• Өнөөдөр 2024-04-20

“Алтан өд”-ийн нэрэмжит шагналт зохиолч Г.БЯМБАЖАВын онцлох 10 ном

2021-07-22,   506

          Энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа МЗЭ-ийн Шүүмж судлалын Үндэсний төвийн гишүүн, Боловсролын удирдлагын доктор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын тэргүүн шагнал судлаач, зохиолч Г.Бямбажавыг урьж оролцууллаа. Тэрбээр Монголын их хаадын менежмент, ёс зүй, манлайлал, харилцааны сэтгэл зүй, утга зохиолын шүүмж судлал, яруу найргийн чиглэлээр 20 орчим ном, сурах бичиг туурвиж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Солонгосын утга зохиол судлаач, зохиолч Шинь Гёнрим, Швейцарь-Унгарын зохиолч Агота Кристоф тэргүүтэй гадаад, дотоодын 30-аад зохиолчдын ном, сурах бичигт редактороор ажиллаж байсан юм. Тэрбээр энэ удаад өөрийн уншсан шилдэг 10 утга зохиолын бүтээлээ хуваалцлаа.

Уран зохиолын тухайд болж өгвөл оюуны тэжээл болох номнуудыг сонгож унших нь зүйтэй гэж боддог. Энэ нь хүнд сэтгэл оюуны ариусал, ухаарал хайрлаж, гоо сайхны таашаал цэнгэл эдлүүлдэг, сэтгэх цар хүрээг тэлдэг тийм номнууд гэсэн үг. Гэхдээ “заавал” тэрийг энийг унших хэрэгтэй гэдэг үзлээс аль болох ангид байхыг хичээдэг, “заавал” гэдэг үг нэг талдаа оюун санааны хүчирхийлэл. Яагаад гэвэл уншигчдын амьдралын түүх бүхэн өөр, энэ түүхээс төрсөн, үлдэж хоцорсон мэдрэмж бүхэн өөр, за тэгээд туршлага, таашаал, сонирхол, хэрэгцээ, үнэт зүйл, үнэлэмж, нас, хүйс, оюуны бяд... гээд олон зүйлээрээ ялгаатай. Унших сонголт ч үүнд захирагддаг. Миний хувьд уран зохиолын бүх төрөл жанрыг сонирхдог, аль болох хүн төрөлхтний оюуны сор болсон бүтээлүүдийг сонгож уншихыг эрмэлздэг. Тэгэхдээ сэтгэлгээний, философилог, бодох сэтгэх эрх чөлөөг түлхүү өгдөг зохиолуудыг таашаадаг. Энэ удаа уншигчдад хандаж өөрийн сонголт, мэдрэмж дээрээ тулгуурлан дараах орчуулгын зохиолуудыг санал болгож байна.

