-ТҮГЖРЭЛТЭЙ ТЭМЦЭХ ШИЙДВЭРҮҮД НЬ ОНОШОО БУРУУ ТАВЬЧИХААД, ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ГЭЭД БАЙГААТАЙ АДИЛ БАЙНА-
Тэрбээр олон нийтийн сүлжээнд үргэлж замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал, замын нөхцөлийн талаар пост оруулж, үүнд хяналт тавих ёстой байгууллагуудыг шүүмжилдэг. Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан П.Цэвэгмидтэй замын хөдөлгөөний дүрэм, түгжрэл зэрэг сэдвээр ярилцлаа.
-Та цахим орчинд замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал, замын нөхцөлийн талаар их шүүмжилдэг шүү дээ. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би тухайн үеийн ЗХУ-ын Орёл хотын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургуулийг 1986 онд төгссөн. Бид замын цагдаагийн салбар нэгжийн бүх төрлийн хичээлийг үздэг боловч дотроо нарийн мэргэжлээр салбарладаг. Миний хувьд замын хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлийн мэргэжлийн багш Тихонов Юрий Сергеевичээр хичээл заалгасан. Иймээс би замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал, замын нөхцөлийн талаар нийгэмд арай илүү дуу хоолойгоо хүргэхийг эрмэлздэг.
-Таны энэ мэргэжлээр сурсан хүмүүс Монголд хэр олон байдаг вэ?
-Надаас хойш олон мэргэжилтэн бэлтгэгдсэн. Манай сургуулийг энэ чиглэлийн мэргэжлээр төгссөн хүмүүс Монголд олон бий.
-Та дугаарын хязгаарлалт түгжрэлийг шийдэх шийдэл биш гэсэн байсан. Тэгвэл шийдэл нь юу вэ?
-Түгжрэлийг шийдэх олон гарц, гаргалгаа бий. Гэвч манайхан үүнийг тойроод яваад байдагт би гайхдаг. Бид хамгийн түрүүнд түгжрэлийн шалтгааныг олох ёстой. Тээврийн хэрэгслийн тоо, замын хөдөлгөөний зохион байгуулалт, замын нөхцөлөөс болоод байна уу гэх мэт... Өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ гээд түгжрэл арилахгүй. Түгжрэл нь замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдлийн алдаанаас болж үүсдэг гэж үздэг. Бид шалтгаанаа олохын тулд гудамж зам, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэхээс эхлэх хэрэгтэй. Эмч хүн өвчнийг анагаахын тулд эхлээд оношоо зөв тавих хэрэгтэй биз дээ. Өнөөдрийн төр засгийн шийдвэрийг зүйрлэвэл, оношоо буруу тавьчихаад, хамгийн өндөр үнэтэй эмчилгээ хийх гээд байгаатай адил юм. Сүүлдээ хөрөнгө оруулалтын төслөө хоорондоо булаалдах хэмжээнд хүрчихээд байна. Хар муйхар аргаар, дугаарыг нь хязгаарлаж, эзэмшигчээр нь ялгаварлаж хөдөлгөөнд орох тээврийн хэрэгслийн тоог багасгана гэдэг бол байж болохгүй арга. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог инженерийн аргаар цөөрүүлдэг болохоос биш, захиргааны муйхар аргаар зохицуулна гэж байхгүй. Энэ бол байнгын эсэргүүцэлтэй тулгарна.
-Инженерийн аргаар хэрхэн цөөрүүлэх боломжтой вэ?
-Гудамж, замын үндсэн параметрт тохирсон хөдөлгөөний параметр, нөхцөлийг бий болгох ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотод машин унах нь хувь хүнд ашиггүй болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Манай төр засгийнхан нийтийн тээврийн хэрэгслийг сайн шийдээд өгвөл иргэд ухамсраараа машинаа тавьчихаад үйлчлүүлнэ гэж үздэг. Харин миний хувьд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулснаар Улаанбаатар хотод машин унах нь ямар ч үр ашиггүй болох тохиолдолд иргэд “Би машинаа тавья. Та нар надад хүртээмжтэй, маршрут нь оновчтой, цэвэрхэн, тохилог нийтийн тээврийг гаргаад өг” гэж нэхэх хүртэл нь хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэрт суугаач гэж урих биш, нийтийн тээвэрт сууя гэх хүртэл нь зохион байгуулалт хийгээч л гэсэн үг.
