• Өнөөдөр 2024-11-08

"ИЛҮҮ ГЭР" ӨГҮҮЛЛЭГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ

2024-10-14,   225

     /Зурагчин Эрдэнэбулганы зургийг ашиглав/
 
       Байсхийгээд л би Баадай, Бурмаа хоёрынд айлчлах дуртай. Тэднийх өөрсдийн амьдардаг гэрээсээ гадна илүү гэртэй. Илүү гэртээ сүү сайлаа базааж, айраг цагаагаа нэрж, хоол хуншны хамаг л ажлаа амжуулдаг. Гэхдээ энэ илүү гэр зөвхөн хоол ундад зориулагдсан гэвэл уншигч та зохиолч Ж.Дашзэгвэгийн “Илүү гэр” өгүүллэгийг уншаагүй байна гэсэн үг. Тэр гэртээ Бурмаа юу хадгалж, Баадай түүнийг хэрхэн мэдсэнийг уншсан нэгэн бол андахгүй. Эхэнд өгүүлсэн миний зочлох дуртай айл бол “Илүү гэр” өгүүллэгийн Баадайнх юм шүү дээ.
 
         Өгүүллэгт “...Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн. Нөхөр Баадай нь том дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх-Амгалан бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр...” гэж тэдний ямаршуухан дүр төрх, байр байдалтай улсыг тун тодорхой илэрхийлсэн байдаг. Харин ямар өөд анхиатай, ажил үйлстэй айл болохыг “Баадай гаднахаа эмхэлж, Бурмаа гэрдэхээ цэгцэлж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн ярвагнахыг үзсэн хүн үгүй авай.”  гэх хэсгээс мэдэж болох бөгөөд нутаг усныхандаа нэр хүндтэй нь эндээс тодорно.
 
Уншигч та анзаарч байгаа бол энэ өгүүллэгт дүрүүдийг тун сайхнаар тодотгон бичсэн байх бөгөөд унших төдийд л хөдөө амьдардаг, амралтаар очихоор яг ингээд л гэр орноо цэмбийтэл цэвэрлээд, намбайгаад сууж байдаг төрлүүдийг санагдуулна. Тэд хотоос гийчин очих сургаар тийн бэлдээд, аль болох тав тухтай байлгах гэж зэхсэн нь ихэд сайхан санагддаг билээ. Зохиолын энэ хэсгийг уншихад надад эрхгүй тэдний дүр ойр бууж, амралтаар очсоноос хойш холбогдож, мэнд, ус асуугаагүйдээ ичмээр болдог юм. Энэ бол энэ өгүүллэгийг унших бүрд санаанд ордог нэг зүйл.
 
      Мөн монгол хүний мөн чанар, нэгнээ хүндлэх сэтгэл, хэзээ ч алдардаггүй итгэл, буруу булхайг нь мэдсэн ч элдвээр буруутгадаггүй, ухаалгаар бүх зүйлд ханддаг сэтгэлийг энэ өгүүллэг Баадай, Бурмаа, Нагнай гурвын хоорондох харилцаагаар харуулдаг. Бурмаа хэдий өөр хүнд сэтгэл алдардаг ч түүнийгээ айл болж, амьдран суугаа нөхрөөсөө нууж, сэтгэлд нь сэв үлдээхчих вий гэж эмээхдээ сэжиг авахуулахгүйг хичээнэ. Харин Баадай тэдний байдлыг мэдсэн ч мэдээгүй мэт байж, гэр бүлээ үнэ цэнтэйгээр авч үлддэг. Өнөөд бол яах бол. Бодоход ч бэрх. Шуудхан л чи, би дээрээ тулж, учир нь үл олдох дэмий уур бухимдал, уцаар, эргээд эдгээх ч аргагүй хорон үгсийн чулуудалт болох байх. Тиймээс л бидэнд ямархан ухаалаг харилцаа, нэгнээ хүндлэх сэтгэл байж болохыг зааж, зөвлөж өгдгөөрөө зохиол, бүтээл, киноны үнэ цэн оршдог биз ээ. Миний ч тэднийд айлчлах дуртайн учир энэ.
 
       Хаа нэг тэднийхээр зочилж, Баадай, Бурмаа хоёрын нэгнээ хайрлаж, итгэсэн сэтгэлийг харах бүрдээ, тэдний халуун дулаан гэрийн уур амьсгалыг мэдрэх бүрдээ “Хүн гэдэг түмэн зүйлийн эхлэл мөртлөө мөнхүү бүхнийг агуулагч, оршоогч, басхүү учир утгыг нь ухаан, сэтгэлийнхээ хэр хэмжээ, түүнийгээ дагасан тэнхээгээр даван туулдаг юм байна” гэж бодогддог. Намайг тэднийхээс гарахад, Баадай өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад уужуу амьсгаа авахад, мандсан сар хэдийнэ гарчихсан байх бөгөөд зохиолд өгүүлдэг шиг тэнгэрт танил одод жирвэлзэж, гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөн ирмэлдэх шиг болж байлаа.

"ИЛҮҮ ГЭР" ӨГҮҮЛЛЭГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 15:00:19
    зочин: Ж. Дашзэвэгийн зохиолууд үнэхээрийн гоё сайхан дүрслэл, уран зохиомжтой уншсан хүнд огтоос мартагдашгүй санаашрал ухаарал өгөхүйц байдаг. Түүний хэмжээнд хүрч битгий хэл ойртож очихоор бичдэг зохиолч монголд хуруу дарам цөөхөн дөө. Гэтэл ийм гайхалтай сонгодог зохиолтой уран бүтээлч маань ямар нэг шагнал урамшуулал цол тэмдэггүй байдаг нь юуных вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188