• Өнөөдөр 2024-03-29

Хонгорхон Майя минь

2021-07-29,   964

          “Хөөх, ийм юм гэж байдаг аа. Хүн биш хун байна шүү дээ” энэ бол түүнтэй танилцсан анхны хором. Одоогоос арваннэгэн жилийн өмнө юм уу даа. Үүрд нисэн одохоос нь ердөө зургаан жилийн өмнө буюу 84-тэйд нь түүнтэй “танилцаж” байлаа. Тэр бол ХХ зууны бүжгэн жүжгийн “сүүлчийн могикан”,  дэлхийн балетын хатан хаан Майя Михайловна Плисецкая.

80 насныхаа ойн баяраар тэр “Аве Майя”-г бүжиж, тайзнаа дүүлэн нисэж байсан гээд бод доо. Энэ тухайгаа “Миний аз жаргал бол тайз гэдгийг дахин мэдэрсэн” хэмээн дурссан байдаг. Харин сонгодог урлагт дурлагсад, балетад шимтэгчдийн хувьд тэр амьд домог, аз жаргал нь байсан. 

          Түүний амьдралыг баглаа дүүрэн сарнайтай зүйрлэсэн нь бий. Гаднаас нь харахад хараа булаам үзэмж тансаг цэцэг атлаа баглаан дотор, навчсынхаа дор хурцаас хурц өргөсүүд нь нуугдаж байдаг гэж. Бусдад гоо сайхан хийгээд сэтгэлийн их таашаал, аз жаргал бэлэглэдэг агуу бүсгүйн амьдрал харагдаж байгаа шигээ жаргалтай өнгөрөөгүйг дээрх байдлаар илэрхийлэх гэж оролдсон хэрэг.

 

 Сонгодог урлагт дурлагсад, балетад шимтэгчдийн хувьд тэр амьд домог, аз жаргал нь байсан

          Норвегийн Шпицберген аралд Ерөнхий консул, “Артикуголь” үйлдвэрийн удирдах ажилтан Михаил Эммануилович Плисецкий буюу Плисецкаягийн аавыг 1937 онд баривчилсан байдаг. Тэр үед Плисецкая дөнгөж 11 настай байв. Түүнээс жилийн дараа түүний ээж Рахиль Михайловна Мессерер-Плисецкаяг баривчилсан юм. Аавыг нь буудаж, ээжийг нь эхлээд Бутырын шоронд бага хүүтэй (аавыгаа баривчлагдсанаас хойш хоёр сарын дараа төрсөн) нь хорьж, дараа нь Казахстанд эх орноосоо урвагчдын эхнэрүүдийг хорьдог Акмолинын лагерьт хорьсон байна. Түүний насан туршийн өнчрөл хагацал эндээс эхэлж, тэр нагац эгч, балетчин Суламифь Мессерер дээрээ очихоос өөр аргагүй болсон гэдэг.

          Аав, ээжийг нь хилсдүүлсэн тэр он жилүүдэд өөрийгөө дэлхийн гайхамшигуудын нэг болно чинээ төсөөлөх ч тэнхэлгүй амьдарсан тухайгаа дурссан байдаг. Түүний эх Рахиль Мессерер дуугүй киноны жүжигчин, авга эгч, ах Суламифь ба Асаф Мессерер хоёр нь сайн бүжигчин, сурган хүмүүжүүлэгч, тэр үеийн Их театрын одод байсан бөгөөд Сталины дуртай жүжигчид байсан гэдэг. Хэдийгээр эцэг, эх нь түүнийг балетчин болохын тулд хэрхэн хичээж, шантарч, тэмцэж, хүндлэгдэж, дэлхийн тайзыг эзэгнэж, суу алдраа дуурсгаж, домог болохыг үзээгүй ч эхлэлийг нь тавьж өгсөн юм. Түүнийг 1934 онд, найман настайд нь балетын дугуйланд хичээллүүлж, урлагийн хүн болох суурийг нь тавьсан байдаг.

          Энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд заяа бүжгийн ёсолгооноос шийдэгдсэн. Нэгэн баярын ажиллагаа болж, надад цагаан даашинз, цагаан оймс өмсгөж, улаан шар үсэнд минь цагаан тууз зүүж гоёсон. Хуримаа хийх гэж буй сүйт бүсгүй шиг гоё байдлыг минь гутааж байсан цорын ганц зүйл нь бор сандаал байв. 1934 онд буюу намайг сургуульд орсон жил бүжгийн сургуульд элсэх хүсэлтэй хүүхдийн тоо цөөн байсан. Ердөө 30 хүүхэд элсэх өргөдөл өгсөн санагдаж байна. “Стахановын” (А.Г.Стаханов нүүрс олборлолтоор дэлхийн дээд амжилт тогтоож байсан, үлгэр жишээ уурхайчин) жилүүдэд бүгд л нисгэгч болохыг мөрөөдөж байсан. Элсэлтийн шалгалт дээр охидод тэр гоё хувцастайгаа ёсолгоо хийх даалгавар өгсөн юм. Харин миний хийсэн ёсолгоо таалагдсанаар хувь заяа минь шийдэгдэж билээ” гэж дурссан нь бий.

          Плисецкая Их театрын үүдээр 1943 оны дөрөвдүгээр сарын 1-нд орсон байдаг. Түүнийг балетын олны хэсэгт анх оруулсан аж. Балетын олны хэсэг, “шигшмэл” концертууд, “Үхэж буй хун” үзүүлбэрээс Майя Плисецкаягийн од болон гялалзах гараа эхэлсэн. “Үхэж буй хун” түүний хамгийн шилдэг уран бүтээл, зүгээр нэг биеийн хөдөлгөөн бус, хөгжмөөр амилсан бүжиг, урлагийн гайхамшигтай бүтээл болсон хэмээн балет судлаачид төдийгүй үзэгч, шимтэгчид үнэлсэн байдаг. Энэ үзүүлбэр дэлхий даяар алдаршсан нь учиртай юм. Майя Плисецкая үсрэлт хийж байхдаа агаарт хэдэн секунд тогтсон нь хүний боломжоос төдийгүй уламжлалт физикийн хуулиас хэтэрч байжээ. Тэрбээр энэ ховор чадвараа 1948 онд Б.В.Асафьевын “Бахчисарайн усан оргилуур” дуурийн Заремагийн дүрд тоглохдоо нотлон харуулсан юм. Эндээс тэр домог болох эхлэлээ тавьж байв. “Унтаж буй гоо бүсгүй” балетад эхлээд Сирена дагина Виолант дагинын дүрд бүжиглэж байгаад эцэст нь Аврорагийн дүр бүтээв. “Кихот ноён” бүжигт тэрээр эмэгтэйчүүдийн бүх дүрд бүжиглэсэн бөгөөд Китрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээсэн нь бүжгийн урлагийн нээлт болж чаджээ. Эндээс Плисецкая дэлхийд алдаршин Оросын балетын тод од болсон юм.

Хөгжмийн зохиолч Родион Щедрин бол алдарт бүжигчний  амьдралын түшигт хань төдийгүй уран бүтээлийн хамгийн дотно хамтрагч билээ. Түүний зохиосон “Анна Каренина” (Рыженкогийн хамт), ”Цахлай”, “Нохойтой хатагтай” бүжгэн жүжгүүдэд Плисецкая балетмейстераар ажиллахын зэрэгцээ тэргүүн бүлгийн анхлан тоглогчоор бүжиглэн өөрөө тайзыг чимж байлаа. “Хунт нуур”-ын Одетта-Одиллия, “Унтаж буй гоо бүсгүй”-н Аврора, “Чулуун цэцэг”-ийн Зэс уулын эзэгтэй, түүний нөхөр Родион Шедриний бүтээлийн “Кармен”-ы Кармен зэрэг дүрд бүжиглэсэн нь уран бүтээлийнх нь оргил байлаа. Ихээхэн шинэлэг “Кармен”-ы дараа түүнийг гадаадын бүжиг дэглээчид сонирхож эхэлсэн бөгөөд Ролан Пети “Сарнайн мөхөл”, “Морис Бежар”,  “Болеро”, “Айседора” бүжгэн жүжгээ түүнд зориулан дэглэжээ.

