• Өнөөдөр 2024-03-29

Ээжээ... та яагаад намайг дайрсан юм бэ

2021-06-16,   3274

-Бид амьдармаар байна-

“....... Хүүхэд машинд дайруулаад нас баржээ” гэх үг хэн бүхэнд сэтгэл сэрдхийлгэм харамсалтай сонсогдоно. Гэвч хэдхэн хором халаглан, харамсаад тэр тухай мартаж орхино. Харин хүүхэд гэдгийн өмнө “Таны, танай” гэдэг үг нэмэгдэх төдийд л та цурхиртлаа уйлж, ухаанаа баларттал цочирдох байх. Зүрх шимшрэм энэ хатуу мэдээг сонссон цаг хугацааг мартаж үл чадах бөгөөд санах бүртээ өөрийгөө болон бусдыг үзэн ядах болно. Хүнээ алдсан нь ч тэр, хүсээгүй хэрэг үйлдсэн нь ч тэр хэн хэн нь насан туршдаа сэтгэлийн зовлонгоор өвчилнө. Яг л энэ амьдын хагацлыг он гарсаар 15 гэр бүл амсжээ
ХҮЛЭЭГЭЭРЭЭ ЖОЛООЧОО, ГАНЦХАН МИНУТ
 
Нэг минут. Ганцхан минут хүлээсэн, анхаарал хандуулсан, хичээсэн бол гэдэг харуусал хэн хүнд л байдаг. Ийм бодол ихэвчлэн хагацал, ялагдал, уналт энэ бүхний цаана таны толгойд бодогдоно. Энэ удаа ялагдсан бол дараагийн удаа ялж, хүчтэй унасан бол дахин унахгүйгээр босох боломж танд бий. Гэвч алдсан амийг хэзээ ч эргүүлж авч болохгүй нь хагацал. Ганцхан минутын зав гаргаад автомашиныхаа эргэн тойрныг шалгаагүйнхээ төлөө төрүүлсэн үрээ дайрсан эх шар махтайгаа хатаж сууна.
 
Гурван жилийн өмнө аз жаргалаар гэрэлтдэг тунгалагхан нүдээ дахин хэзээ ч нээхээргүй аньсан охиноосоо хагацан ядаж оршуулсан ээж Х.С “Төрүүлсэн үрээ дайрсан хүнд төмөр хүлэг барих зориг үлддэггүй юм билээ. Одоо ч тайвширч чадахгүй байна. Гайхуулаад байх зүйл биш ч миний зовлонг битгий эдлээсэй гэж хүсэн буцаж эцэг эхчүүдэд анхааруулъя. Машинаа хөдөлгөхөөсөө өмнө нэг бүтэн тойроод харчихаж байгаарай.
 
Алгын чинээхэн үр чинь машины ард тоглож байгаа нь толинд харагддаггүй юм байна лээ шүү. Ээждээ хүрээд ирэх юм шиг санагдах бүрт хөх минь чинэж өвддөг.
Эхний нэг жил “Ээжээ та яагаад намайг дайрсан юм бэ” гэсэн охины минь хоолой чихэнд сонсогддог байсан. Сэтгэцийн эмнэлгээр явж үзлээ, мэргэн, түргэн олон хүнтэй уулзсан боловч тэр дуу хоолой надаас холдоогүй. Үйлийн үрээ заавал үүрэх ёстой юм байлгүй дээ” гэж хэлээд утсаа таслав.
Үүнээс өөр ямар ч үг хүлээж, юу ч асуух билээ. Тэр машинаа ердөө ганцхан удаа бүтэн тойроод, доогуур нь шагайж харсан бол өнөөдөр охиныхоо цалгисан инээдийг сонсож, халуун энгэртээ тэврэх байжээ. Гурван жилийн өмнө эргэж ирэхгүйгээр одсон энхрий 49 хүүхдийн нэг нь түүний охин байв. Мөн өнгөрсөн онд зам тээврийн ослоор 64 хүүхэд нас барсны 13 нь эцэг эх, асран хамгаалагчийнхаа гарт амь үрэгджээ. 
 
