• Өнөөдөр 2024-10-15

Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл-II

2021-09-07,   3599

              Арабууд үнэхээр эрх дураараа аашилж байна. Монгол Улсад тэдэнд үйлчлэх хууль алга. Тэд шонхор барихаас гадна хууль бус ан агнаж, шөнө оройгоор монгол охид аваачна. Энэ мэт хууль бус бусармаг үйлдэл хийхдээ ихэвчлэн казакуудаар зуучлуулдаг гэх мэдээлэл ч бий. Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэсант сумын дархан цаазат Батхаан уулнаас шонхор барихаар ирсэн арабууд буга агнаж, хоол хүнсэндээ хэрэглэж байв. Улаан номонд орж, агнахыг хориглосон бугыг хоёр гурваар нь хөнөөж, шийрийг нь үнсэндээ булж орхисон гэмт хэргийг Монголын цагдаа нар илрүүлж чадалгүй үлдсэн. Харин даварсан арабуудын хэн нь ч хариуцлага хүлээлгүй, эх орон руугаа нисээд явчихаж билээ. Мөн арав гаруй жилийн өмнө нялх янзага агнаж, хөлдөөгчиндөө хийгээд орхичихсон байсныг хууль хүчний байгууллагынхан илрүүлсэн. Харамсалтай нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болоод л мартаж орхисон гашуун түүхтэй.

АРАБУУД ӨГӨӨШНИЙХӨӨ ТАГТААНЫ НҮДИЙГ СОХ ХАТГАЖ, САРВУУГ НЬ ОГТОЛЖ БАЙНА

                  Намар болгон ирж, шонхор барих нэрийдлээр хөдөө хээр талаар сүлжилдэн давхиж буй арабууд  гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл гаргаж байгаатай бид халз таарсан юм. Тэд өгөөшний тагтааг хэдэн зуугаар нь худалдаж авдаг байна. Өөрөөр хэлбэл, өгөөш л юм чинь тагтаа үхэж таарна. Харин нуруундаа урхи бэхлүүлж, шонхорын сарвуунд үрэгдэх үү, эсвэл арабуудад яргалуулж, нүдээ сохлуулан, сарвуу, далавчаа тасдуулах уу гэдэг нь тодорхойгүй аж. 

           Арабуудыг үдлэх зуур бид тэдний отгоор очив. Машин зогсох чимээгээр үүдний гэрээс хар цамцтай эмэгтэй гарч ирэн “Юун хүмүүс вэ, яах гэж яваа юм” гэв. Ийн хэлэхдээ тэрбэр аялагатай ярих бөгөөд түүний хөмсөг, нүүр царайнаас нь казак хүн болох нь илт байв. Бид ч учраа хэлж дотогш орж, байр байдалтай танилцахыг хүслээ. Бүсгүй “Би даргаас асуугаадхая” гэж хэлээд алга болов. Тус отогт 12 хүн байгаагийн найм нь Катар улсын иргэн бол үлдсэн гурав нь монгол байх аж. Отгын хашаанаас гадна хойд хэсэгт байрлах гурван гэр бол монголчуудын амьдрах байр. Хижээл насны эр “За дүү нар минь наад камераа цаашаа хий. Ах нь амьдрах гэж л яваа ядарсан хүн.

       Өдөртөө ирж нэг хурга хийж өгхөөс өөр ажилгүй” гэв. Айн, түгдчин байж ийнхүү хэлчихээд тэрбээр хутга, билүүгээ хавирсаар хошлонгоос нь хурга уясан гэрийн зүг алхлаа. Отгын гал тогоо гэх чингэлгийн эргэн тойронд олон тагтаа байв. Тэднийг үргээсэн ч огт нисэхгүй бөгөөд зарим тагтааны сарвууг тасалжээ. Өрөөсөн хөл дээрээ зовиурлангуй суух тагтаа үргэхээ ч больсон байлаа. Далавч нь бүтэн тагтаанууд чингэлгийн дээвэр дээр суух бол далавчийг нь хугалсан, сарвууг нь тасалсан тагтаанууд чингэлгийн нөмөр дагуу бөөвийн сууцгаана. Биднийг очсон цагаас хойш огт байрнаасаа хөдлөөгүй тагтаанд ойртож харвал хоёр нүдийг нь сохлож орхисон байлаа. Тус отог дөрвөн өдрийн өмнө эмээлт захын орчим очиж, итгэлт казакийнхаа зуучилж өгсөн хүнээс 400 тагтаа авсан гэнэ. Харин биднийг ирэхэд 30 гаруйхан тагтаа байсан юм.