Жан Поль Сартрын “Огиудас” (1938) роман

“XX зууны оюун санааг эзэгнэгч” хэмээн өрнөдөд алдаршсан, өөрийн экзистенциалист гүн ухаан, урлагийн онолоороо нэгэн цагийг байлдан дагуулж явсан Францын уран зохиолын хамгийн алдартай төлөөлөгч Жан-Поль Сартр “Огиудас” (Б.Баттогтохын орчуулга) романаа гүн ухааны маргаан болгож, гол баатраа ахуй-оршихуйн мөн чанар, хүмүүний зориулга төдийгүй хүний оршихуйн утга учрыг тайлах арга болгон хувиргасан. Гол баатар Рокатен бол зүгээр л эгэл жирийн хүн, ямар ч баатарлаг болоод ер бусын явдалд хамаагүй. Рокатений оронд хэн ч байж болно. Сартр өөрөө, эсвэл та, би, бид! Сартр энгийн, жирийн, өдөр тутмын амьдрал ахуйгаас үүдсэн гүн ухааныг бүтээхийг зорьсон. Рокатений хувьд ертөнц утга учиргүй учраас урам хугарч байна. Түүний оршихуй ганцаардал, гансрал, сэтгэл зовинохуйн дунд нээгдэж байна. Рокатен болхи ахуйн дотор ганцаардаж, ганихарсан хувь хүн. Бүх юм түүнд улиг болсон, юу ч түүний сэтгэлийг үл хөдөлгөх агаад ганцаардлыг гэтэлж чадахгүйгээ мэдэрч ой нь гутсан хүн. Түүний гар хөл, сууж буй сандал нь хүртэл ‘амьтан’ зэрэг янз бүрийн юм болж харагдаж бөөлжис нь цутгана, хэн нэгний мэндчилэхээр өгсөн гар түүний алганд чийгийн ‘улаан’ хорхойнууд болж арвалзан айдаст автуулна. Дотрыг нь эвгүйтгэгч ‘огиудас’ түүний оршихуй болж хувирсан бөгөөд түүнээс ангижрах аргагүй. “Одоо тэгээд энэ амьдралаа яах билээ” гэсэн асуулт Рокатений өмнө тулгарч байна. Буртаглагдсан ахуйн утга учиргүйг мэдэрч “огиудас” төрөн төрөн амьдарсаар байх уу. Эсвэл үхэх эрх чөлөөг сонгох уу. Аль эсвэл өөр сонголт хийх эрх чөлөө байна уу. гэсэн асуултыг гол баатрынхаа өмнө гаргаж тавьснаараа Сартр хүн төрөлхтөнд оршин ахуйнхаа утга учрыг эргэцүүлэх боломжийг өгсөн. Сартрын баатрууд хөгцөнд идэгдсэн нийгмийн царай зүсээ баг болгон хувиргасан хүмүүсийн хошин жүжгийг харж, энэ хуурамч амьдралын юм бүхэн утгагүйд урам хугарах авч оюун санааны хүчирхэгжлийг олох замаар хувь хүнийхээ үнэ цэнийг олж авч байдаг.

Альбер Камюгийн “Этгээд хүн” (1938) роман

Нобелийн шагналт, ХХ зууны аугаа зохиолчдын нэг, Францын философич Альбер Камюгийн “Этгээд хүн” (орчуулагч Т,Төмөрхүлэг) роман нь экзистенциалист философийн өөр нэг өнцгийг харуулдгаараа Сартрын зохиол бүтээлтэй харьцуулан уншиж, хүний оршихуйн олон талт төлөв байдлыг танин мэдэхэд ач холбогдолтой. Камю орчин үеийн нийгмийн дарамтанд нэрвэгдсэн бодгаль хүнийг авч үзэн, улмаар оршин ахуйнхаа утга учрын тухай ямар ч төсөөлөлгүй хувь хүний оюун санааны ертөнцийн зөрчлийг задлан шинжлээд хүний оршин ахуй нь “утга учиргүй” юм гэсэн дүгнэлт хийж “абсурд” гэдэг категорийг өөрийн философийн сурвалж зарчим болгосон, энэ нь “Этгээд хүн” романых нь үндсэн цөм юм. Камюгийн философийн үндэс нь хувь хүний гансрал-ганцаардал юм. Хоёрдмол нөхцлийн дунд орчихсон тэрхүү хувь хүнийг “абсурд хүн” гэж нэрлэсэн. Абсурд хүн эрх чөлөөгөө хязгаарлагдмал болохыг ухамсарладаг тул элдвийн үймээн самуун тарьдаггүй, оногдсон заяагаа дагадаг нөгөө талаасаа амьдралд итгэх итгэлээ алдсан, нэгэн хэвийн амьдралаас залхсан, гэхдээ түүнээс гарах гарцаа хайдаггүй, хайгаад ч нэмэргүйд хатуу итгэсэн, юу ч мөрөөддөггүй, мөрөөдөөд ч утгагүй гэж үздэг хүн. Энэ бүхэн ‘Этгээд хүн’ романд тусгалаа олсон. Романы гол баатар Мерсо бол утга учиргүйн амьд биелэл болсон “абсурд хүн”. Тэрээр үхэлтэйгээ эвлэрсэн, энэ ертөнцийн утгагүйтэй эвлэрсэн. Тэгэхдээ үхлийн өмнөхөн оюун санааныхаа эрх чөлөөг олж авч байна. Камю үхлийг эрх чөлөөтэй холбон авч үзсэнээрээ Сартраас ялгагддаг.

