1930-аад оны үе. Ханиасаа хагацаад удаагүй бэлэвсэн эмэгтэйг хоёр нялх үртэй нь идэх хоол, өмсөх хувцасгүй хар бууцан дээрээ үлдээгээд тал дүүрэн бэлчих малаа тааваар нь туугаад нүүсэн тэр айлын нүүдлээс хойш бяцхан хүүгийн амьдрах, амьд үлдэхийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийн өдрүүд үргэлжилсэн гэдэг.
Намрын жихүүн өдрүүд хүйт дааж, аавын нөмөр нөөлгийг хэчнээн үгүйлж, үхэл гэж чухам юу байдгийг мэдэхгүй хэрнээ үхлийн тухай хүртэл боддог байж, тэр бяцхан зүрх. Гэвч бяцхан үрсээ амьдруулахын төлөө үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл айлаар хэсүүчлэн, хоол гуйн тэмцэж байсан ээжийгээ хараад амьдрах үнэ цэнийг өдрөөс өдөрт ойлгосон гэдэг. Хоол олдоогүй өдөр нь айлын хотноос үхэж үрэгдсэн амьтны сэг, жигүүртэн хооллох зэмээр ч болох нь ээ хүүхдүүдээ хооллоод, амьд үлдээх гэсэн ээжийнхээ чин хүслийг тэр яс махандаа шингэтэл ойлгосон болохоор амьдралд бууж өгөөгүй, тэмцсээр амьдарсан гэдэг.
Хоолой нь өвдөж, хамаг бие нь халуу шатах хүүгээ харж сууж тэвчихгүй ээж нь арагт хийн үүрээд айл, саахалтаас тусламж гуйж явсаар нутгийн Пэлжээ гэх айлын хаяаг бараадсанаар бор хоногийг хоолтой өнгөрүүлэх боломжтой болжээ. Өнчин хүнд ноён олон гэгчээр үеийнх нь хүүхдүүд хүртэл хүүг шоглож, худагт өдөржин таглаж орхих нь наад захын явдал байсан гэдэг. Гэвч өдрөөс өдөрт хүү нь өсөж, гар хөлийн үзүүрт зарагдахтайгаа болсон нь ээжийнх нь хувьд хамгийн баяр жаргалтай цаг мөчүүд байв. Харамсалтай нь, энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Хүйтэн хавсаргатай хаврын нэг өдөр ээж нь хүндээр өвдөж, удалгүй тэнгэрт одож, хатуу өдрүүд дахиад л хүүхдүүдийг нь харанхуйлан бүчив. Ишигний эвэр шиг хоёулхнаа, өнчирч хоцорсон, хань бараа болох хүнгүй тэд ээжийнхээ цогцсыг тээх унаагүй тул хаалганы хавтсан дээр хэвтүүлж чирсээр хөдөөлүүлсэн гэдэг. Тэр үед С.Дашдондог зургаан настай байжээ.
Ийн эрээнтэй бараатай амьдралд эцсээ хүртэл бууж өгөөгүй тэмцсэн нэгэн бол Монголын театрын урлагт судлал шүүмжийн анхны шанг татсан, театрын нэрт зүтгэлтэн С.Дашдондог юм. Түүний амьдрал, уран бүтээлийнх нь талаар охин Д.Батсайхантай нь ярилцлаа.
-Аав тань бага насандаа өөртөө баймгүй хүнд ачаа үүрч, хэцүү цаг үеэ зовлон гэж шантралгүй туулж, зогсолтгүй хичээж хөдөлмөрлөсөн Монголын урлагийн нэрт төлөөлөгч билээ. Та аавынхаа талаар дурсан ярихгүй юу?
-Миний аав Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шимт дэрсэн хашаат гэх газар төрсөн. Одоо тэр газрыг Хашаат гэж нэрлэдэг болсон юм билээ. Нэг их дэрстэй газар байдаг юм. Аавын минь төрсөн газарт манай орны дурсгалт газрын нэг болох Цогтын дуут хөшөө байдаг юм. Сүүлд “Цогт тайж” киноны зураг авалт хийсэн, чулуунуудыг цохиход дуу гардаг өвөрмөц газар бий.