          Тэгэхээр тэд өдөрт дор хаяж 100 тагтаагаар өгөөш тавьдаг байх нь. Урхи бэхэлсэн тагтаа бүр шонхор барьж өгдөггүй юм аа гэхэд ядаж тал нь үүргээ гүйцэтгэнэ. Тэгэхээр энэ отог гэхэд л өдөрт 30-50 шонхор барьдаг бололтой. Энэ талаар тус отгийн зохион байгуулагч Монгол залуугаас хэдэн шонхор барьсан талаар тодруулахад “Манай отог шонхорт гараад 10 гаруй хонож байна. Одоогоор нэг ч шонхор бариагүй. Энэ хэдэн ааш муутай арабууд хий дэмий л тагтаа тамлаж байгаа бололтой” гэв. Түүний яриа арабуудыг буруутгасан өнгө аястай боловч худлаа гэдгийг бид мэдэж байлаа. Учир нь отгын хашаа руу ороход үүдний гэрт арабууд барьсан шонхороо хорьдог нь илт байлаа. Тус гэрийн хаяаг сөхсөн бөгөөд ойр орчимд нь бага, багаар тасалсан түүхий мах, тагтааны өд, сөд хөглөрнө. Гэрт орж үзвэл шонхор суулгах зориулалтын давцан, хамгаалалтын бээлий зэрэг шонхортой ажиллах хэрэгслүүд байх аж. Мөн гэр дүүрэн тагтааны өд, сөд, судас шөрмөс, яс байсан юм. Шон бүрийн дор шонхрын сангас байгааг харахад арабууд барьсан шонхруудаа суллахыг нь суллаж, Улаанбаатар руу хүргүүлэхийг нь хүргүүлсэн бололтой.

Жил бүрийн намар тагтаа, ногтруу зэргийг их хэмжээгээр барьж, арабуудад худалддаг бүлэг хүмүүс бий болжээ. Бид нэрээ нууцлахыг хүссэн тагтааны худалдаачнаас энэ талаар тодруулахад “Коронавирус гарснаас хойш хоногийн бор хоолоо яая гэж байгаа болохоор арга буюу тагтаа барьж явна. Гэхдээ олигтой үнэ хүрэхгүй ээ. Түрүү жил нэг тагтааг дөрвөн мянган төгрөгөөр авдаг байсан гэх юм билээ. Би энэ жил анх удаа ийм юм хийж үзэж байгаа болохоор нэгийг нь 5000 төгрөгөөр өгч байна. Өмнө нь хоёр удаа 50, 100-н тагтаа өгсөн. Гэхдээ бид тэр арабуудыг нэг ч харж байгаагүй. 9908..... дугаартай нэг казак нөхөр л ирж аваад, мөнгийг нь бэлэн тоолж өгчихөөд явдаг. Арабууд тагтаанаас илүү ногтрууг өндөр үнээр авдаг юм байна лээ. Нэг ногтруу 25 мянган төгрөг гээд бодохоор явж өгнө шүү дээ. Тагтаа барих гэж бид үйлээ үзнэ ээ. Орой шөнөөр эзгүй байшингийн дээвэр, чардакаар орж барина. Чардакны модон үүд онгойлгоход л “дрррр” хийх чимээ гарна. Бид хөнжил дэвсгэрийн даавуу, тор зэргээр бүтээж аваад торонд хийчихдэг юм. Бас буян номын газарт арвай, будаа цацаж байж барьж авна. Бусдаар бол далавчтай амьтан бидэнд баригдана гэж юу байх вэ дээ. Хүссэнээр тэгэж их олдохгүй ээ” гэв.