Агота Кристофийн “Том дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал хэлэлт” гурвалсан роман

Д.Болортуяагийн 2017-2018 онд эх хэлнээ хөрвүүлсэн Швейцар-Унгарын зохиолч эмэгтэй Агота Кристофийн эл роман гарсан даруйдаа уншигчдын зүрх сэтгэлтэй холбогдож чадсан нь зохиолчийнх нь амьдрал туурвил, оюун санааных нь өсөлт хөгжил, үзэж туулсан бүхэнтэй нь холбоотой төдийгүй унгар-франц-швейцарь олон соёлын нөлөө туссантай нь ч холбоотой байж болох юм. Энэхүү номыг хүний оршихуй дээр тулгуурласан сэтгэл зүйн драм гэж хэлж болно. Хүний оршихуйг бусниулдаг хүчин зүйлсийг уран сайхны аргаар дүрүүдийнхээ сэтгэл зүйн хувирал дээр тулгуурлан гаргасан. Энэ зохиолд жижиг дүр гэж ерөөсөө байхгүй. Эмээ, ээж , аав, Сэтэрхий уруултай охин түүний сохор дүлий ээж, Петр, Ясмин, Матияас, Агнес, Клара, Антония, Сара, Виктор, Софи... гээд маш олон дүр гарна, дүр бүхэн нь зохиолын амин чухал холбоос болж өгнө. Зохиолчийг ид бүтээж туурвиж байх үе нь дэлхийн урлаг, утга зохиолын чиг хандлага сонгодог болон академик урлагийг үгүйсгэдэг модернизмын арга барилд шүүмжлэлттэй хандаж реалист бус уран сайхны чиглэлүүд нийлбэр маягаар хөгжиж байсан үе тул зохиолчийн эрэл хайгуул, туршицад нөлөөлсөн байж болох талтай. Энэ үед Зигмунд Фройдын психоанализын онол, Сартр, Камю нарын оршихуйн философи хүчээ авч байлаа, мөн үүнтэй зэрэгцээд симболизм, натурализм, сюрреализмын нөлөө ч урлаг, уран зохиолд тусгалаа олж байсан. Хувь хүний гансрал ганцаардал, амиа хорлолт, зүүд зөн, ээдрээ, оньсого таавар шиг нууцлагдмал байдал, уншигчдийг эргэлзүүлэн тээнэгэлзүүлэх чадвар гээд дээрх урлаг уран сайхны хандлагуудын нөлөө энэ номонд тусгалаа олсон нь харагддаг. “Том дэвтэр” дайны гамшиг, хүчирхийлэл хүмүүсийн сэтгэл оюуныг хэрхэн нуга дарж цэвдэгшүүлж байгааг харуулдаг бол, “Нотолгоо”-д тоталитар дэглэмийн хүнд хэцүү тарчиг байдал, өөрийнхөөрөө байх эрх чөлөөг нухчин дарах нийгмийн үзэл суртал илүү туссан.  “Гурав дахь худал хэлэлт”-д хорионд байхад нь хүртэл сүү, кофе, мөнгө зэргээр дутаалгүй тав тухыг хангаж иргэнээ халамжлах улс орон, тэгсэн мөртлөө тэндээс зугтаж ядуу тарчиг төрсөн эх орон руугаа тэмүүлэх хүний араншин, Мөнгө бүхнийг шийддэг, зүрх сэтгэлийн оронд цан хүүрэг л байдаг тийм нийгмийн дунд хүнд ганцаардах, гансрах, сэтгэл гутрах аюул нүүрлэж байдгийг харуулсан. Угтаа энэ зохиол хүний оршихуйн философи. Хүн хэзээ яаж амар амгаланг олдог юм бэ, хүний үнэ цэнэ, амьдралын үнэ цэнэ, нийгмийн үнэ цэнэ юунд оршдог юм бэ гэсэн эргэцүүлэлд хөтлөнө. Дайн, хүчирхийлэл, хайр энэрэлгүй харгис нийгмийн үнэн дүр төрхийг “Сэтэрхий уруултай” охины дүрээр харуулсан бөгөөд зохиолч тэр охиныг хайр найргүй зэрэмдэглэсэн, үхэл нь хүртэл “зэрэмдэг”.  Ер нь “Том дэвтэр”-т натурализмын нөлөө илүү туссан, натурализм нь хүний бие бялдрыг ил тод, бохир заваан, эмгэг согогтой нь, хүчирхийлэл харгислалтай нь тоочих нь түгээмэл байдаг. Эмээгийнх нь байгаа байдал, сэтэрхий уруулт охин, ижил хүйстэн, наанаа гэгээн дүртэй боловч цаанаа бага насны хүүхэд сонирхдог ламтан, нэгэн цусан төрлийн хүмүүсийн бэлгийн гаж харилцаа, хүмүүсийн бие бялдрын болоод оюун санааны ялзралыг хайр найргүй уудалсан байдаг. Харин хоёр, гуравдугаар дэвтэр нь арай өөр уур амьсгалтай болж ирэх бөгөөд оршихуйн философи, сюрреализм, модернизмыг сүлжилдүүлсэн өвөрмөц хэв маягаараа уншигчдыг өдөөн дууддаг.