Г.ОТГОНТАМИР: БИДЭНТЭЙ ХАМГИЙН ОЙР БАЙЖ, ХАМТДАА ХИЧЭЭХ ЁСТОЙ НЬ ЭЦЭГ, ЭХЧҮҮД
 
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас хүүхдүүд ямар шалтгааны улмаас осолд өртөж байгаа талаар тодрууллаа.
-Энэ он гарснаас хойш зам тээврийн осолд хэчнээн хүүхэд өртсөн бэ? 
 
-2021 оны хувьд цар тахлын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, сургууль, цэцэрлэг танхимаар хичээллээгүй хөл хориотой байсан гэдгээрээ онцлог жил. Үндсэндээ хүүхэд багачууд эцэг, эх, асран хамгаалагчдынхаа хараа хяналтад байлаа. Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн хэрэг ослын улмаас 98 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Мөн ослын улмаас 1-13 насны 15 хүүхэд амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Цаг үеийн нөхцөл байдал болон улирлын онцлогоос шалтгаалж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олон ажил санаачлан хэрэгжүүлдэг. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай хамтран өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 20-ны өдрийг хүртэл “Хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг зохион байгуулж байна. 
 
-Арга хэмжээний хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ? 
 
-Нэгдүгээрт, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангах зорилгоор гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хяналт шалгалт тавьж байна. Хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил маш их гардаг. Энэ үеэр авто машиныхаа багажид хүүхдээ суулгаж явсан тохиолдол ч гарч, жолоочид хариуцлага тооцсон.
 
Цагдаагийн алба хаагчид зам орчин, хороолол доторх хөдөлгөөн зэрэг бүх талаар хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Харин жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлах хийгээд эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байна. Жишээлбэл, эцэг, эхчүүд хашаандаа, орон сууцны гадна талбайд хөдөлгөөн эхлүүлэх үедээ өөрийнхөө хүүхдийг дайрч амийг нь хөнөөх тохиолдол ч цөөнгүй гардаг.
 
Тээврийн цагдаагийн албанаас хороолол доторх хөдөлгөөнд хурд сааруулагч тавих саналыг Нийслэлийн авто замын газар руу хүргүүлсэн. Мөн орон нутгийн замд цагийн менежментээр хяналт шалгалт явуулж байна. Үүнээс гадна явган хүний гарцанд дэг журам тогтоох чиглэлээр Нийслэлийн зургаан дүүргийн сургууль орчмын бүсэд явган хүний гарцан дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй камер байршуулж байна. 
 
-Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй арга хэмжээ бодит үр дүнд хүрч чадаж байгаа юу? 
 
-Хууль хяналтын байгууллага технологийн дэвшлийг ашиглан хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч хүүхэд хүрээлэн буй орчин, гэрийнхээ ойр орчимд аюулгүй байх тал дээр эцэг эхчүүдийн анхаарал сул байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ үл хайхарч байна.
Та гараад харахад унадаг дугуй, дугуйт тэшүүр хүүхдүүд гудамж, замын хөдөлгөөнд маш их оролцож байна.
Тэгвэл Замын хөдөлгөөний дүрмийн 25.3 дахь зүйл заалтад “0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь аюулгүй байдлыг хамгаалсан газар унадаг дугуй, дугуйт тэшүүртэй тоглуулахдаа заавал хажууд нь байх ёстой. 10-14 насны хүүхдүүд зөвхөн унадаг дугуйн зам дээр заавал харгалзах хүнтэй явах ёстой” гэж заасан байдаг. Гэтэл хоёр, гурван настай хүүхэд хэн нэгний хараа хяналтгүй байрныхаа гадаа тоглож байдаг.
 
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.А дахь заалтад “0-10 хүртэлх насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцоход асран хамгаалагч нь заавал гараас нь хөтөлж, гарц, гармаар гарна. Хүүхдийг арын суудалд хамгаалах бүс хэрэглэж буюу хамгаалалтын суудал хэрэглэж аюулгүй тээвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ мэтчилэн хууль дүрмээ мэддэггүй, мэдсэн ч хэрэгжүүлдэггүйгээс болж зам тээврийн осолд хүүхэд өртсөөр байна. Цагдаагийн албан хаагч өдөр тутмын үүргээ гүйцэтгэж л байгаа. Иймээс бидэнтэй хамгийн ойр байж, хамтдаа хичээх ёстой нь эцэг, эхчүүд юм. 
 
