг институцийн өнцгөөс эргэн харах эх сурвалж болсон байна. Төгсгөл хэсэгт монгол кион судлалын ном бүтээл хэвлэл мэдээллийн эх сурвалжийг эмхэтгэн нэгтгэхээс гадна Монголд үйлдвэрлэгдсэн кинонуудыг бүтээсэн студи, продакшны хамтаар багтаан жагсаасан нь эмпирик судалдааны үндэс болохоор болжээ” хэмээжээ.

СЭТГҮҮЛЧ Б. ДАРХАНХӨВСГӨЛИЙН "ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН" 

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөлийн "Тэнгэр дуугаргадаг хүн" үргэлжилсэн үгийн ном арван өгүүллэгээс бүрджээ. 

-НАМРЫН ХҮН-

 

   "...Нурууг нь жиндүүлсэн бодлоос үүдэн аль болох хурдан, тэгээд унахгүйг хичээн алхаж байлаа. Харанхуй улам өтгөрөхийн хэрээр нөгөө муу асаагуурынхаа гэрэлд бүдчих нь улам ч төвөгтэй. Гэвч тэрээр сурсан, дадсан зангаараа аль болох гишгэцтэй газрыг оноод л байв..."  

"Энэ ертөнц дээр аав, ээжийнхээ үгэнд байнга ордог. Бүр амьдралдаа тэднийхээ үг бүрийг нь ухааран сонсож, төвөгшөөхгүй хүлээн авдаг хүн бий болов уу. Магад байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бага залуу явахад цөм л ухаан дутаж, уурлах, ундууцах үйлдэл нэг биш удаа гаргасан л байдаг. Энэ бүхэн "Болдоггүй юм" гэсэн хаанаас ч юм гарч ирсэн дүрэм, журам гээч зүйлээс ихэнхдээ үүддэг. “Хаалга битгий алдал", "Газар битгий тул", "Энгэрээ битгий зуу" гээд л алхам тутамд “Битгий"-чүүлтэй таарна. Яагаад ч юм, Б.Дарханхөвсгөл сэтгүүлчийн "Тэнгэр дуугаргадаг хүн" өгүүллэгийг уншаад шууд л энэ бүхэн санаанд орж, ээж, аавын уйгагүй хэлж, сануулдгийг бодсон юм. Үнэндээ цаад санаа нь биднийг болохгүй, болчимгүй зүйлсээс хамгаалах гэж л тэр шүү дээ. Хожим жаахан ухаан тэнийсэн хойноо л ингэж ойлгосноос арван жилдээ бол "Аав, ээж ямар төвөгтэй юм бэ. Байнга үглэчих юм" гэж төвөгшөөж, өөрийгөө их л том "амьтан”-аар төсөөлж байж. Энэ байдал дээрх зохиолын гол дүр Гончигтой их төстэй юм. Гэхдээ түүний ээж Дууяа болон тэдний зөрчилдөөн насны хувьд хамаагүй өндөр үе дээрээ л дээ. Зохиол "Цаад эмгэн чинь тэнгэрээ дуугаргаад эхэллээ, мөд болих янзгүй ээ" гэсээр Гончиг зун цагийн агаар салхи босго давуулан орж ирэв..." гээд тус номын талаарх "НАДАД Ч БАС "ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН" БИЙ"  тэмдэглэлийг үргэлжлүүлэн уншаарай.

СТИВЕН КИНГИЙН "БИЧИХҮЙН ТУХАЙ"

  Америкийн алдарт зохиолч Стивен Кингийн "Бичихүйн тухай" туурвилчийн намтрыг "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалан орчуулан уншигчдадаа хүргэсэн билээ. Номоос онцлох эшлэлийг хүргэж байна.

"Би нэг л ажлаад эхэлчихвэл зогсдоггүй, зайлшгүй шаардлага гарахгүй л бол хурдаа сааруулдаггүй хүн. Өдөр бүр л бичихгүй бол дүрүүд маань ой ухаанаас нэг нэгээрээ зуларч, бодит хүмүүс биш ёстой л зохиолын дүрүүд шиг санаж эхэлдэг сэн. Хүүрнэлийн маань ирж мохож, иш нь зэвэрч эхэлнэ. Зохиолын өрнөл өөрийн санаанаас алдуурч, айзам гишгэгдэл нь аяндаа доголдоод ирнэ шүү дээ. Хамгийн аймшигтай нь тархи толгойдоо цоо шинэ юм эргэлдүүлж явсан цолгиун сэтгэл минь бичихээ больчихвол аяндаа намжсаар нэг мэдэхэд бүрмөсөн унтарчихдаг юм."

"Би өдөрт дор хаяж 10 хуудас бичих дуртай. Багцаагаар 2000 үг юм уу даа. Энэ чинь гурван сард 180 мянган үг шүү дээ. Подхийсэн нэг ном болчихно. Өгүүлж буй түүх нь амттай, шинэ сэргэг байж чадвал уншигч баяртайгаар дотор нь живж орчих шиг хэмжээ. Заримдаа тэр арван хуудсыг ядах юмгүй шударчихна. Өглөөний арван нэг гуч гэхэд аль хэдийнэ ширээнийхээ араас өндийчихсөн, өрөөнөөсөө гарч энэ тэрийг аялуулаад, элэгний нухаш олсон харх шиг олсон амьтан зогсож байдаг билээ."

