• Өнөөдөр 2024-05-17

ЗАРТАЙ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГҮҮД...

2022-01-15,   938

        Өнгөрөгч 2021 онд залилангийн 6100 гаруй гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад 38 хувиар, 2020 онтой харьцуулахад 52 хувиар өссөн үзүүлэлт аж. Чухамдаа залилан мэхлэх аргаар гэнэт баяжих хүсэлтэй этгээдүүд олшилсоор байна гэсэн үг. Тэгвэл бид хохирол нь хэдэн тэрбумаар хэмжигдэх зартай залилангийн хэргүүдийн заримыг эргэн сануулж байна.


ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНААС ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖ АВСАН ХЭРЭГ

          2021 оны тавдугаар сарын 25-ний 15:00 цагийн орчимд Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараар үйлчлүүлсэн 50 орчим насны эмэгтэй хоёр сая ам.долларын гүйлгээ хийжээ. Гүйлгээ хийж гаргуулсан мөнгөн дүн нь асар их боловч хэн ч сэжиглээгүй байгаа юм. Гэтэл цаг орчмын дараа уг гүйлгээ хуурамч бичгийн баримтаар хийгдсэнийг банкныхан мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Цагдаа нар тухайн салбарт очиж шалгалт хийхэд залилагчид барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн захирлаар ажиллаж байгаад нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, тэр хуурамч албан бланк, тамга, тэмдэгтэй бичиг баримтаараа хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөгийн залилаад алга болсон байсныг тогтоосон. Ингэхдээ залилагчид хэн ч харсан залилагч гэхээргүй, нас тогтсон эмэгтэйг сонгосон нь тэднийг “мэргэжлийнх” гэдгийг шууд л харуулж байсан гэдэг.

Зартай залилагчдыг эрэн сурвалжилж байх явцад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс “Ланд круйзер” автомашин дотроос 1.1 сая ам.доллар олдсон нь хэргийг улам ч ээдрээтэй болгосон гэдэг. Залилагчдын Худалдаа хөгжлийн банкнаас авсан мөнгө үү, эсвэл энэ  хэрэгтэй огт холбоогүй мөнгө үү гэдгийг шалгаж байв. Эрэн сурвалжлах ажиллагааны эцэст нь цагдаагийнхан эл залилангийн гэмт хэрэгт холбогдуулан 13 хүнийг баривчилж, тэднээс 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б, 34 настай З нарыг гол зохион байгуулагчаар нэрлэсэн юм.

Дээрх этгээдүүдээс баригдалгүй хамгийн удаан эрэн сурвалжлагдсан нь гол зохион байгуулагчдынх нь нэг Б.Бямбадорж гэх эр байв. Тэрбээр өмнө нь Хаан банкнаас хуурамч итгэмжлэх бичиг ашиглан БНХАУ-ын иргэний данснаас 1.1 тэрбум төгрөг залилж байсан хар түүхтэй нэгэн байсан бөгөөд батлан даалтад байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банкийг ингэж залилсан байдаг. Мөн 20 сая төгрөгөөс дээш хохиролтой буюу газар, автомашин залилсан гэмт хэргүүд нь ч ил болсон байдаг.

ЗАРТАЙ ЗАЛИЛАНГИЙН БҮЛЭГ МОНГОЛД ИРЖ, БРЭНДИЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙГ “ХООСЛОХ” ДӨХСӨН НЬ...

          Монгол Улсад гадаадын бүлэг гэмт этгээд залилан хийх зорилгоор ирж, тэр зорилгоо ч биелүүлсэн нэгэн залилангийн хэрэг дуулиан тарьж байв. Тодруулбал, Малайз улсын иргэн Тэ Ю Лин, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нар нь бүлэг манай улсад залилан хийхээр орж ирсэн байдаг. Ингэхдээ өөрсдийнх нь нэр бүхий олон улсад ашиглагддаг “Master”, “Visa” төлбөрийн картуудыг хуурамчаар хийж оруулж ирсэн. Улмаар хуурамч картуудаа ашиглан 2012 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөдүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 133 сая 64 678 төгрөгийн барааг худалдан аваад байх үедээ хууль хяналтынханд баригдсан.

