• Өнөөдөр 2026-03-24

“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ

       Ихэнхдээ инээмсэглэсэн, хөгжилтэй, тэгсэн атлаа багагүй заль, арга мэхтэй дүр түүнийх байдаг. Хошин урлагийн тайзан дээр ээж, эгч, эмэгтэй хүн, найз, нөхөр болж, үзэгчдэд инээд бэлэглэж байсан тэр дэлгэцэд харин аав, эмч, дарсны зоорьтой нутгийн хөгшин болж, дүрийн эргэлт хийх нь үзэгчдийн сонирхлыг татсаар байна. Энэ бол МУГЖ С.Лхагвасүрэн.

        Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул тэрбээр 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг Г.Доржсамбуу багшийн удирдлага дор төгссөн байдаг. Оюутны ширээнээс хөл тавьж, уран бүтээлийн гараагаа тавьсан газар бол Улсын Драмын театр. 10 орчим жил драмын театрт байж байгаад 1995 оноос хошин Урлагийн театрт жүжигчнээр ажиллаж, 2000 оноос "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлийг байгуулан, өдгөө хүртэл ажиллаж байна. С.Лхагвасүрэн жүжигчин "Нэг ангийн хоёр" байрны хүүхэд, "Намрын халуун өдрүүд" киноны цэрэг, "Мандухай цэцэн хатан"-ы цэрэг,  "Сүүдэрт жилийн зурвас" -ын хэлгүй Лэгүү, "Эр хүн" киноны Ганзориг,  "Түгшүүрт шөнө" -ийн цагдаа, “Хойд эцэг"-ийн Төмөрө, "Зул" киноны Аюуш,  "Нэгэн шөнийн явдал" -ын Лхагваа зэрэг дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээж, өнөөдөр ч үзэгчидтэйгээ “Эрсдэлтэй төрөх тасаг” кинонд эмчийн дүрээр уулзаж байна.

 
    Түүний дүрүүд дотроос хамгийн эргэлттэй, мөнхүү таамаглашгүй дүр нь “Урт өдрүүд” киноны Осороо. Юу болоод буй нь үл мэдэгдэм, хэн бүгдийн гол эзэн, буруутан нь гэдгийг ч мэдэх аргагүй учир нь үл тайлагдах нууцлаг өдрүүдийн ард дарсны зоорьтой, энгийн гэмгүй Осороог байна гэж хотоос суманд нь ирсэн Энхээ сэтгүүлч яаж мэдэх вэ. Ирэх, буцах тоолондоо амттай дарс аваад, өөрт болоод буй хамаг бүхнээ яриад буцахдаа өчүүхэн ч сэжиг аваагүй бөгөөд өөр зүг, өөр тийш л эрлээ чиглүүлээд байлаа. Гэтэл залуу насны хайр дурлал, хайртай бүхнийг нь хөнөөсөн хорсол түүнд хадгалагдаж, нэгэн айлыг сүйрүүлж, сумынхныг айлган тэвдүүлж байсан юм билээ. Гэмтнүүд ихэнхдээ л инээж, тун эелдэг харилцаж, ажилсаг хичээнгүй дүрийг бүтээсэн байдаг. Осороо бүх зүйлийн гол шалтгаан атлаа тийм гэмгүй дүрийг өөртөө бүтээгээд, түүнд нь хүмүүс хууртаж, эцэст нь нэг баригддаг.

 
      Тийм эргэлттэй, харагдаж буй дүрээсээ гадна дотроо мөн өөр нэгэн дүрийг давхар бүтээх нь уран бүтээлчээс илүүтэй чадвар шаардах нь мэдээж. Тиймдээ ч С.Лхагвасүрэн жүжигчин торохгүй чадварлаг бүтээж, тэр л биднийг хуурч, өөрийгөө сайн хүн гэж итгүүлж  чадсан юм. Түүний дүрийн тухай ганцхан жишээ л энэ. Мэдээж дүр бүхэн нь гэнэтийн өөрчлөлт, элдэв сонирхолт явдлаар дүүрэн байдаг. Түүнд амжилт хүсье.

“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188