• Өнөөдөр 2024-03-29

Домогт их мастер ГАРРИ КАСПАРОВ: Зодог тайлсныхаа дараа л шатрын спортыг эмгэнэл, зовлон байсныг ойлгосон

2023-04-14,   821

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний зургаан удаагийн аварга, домогт их мастер Гарри Каспаровын 2005 онд “New York Times” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Уг ярилцлагыг “New York Times”-ийн нийтлэлч Дилан МакКлейн авч байсан бөгөөд ярилцлага “New York Times” сонины 2005 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн байдаг.

-ҮЕ ҮЕИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ТОГЛОЖ, ТЭДНЭЭС СУРАЛЦАЖ, ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙСАН МИНЬ НАДАД НОМЕР НЭГ БАЙХ ЭРХ ОЛГОСОН-

-Яагаад зодог тайлахаар болсон юм бэ. Шатрын спортын хувьд 41 нас гэдэг залуудаа ч ордог. Бүр зарим тоглогч нас ахиад ирэхээрээ илүү амжилтад хүрдэг шүү дээ?

                    -Юун түрүүнд, “Амжилт гэж юу вэ” гэж өөрөөсөө асуусан нь дээр болов уу. Амьдралд зарим тохиолдолд ялалт гол зүйл биш шүү дээ. Би дэлхийн шатрын спортыг 20 жилийн турш тэргүүлсэн. Харин зодог тайлах нь өөртөө, мөн чанартаа хийсэн том өөрчлөлт байсан. Одоо би шатар тоглохоос өөр зүйлс хийхийг хүсэж байна. Сэтгэлийг минь хөдөлгөдөг зүйлтэй болж зорилготой баймаар байна.

-Шатрын ертөнцөд ноёлж байсан замналаа орхисныхоо дараа сэтгэл дундуур, харамсах сэтгэлтэй тулгарах уу?

                    -“Би дахиад ч 3-4 жил дэлхийн шатрыг тэргүүлэх байсан” гээд хэлчихвэл тийм бардамнасан хэрэг болохгүй байх гэж бодож байна. Гэсэн ч амьдрал шатраас илүү чухал зүйл олон байгаа мөн зөв цаг нь ирсэн учраас. Надад уншиж, сурмаар зүйлс, бичмээр юмс ч олон бий. Би шатрын тухай номоороо хямрал нүүрлээд байгаа Оросын ард түмнийг сэргээхэд дэм болох нь чухал гэж бодож байна. Гэлээ ч энэ бүх зүйл миний амьдрал тийм ч их өөрчлөлт авчирна гэж бодохгүй байгаа. Цаашид би шатрын спортод дахин амьдралаа зориулж, сэтгэл ханаж, догдолж чадахгүй байх.

-Хэрэв нөхцөл байдал өөр байж, дэлхийн аваргын төлөө дахин тоглох боломж олдсон бол шатрын спортод үлдэх байсан уу?

                    -Нөхцөл байдал өөр байсан бол, Владимир Путины дэглэм илүү тогтвортой байсан бол, хэрэв... Амьдрал шатар шиг байсан бол дахин нэг жил хүлээж болох байсан байх. Энэ бүхэнд хэтэрхий олон “Хэрэв” байгаа биз. Гэхдээ замналаа орхиж, зодог тайлах шийдвэрийг нэг шөнийн дотор л гаргачихдаггүй шүү дээ. Өглөө босоод “Ингээд дууслаа” гээд дуусгачихдаггүй юм.

-Шатар тоглохоо больсоноос хойш таны өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

                    -Намайг “Чөлөөт сонгол-2008” хорооны даргаар сонгож, ОХУ-ын улс төрд идэвхтэй үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон. ОХУ-ын улс төрийн салбар ихэвчлэн тогтсон хуваарьгүй, хөдөлгөөнтэй байдаг учир их л завгүй байгаа.

-Та бүх цаг үеийн шилдгийн шилдэг шатарчдыг эрэмбэлэх болбол өөрийгөө хэдэд жагсаах вэ?