          Бүжиглэж байгаа байдал нь Майя Плисецкаяг балетын чадварын хэмжүүр болгосон гэгддэг. Гэхдээ тэр хэмжүүр нь яг даган дууриахад бус, харин ч эсрэгээр өөрийгөө нээж, биеийн хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх мөнхийн үзүүлбэр юм. “Майя Плисецкая” баримтат кинонд “Та гарын тухай асууж байгаа юм уу… Ер нь бол бүх биеэрээ бүжиглэх хэрэгтэй гэж би боддог. Бүжиглэхэд хөл, бие, толгой, мэдээжийн хэрэг гар гээд бүгд оролцдог. Урьд нь балетад гар чимэг мэт байсан. Харин “Хун”-д гар маш уян налархай болдог. Гар далавч, сэтгэл хөдлөл, айдас түгшүүр болдог. Балетчин бүр далавчийг өөрийнхөөрөө хийдэг. Балетчин бүр өөрийн гэсэн далавчтай байх ёстой. Тэр далавчийг зээлээд авч болохгүй... “Муу байсан ч өөрийн гэсэн онцлогтой байх ёстой” гэж Ваганова хэлдэг” гэж ярьсан байдаг. Майя Плисецкая зүгээр нэг бүжиглэж байсангүй, тэр тайзан дээр нисэж байлаа.

Майя Плисецкая зүгээр нэг бүжиглэж байсангүй, тэр тайзан дээр нисэж байлаа

          Гэвч түүнийн ид гялалзаж явах үед нь Английн тагнуул хэмээн тагнаж, чагнаж багагүй зовоосон. Бүр Сөрөх тагнуулын газрынхан хилийн чанадад аялан тоглолтод нэг хэсэг явуулаагүй. Родион Щедрин (Майя Плисецкаягийн нөхөр, хөгжмийн зохиолч, ЗСБНХУ-ын ардын жүжигчинг төрийн шагналт) намтартаа “Нэг концертод бэлтгэж байтал Б.М.Ярустовский ирэв. Тэр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны хөгжмийн секторын эрхлэгч байсан юм. “Майя Плисецкая та хоёрыг учиртай гэж бидэнд мэдээллээ. Үнэн үү” гэж надаас гэнэт асуулаа. “Тэр гайхалтай эмэгтэй. Түүнийг тэгж хэлэх хэрэггүй юм биш үү…” гэхэд “Таныг түүнтэй гэрлэх гээгүй гэж найдаж байна”  гэж Ярустовский миний үгийг таслаад, “Та нэрээ дэмий л хөөдөж байна даа” гэсэн” хэмээн бичиж үлдсээн байдаг. Мөн тэрбээр  “Сөрөх тагнуулын газарт Майягийн талаар уул овоо шиг их хов мэдээ очдог байсан тухай тэндхийн ажилтан байсан нэг хүн саяхан бидэнд ярьсан юм… Манай унтлагын өрөөнд сонсох төхөөрөмж суулгасан байжээ… Биднийг нууцаар сонсож байгааг мэдээж таамаглаж байсан л даа. Гэхдээ унтлагын өрөөнд гэж арай ч бодоогүй. Залуу гэр бүлийн шүү…” гэсэн нь Плисецкаяд хайртай шүтэн бишрэгчдийн тоог улам олон болгосон юм.

Родион Щедрин эхнэрийнхээ тухай “Майя Плисецкая бүжигтээ ч, амьдрал дээр ч ил шулуухан хүн. Тиймээс ч түүнд дайсан болон атаархсан хүн байж л байсан. Ил шулуухан хүн гэдэг нь хүний зүгээр нэг сэтгэл бус, харин сайн хүн болж жүжиглэлгүй бодсон санаснаа хэлдэг хүн юм. “Нэг алдартай балетчинийг “дутуу шарсан шарвин” гэдэг байлаа. Өөр нэгийг нь олигтой бүжиглэдэггүй, яг л “бааж байгаа нохой” шиг гэж хэлсэн” гэсэн удаа бий.

