• Өнөөдөр 2024-04-25

СУРВАЛЖИЛГА: Газар хөдлөлтийн дараах 100 тэрбум ам.долларын төсөвтэй Туркийн сэргээн босголт үргэлжилж байна

2023-04-19,   782

Турк, Сирийн бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 өдөр өнгөрчээ. Газар хөдлөлт, барилга, байгууламж нурсны улмаас тус хоёр улсад 50 мянга гаруй хүн амь эрсэдсэн байдаг. Газар хөдлөлт эхлээд Турк, Сирийн хилийн бүс орчимд 7.8 магнитудын хүчтэй хөдөлж, 80 секунд орчим хугацаанд үргэлжилжээ. Эхний 24 цагт 570 гаруй чичиргээ мэдэгдэж байсан бөгөөд ердөө 20 өдрийн дотор чичиргээний тоо 10 мянга давсан юм.

                     Тэгвэл уншигч та бүхэнд дэлхийн түүхэнд үлдэх байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, давсан Турк Улс хэрхэн сэргээн босголтоо хийж байгаа талаар олон улсын агентлагуудын мэдээлэл, сурвалжилгыг хөрвүүлэн хүргэж байна. Энэ жил тус улсын Бүгд Найрамдах Улс болсон 100 жилийн ой тохиож байгаа аж. Газар хөдлөлтийн дараа Дэлхийн банк, НАТО, Европын холбоо, томоохон улсуудаас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Харин БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдээлснээр 100 жилийн ойтойгоо золгож байгаа тус улсыг сэргээн босгоход 100 тэрбум ам.доллар орох бөгөөд сэргээн босгох ажил ирэх хэдэн жилийн турш үргэлжлэх юм байна.

-ТУРК ПОРТУГАЛ УЛСААС ТОМ ГАЗАР НУТАГ СЭРГЭЭН БОСГОНО-

Албан мэдээллээр газар хөдлөлтийн улмаас Туркт 520 мянга гаруй орон сууц, 160 мянга гаруй барилга, байгууламж нурж, сүйджээ. Улмаар гамшгаас үүдэн 1.5 сая гаруй хүн орох оронгүй болсон талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдэгдсэн юм. Турк Улс НҮБ-аас хүмүүнлэгийн тусламжид тэрбум ам.доллар хүссэн бөгөөд уг тусламжийг зөвхөн эвдэрч, сүйдсэн барилга, байгууламжийн нурангийг цэвэрлэхэд ашиглах гэнэ.

Турк Улс эхний ээлжид сэргээн босгох ажил нь эхлээд байгаа бүсүүдэд нийт 200 сая бетон, тоосго, төмөр, мод, ундны усны 620 миль гаруй хоолой, бохирын шугамны 1200 орчим миль хоолой хэрэглэх төлөвтэй байгаа аж. Зөвхөн энэ хэмжээ нь л гэхэд дэлхийд томоохонд тооцогддог Барселон, Манхэттэн хотоос том хот байгуулах бараа, материал юм байна. Харин БНТУ-ын нийт сэргээн босгох талбай нь 110 мянга гаруй ам километр газар бөгөөд талбайн хувьд Португалаас том, Болгартай дүйх гэнэ.

 

THE DAILY TELEGRAPH” СОНИНЫ СУРВАЛЖИЛГА: Туркийн дийлэнх хот балгас болжээ

Миний харж байгаа зүйл бол Туркт болсон гамшгийн нэг хэсэг. Нэгэн цагт амьдралаар дүүрч, буцалж байсан гудмууд одоо гутлын дор бутрах шил, нурангиар дүүрчээ. Эвдэрч, сүйдсэн байшингууд хэдийнэ хаягдаж, хөндий, хоосон бай. Харин шалан дээр нь зөвхөн цогцос л үлдсэн байна.

                     50 мянга гаруй хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн бэртэж, гэмтсэн Туркийн газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтийн голомтод очив. Газар хөдлөлт нийт 42 мянга гаруй ам километр талбай, 11 мужийг хамарчээ. Чичиргээний улмаас 520 мянга гаруй орон сууц, 160 мянга гаруй барилга, байгууламж сүйдсэн бөгөөд Туркийн холбогдох албанаас нурах эрсдэлтэй 300 мянга орчим барилгыг дахин нурааж, цэвэрлэх гэнэ.