                    -Үнэндээ би ийм асуултад дургүй. Хэтэрхий субьектив шинж чанартай шүү дээ. Олонх хүн өндөр гүйцэтгэл, хүчний байдалтай холбон тайлбарлаж, намайг нэгдүгээр жагсаадаг. Намайг 1972 онд дэлхийн шатрын аваргад тоглож байхад Бобби Фишер байлаа. Түүний дараа Карпов, тэгээд залуу үеийнхэн. Гэсэн ч би шинэ үеийнхэнтэй хөл нийлүүлж, тэднийг ялсан. Би 20 жилийн турш дэлхийн шатрын спортын чансааг тэргүүлж, хамгийн шилдэг нь байж чадсан. Үе үеийн шилдгүүдтэй тоглож, тэднээс суралцаж, уусан нэгдэж, шинийг эрэлхийлж байсан минь надад номер нэг байх эрхийг олгосон гэж хэлмээр байна.

-Хэдий зодог тайлсан ч та дахин эргэн ирж, тоглох боломжтой. Нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан хүртэл хоёр ч удаа зодог тайлж, эргэн ирж байсан шүү дээ?

                    -Зодог тайлснаас хойш хагас жил өнгөрөөд байтал Энэтхэгийн шатрын их мастер Вишванатан Ананд надаас “Эргэж ирэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асуусан. Тухайн үед би “Бүрмөсөн орхихгүй ээ” гэсэн. Шатрын спортыг орхиод зургаан сар, нэг жил өнгөрнө. Нэг өдөр би өглөө сэрээд “Бурхан минь, би шатаргүйгээр амьдарч чадахгүй юм байна” гэж бодож байсан үе бий. Түүнээс хойш олон хүн намайг шатарт эргүүлэн оруулахын тулд олон сая ам.доллар гаргасан. Гэхдээ надад үнэхээр шатар тоглох хүсэл үлдээгүй байсан. Жордан тухайн үед юу бодож, ямар мэдрэмж төрж байсныг хэлж мэдэхгүй юм. Харин одоо надад хийх олон өөр зүйл байна.

-Та шатрын спортын түүхэнд, үзэгч, дэмжигчдийн дунд хэрхэн дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ?

                    -Хүн бүр л миний талаар гэсэн өөр өөрийн дурсамжтай байх болно. Би одоо ч дэлхийн өнцөг булан бүрээс надад хаягласан үзэгч, дэмжигчдийн захидлыг уншаад баяртай байдаг. Тэр үедээ л “Би ч шатрын спортын төлөө чадахаа хийжээ. Сайн шатарчин гэж дурсагдах байхдаа” гэж боддог юм. Харин 20-30 жилийн дараа хэрхэхийг хэлж үл мэднэ. Би ердөө л өөрийгөө “Шатарт өөрчлөлт хийсэн болов уу” гэж найддаг хүн.

Гарри Каспаров "Deep Blue" шатрын компьютертэй тоглож байгаа нь. 1997 он.

-Та “ялагдашгүй” аварга байхдаа буюу 1997 онд “Deep Blue шатрын компьютертэй тоглож, гурван тэнцээ, нэг хожигдлоор ялагдал хүлээж байсан. Тэр тоглолт таны шатрынх талаарх ойлголтыг өөрчилсөн үү?

                    -Шатрын спортын хувьд гунигтай өдөр болж өнгөрсөн. 1997 оны тавдугаар сарын 11-ний өдөр болсон явдал зөвхөн миний ялагдал биш ээ. Шатрын хувьд эмгэнэлийн өдөр. Тэр өдөр дэлхийн шатрын спорт маш их хохирол амссан. Гэхдээ би эцэс хүртэл нь чадах бүхнээ хийж, зодог тайлахдаа ч аз жаргалтайгаар замналаа өндөрлүүлсэн.

-1980, 1990-ЭЭД ОНЫ ҮЕИЙН ШАТАР ХАМГИЙН САЙН НЬ-

-Дэлхийн шатрын спортод тогтоосон таны амжилтыг хэн нэгэн хэзээ нэгэн цагт эвдэж чадах эсэх талаар юу гэж боддог вэ?

                    -Өнөө цагт үнэлгээ, үнэлгээний систем өөрчлөгдөж болно. Дэлхийд шатрын спорт хурдацтай хөгжиж байна. Хэн нэгэн таван жилээс дээш хугацаагаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй. Таван жил байсан ч өнөө үед маш том амжилтдаа тооцогдоно шүү дээ.

-Ид шатар тоглож байх үеэс хойш буюу өнгөрсөн 20 жилийн хугацаанд таны тоглох арга барилд хэр их өөрчлөлт орсон бэ?