СЭТГЭЛЭЭ ЭМТЭЛЖ СУУХЫН ОРОНД СЭРЭМЖТЭЙ БАЙЯ
 
Энэ он гарснаас хойш зам тээврийн ослоор 15 хүүхэд энджээ. Ердөө ганцхан сарын дотор гурван бяцхан зүрх зогсож, гурван өрх уй гашууд автав. Үүнээс есөн хүүхэд нь мөн л эцэг эх, асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болж хорвоог орхисон байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 3-нд Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас долоон сартай Б-г дайрсан харамсалтай мэдээ нийгмийг цочирдуулсан. Мөн сард жолооч хөдөлгөөн хийх үедээ 1-3 насны хүүхэд дайрсан дөрвөн хэрэг бүртгэгджээ. 
Төсөөлөхөөс ч эмгэнэлтэй хувь тавилан. Гэхдээ хүүхдүүд зөвхөн хашаандаа, байрныхаа гадаа осолд өртсөнгүй. Тэд гудамж талбайд тоглохдоо, гарц гармаар гарахдаа, хөдөө орон нутагт зорчихдоо ч амиа алдсаар байна. Орон нутгийн замд гарсан ослын үеэр хүүхдүүд хамгаалалтын бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс болж амь эндсэн байдаг гэнэ. Тэгвэл хүүхдэдээ суудлын бүсийг нь зөв бүслүүлэхэд ямар хугацаа орох вэ, хүүхдэдээ зориулалтын суудал авахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Ямар ч үнэтэй байлаа гээд таны хүүхдийн амь настай эн тэнцэхгүй. Энэ тухай мөн ч олон удаа цагдаа нар сануулж, тун ч олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл нэвтрүүлэг гарсан даа.

Өөрөөр хэлбэл, суудлын бүсээ заавал зүүж хэвших ёстойг арван жилийн хүүхэд ч мэднэ. Гэвч мэддэг атлаа хэрэгжүүлдэг нь цөөхөн. Цагдаагийн албан хаагчийн нүдэнд бүсээ зүүсэн болж харагдаад, цааш хөдлөхдөө салгадаг нь нууц биш. Харамсалтай нь, та цагдааг хуурч чадсан ч үхлийг хуурч чадахгүй. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх нь жолооч таны болон эцэг эхийн хариуцлагын асуудал.

Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт гэдэг зүйлийг та бид мартаж болохгүй. Хүүхдээ гараас нь салахгүй хөтөлж, дүрэм журмыг ягштал нь зааж сургах ёстой хүн нь зөөлөн буйдан дээр телевизийн суваг сольж суух хооронд хэдэн зуун хүүхэд хараа хяналтгүй гудамж талбай, авто зам дээр тоглож байгаа. Харин тэд бүх зүйл болж өнгөрсний дараа халаглацгаадаг. “Хөдөө явахдаа хүүхдэдээ бүс зүүлгэх минь яав даа”, “Хэдхэн минут тоглож байгаад ороод ирье гэхэд нь яах гэж ганцаар нь гаргав даа”, “Ажил ихтэй байсан ч хүүхдээ гараас нь хөтлөөд гарцаар гаргаж өгөх байсан юм” хэмээх оройтсон ухаарал, хожуу гэмшил танд нэгэнтээ тус болж чадахгүй. Тиймээс бүх зүйл болж өнгөрсний дараа сэтгэлээ эмтэлж суухын оронд учир болзошгүй эрсдэл, тулгарч болшгүй аюулыг тооцоолж түүнээс урьдчилан сэргийлцгээе. 
 
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах энгийн зөвлөгөөг дадал зуршил болгоцгооё. 
  • Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх
  • Хамгаалах бүсийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх
  • 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
  • Хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах
  • Гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ заавал тойрч шалгаж байх

Ээжээ... та яагаад намайг дайрсан юм бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 09:00:11
    Altangerel: Эцэг эхийн анхаарал халамж хамгийн чухал. Энэ зүйл дээр дутмаг учраас л ийм нөхцөл бий болдог.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188