• Өнөөдөр 2024-04-17

BЕЕ ТЕАТР: ЭДИП ХААН ЖҮЖГИЙГ АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН СОФОКЛЫН ЭРИН ҮЕИЙН ХЭЛБЭРЭЭР НЬ ХҮРГЭНЭ

2023-04-08,   1116

           “Bее” гэж хүнээр ярьвал шавилхан биетэй, чамбай нэгэн театр үйл ажиллагаагаа явуулаад жил болж байгааг театрын үзэгчид бол андахгүй мэдэж байгаа байх. Тэд “Хунгийн дуу”, “Тусгал”, “Хүн гөрөөс” зэрэг бүрэн хэмжээний драм, “Хүүхэлдэй”, “Хэмхэрхий дүрснүүд”, “Галт шувуу” гэх моно жүжгүүд тавьснаас гадна урлагийн боловсрол олгох сургалт, хүмүүжлийн ажил явуулдаг. Тэгвэл энэ удаад Софоклын “Эдип хаан” жүжгийг ахлах ангийн сурагчдад зориулан тайзнаа амилуулахаар болжээ.

      Өөрөөр хэлбэл, тус театрын уран бүтээлчид уран зохиолын хичээлийг театрт судлах хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр ангийн сурагчдын агуулгад багтсан “Эдип хаан” жүжгээс эхлэн тайзнаа тавьж байгаа аж. Залуу жүжигчин Б.Баттулга энэ жүжгийн найруулагчаар ажиллахаас гадна Эдип хааны дүрд тоглож, жүжигчин П.Мөнхдэлгэр Крионтын дүрд, жүжигчин П.Энхжаргал Иокаста хатны дүрд ажиллаж байна. Энэхүү жүжиг нь гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг хүн тухайн жүжгийн таван дүрийг гаргах байдлаар буюу Софоклын эрин үеийн хэлбэрээр нь хүргэж байгаагаараа онцлог байна. Бид тус театрын үүсгэн байгуулагч, жүжгийн зохиолч Д.Мэндсайхан болон “Эдип хаан” жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсаныг хүргэж байна.

Д.МЭНДСАЙХАН: МАНАЙ ТЕАТР ҮҮСГЭН БАЙГУУЛАГДААД НИЙТ ЗУРГААН УРАН БҮТЭЭЛИЙГ ҮЗЭГЧДЭД ХҮРГЭСЭН БАЙНА

    -Софоклын “Эдип хаан” жүжиг УДЭТ-ын тайзнаа өмнө нь хоёр удаа тавигдаж байсан. Танай театрт гурав дахь нь тавигдах гэж байна. Яагаад энэ жүжгийг сонгох болсон юм бэ?

               -Д.МЭНДСАЙХАН: Бид ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлд театрын бүтээлийг судлах хөтөлбөрийн дагуу “Эдип хаан” жүжгийг сонгоод тайзнаа тавихаар бэлэн боллоо. Энэхүү сонгодог бүтээлтэй Монголын театрын үзэгчид анх 1972 онд танилцаж байсан бол 2008 онд УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа шинэчлэн тавигдсан. Орон нутгийн театрт мөн тоглогдож байсан. Харин хот дотроо манай театрт гурав дахь удаагаа тавигдах гэж байна. Жүжиг цаг 30 минутын хөтөлбөртэй. Эхний арван минутад урлаг судлаач эртний грекийн театрын үүсэл, Софоклын тухай товч тайлбар яриа өрнүүлнэ.

Манай төслийн багт СУИС-ийг өнгөрсөн жил Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлага дор төгссөн уран бүтээлчид ажиллаж байна.

-Жүжиг тавих зараа түгээснээс хойш ахлах ангийнхан хэр сонирхож байна вэ?