-Улаанбаатар хотод өдөрт 400-600 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Мөн автомашины тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч замын урт энэ хэмжээнд хүрч нэмэгдэхгүй байгаа нь түгжрэлийн шалтгаан гэж үзээд байгаа шүү дээ?
-Замын хөдөлгөөнд хэдэн ч тээврийн хэрэгсэл оролцож болно. Гудамж, замын үндсэн параметрт тохирсон хөдөлгөөн зохион байгуулалт хийх нь л чухал. Механикаар хориод, дугаарын хязгаарлалт хийгээд, эсвэл төлбөр авах нь үр дүнтэй биш. Хамгийн гол нь энэ төр засагт түгжрэлийг шийдэх чин хүсэл байх ёстой. Харамсалтай нь, түгжрэл засгийн эрхэнд ойр байгаа хүмүүсийн бизнес болооод байна уу гэж хардахаар үйл явдал олон болж байна. Нэг л жишээ хэлэхэд, таван уулзвар дээр шар тэмдэглэгээ хийчихвэл түгжрэл 70 хувиар буурна л гэсэн. Хотын төсвөөс 200 сая төгрөг зарцуулсан ч түгжрэл буураагүй хэвээр л байна. Нэг тууш метр тэмдэглэгээний үнэ 1000 орчим төгрөг байдаг. Надад гүйцэтгэлийн талаарх мэдээлэл бүрэн байхгүй ч таван уулзвар дээрх тэмдэглэгээг тууш метрт шилжүүлэхэд, 6000 метр л болох болов уу. Үүний өртөг 6-7 сая төгрөг болж байна. Эдгээр таван уулзварт камер тавих, мөн шилэн кабельд холбох зэрэг ажлыг нэмээд ч яавч 200 сая төгрөг хүрэхгүй шүү дээ. Мөн түгжрэлийг 30 хувь бууруулна гэж RFID систем нэвтрүүлэхэд 12 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо болтол энэ систем хэргээ гаргаагүй, хотын гудамж хэдэн төмөр шонтой үлдлээ. Анхнаасаа мэргэжлийн хүмүүс эсэргүүцсээр байхад үгийг нь аваагүй, зүтгүүлсээр байгаад тэрбумаар нь зарцуулсан. Түүнчлэн Яармагийн замд 950 сая төгрөгөөр нэгдүгээр эгнээг тусгаарлаж, хайс тавьсан ч сар болоод л авсан. Нэг тэрбум орчим төгрөгийг нэгхэн сарын ажлын төлөө үр дүнгүй зарцуулчихаж байгаа юм. Энэ мэт түгжрэлийн ажил эрх мэдэлд ойр байгаа хүний бизнес болчихлоо гэж харж байна. Тиймээс түгжрэлийг арилгах ямар ч хүсэл байхгүй байна гэж хэлж болохоор байна.
-Та аль нэг намын харьяалалтай юу?
-Надад ямар нэг намын харьяалал байхгүй.
-Манайх дугаарын хязгаарлалт, татвар зэргийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишиг ярьдаг. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгсэл 48 цагаас дээш хугацаагаар байвал хоног тутамд 5000 төгрөг авахаар болсон. Олон улсын жишиг ямар байдаг вэ?
-Монгол Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн. Энэ нь тус конвенцид нэгдсэн улсууд замын хөдөлгөөний нэг дүрэмтэй, гэрлэн дохиотой, тээврийн хэрэгсэлд тавьж байгаа шаардлага нь ч адил байна гэсэн үг. Эдгээр улсад дугаарын хязгаарлалт гэж хэзээ ч байж болохгүй.