ГОЛОГДСОН ШОНХРЫН СҮҮЛ, ДАЛАВЧИЙГ НЬ ТАЙРААД ЭРГҮҮЛЭН ТАВЬЖ БАЙНА  

           Арабууд  шонхрыг шилж, шинжихдээ гарамгай улс юм байна. Нисэж байхад нь дурандаж, хурд хүч, эр зориг, дайчин чанарыг нь шинждэг бол барьсан хойно оо сарвууны хурц, далавч, өнгө зүсний гоё сайхан, өд, сөдний ургалт зэргийг нэг бүрчлэн шинжинэ. Тэр бүү хэл хошууны матаасыг нь хүртэл үзэж гардаг юм байна. Яг л манай уяач нар хурдан морь шинжиж байгаа юм шиг л нэг шонхрыг хэдэн цагаар ч хамаагүй тойрч зогсоод л шинжиж гардаг ажээ. Тодруулбал, тэд барьсан шонхор бүрээ авч явдаггүй. Манай улс арабуудад хэчнээн шонхор барих зөвшөөрөл өгснөө Засгийн газрын шийдвэрээр нууцлалын зэрэгт оруулсан байдаг. Нууц бол нууц л гэсэн үг.

            Иймээс арабууд 20 шонхор барих зөвшөөрөл авсан бол түүнээсээ хэд дахин илүүг барьж, шинжиж байж авч явах шонхроо сонгодог гэнэ. Үнэхээр тэдэнд таалагдсан, хайж байсан шонхор нь мөн бол зөвшөөрлийн тооноос ч давуулан авч явдаг байна. Үнэн хэрэгтээ Арабын ханхүү хувийн онгоцоор ирж, буцдаг болохоор хэчнээн тооны шонхор тээвэрлээд буцаж буйг Монголын хил, гаалийнхан шалгаж, тогтоож чаддаггүй. Учир нь тэд ирсэн өдрөөсөө буцан буцатлаа Монгол Улсын Засгийн газрын өндөржүүлсэн хамгаалалт дор зугаацдаг учир хууль, хяналтын ямар ч байгууллага тэднийг шалгах эрхгүй байдаг аж. Гадна дотноос шалгалтаар ирсэн хүмүүст БОАЖ-ын сайд, тус яамны нэр бүхий дарга нарын гарын үсэг бүхий гэрээ харуулдаг гэнэ. Тус гэрээнд “Катарын ханхүү эрхэмсэг ноён Шех Мохамедэд 20 идлэг шонхор барих зөвшөөрөл олгов” гэсэн утгыг шигтгэжээ. Иймээс л арабуудад тоо хамаагүй учир тэд хүссэн шонхроо барьдаг. Тухайлбал,  хөгширсөн, өнгө үзэмж муутай, чадал  тэнхээгүй болсон ч хамаагүй шонхор л таарбал бариад авчихдаг.

         Улмаар олон хоног хоол, ундгүй хар гэрт хорьж тамалдаг байна. Өдөр, шөнөгүй яргалж, олон хоног хорьсон шонхроо дахин барьж ажлын садаа болохгүй гэхдээ сүүл, далавчийг нь оодойтол нь тайраад хаячихдаг. Далавч, даль жигүүрээ хайчлуулсан шонхор  тэжээвэр тахиа шиг л тэрүүхэн тэндээ нисч буугаад явах ажээ. Арабууд шонхрыг хэрхэн тамладаг талаар Төв аймгийн Сэргэлэн сумын малчин М.О “Манай хашаанд нэг шонхор ирчихээд явахгүй байсан юм. Хүүхдүүд гүйлдэж очоод л байна. Үргэнэ гэж ер байхгүй. Эхнэр бид хоёр гайхаад очиж хартал өрөөсөн хөлийнх нь сарвуу тасарсан харагдсан. Сарвуугаараа тагтаа базчихаад салж чадахгүй явсаар байгаад хөлгүй болсон биз. Хөлгүй болсон ч нисээд явмаар юм даа гэж бодоод далавчийг нь дэлгэж үзтэл хайчаар хяргасан бололтой битүү ором татсан байсан.