Саша Сохолов “Тэнэгүүдийн сургууль” (1973) роман

Саша Соколовын “Тэнэгүүдийн сургууль” (1973) роман нь бүтцийн хувьд “Савдаг”, “Эдүгээ”, “Савл”, “Аймшгийн баатар”, “Гэрээслэл” гэсэн таван бүлгээс бүрдэх бөгөөд зохиолын үйл явдлыг ‘би’ баатрын өчил буюу нэг-хоёрдугаар биеэс өөрийн дотогш хандсан хүүрнэл, эрээвэр хураавар бодлын урсгал холбоно. Зохиолын баатар бодит амьдралын цаг хугацааг үл мэдрэх бөгөөд бүх зүйл одоо цагт өрнөж байна. Өнгөрсөн-одоо-ирээдүй цагт болсон, болж байгаа, болох гэж байгаа үйл явдлууд нэг шугам дээр огтолцож нэг зэрэг нэг цаг мөчид өрнөж буй мэт сэтгэгдэл төрүүлэх агаад ямар нэгэн юманд түүртэлгүй, аль нэг цаг хугацаанд торж тээглэлгүй зохиолын баатартай хамт цаашдын аялалд гарах хүсэл төрүүлэх нь гайхалтай. Нөгөөтэйгээр “Тэнүүлч салхи” мэт эрх чөлөөг хүсэмжлэгч хэн бүхний дотоод ухамсрыг өдөөж, илүү өндөр дээд эрмэлзэл рүү урин дуудах бэлгэ тэмдэг болдог. Энэхүү зохиолын сэтгэл татам, сэтгэл хөдөлгөм увдис шид нь зохиолчийн урлах эрдэм, зохиолын уран сайхны хэлний чадалд орших аж. Үг өөрийн гэсэн амт үнэртэй, олон янзын өнгө авиатай, сэтгэл хөдлөлийн олон төлөв байдалд оршдог, гарт баригдаж нүдэнд харагдаж чихэнд сонсогдох мэт мэдрэгддэг гэдгийг “Тэнэгүүдийн сургууль”-иас лавтайяа мэдэрч болно. “Тэнэгүүдийн сургууль” ухамсрын урсгалаар дамжуулан дүрийнхээ бодол, сэтгэгдэл, мэдрэмж, төсөөлөл, хүртэхүйг нарийн сүлжилдүүлэн зохиолыг хөтлөн явсаар үндсэн цөмд нь нэвтрэх эрх чөлөөг уншигчдад өгнө. Энэ бол “би” баатрынхаа дотоод хүүрнэл, ухамсрын урсгалаар дамжуулан амьдран буй цаг үеийнхээ нийгмийн тогтолцооны эсрэг сөрөн боссон зохиолчийн тэмцэл, оюун санааны хүчирхэг урсгал гэлтэй. Зохиолч “Тэнэгүүдийн сургууль”-иа бичиж дуусмагц шууд гар аргаар хэвлэж олон нийтэд түгээсэн байдаг. “Тэнэгүүдийн сургууль” өөрийн гэсэн хэлбэрт царцсан ертөнцийн адилтгал бөгөөд үүгээрээ зохиолч хувь хүний бодох сэтгэх, хийж бүтээх эрх чөлөөг дарангуйлдаг тогтолцооны гэм согогийг илрүүлэх аж. Зохиолч хоржоонтой, ёжтой үгсийг далд бэлгэдэлт зүйлстэй сүлжилдүүлэн, утгын болоод өгүүлбэр зүйн дүрэм журмыг үл хэрэгсэн, найруулга зүйн ая данг зөрчин сэтгэлгээний эрх чөлөөг эдлэн байж бичсэн нь зохиолыг илүү сонирхолтой, оньсого таавар мэт адармаатай болгоод зогсохгүй, далд мөн чанартаа яруу найраглаг, юунд ч юм бэ урин дуудсан хэлэмж нь гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Зохиолчийн оюун санаанаас ундран гарсан энэ л агшин хормуудыг алдалгүй барин авч эвдэж эмтлэлгүй эх хэлнээ буулгасан орчуулагч О.Чинбаярын хөрвүүлэг ч мэргэжлийнх.

