• Өнөөдөр 2024-03-29

Дэлхийг “нөмөрсөн” нүүрсний хомстол, эрчим хүчний хямрал цар тахал дуустал үргэлжлэх үү

2021-10-24,   646

                Дэлхий дахинд нүүрсний хомстлын улмаас эрчим хүчний хомстол үүсэж, эрчим хүчний хямрал нүүрлэж байна. Эрчим хүчний хямрал Европ тив, БНХАУ, АНУ, Өмнөд Африк, Энэтхэг даяар үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн 2020 онд “Ковид-19” цар тахал гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд дэлхийн нийт орны 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан. Харин БНХАУ, Сингапур, Вьетнам, Мьянмар болон Африкийн цөөн орон эдийн засгийн өсөлттэй өнгөрч байлаа.

          Цар тахлын цаг үед эдийн засгийн өсөлттэй байсан орнуудын хувьд цар тахлын хумих, халдвар хамгааллын дэглэмийг барих зэрэг арга хэмжээг цаг тухай бүрт нь үр дүнтэй авч байсан нь ашигт хөтөлсөн. Гэвч цар тахал, хөл хорионы үед нүүрсний хэрэглээ нь өндөр түвшинд хүрч, нүүрсний хомстол үүсгэснээр эрчим хүчний хомстол цаашлаад эрчим хүчний хямрал үүсгэсэн байгаа юм. Тухайлбал, дээр дурдсан эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа бүс нутгуудад нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрээс илүү нүүрсний эрчим хүчээр цахилгаанаа үйлдвэрлэж байгаа улс олон байжээ. Улмаар хил хаалттай, хөл хорионы үед тус улсуудад нүүрсний импорт огцом буурч, нүүрсний хомстол үүсгэсэн нь өдгөө дэлхийн хэмжээний эрчим хүчний хямралын асуудал болсон байна.

Энэтхэг Улс цахилгаанаа хязгаарлаж магадгүй

          Энэтхэг Улсын цахилгаан станцуудын нүүрсний нөөц энэ онд урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр буурсан. Цар тахлын үеийн нүүрсний хомстолд Энэтхэг Улс ч гэсэн өртөж, эрчим хүч үйлдвэрлэгчдээс нийт нүүрсний хэрэгцээнийхээ 10 хүртэлх хувийг Энэтхэг Улс руу экспортлохыг хүсэж, эрчим хүчний хангамжаа хангахыг хүссэн. Энэтхэгийн ойд бүсийн нутаг, Пенжаб мужаар үргэлжилсэн эрчим хүчний хомстол өчигдрөөс нийслэл Шинэ Дели хотод ажиглагдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг Улсын Эрчим хүчний яамнаас Шинэ Дели хотын эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж.

          Харин гаднын зах зээлд нүүрсний хомстол, эрчим хүчний үнийн өсөлтийг мөнгө олох зорилгоор ашиглаж эхэлбэл Энэтхэг Улс эрчим хүчээ худалдаж авах бус улсын хэмжээнд цахилгаанаа хязгаарлахаа мэдэгдсэн байна.

АНУ газрын тос, автобензины үнийг бууруулахын тулд газрын тосны нөөцөө дарна

          Өнгөрсөн наймдугаар сараас хойш АНУ-д байгалийн хийн үнэ 47 хувиар өсөж, 2021-2022 оны өвлийн улиралд эрчим хүчний хямрал үүсэх нөхцөл бүрджээ. Bank of America-гаас брент төрлийн газрын тосны нэг баррель тутмынх нь үнэ 100 ам.доллар давж, сүүлчийн долоон жилийн дээд хэмжээнд хүрч, эрэлт нэмэгдэх магадлалтай гэж таамагласан. Нөгөөтээгүүр өнөөгийн улстөрчдийн “толгойны өвчин” болж байгаа автобензины үнэ өсөж байгаатай холбоотойгоор газрын тос, автобензины үнийг бууруулах зорилгоор газрын тосны нөөцөө дарж, хадгалж болзошгүй болоод байна.