           Хөөрхий далавчийг нь ч бас тайрчихдаг юм билээ л дээ. Хүч чадал, зориг муутай шонхор байсан бол аль хэдий нь арабуудын олз болох байсан биз. Би төмөр утсаар хиймэл сарвуу хийх аядаад л тавьсан. Эхнэр, хүүхдүүд өөхний өвдөл цөвдөл, махны тасархай хаяж өгч байгаа бололтой гараад л явдаг юм. Саяхан нисэж яваад эргэж ирээгүй. Тэнгэртээ эрх дураараа дүүлж байгаа гэж л найдая даа. Хэдэн хүүхдийн минь сэтгэл түших байлгүй” гэв. Биднийг буцах замд хоёр ч удаа үхсэн шонхорын сэг зэм таарсан юм. Хөөрхий энэ мэт хэчнээн шонхор арабуудын ярга, зэрэмдэглэлийн аяыг даалгүй үхсэн бол доо.

       Арабууд чухам яах гэж ингэтлээ шүлэнгэтэж шонхор шувуу барьдаг талаар сонирхож, орчуулагчаар нь дамжуулан асуухад отгийн ахлагч эр “Танай монголчууд морь уяж уралдуулдаг биз дээ. Харин бид нар тэнгэрийн амьтан уралдуулдаг юм. Танай олон дарга нарт бид араб үүлдрийн цэвэр цусны адуу бэлэглэсэн. Харин тэд хариуд нь биднийг Монголд ирэх зөвшөөрөл олгодог. Манай ханхүү шилтгээндээ хамгийн сайхан өнгө зүстэй, сүр хүчтэй шонхортой. Мөн хамгийн итгэлт, ойр дотны хүмүүстээ бэлэглэдэг. Морь уралдахаас гадна шонхроор ан хийдэг. Танай монголчууд хулгана барьдаг л гэж боддог болохоос биш шонхор шиг хурдтай, хүчтэй шувуу туулай ч барьж чадна. Ханхүү шонхороор ав авлах юм бол тэр шонхрыг нь барьсан отгийнхонд их хэмжээний мөнгө өгдөг юм” хэмээн хэлээд живэр сахлаа имрэв. Бидний яриа эхлэхээс дуусах хүртэл тэрбээр шонхор ачсан машин руу гаа байсхийгээд л хялам хийж байлаа.

Тэд гэнэтхэн машиндаа хамаг эд зүйлээ хурааж, хөл хөдөлгөөн болов. Буулгасан бүх зүйлээ машинд ачиж дуусаад мөн л голдоо цугларч хоёр гараа тэнгэр өөд алдлан зогсож, харь хэлээр шулагналдацгаав. Мөн л гэнэтхэн машин руугаа сууцгааж тал тал хийж таран одов. Авдарын уулын ар бэл, шар худгийн хөндий тэр чигтээ тэнгэрт тулсан тоосон булагдаж хоцрох нь тэр.

            Үргэлжлэл бий...

 


Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 12:54:04
    эмэгтэй хүн: жигүүртэн амьтанг тамладаг хүмүүст сайн юм болно гэж хэзээ ч байхгүй хэзээ нэгэн цагт үйлээ эдлэх байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:14:38
    Энхбаяр: Энэ оронд төр засаг байна уу? Тагнуулынхан ажлаа хийж байна уу? Ямар хэцүү юм бэ? Эзэнгүй юм шиг гадны новшнууд дураараа аашилах н туйлаас их хэтэрж байна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-07 21:25:16
    pisda: muu ergelt.mn pisda mini, kazakuud Mongol irgen bish yum uu? hogiin novshnuud yum daa ta nar. haraal ******** ta nariig
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188