Залилагчид энэ гэмт хэргээ маш нарийн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэйгээр үйлдсэн гэдэг. Учир нь Малайз улсын иргэн Тэ Ю Лин нь залилангийн хохирогч болгох худалдаа үйлчилгээний төвүүдийг урьдчилан судалж, бусдадаа зааж өгөх, дагуулж явах, замчлах, авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалах зэргээр бүх зохион байгуулалт, арыг албыг нь хариуцаж байжээ.  Харин бусад гэмт этгээдүүд нь 49 ширхэг хуурамч картаар “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хаан” банкаар гүйлгээ хийж, “Централ тауэр” худалдааны төвд байрлах “Hugo boss”, “Burberry” дэлгүүрүүд болон “Скайтел” ХХК,“Скай”, “Наран”, “Номин” компанийн зарим салбар дэлгүүрээс гар утас, цүнх, хувцас зэрэг дамлан зарахад үнэ хүрэх брэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд  43 сая, “Голомт” банкинд 83 сая, “Хаан” банкинд зургаан сая  төгрөгийн хохирол тус тус учруулсан байдаг.

Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Тэ Ю Линд 10 жил хоёр сар, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нарт 10 жил нэг сарын хорих ял шийтгэж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

12 МЯНГАН ИРГЭНЭЭС 25 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН "ЖИ-ТАЙМ" СҮЛЖЭЭНИЙ ДУУЛИАНТ ХЭРЭГ

           Монголчуудад сүлжээний залилангийн хор хохирлыг утгаар нь ойлгуулсан “Жи-Тайм”-ын хэргийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. “Жи-Тайм” сүлжээ улс даяар 12 мянган иргэнээс 25 тэрбум төгрөг салгасан. Энэ хэргийг хохирогчид одоо ч нөхөн төлбөрөө авч чадаагүй байгаа юм.

Хэргийг эргэн сануулбал, Казахстан улсын иргэн Маженов Марат 2016 оны арваннэгдүгээр сард Монголд ирж, “Жи тайм корпорэйшн” ХХК-ийг байгуулж, алдарт сүлжээний залилангаа эхлэх бэлтгэлээ хангажээ. Ингээд монголчуудад “Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжлэгтэй байгуулагдсан “Жи-Тайм” корпораци дэлхий дахинд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус корпорацийн Монгол дахь салбар болох “Жи-тайм корпорэйшн” ХХК-ийг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа” гэх зэрэг хуурамч мэдээлэл нийтэд тарааж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх замаар залилангаа эхлүүлжээ. Дараа нь “Ямар ч бараа худалдах шаардлагагүй, зөвхөн тодорхой мөнгө сүлжээнд оруулаад, доороо хүн элсүүлэх замаар оруулсан мөнгөө хэд нугалж авах боломжтой” гэдэг татгалзахын аргагүй санал тавьж эхэлснээр “Жи-Тайм” сүлжээнд иргэд хэдэн зуугаараа элсэж эхэлсэн юм. Эхний  900 орчим хүн нь сүлжээнд  оруулсан мөнгөө нугалж авсан нь сүлжээнд итгэгсдийн тоог улам ч нэмжээ. Ингээд нэг л мэдэхэд “Жи-Тайм” сүлжээнд элссэн хүмүүсийн тоо 12 мянгад хүрч, сүлжээнд оруулсан  мөнгө нь 25 тэрбум хүрчээ. Гэтэл гэнэт хэрэг бишдэж, санхүүгийн пирамид буюу сүлжээний залилан байсан нь илчлэгдсэн юм.

11 мянга гаруй хохирогчтой, 581 хавтаст хэрэгтэй тус хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид 2018 оны тавдугаар сард хянаж дууссан. Гэхдээ хэтэрхий олон хохирогчтой хэрэг учраас шүүх ажиллагаа өнгөрсөн оны сүүл хүртэл үргэлжилсэн. Шүүхээс “Жи-Тайм”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Оюунчимэгийг энэ залилангийн хэргийг явуулах нөхцлийг бүрдүүлсэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, таван жил хорих ялаар шийтгэсэн. Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум төгрөг гаргуулж, хохирогч нар олгохоор шийдвэрлэсэн юм.

Одоогоор 11 мянган хохирогчид тус сүлжээний буюу Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан долоон тэрбум төгрөгийг тэгш хуваарилах ажил явагдаж байна. Харин энэ хэргийг зохион байгуулсан М.Маратын хувьд монголчуудаас залилсан 25 тэрбум төгрөгийнхөө зургаан тэрбумыг нь Казакстан дахь гэр бүл рүүгээ шилжүүлээд, гадуур байцаагдаж байх үедээ зугтсан гэгддэг билээ.

 


ЗАРТАЙ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГҮҮД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 17:25:35
    zochin : хасаг новшнууд ийм л хүмүүсдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188