Туркт болсон газар хөдлөлтийг НҮБ-аас Европ тивд тохиолдсон сүүлийн 100 жил дэх хамгийн том гамшиг гэж тодорхойлсон. Европт 2003 онд ган болж тив даяар 15 мянга гаруй хүн амь эрсэдсэн байдаг. Харин 1999 онд Туркийн хойд хэсэг орших Измитийн газар хөдлөлтөд 18 мянган хүн амиа алдаж байжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн газар хөдлөлт зөвхөн Турк Улсдаа ч бус Европ тивийн сүүлийн 100 жилд тохиосон хамгийн аюулт гамшиг мөн байх аж. Харин Туркийн сэргээн босголтын өртөг нь 1987 оны Чернобылийн цөмийн ослын дараах сэргээлтээс ч үнэтэй байх юм байна.

Антакья хот хэдийнэ балгас болчихжээ. Газар хөдлөлтөд тус хотын чулуун байшингууд бүхэлдээ нурж, барилга гэхээр ч юмгүй болсон байна. Нуранги л гудамжаар нь хөглөрөх. Сүмүүдээрээ алдартай байсан Антакьягийн сүмийн оройнууд нурж, танигдахын аргагүй болсон байна. Хотын захирагчдын үзэж буйгаар нийт барилга, байгууламжийнх нь 80 орчим хувь нь сүйдсэн гэнэ. Тэр дунд агуу Александраас улбаатай түүхэн барилгууд ч багтаж байгаа юм байна.

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших хотууд ч мөн балгас болсон байх. Тухайлбал, газар хөдлөлтийн эхний үед Нурдаг хотын барилга, байгууламжуудын 50 хувь нь сүйдсэн бол хагас сая хүн амтай Кахраманмараг хотын 1000 гаруй барилга нуржээ. Засгийн газраас мэдээлснээр газар хөдлөлтийн голомттой ойр бүсэд 300 мянга орчим барилга нурсан бөгөөд 210 сая тонн орчим нуранги үүссэн гэнэ. Харин нурангийг цэвэрлэхээс эхэлсэн Туркийн сэргээн босголтын нэн тэргүүний зорилго нь эдийн засгийн импульсийг хадгалах аж.

-СЭРГЭЭН БОСГОЛТЫН ҮЕИЙН ГОЛ ТОГЛОГЧ НЬ ТУРКИЙН ОРОН СУУЦНЫ ХӨГЖЛИЙН ЗАХИРГАА-

Одоогоор Туркийн сэргээн босголт 35 хотод зэрэг хэрэгжиж байна. Сэргээн босголтын ажилд орох оронгүй, ажилгүй болсон иргэдийг нэгтгэж байгаа бөгөөд цэвэрлэгээнд туслах зэрэг 10 мянга гаруй ажлын байраар хангаж байх аж. Кахраманмараш хотын сэргээн босголтын үеэр орох оронгүй болсон хүмүүст зориулт 2100 зөөврийн чингэлэг аваачиж, иргэдийг байрлуулж байна. Тус хотын сэргээн босголтын төслийг хариуцаж байгаа Энгиний хэлснээр чингэлэгт амьдарч байгаа хүмүүсийг 6-10 сарын дараа орон сууц, байшинд оруулах гэнэ.

Газар хөдлөлтөөс үүссэн хохирол 103.6 тэрбум ам.доллар буюу Туркийн эдийн засгийн 10 гаруй хувь тэнцэх аж. Харин энэ нөхцөл сэргээн босголт хийхдээ илүү өртөг зарцуулж, шаардлагагүй барилгуудын дахин нурааж, цэвэрлэхээс зайлсхийхийг сэргээн босголтод ажиллаж байгаа “Миямото Интернэшнл” компанийн захирал, доктор Миямото Кит хэлж байна. Харин сэргээн босголтын үеийн гол тоглогч нь Туркийн Орон сууцны хөгжлийн захиргаа байх гэнэ.

                     Туркийн “Амьдралыг дэмжих” нэртэй хүмүүнлэгийн байгууллагын гишүүн Гөкхан Эркутлугийн хэлснээр усны асуудал хурц байдалтай байгаа аж. Усанд орохоос эхлээд ундны ус ч ховор байгаа юм байна. Сэргээн босголт үргэлжилж байгаа Кахраманмараш хотын нүүлгэн шилжүүлэлтэд орсон иргэд хэлэхдээ “Өдөрт зөвхөн нэг литр ус авч хэрэглэдэг” талаар хэлж байлаа.