ЯРУУ НАЙРАГЧ С.БИЛИГСАЙХАНЫ "ТЭЭР ДЭЭР НИСЭХ ШУВУУ"

              Яруу найрагч С.Билигсайхан агсны "Тээр дээр нисэх шувуу" шүлгийн түүвэр бол яах аргагүй энэ оны онцлох номын нэг. Хайр, гэрэл дүүрэн, тунгалаг найрагч бидний дунд амьдарч, оршин буй агшнаа мэдэрч, илэрхийлсэн олон сайхан мөртүүдээ тэрлэн үлдээснийг түүний дүү яруу найрагч С.Бэрцэцэг ийн эмхэтгэж, уншигчдын гар дээр өргөн барив. Эл ном гэрэл зурагтай хослон бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд гэрэл зурагчин У.Ганбаяр түүний шүлгүүдэд зориулсан зургуудаа хамтатган хүргэжээ. Тус номд орсон гурван мөртөөс онцлон хүргэж байна.

Онгож гандсан уруул дээр минь

Орой намрын бороо дусна

Орчлонгоос буцах тийз хаанаас авдаг вэ.
 
                                *** 
Цонхон доогуур чинь
 
Өнгөрөх сөн гэхдээ би
 
Хорвоог  тойроод ирлээ. 
 
                             *** 
Шөнийн аниргүйд
 
Шалан дээгүүр хорхой гүйх нь
 
Мөр шүлэг бичих шиг.
 

ПЕТЕР ХАНДКЕГИЙН "ЗҮҮДНЭЭС ЧИНАГШ УЙ"

           "Хүү нь ээжийнхээ тухай бичсэн зохиол хэдийг би уншиж байлаа" гэж бодоход яг санаанд тодорхой бууж байгаа нь лав алга. Ээжийнхээ тухай тэгвэл би хожмоо ийн нарийн, илэрхий бичиж чадах болов уу гэхэд бас яг бат итгэлтэй хариулт ч алга. Ямартай ч энхэр биеэ энэ ертөнцөөс өөрөө таслах хүртлээ амьдарсан эгэл жирийн эмэгтэйн түүхийг хүүгээс нь сонслоо. Хайрлан, бахархмаар эмэгтэй юм. Угаас эмэгтэйчүүд энэ хорвоо ертөнцийг өөр өөрсдийн жимээр туулж яваа шүү дээ. Энэ эмэгтэйн хувьд тэднээс онцгой нь түүхийг нь хүүрнэн өгүүлэх Нобелийн шагналт хүүтэй юм. Хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг Петер Хандке Австрийн өмнөд хэсэг дэх Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ. Тэрбээр “Үзэгчдийг доромжлохуй” жүжиг, “Давталт”, “Моравын шөнө”, “Каспар”, “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр” тэргүүтэй олон арван роман, тууж, жүжиг, киноны зохиол бичжээ. Харин ээжийнхээ түүхийг хүүрнэсэн энэхүү зохиолоо тэрбээр 1972 онд бичсэн...Үргэлжлэлийг “ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ” НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ бичвэрээс уншаарай.

ХАВАКҮЧИ ТОШИКАЗҮГИЙН "ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ"

 
      "Монсудар" хэвлэлийн газраас Японы зохиолч Тошиказү Кавагүчикийн цувралаас "Кофе хөрөхөөс өмнө", "Кафед өгүүлэх түүхүүд" гэсэн эхний хоёр цувралыг уншигчдын гарт хүргэсэн билээ. Тэгвэл тус цувралын гурав дахь нь болох "Дурсамж мартагдахаас өмнө" ном мөн шинээр мэндэлсэн.
 
                 Кавагүчи Тошиказү 1971 онд Японы Осака хотноо мэндэлжээ. 2015 онд бичсэн "Кофе хөрөхөөс өмнө" зохиол нь түүний анхны роман бөгөөд театрын тайзнаа тоглогдон, Сүгинами олон улсын драмын X наадмын шилдгийн шилдгээр тодорсон байна. Түүнчлэн 2018 онд тус романаас сэдэвлэсэн “Фүникүри Фүникура кафе” нэрт дэлгэцийн уран бүтээл олны хүртээл болсон юм. Зохиогч 2017 онд удаах дэвтэр болох “Кофе хөрөхөөс өмн", "Кафед өгүүлэх түүхүүд”, 2018 онд “Дурсамж бүдгэрэхээс өмнө” зэрэг романаа тус тус бичин, уг зохиолоо гурамсан цуврал болгосон аж. Шидэт реализм бүхий тус зохиол англи, испани, итали, франц зэрэг дэлхийн олон хэлээр орчуулагдан, олон улсын бестселлер номд зүй ёсоор тооцогдох болсон байна.
 

ОНЫ ОНЦЛОХ НОМУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188