Мо Яний “Дарсны орон” (1996) роман

Нобелийн шагналт, Хятадын орчин үеийн зохиолч, шидэт реализмын сонгодог төлөөлөгч гэгддэг Мо Яний “Эргэлт” тууж, “Дарсны орон”, “Мэлхий”, “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” романууд нь монгол хэлэнд орчуулагдан уншигчдын хүртээл болсон. Уншигчид аль нэгийг нь хамгийн сайн ном гэж нэрлэх нь мэдээж боловч миний хувьд Б.Гэрлээгийн орчуулсан “Дарсны орон” романыг нь онцолж байна. Энэхүү романыг европын зарим судлаачид “Хятад ахуйн нэвтэрхий толь”,  “Бодит болон хийсвэр үйл явдлыг ялгахад нэн бэрх, нэг талаараа “Мастер, Маргарита хоёр”-той төстэй” гэх зэргээр бичсэн байдагчлан үнэхээр л бодит болон хийсвэр сэтгэлгээг гайхалтай сүлжилдүүлсэн, яруу найраглаг тансаг үг хэллэгийг бор бааз, заримдаа бүдүүлэг гэмээр үг хэллэгтэй найрсуулан сүлэлдүүлсэн, бодит байдал, хийсвэр сэтгэлгээг эртний хятадын үлгэр домог, түүхтэй уялдуулан ёжлол ёгтлол, эмгэнэлт байдлыг дашрамдуулан соёлын хувьсгалын өрнөл, төгсгөл хүртэлх хятадын ард түмний нэгэн жарны түүхийг, нийгмийн золиос болсон бүхэл бүтэн үеийн эмгэнэлт амьдралыг дэлгэн харуулсан зохиол юм. Аль ч улсын түүхэн хөгжлийн замд тохиолддог түүхийн сургамжийг уран сайхны аргаар нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдтэл үзүүлсэн. 