              -Д.МЭНДСАЙХАН: Эрэлт их байна. Бид захиалгаа аваад, одоо дөрвөн удаагийн тоглолт үлдээд байна. Энэхүү төслийг хүүхдүүд сонирхож, амжилттай үр дүн гарвал бид үргэлжлүүлнэ. Энэ бол нэг талаараа зөвхөн сургалтын хэмжээнд юм шиг боловч өсвөр насны хүүхдүүдийг театрын урлагт дасгах, цаашлаад театрын үнэнч үзэгч байх, театрын төлөвшлийг олгох давхар зорилготой юм.

Б.БАТТУЛГА: АХЛАХ АНГИЙНХАН ЗҮГЭЭР НЭГ ЗОХИОЛ УНШААД ӨНГӨРХӨӨС ИЛҮҮТЭЙ ТЕАТРТ НЬ ЖҮЖИГ ХЭЛБЭРЭЭР ҮЗВЭЛ ИЛҮҮ ҮЛДЭЦТЭЙ

       -Б.БАТТУЛГА: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран зохиолын хичээлд яах аргагүй үзэж, сонсох зүйл ус, агаар мэт дутагддаг болов уу гэж боддог. Тухайн сурагч уран зохиолын номоос зохиол уншаад л өнгөрөхөөс илүү орчин нөхцөл, театр дээр нь ирээд тайзны бүтээл болсон байгааг нь үзээд, түүнээсээ ургуулан судалгаа, шинжилгээ, зохиолын задаргаа хийгээд явбал  илүүтэй ойлгож хүлээж авахаас гадна өөрт нь илүү үлдэцтэй байх болов уу гэж бодож байна.

      -Эдип эцгийгээ хөнөөж, эхтэйгээ гэрлэдэг. Тэгэхээр энэхүү зохиол нь агуулгын хувьд хүүхдүүдэд муу үлгэр жишээ болох тал бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажилласан бол?

           -Б.БАТТУЛГА: Зохиолын агуулгад манай жүжгийн хамт олон эмзэг хандаж байгаа. Учир нь өсвөр насны хүүхдүүдэд хүргэж байгаа учир үг хэллэг, текстдээ илүү нухацтай анхаарч, аль болох зөв талаас нь хүргэхийг зорьж байгаа. Мэдээж зохиолын агуулгыг өөрчлөх аргагүй ч хүүхдүүдэд хэрхэн хүргэх вэ гэдэгт бид төвлөрч байгаа.

-Эдип хааны дүрд өмнө нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд жүжигчин тоглож байсан. Залуу уран бүтээлчийн хувьд энэ том сонгодог жүжгийг найруулж, мөн гол дүрд нь тоглож байгаа болохоор эмээж байгаа болов уу?

          -Мэдээж эмээх зүйл бий. Гэхдээ би юунаас ч халширч, ухардаггүй. Аль болох өөрийнхөө хэмжээнд хийхийг л боддог. Уран бүтээлчдээс зааж зөвлөж байгаа хүмүүс бий. Найруулагчийн хувьд бид СУИС-ийн жүжигчин, найруулагч гэсэн мэргэжлээр төгсдөг учир онол хичээлийг нь заалгасан. Тийм болохоор эмээх зүйл үгүй, сайн хийхийг л хичээж байна.

            -Д.МЭНДСАЙХАН: Уран бүтээлчид минь ид хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ шатсан, халуун залуу насан дээрээ байгаа болохоор ямар ч бүтээлийн ард гарахад бэлэн ажиллаж байна. "Эдип хаан" жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа залуу жүжигчин Б.Баттулгын хувьд өмнө жил тайзнаа тавигдсан манай театрын “Хунгийн дуу” жүжгийн найруулагчаар ажилласан. Бид залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэднийг хөгжүүлж, өсөн дэвжихэд нь түлхэц болохыг хичээж ажилладаг.

-Дүрийн хувьд мөн онцлог санагдлаа. Гурван уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа болохоор нэг хүнд олон дүр оноогдох байдлаар явж байгаа юм байна?