Аав минь харц ардын хүүхэд байсан юм билээ. Бага наснаасаа амьдралын хатуу хүтүүг туулж, ядуу зүдүүгийн зовлон амсаж өссөндөө ч тэр үү их тэвчээртэй, маш тууштай хүн байлаа. Ээж нь хоёр балчир хүүхэдтэйгээ айлд зарцлагдаж байсан ч удалгүй баян айл нь хоёр өнчин хүүхэдтэй нь бууцан дээрээ үлдээгээд нүүчихсэн гэдэг. Ингээд л хоёр балчир хүүхэдтэй үлдсэн ээж нь амьдрахын төлөө, хоёр хүүхдээ амьд авч үлдэхийн тулд тэмцэж, үхсэн амьтны сэгээр хооллох өдрүүдтэй хүртэл нүүр тулж байсан түүхтэй юм билээ. Ээжийгээ насан эцэслэсний дараа эгч нь хот газар бараадаж, аав минь бууриа сахиж үлдсэн гэдэг. Ингээд аав айлын мал, адуу харж, өөрийгөө болгодог байсан гэсэн. Хүний хувь заяа гэж сонин шүү. 1939 онд суманд сургуульд хүүхэд авах хуваарь ирэхэд баян айлын хүү нь “Хот явахгүй, сурахгүй” гэхэд зарцалж байсан айл нь аавыг минь хүүхдийнхээ оронд орлуулаад явуулсан байдаг. Аав замдаа Раднаа гэдэг эмчтэй танилцаж, сургууль гэж юу байдаг тухай яриулж авсан гэдэг. Тэгээд сургуульд сурахаар Улаанбаатар хотод ирэхэд хөдөөгийн хүүхэд, мал маллаж сурсан гээд Хөдөө аж ахуйн сургуульд хуваарилагджээ. Гэтэл Хөдөө аж ахуйн сургуулийн хуваарь дуусаж, харин Урлагийн сургуульд оюутны хуваарь байсан тул тийш орохоос өөр сонголтгүй болжээ. Ингэж аавын хувь заяа нэгэн эргэлт хийсэн түүхтэй.
Шалгалт авч байсан багш нар нь аавыг “Цонхоор найзыгаа дуудаад үз дээ” гэжээ. Тэгэхээр нь аав “Хөөе, Дэмбэрэл ээ” гээд л найзыгаа дуудсан гэдэг. Ингээд л багш нар нь хуучир хөгжмийн ангид элсүүлж. Хөгжмийн талаар ямар ч мэдлэггүй хүн чинь эхэндээ гар нь эвлэрэхгүй хэцүү байсан гэж аав маань ярьж байсан. Аав гойд маш хөдөлмөрч хүн байсан. “Хүний сурч болоод байгаа зүйлийг би яагаад сурч болдоггүй юм” гээд л хичээлдээ идэвхтэй сурч, сургуулиа онц дүнтэй төгссөн гэдэг.
Сургуулиа төгссөний дараа Улсын хөгжимт драмын театрт нэгдүгээр зэргийн хөгжимчнөөр ажилд орсон юм билээ.
Энэ талаараа аав минь “Би бүх ноотоо цээжилчихдэг байсан юм. Бусад хүн ноотоо хараад тоглож байхад би ноот харахгүй хөгжмөө тоглодог, амар байдаг байсан” хэмээн дурсан ярьдаг байв. Яг тэр үеэр ЗХУ-ын Буриад Улсаас театрын хөгжилд хувь нэмэр оруулах аян эхэлж, тухайн үеийн хөгжимчдөд сонгодог хөгжим зааж эхэлсэн гэдэг. Аавтай хамт нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулуун гуай тэргүүтэй одоогийн алдартай олон хөгжимчин хамт сурч байсан юм билээ.
Тэгээд хүн тус бүрийг сонгодог хөгжим дээр хуваарилж, аав минь үлээвэр хөгжим сурсан. Ингэж анхны үлээвэр хөгжимчдийн нэг болж байжээ. Улмаар үндэсний оркестрт хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн. Аав минь хөгжимчнөөс гадна намын үүрийн даргаар ажиллаж, удирдах албанд томилогдож, дараа нь Дуурийн театрын даргаар ажиллаж байхад нь хөгжмийн найруулагчаар сургахаар ЗХУ руу явуулсан.
-Хөгжимчин хүн драмын театрын урлагтай амьдралаа хэрхэн холбосон юм бол оо?
-Ингээд бас нэг хувь заяаны эргэлт гарсан байдаг. Москва хотын театр урлагийн дээд сургууль буюу ГИТИС-т сурахаар 1955 онд Москва хотыг зорьсон. Гэвч тус сургуульд нь хөгжмийн найруулагчийн анги байхгүй учраас театр судлалын ангид орсон байдаг. Ингээд театр судлалын ангид суралцаж, 1960 онд сургуулиа төгсөж ирсэн. ЗХУ-д сурч байх хугацаандаа аав, ээж хоёр минь танилцсан. Ээж минь бас театрын жүжигчин хүн.
-Сургуулиа төгсөж ирээд шууд театрын урлагт зүтгэж эхэлсэн гэдэг байх аа?