Орхан Памукийн “Хар судар” (1990) роман

Нобелийн шагналт Туркийн зохиолч Орхан Памукийн “Хар судар”, “Цас”, “Истанбул: дурсамж ба хот”, “Шинэ амьдрал”, “Миний нэр улаан” зэрэг олон ном нь монгол хэлнээ хөрвүүлсэн. Эдгээрийн дотроос Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар хэвлэгдсэн “Хар судар” роман хамгийн шилдэг нь, зохиолчийн дотоод ертөнцийг төдийгүй бичиглэлийн төгс ур чадварыг нь бүрнээ төлөөлж чадах ном гэж би хувьдаа боддог. Зохиолд уран бүтээлч хүний дотоод шаналан, ганцаардлаас төрдөг бүтээлч эрэлхийлэл, хайр дурлал-хагацлын шаналан, улс төр-шашины үзэл баримтлал, эртний түүх домог, дорнын нууцлагдмал байдал зэргийг сүлжилдүүлсэн уран сэтгэмжээр дүүрэн зохиол. Ер нь бол хүний мэдрэмжээр наадсан зохиол ч гэж хэлж болно, эхнээсээ төгсгөл хүртлээ сэтгэл оюуныг мэрсэн нэг тийм нуугисан гуниг шаналан, харамсал харуусал яваад л байдаг. Орчуулга нь ч төгс сайн.   

   

“Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” (2003)

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын шилж сонгож, орчуулж “Шинэ үеийн номын сан” цувралаар хэвлэн нийтэлж гаргасан эл ном Хомерын туульсаас ХХ зууны шилдэг романууд хүртэлх хүн төрөлхтний бичгийн сод мэргэдийн 85 зохиол бүтээл, туурвилтай нэг дор танилцах боломжийг олгоно. Эдүгээ зарим зохиол бүтээл нь монгол хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болсоор байгаа хэдий ч амьдралын хэмнэл түргэсч, нийгмийн үзэгдлүүд нэмэгдэж, мэдээллийн болоод цаг хугацааны давхцал хурдацтай явагдаж байгаа энэ эрин үед уншигчид том том ланжгар номнуудыг барьж авч унших боломж үнэндээ хомс болж байна. Хөгжингүй орнууд энэ бүхнийг харгалзан уншигчдыг хүн төрөлхтний оюуны соёлын өв сантай танилцуулах эрэлхийлэл хийж байгаагийн нэг нь ийм хэлбэрийн ном ажээ. Г.Аюурзана ийм боломжийг монголынхоо уншигчдад өгсөн.  

Хуан Рамон Хименесийн “Платеро бид хоёр” (1914)

Эл ном “Монсудар” хэвлэлийн газраас 2009 онд эрхлэн гаргасан “Нобелийн шагналтнууд” цувралаар Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужтай хамт хэвлэгдэн гарсан. Испанийн яруу найрагч, Нобелийн шагналт Хуан Рамон Хименесийг дэлхий дахинаа алдаршуулсан бүтээл нь үргэлжилсэн үгээр бичсэн яруу найраг гэгддэг “Платеро бид хоёр” хэмээх илжигний тухай бяцхан ном юм. Энэхүү номыг испаничууд том, жижиггүй уншдаг, испанид төдийгүй испани хэлээр ярьдаг хорь гаруй оронд цуутай, түүгээр ч зогсохгүй мөнгөлөг хөөрхөн илжигний түүх, түүний эзний ганцаардал гунигаар дамжуулан өгүүлэх гоо сайхны мэдрэмж таашаал хүн төрөлхтөний сэтгэл зүрхэнд хүрч чадсан. Ганцаардал, ганихрал, шаналан гэдэг хүнд баргар, зүрх шимшрэм зүйл, гэтэл үүнийг гоо сайхны танилт болгож чадсанаараа эл бяцхан номын ач холбогдол оюун сэтгэлгээний өндөр дээд эрэмбэнд багтана.

Дашийн Оюунчимэгийн эх хэлнээ хөрвүүлсэн “Хөх дэвтрүүд”

Венедикт Ерофеевын “Москва-Петушкин”, Жулиа Кортасерийн “Тоглоом дууслаа”, Луйс Борхесийн “Зүүдний ном”, Исаак Зэнгэрийн “Шоша”, Ричард Бахын “Хуурмаг үзэгдлүүд буюу Мессиягийн Хүсээгүй Адал Явдлууд”, Милорад Павичийн “Салхины дотоод тал” зэрэг орос, герман, латин америк, серб, израйл, аргентины гарамгай зохиолчдын оюун сэтгэлгээний өв сантай танилцахаас гадна тухайн ард түмний түүх соёл, туулж ирсэн амьдралын замнал, оюун сэтгэлгээний өсөлт хөгжилт, шашин суртал, домог зүй, бичиглэлийн содон хэв маяг зэрэгтэй танилцах боломж олгоно.