Европ холбооноос Испанийн Засгийн газарт хориг тавина

          Европ даяар байгалийн хийн үнэ энэ оны эхний есөн сарын байдлаар түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь эрчим хүчний үнийг 200 хувиар өсгөжээ. Ялангуяа Европын хойд тэнгис дэх байгалийн хийн нийлүүлэлт тасарч, нөөц хязгаарлагдмал байгаагаас Их Британи Улс их хэмжээний хохирол амссан байна. Гэсэн ч Их Британи Улсын зүгээс эрчим хүч өндөр шаардлагатай компаниудад хөрөнгө зээлдүүлж байгаа сураг байгаа юм. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Испанийн Вант Улсад эрчим хүчний үнэ гурав дахин өсжээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Европын холбооноос Испанийн Засгийн газар, эрчим хүчний үнэ, компанийн ашгийг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаа зарласан.

          Европ даяар нүүрлэсэн эрчим хүчний хомстолын эсрэг Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн хангамжийг хамтарч, худалдан авах талаар судалж байгаа юм байна. Европын холбооны орнуудын хамтран худалдан авалт одоогийн байдлаар судалгааны түвшинд байгаа бөгөөд Европын холбооны Эрчим хүчний комиссар Кадри Симсон “Ирэх 2022 оны хавраас эхлэн байгалийн хийн үнэ аажмаар буурна гэж найдаж байгаа” тухайгаа мэдэгдсэн. Хэрэв комиссар Кадри Симсоны мэдэгдэл биеллээ олбол Европын холбоо хамтарч, эрчим хүч худалдан авах шаардлагагүй болох юм.

БНХАУ-ын эрх баригчид нүүрсний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийг шаардав

Цар тахлын үед БНХАУ нүүрсний импортоо багасгасан нь тус улсын ашиглах нүүрсний хэмжээ нь их хэмжээгээр ихсэж, нүүрс үйлдвэрлэгч, боловсруулагчдын ажил удааширсан нь эрчим хүчний хомстол үүсэхэд нөлөөлсөн. Улмаар БНХАУ даяар эрчим хүчний хямрал үүсэж, Гуандун мужийн эрх баригчид оффисын барилгад цахилгаан шат ашиглахыг хүртэл хоригложээ.

          Үүнтэй холбоотойгоор албаны хүмүүсээс ӨМӨЗО-ны 70 гаруй уурхайд нүүрсний олборлолтыг энэ сард 100 орчим тонноор нэмэгдүүлэх тушаал гарсан байна. Мөн есдүгээр сарын 29-нд БНХАУ-ын хамгийн том нүүрс олборлогч бүс нутаг болох Шанси энэ өвөл 14 өөр бүс нутаг руу нүүрс нийлүүлэх амлалт өгчээ. Хэрэв 2021-2022 оны өвлийн улиралд нүүрс олборлолт өсөж, эрчим хүчний хомстолоос салахгүй бол, БНХАУ-ын Шинжаан, Гансу, ӨМӨЗО, Хэйлонжиан, Жилин, Ляонян, Хэбэй мужийн нутгаар өвлийн улиралд хэрэглээний цахилгааны хязгаарлалт хийх аж.

Эрчим хүчний хямралыг сэргээх хялбар шийдэл байхгүй

Өнгөрсөн 2020-2021 оны өвөлд Европын олонх байгалийн хийн нөөц шавхагдаж дууссан. Европ дахь байгалийн хийн хямрал нь нөхөн сэргээгдэх эрчим хүчний хямрал боловч ОХУ-аас экспортын хий буурсан нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа юм. Энэ талаар “IHS Markit”-ын түүхий нефть, эрчим хүч, хөдөлгөөнт байдлын талаарх судалгааны багийн ахлагч Жим Бурхард “Эрчим хүчний хямралыг сэргээх яаралтай тусламж үзүүлэх боломжгүй” хэмээн мэдэгджээ. Цар тахал холбоотойгоор нүүрсний экспорт, импорт багасаж байгаа энэ үед нүүрсний хомстлын улмаас үүссэн эрчим хүчний хямрал эдийн засаг эргээд хэвийн түвшинд шилжих үед буюу цар тахал дуусахад эрчим хүчний хямрал зогсоно гэж зарим шинжээч үзээд байгаа юм.