-1960 онд сургуулиа төгсөж ирээд аав Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референтээр ажиллаж, 1967 оноос УБДС-д багшилж, 1992-1996 онд СУИС-д театр судлалын ангийг анх нээн удирдаж төгсгөсөн байдаг. Одоогийн нэр алдарт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, доктор, профессор Н.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж гээд сайхан жүжигчдийн олонх нь миний аавын шавь. Миний аав их шударга хүн. Аав минь огт архи дарс уудаггүй төлөв түвшин хүн байлаа. Шударга зан чанараасаа болоод бусдадаа их хавчигдаж байсныг нь мэдэх юм.
Аав эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюун гуайтай хамт ГИТИС-д хамт сурсан юм. Дипломын ажлаа номын санд сууж бичдэг, их оройтож явдаг байж л дээ. Энэ тухай Э.Оюун гуай “Намайг номын санд сууж байхад С.Дашдондог мөн л сууж байдаг байлаа” гэж дурсаж үлдээсэн байдаг. Аавыг олон нийт театрын урлагийн анхны шүүмж судлаач гэдгээр нь сайн мэднэ. Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Л.Түдэв гуай “Хүмүүс” номондоо аавыг минь “С.Дашдондогийн бичсэн театрын судлалын өгүүллүүд сүүлийн хэдэн жил төв хэвлэлүүдэд тасралтгүй нийтлэгдэж, тэр бүхнээс уншигчид шинэ мэдээлэл авч байна. Театрын тайзнаас үзсэн жүжгийнхээ үргэлжлэлийг үзэгч олон сонин, хэвлэлийн хуудаснаас үргэлжлүүлэн унших мэт болдог билээ” хэмээн онцолсон нь бий.
Нээрээ л аавын минь тухайн үеийн бүтээлүүд болох ном, шүүмжүүд, хөрөг, өгүүллүүд нь одоогийн театр судлаачдын гарын авлага болж, театрын шүүмжийн урлагт хийсэн судалгаа нь өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй бүтээл болж байна. Аавыг минь сургуулиа төгсөөд анхны шүүмжүүдээ гаргахад нь зохиолч Л.Ванган гуай “Энэ чинь жинхэнэ мэргэжлийн театр судлалын шүүмж байна даа” гэж танилцуулж, үнэлж байсан гэдэг.
Миний санаж байгаагаар манайд хамгийн их ирдэг зохиолч нь Д.Намдаг гуай байлаа.
-Танайхаар тухайн үеийн урлагийнхан ирнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Л.Ванган гуай, С.Гэндэн гуайтай их ойр. Тэр дундаа Л.Жамсранжав гуай аавтай минь бүр ч ойр байсан. Театрт тавьж байгаа жүжгүүдийнхээ тухай ярьж, дүр дээрээ ажиллах тухай зөвлөгөө их авна. Миний санаж байгаагаар манайд хамгийн их ирдэг зохиолч нь Д.Намдаг гуай байлаа. Д.Намдаг гуай аавтай их удаан ярьж сууна. Миний аав амьд ахуйдаа нийтдээ театрын 200 гаруй түүх, онол, арга зүйн шүүмж, хөрөг, өгүүлэл хэвлүүлж, “Өрнөдийн эрэлхэг зоригийн ба эмгэнэлт жүжгийн сонгодог зохиолууд Монголд тавигдсан тухай” /1961/, “Тайзны урлагийн шинэчлэл” /1969/, “Театрын урлагийн зарим зүтгэлтэн”/1971/, “Өрнөдийн театрын хураангуй түүх” /1983/, “Жүжиглэхүйн ухаан”/1986/, “Сувдан хөшиг”/1987/, ”Социалист орнуудын театрын лавлах”/1987/, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” /1993, Л.Эрдэнэбулгантай хамтарсан/, “Тэнгэрлиг жүжигчин Цагааны Цэгмид” /1995/, “Жаран жилийн шаштир” /1996, I, II боть/ гэсэн ном бүтээлүүд туурвисан. Мөн Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн тухай баримтат уран сайхны кино зохиол бичсэн нь кино болж, 1974 онд дэлгэцнээ гарсан байдаг. Түүнчлэн аав минь “Монголын орчин үеийн уран зохиолын дэлгэрэнгүй түүх”, “БНМАУ-ын соёлын түүх”, “Монголын нэвтэрхий толь” зохиоход идэвхтэй оролцож, Монголын театрын музей байгуулагдахад чадлаараа хувь нэмрээ оруулсан.
-Төр, нийгмийн албанд ажиллаж байхдаа театрын ажлаасаа холдож байв уу?