-ХОРГОДОХ ХУАРАНГУУД ХАМУУ, БӨӨСӨӨР “ДҮҮРЧ, ХООЛ, ХҮНСЭЭР ХОМСТОЖ БАЙНА-

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших хотууд дахь түр хоргодох хуарангуудад хамуу, бөөс гарч, сүүлдээ дүүрсэн гэнэ. Зөвхөн Туркээр ч тогтохгүй Сирийн хилийн бүсийн хуаранд мөн хамуу, бөөс гараад байгаа аж. Гэсэн ч холбогдох албаны тооцоолсноор хамуу, бөөс гараад байгаа бүх хуаранд эм, тариаг нь хангалттай өгч чадахгүй түвшинд байна. Харин үүнийгээ даган орох оронгүй болж хуаранд байрлаж байгаа иргэд сэтгэл зүй, бие махбодын хүндрэлтэй тулгараад байх юм.

Хоёр сая гаруй хүн амтай Газиантеп хотод очоод Сара Одаими гэх охинтой танилцлаа. Газар хөдлөлтийн үеэр унтаж байсан түүнийг ээж нь тэврээд гарсан гэнэ. Сара газар хөдлөлтийн талаар “Би айгаагүй ээ. Харин ...” гэв. Түүний аав нь гэрээсээ гарч чадалгүй нурангид дарагдан амиа алдсан аж.

Сарагийн байрлаж байгаа хоргодох хуаранд хоол, хүнс дутмаг юм байна. Гуравдугаар сарын эхээр НҮБ-аас хоргодо хуарангуудад тусламжийн хоол, хүнс тараана гэсэн ч одоог хүртэл сураггүй. Арга ядсан иргэд өөрт байгаа сүүлийн мөнгөөрөө хоол, хүнс худалдаж авах болжээ. Туркийн хоргодох хуарангууд цөхрөлд автаж байна. Орох орон, оочих аяга, хоол худалдаж авах ч мөнгөгүй болсон хүмүүс нэгнээсээ хулгай хийж, зарим нь харуул, хяналтынхантай муудаж, хуаранд мөргөлдөөн ч гарч байжээ.

-ГЭМТЭЖ, БЭРТСЭН ИРГЭДИЙН ХИЙМЭЛ ЭРХТЭН ЗАЛГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ЖИЛИЙН ООЧЕРТЭЙ БАЙНА-

Сирийн хилийн ойролцоо орших Рейханли хотод Хиймэл мөчний үндэсний төслийн доктор Васим Чаблут байрлаж, газар хөдлөлтийн улмаас бэртэж, гэмтсэн хүмүүст эмчилгээ, хиймэл эрхтэн залгаж, физик, сэтгэл заслын эмчилгээ үнэ төлбөргүй өгч байгаа аж. Гэсэн ч хиймэл эрхтэн залгуулахаар доктор Васим Чаблутыг зорьж ирэн цаг авсан хүмүүс нэг жил хүртэл хугацаагаар “оочерлож” хүлээх болжээ.

                     Доктор Васим Чаблутын хэлснээр гар, хөлөө алдсан хүн хиймэл мөч хийлгэх боломжтой юм байна. Мөч тасарсан, тайруулсан шарх зургаан сарын хугацаанд эдгэх бөгөөд эдгэснийх нь дараагаас эхлэн хиймэл эрхтэн залгаж, түүнд тохирсон эмчилгээг хийж өгдөг аж. Харин насанд хүрээгүй хүүхэд байвал тохирсон хиймэл эрхтэн хийхийн тулд судалгааны ажил их болдог. Улмаар хиймэл эрхтэн суулгах ажил ч удааширдаг гэнэ. Эмнэлэгт зүүн хөлөө алдсан Халид гэх хүүтэй танилцав. Түүний гэрийнхэн нь хоргодох байранд байгаа бөгөөд Халид хүү Васим Чаблут эмчийн эмнэлэгт байрлаж, эмчлүүжл байгаа юм байна. Гэсэн ч түүний “оочер” хэдэн сараас наашгүй байгаа гэнэ. Харин Халид бууж өгөөгүй байх аж. Тэрбээр надад “Би өмнө нь цэрэг болохыг хүсдэг байсан. Харин одоо Васим эмч шиг эмч болоод өөр шигээ болсон олон хүнд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм.

 


СУРВАЛЖИЛГА: Газар хөдлөлтийн дараах 100 тэрбум ам.долларын төсөвтэй Туркийн сэргээн босголт үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188