          Майя Плисецкая энэ дэлхийн балетчдаас одоогооор мэргэжлээрээ хамгийн олон жил ажилласан нь. Тэрбээр 2000 оны арваннэгдүгээр сарын 20-нд Их театрт 75 насныхаа ойн баяр дээр өөрт нь зориулан М.Бажерийн тавьсан “Ave Maya” үзүүлбэрийг И.С.Бах, Ш.Гуногийн хөгжим дээр гүйцэтгэж байв. Энэ үзүүлбэрээ Майя 2002 оны арванхоёрдугаар сарын 2-нд Родион Щедриний 70 насны ойд зориулсан их наадмын нээлт дээр бас гүйцэтгэж байлаа. Танхимд түүний  бүжиг хүмүүсийг мансууруулдаг байлаа. Тэр хэчнээн ч удаа чих дүүргэсэн алга ташилтан дунд хөгжмөө үл сонсон бүжиглэсэн гэж бодно. Аль ч орны театрын афишанд түүний нэр гарч ирэхэд танхим дүүрэн үзэгч цугларч, үргэлжилсэн алга ташилт нижигнэнэ. Францын шүүмжлэгч Андре Эрсен Плисецкаяд таарах үг бодож олсон нь “Эр зориг”, “ Авангард” гэсэн хоёр үг байсан гэдэг.

          Кубын бүжиг дэглээч Альберто Алонсогийн Бизегийн хөгжимд түүний нөхөр Щедрины буулгасан “Кармен-сюит” нь Плисецкаяд зориулж тавьсан балет. Энэ бол дэлхийн балетын шилдэг бүтээл. Гэтэл Москвад балетын жүжгийг эротик болсон гэж үзэж Плисецкаяг “Сонгодог урлагаас урвагч” гэж тэр үеийн Соёлын сайд хэлсэн байдаг. Тэр зөвхөн түүний хэлснээр “Тайзан дээр муухай үнэртэх “нафталин” байлгахыг хүсээгүй юм” гэсэн байдаг.

          Түүнд бүх юмыг үзэх сэн гэсэн асар их мөрөөдөл байсан. Жишээ нь, Оросын уран зохиолын сонгодог бүтээлүүд. Бүр Их театрын тайзнаа өөрөө Л.Толстойн “Анна Каренина”, Чеховын “Цахлай” зохиолоор балет тавьсан. Бас Испанид “Мария Стюарт” бүжгэн жүжигт сандальтай бүжиж байв. Эсвэл бүр өндөр өсгийтэй гуталтай жааз хөгжмийн аялгуун дор Чикагогийн бүжгийн хамтлагтай тоглож байсан билээ. Францын алдартай бүжиг дэглээч Морис Бежар түүнд зориулан барууны театрыг Дорнын уламжлалтай холин бүжгийн жүжиг бичсэнд тэр гайхамшигтай хувирч тоглосон билээ. Түүнтэй энэ зэрэгцэх бүжигчин харамсалтай нь, одоо ч төрөөгүй л байна. Тэрбээр нэгэнтээ “Би танхимыг эзэмдэж байгаагаа мэдэрдэг. Юугаараа мэдэрч байна вэ гэхээр надаас нэг юм гараад байх шиг санагдадаг. Яг юу гэдгийг би заримдаа ойлгодог, заримдаа үгүй. Гэхдээ надаас ямар нэг юм яг гардаг. Хүмүүс амьдралд, урлагт болж байгаа үйл явдлыг нэг хэмжүүрээр үздэг. Энэ нь сэтгэл хөдөлгөж чадаж байна уу, үгүй юү гэж. Хүмүүс ээ, өөртөө итгэ. Хэрвээ балетын урлаг таны сэтгэлийг хөдөлгөсөн бол сайн байна, харин сэтгэл чинь хөдлөөгүй бол тэр урлаг сайн болж чадаагүй байна гэсэн үг” гэсэн нь бий.

Анир чимээгүй танхимд Майя Плисецкаягийн хунгийн тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, талархлын баглаа цэцгүүд тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран цайрсаар хөшиг хаагддаг сан.

            “Их театрын цахлай. Дэлхийн цагаан хун. ХХ зууны гарамгай балетчин. Гарамгай Кармен”. Өчүүхэн ч хэтрүүлэлгүй хэлэхэд Майя Михайловна Плисецкая бол балетын домог юм. Олны хүндлэлийг ханатлаа хүлээсэн ч түүнд аав, ээжийнхээ хайранд умбасан элэг бүтэн хонгор жаахан Плисецкая нь юу юунаас ч үнэ цэнтэй, үргэлж үгүйлэгддэг байсан нь ойлгомжтой. Ай, хонгорхон Майя минь.

 


Хонгорхон Майя минь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188