-Аав минь театрынхаа урлагт тун дуртай хүн байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг байхад нь “С.Дашдондог гуай ажлаа хийхгүй шүүмжээ бичээд байгаа юм уу” гэж хүртэл ярьдаг байсан гэдэг. Гэтэл аав 04:00-08:00 цаг хүртэл ширээнийхээ араас босохгүй сууж, театрынхаа юмыг хийчихээд ажилдаа явдаг байсан. Үзсэн харснаа тэмдэглэж, аваад л чөлөө гарвал суучихдаг байж билээ. Нэг их том ширээтэй. Түүнийхээ ард намайг босоход сууж байдаг. Унтахад ч сууж л байна. Хөдөө орон нутгийн театраар их явна. Соёлын яамны болон театрын уран сайхны зөвлөлд ажилладаг байсан юм.
-Аав тань ямар араншинтай хүн байв?
-Аав минь их хурц ширүүн харагддаг байсан шиг байгаа юм. Өтгөн хөмсөгтэй, царайлаг хүн байсан. Хөмсөг ихтэй болохоор бага зэрэг ширүүн харагддаг. Иймээс танихгүй хүн “Ууртай хүн байна” гэж айдаг байсан шиг байгаа юм. Гэхдээ яриад суухаараа их зөөлөн, хүнийг ойлгодог хүн байв. Бас их нямбай, цэвэрч. Ээжид гэрийн ажилд нь тусална.
Шалаа угаагаад л, биднийг өглөө их унтуулдаггүй. “Эмэгтэй хүн их унтаж болохгүй” гээд л эрт босгодог байлаа. Мэргэжил эзэмших хэрэгтэй, тогооны хүн болж болохгүй гэж байнга захидаг байлаа. Ном их уншдаг байсан. Манайх их арвин номын сантай. Бид орос хэл дээр ном уншдаг байлаа шүү дээ. “Гэр бүлээ авч явахын тулд мэргэжилтэй байж, биеэ даасан байх ёстой” гэж бидэнд сургадаг байсан. Тиймдээ ч аав бүгдийг нь гадаад хэлний мэдлэгтэй болгож, өнөөдөр бүгд докторын зэрэгтэй судлаач болсон байна.
-Аавын тань үлгэрлэж үлдээсэн бүхэн одоо таны амьдралын зарчим болсон болов уу. Аавтайгаа хамт өнгөрөөсөн сайхан дурсамжуудаасаа бидэнд хуваалцаач?
-Аавын амьдрал тэр чигээрээ бидэнд сургаал, үлгэр жишээ болсон. Үнэнч шударга ажилч хичээнгүй “Ажил хийвэл дуустал хий” гэж хэлдэг байсан юманд их нухацтай ханддаг. Цэвэрч нямбай, тоос шороотой гутал хувцсанд дургүй, хир үнэртүүлсэн хүнд бас дургүй. Биднийг хааяа хөмсгөө зангидаж харахад бид нам болдог байлаа Ээж аав хоёрыг хэрэлдэж, ам мурийж байхыг бид үзээгүй. Аав маань ээжид их хайртай, “Миний муу шар ээж” гэж энхрийлдэг байсан даа. Ийм сайхан гэр бүлд бид өсөж, хүмүүжсэн. Энэ бүхэн нь хүүхдүүд бидэнд үлгэр жишээ болж дээ.
Миний аавын хийж үлдээсэн театрын онол түүх шүүмж судлалын өв, хийсэн бүтээсэн бүхэн тэр чигээрээ ганц бидний бус Монголын театрын урлагийнхны бахархал.
-Хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн танайд байгаа юу?
-Би л театр судлаач болсон. Миний дүү Д.Баярсайхан түүхийн ухааны доктор. Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн. Ил хаадын талаар судалгаа хийж байгаа дэлхийд данстай том эрдэмтэн дүүтэй хүн шүү, би.
Намайг театр судлаач мэргэжилтэй болно гэхэд аав минь “Театр судлаач эмэгтэй хүнд тохиромжтой сайхан мэргэжил. Чи хүүхдээ тэврээд ч болох нь ээ номоо бичдэг байхгүй юу” гээд их баярлаж билээ.
Би Ленинградын Театрын дээд сургуульд суралцаж, театр судлаач болсон доо. Би дипломын ажлаа Д.Намдаг гуайн жүжгийн зохиолоор онц дүнтэй хамгаалж байсан юм. Аав минь миний дипломын ажлыг үзчихээд “Дажгүй судалгаа болжээ” гэж билээ.
-Энэ жил аавын тань мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Аавынхаа амьдрал, уран бүтээлийг мөнхжүүлэх, үргэлжлүүлэх талаар та ямар ажил санаачлан хийж байж байна вэ?
-Аавынхаа бичсэн “Жаран жилийн шаштир” боть номыг нь шинээр хэвлүүлэн гаргасан. Энэ сард аавын нэрэмжит театрын шүүмжийн бичлэгийн сургалтыг Монголын Зохиолчдын Эвлэлээс зарлаад байна. Мөн аавынхаа бичсэн шүүмжүүдийг эмхэтгэж, ном болгон бүтээхээр төлөвлөж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА |
|