            -Б.БАТТУЛГА: Тийм ээ. Дүрээ яагаад ийм байдлаар оноож байна гэвэл анх Грект театрт үүсэхдээ феспидийн үед нэг жүжгийн дүртэй байсан бол дараа нь эсхилтийн үед хоёр болсон. Харин Софоклын эрэн үед гурван дүртэй болж эхэлсэн. Тэгэхдээ нэг жүжигчин олон дүрд ажиллаж эхэлсэн. Иймээс бид эртний  энэ хэлбэрийг нь аваад нэг хүн таван дүрд ажиллах байдлаар энэ удаагийн жүжгээ тавьж байгаа. Үүгээрээ үзэгчдэд сонирхолтой байх болов уу.

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН П.МӨНХДЭЛГЭР: “ЭДИП ХААН” ЖҮЖГИЙН ТАВАН ДҮРД АЖИЛЛАЖ БАЙНА

-Нэг хүн таван дүрд ажиллана гэхээр тухайн уран бүтээлчээс илүү ур чадвар шаардаж байгаа байх. Дүрийн хувьд хэрхэн бэлдэж байна вэ?

        -П.МӨНХДЭЛГЭР: Миний хувьд багш нарынхаа зааж, сургасны дагуу хичээн ажиллаж байна. Мэдээж нэг хүн таван дүрд ажиллах бэрхшээлтэй зүйл бий. Гэхдээ аль болох ард нь хичээж гарахыг эрмэлзэж байна.

-Сургуулиа төгсөөд жил болж байгаа гэсэн. Одоогоор хэдэн уран бүтээлд ажилласан байна вэ?

          -П.МӨНХДЭЛГЭР: Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Добчинский, Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн Чойдор, А.П.Чеховын “Хунгийн дуу” жүжгийн Светловидов Василий Василыч зэрэг дүрд ажилласан.

ЖҮЖИГЧИН П.ЭНХЖАРГАЛ: НАЙЗУУДТАЙГАА ХАМТ АЖИЛЛАХ ИЛҮҮ АМАР

-“Эдип хаан” жүжгийн хатны дүрд тоглож байгаа юм байна. Энэхүү дүрд ажиллахад ямар байна вэ?

           -П.ЭНХЖАРГАЛ: Миний хувьд энэхүү жүжигт Иокаста хатны дүрд ажиллаж байгаа. Тэгээд өөрт байгаа бүх нөөц боломж, дөрвөн жилийн хугацаанд сурсан бүх зүйлээ гаргаж ажиллахыг хичээсэн. Аль болох дүрээрээ дамжуулж хэлэх гэсэн санаагаа гаргахыг зорьсон.

-Өмнө нь ямар бүтээлд оролцож тоглосон бэ?

          -П.ЭНХЖАРГАЛ: Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн их ахайтан, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Лукич хатагтай, В.Губаревын “Шидэт алчуур” хүүхдийн жүжгийн ээж зэрэг дүрд тоглож байсан. Мөн А.П.Чеховын “Хунгийн дуу” жүжгийн найруулагчаар ажилласан.

-Ангийнх нь хүүхэд найруулагчаар ажиллах, хамт тоглох ямар санагддаг бол?

         -П.ЭНХЖАРГАЛ: Ер нь их амар байдаг. Дөрвөн жил хамт сурсан болохоор нэгнээ их сайн ойлгоно. Мэдээж найруулагч учир загнах, чиглүүлэх зүйл бий. Тэр бүрд занг нь мэддэг болохоор амар байдаг. Гэхдээ найз ч  гэхгүй загнасан ч , уурласан ч бүх үгийг нь аваад л дүрдээ ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.

“Эдип хаан” жүжиг Вее театрын тайзнаа энэ сарын 7-ноос 28-ны өдөр хүртэл тоглогдох юм байна. 

 BЕЕ ТЕАТРТ ТАВИГДСАН ЖҮЖГҮҮД


BЕЕ ТЕАТР: ЭДИП ХААН ЖҮЖГИЙГ АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН СОФОКЛЫН ЭРИН ҮЕИЙН ХЭЛБЭРЭЭР НЬ ХҮРГЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188