          Европ дахь эрчим хүчний хомстол болон байгалийн хийн экспортын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Russian Energy Week” зөвлөгөөнд оролцох үеэрээ байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Байгалийн хийн экспортыг нийлүүлэх ёстой оронд нь нийлүүлнэ. Мөн нэмэлт эрчим хүч хэрэгтэй оронд гэрээний нөхцлөөрөө нийлүүлэх болно” хэмээжээ.

Эрчим хүчний хомстолын үед ашигтай ажиллаж байгаа салбарууд:

-Эрчим хүчний хомстол үүсээд байгаа БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч, эрчим хүчний нүүрсний үнэ өссөн. Тухайлбал, угаасан коксжих нүүрсний үнэ 30 юаниар унаж, тонн тутмынх нь үнэ 3500 юань болсон бол, түүхий коксжих нүүрсний үнэ өмнөх сарын үнээсээ 20 юаниар буурч, тонн нь 2990 юань болсон байна. Харин БНХАУ-д нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлдэг Шаньси, Шэньси муж дахь уурхайн нүүрс үйлдвэрлэл огцом буурч, гацаанд орсон нь БНХАУ-д эрчим хүчний хомстол үүсгэх шалтгаан болж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Жэнжоу биржид эрчим хүчний нүүрсний фьючерсийн үнэ 8.8 хувиар өсөж, тонн тутмынх нь үнэ 254 ам.доллар болсон байна.

-Мөн Европын холбооны гурван орон цайрын үйлдвэрлэлээ 50 хүртэлх хувиар бууруулна гэж мэдэгдсэнээс хойш Лондонгийн металлын бирж дээр цайрын үнэ өнгөрсөн хагас жилийн хугацаанд идэвхтэй өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Шанхайн фьючерс дээр цайрын үнэ нэг тонн нь 24 мянган юань буюу 3721.68 ам.доллар болж өссөн нь 2007 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэдээ хүрсэн байна. Мөн Лондонгийн металлын биржид цайрын үнэ 3.3 хувиар өсөж, 3372.50 ам.доллар болж, 2018 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үнэдээ хүрчээ.

-Нүүрс, эрчим хүчний хомстолыг дагаад олон улсын зах зээл дэх металлын үнэ нэмэгдэж байгаа. Дэлхий дахинд гар утас үйлдвэрлэхээс эхлүүлээд шар айрагны сав хийхэд ашиглагддаг хөнгөн цагаан нь дэлхийн хамгийн эрэлттэй металл. Гэтэл үйлдвэрлэгч, боловсруулагчид эрчим хүчний хомстолыг даган нийлүүлэлтээ хумьсан нь ийн хөнгөн цагааны зах зээл дэх үнэ өсөх шалтгаан болсон юм. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ 2.8 хувь өсөж, тонн нь 3049 ам.долларт хүрчээ. Хөнгөн цагааны үнэ тонн тутамдаа 3049 ам.доллар болж өссөн нь 2008 оны долдугаар сараас хойших олон улсын зах зээл дэх хамгийн өндөр үнэ гэж “Mining” онцолсон байна. Лондонгийн металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ өссөнтэй холбоотойгоор хөнгөн цагаан, хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг болох ОХУ-ын “Русал” компанийн “En + Group”-ийн хувьцаа 5.2 хувиар өсөж, 873 рубль болжээ. Харин өнгөрсөн есдүгээр сараас цайр, хар тугалга зэрэг түүхий эд үйлдвэрлэгч, боловсруулагчид алдагдалтай ажилласан аж.

 

 


Дэлхийг “нөмөрсөн” нүүрсний хомстол, эрчим хүчний хямрал цар тахал дуустал үргэлжлэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188