 

-Өөрчлөлт хийж чадахгүй бол ялж чадахгүйтэй л адил. Харин өөрчлөлтийг өөрөө тохируулах хэрэгтэй. Өөрчлөлт бол байгалийн үйл явц.

 

-Өнөөдрийн та 1986 онд ид үеийн өөрийгөө ялж чадах байсан болов уу?

                    -Хэлэхэд хэцүү. Харин миний хувьд хамгийн сайн тоглолттой үе 1999-2000 оны үе. 1999 оны Каспаров(би) миний тоглож байсан хамгийн шилдэг шатарчин байх. Одоо би шатар тоглохоо больсон. Амьдралаа холбож явсан спортоо ардаа орхисон ч сэтгэлээр унахгүй.

-Таны үзэж байсан хамгийн шилдэг тоглолт юу байсан бэ. Үнэхээр үзээд л гайхширч, дуу алдмаар тоглолт үзсэн үү?

                    -Өрөөсгөл байж магад, гэхдээ бид аль хэдийнэ хамгийн сайныг нь харчихсан шүү дээ. 1980, 1990-ээд оны үеийн шатрын тоглолтууд хамгийн сайн нь.

                    Харин орчин үеийн шатрын урлагт шинжлэх ухаан, спортын элементүүд давамгайлах болсон. Накамура, Карлсен, Каржакин гэсэн гурван нэрийг тогтоогоод аваарай. Миний бодлоор энэ гурван тоглогч шатрын спортод шинэ эринийг эхлүүлнэ.

-Та өөрийн тоглолтуудаасаа хамгийн шилдэг тавыг нь сонговол аль аль тоглолтыг нэрлэх вэ?

                    -Хэцүү байх болов уу даа. Миний дүгнэлтээр надтай таарч тоглосон хүмүүс дунд өндөр түвшний тоглогч олон байдаг. Гэхдээ нэрлэх гээд үзье.

                    Мосвкагийн 16, 24 дүгээр тоглолт, Севиллийн 24 дүгээр тоглолт, 1982 онд Люцернд хийсэн тоглолт, Nd7-гоор битүүмжилсэн нүүдэл хийсэн Санкт-Петербургийн 22 дугаар тоглолт юм болов уу. Миний хувьд хамгийн сайхан, мартагдашгүй таван тоглолт. Гэхдээ Севиллийн 24 дүгээр тоглолтын оронд 1995 онд Нью-Йоркт болсон дэлхийн аваргад Вишванатан Анандын эсрэг хийсэн 10 дахь тоглолтыг ч оруулж болох юм байна.

-Шатрын спортын замнал руугаа эргэн харахдаа харамсаж явдаг зүйл бий юү?

                    -Гарцаагүй 1993 он. Олон улсын шатрын холбоо авлигад идэгдсэн байсан. Бүр ОХУ-ын Шатрын холбооноос ч намайг дарамталж байсан. Тэр жил хэн ч шатрыг шатраар нь тоглоогүй. Бүгд л мөнгөний төлөө тоглосон.

-Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ч хэцүү байсан байх?

                    -Шатрын спортын салбар авлигад идэгдээд зогсохгүй энэ спорт Зөвлөлтийн эрхшээлд орсон. Коммунистуудын хянадаг тоглоом болж хувирсан шүү дээ. Харин өнөө цагт улс төр бол улс төр, шатар шатраараа үлдсэн нь олзуурхууштай.

                    Гэхдээ улс төрд шатарчин байхад тийм ч буруудах зүйлгүй. Шатарчин хүн улс төр хөөж яваа нь ижил замаар яваа генералаас юугаараа муу гэж. Би өмнө ч хэлж байсан. Орост хэтэрхий олон ухаан муутай генерал, хурандаа байна. Яг ингээд л Орос буруу замаар яваад байгаа юм шүү дээ.

-Та ирээдүйд сонгуульд нэр дэвших үү. Энэ талаар бодож үзсэн үү?

                    -Мэргэжлийн шатарчны хувьд би үе шаттайгаар төсөөлөл хийж дассан. Тиймээс сонгуульд нэр дэвших эсэх нээлттэй асуудал. Гэхдээ бид өөрчлөлт хийхгүй бол ойрын ирээдүйд ОХУ-д шударга сонгууль болно гэж бодохгүй байна.

 


Домогт их мастер ГАРРИ КАСПАРОВ: Зодог тайлсныхаа дараа л шатрын спортыг эмгэнэл, зовлон байсныг ойлгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188