Фёдор Достоевскийн “Дорд үзэгдэгсэд”, “Гэм зэм” роман

Сэтгэл зүйн реализмын гол төлөөлөгч Оросын зохиолч Ф.Достоевскийн Г.Амарын хөрвүүлгээр эх хэлнээ буулгасан “Дорд үзэгдэгсэд” роман нь тухайн үед уран зохиолд тэр бүр дайралддаггүй “өчүүхэн дорд” хүмүүсийн эрх чөлөөгүй байдал, зовлонт хүнд амьдрал, яая даа гэмээр цөхрөл шаналан, тэдний өрөвдөм хувь зохиол, “дорд” хэмээн адлагддаг тэр хүмүүсийн цэвэр ариун сэтгэл, зан суртахууны үнэт зүйлс, хөрөнгө чинээтэй хүмүүсийн харгис хатуу цэвдэг сэтгэл, хүнийссэн нийгмийн гэм нүгэл зэргийг маш нарийн дүрслэн харуулж, дүрүүдийнхээ сэтгэл зүйн өөрчлөлтийг болон мэдрэмжийг тухайн мөч бүрт нь алдалгүй шүүрэн авч харуулсан. Энэхүү зохиолоос хүний сэтгэлийн маш нарийн үйл хөдлөлүүдийг мэдэрч, зохиолын баатруудын шаналан, гуниг, цөхрөл, харуусал дунд хамтдаа хөвнө. Уг зохиол нь дүрслэлийн гүн гүнзгий байдал, хамрах хүрээ, уншигчдыг байлдан дагуулах чадвар зэргээрээ яах аргагүй шилдэг бүтээлд тооцогддог хэмээн судлаачид үздэг юм билээ. Ер нь Достоевскийн бүтээлүүд хүнийг сэтгэл зүйн олон төлөв байдалд оруулж, мэдрэмж зурдгаараа гайхалтай. Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар эх хэлнээ хөрвүүлэгдсэн “Гэм зэм”-д ядуу зүдүү амьдралын цөхөрмөөр дүр зураг, түүнээс үүдэлтэй гэмт хэрэгт хүргэж буй сэдэл зэргийг нарийвчлан харуулдаг. Зохиолч гуравдугаар биеийн хүүрнэлийг ашиглан гол баатар Раскольниковын сэтгэл зүйг задлан шинжилсэн бөгөөд түүний сэтгэл доторх бодол, айдас, шаналан түгшүүрийг маш нарийвчлалтай дүрсэлсэн байдаг. Раскольников амь зогоохын тулд эмгэний мөнгийг хулгайлах хэрэгтэй гэсэн сэдэлд автаж байна; хорон санаат эмгэнийг хөнөөж түүний эд баялгийг бусдын тусын тулд ашигласнаар нийгэмдээ тус хүргэх болно хэмээн итгэж байна; тэрээр сэтгэцийн хөгжлийг нь хязгаарласан ээжийгээ буруутгаж, эхээсээ авах гэсэн өшөөг эмгэнээс авч байна; түүнд амьдралд болоод өөртөө итгэх итгэл үнэмшил, ёс суртахуун дутагдаж байна; дотоод сэтгэлийн хямралд автаж аллага үйлдэж байна. Достоевский ийнхүү сэтгэцийн задланг маш нарийн хийсэн байдаг. Зохиолын бас нэг онцлог бол Раскольниковын нүдээр гярхай ажиглан харсан олон хүмүүсийн дүрийг бүтээсэн. Достоевский айдас, хорт муу үйл, зовлон шаналан, харгислалаар дүүрэн дэлхий ертөнцөд аж төрөхийн утга учрыг гэм буруугаа мэдрэх, хайр нигүүсэл, аврал энэрэлтэй хослуулан судалж шинжилсэн.      


“Алтан өд”-ийн нэрэмжит шагналт зохиолч Г.БЯМБАЖАВын онцлох 10 ном
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188