Автомашины дугаар бол улсын бүртгэл. Гэтэл энэ дугаар маань намайг ангилан ялгах таних тэмдэг болчихоод байна. Жишээ нь, би Улаан-Үүд рүү олон удаа явж байсан. Замд надаас нэг ч удаа мөнгө авч байгаагүй. ОХУ, Герман, Франц, Ром гээд хаана ч очсон манай улс Венийн конвенцид нэгдсэн учраас мөнгө авахгүй. Гэтэл яагаад Монголд оршин сууж байгаа нутаг дэсвгэрээрээ ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Авто зам ашигласны татвар авдаг. Дахиад татвар авч болохгүй. Жолоочийг оршин суугаа газар, иргэний харьяалал, шашин шүтлэг, арьс өнгө, яс үндсээр нь ялгаварлах ёсгүй. Энэ бол давхар татвар.
-Манайх 30 гаруй жил цагдаа нарыг амьд гэрлэн дохио болгон ажиллууллаа. Цастай, бороотойд ч өглөө, орой түгжрэлийн цагаар цагдаа нар зогсож л байгаа харагддаг. Хэзээ болтол бид амьд гэрлэн дохио ажиллуулсаар байх вэ. Үүнийг больж болдоггүй юу?
-Хойд Солонгос ч амьд гэрлэн дохио ажиллуулахаа больсон гэж дуулсан. Манайх шиг ийм улс бараг байхгүй байх. Цагдаа нараа тамлаж байна. Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй, хөдөлгөөн зохион байгуулалт, хяналтаа хийж чадахгүй байна. Хэдэн цагдаа нар маань түгжрэлийн цагаар дарга нарынхаа машиныг өглөө “татаж”, хот руу оруулж ирдэг, орой нь суганыхаа булчирхайг цочтол дохиж хариулдаг, ийм амьдралын хэвшилд бид орлоо. Үүнийгээ ТЦА ажил сайн хийж байна гээд байдаг. Энэ бол ажил биш, ТЦА-ны удирдлагууд дарга нарт ажил хийсэн болж харагдаж, албан тушаалаа хадгалж үлдэх гэж байгаа хэрэг. 21 дүгээр зууны хот уулзвар бүр дээр амьд гэрлэн дохио ажиллуулж байна гэдэг бол эмгэнэл.
-ЗЦГ, ТЦА-нд мэргэжлийн хүмүүс хэр олон байна вэ?
-Байдаг байх. Би одоо яг дотор нь ажиллахгүй байгаа учраас мэдэхгүй. Хэрэв байдаг бол мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой ажил хэрэг болохгүй байна. Энэ магадгүй өөр шалтгаантай байж болно. Мэргэжлийн хүмүүсийн дээр улс төрийн томилгоотой хүмүүс байдаг учраас ажлыг нь хийлгэдэггүй байж болох юм.
Бид мөн эрхээ мэддэг байх, төр засаг ч иргэдийнхээ эрхэнд халддаггүй байх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөний дүрмийг мөрддөг жолооч алга. Хууль хэрэгждэг оронд дүрэм биелүүлдэггүй жолооч содон харагддаг бол манайд дүрэм биелүүлдэг нь содон харагддаг. Бид үүнд харх шиг дассан. Дүрэм биелүүлэх, үүнд хяналт тавих ёстой замын цагдаагийн албыг улс төрийн алба болгож, өнөөдөр тэд хотын даргын эрээн модны үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амиараа хохирох нөхцөлийг бүрдүүллээ. Төр засаг замын цагдаагийн албаны үндсэн ажлыг хийлгэхгүй байна.
-Та дугаарын хязгаарлалтыг мөрддөггүй юм билээ. Таныг торгодог уу?
-Цагдаа нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, олон улсын гэрээг тайлбарладаг учраас тэд намайг торгодоггүй.
-Та бид хоёрын яриаг уншаад иргэд дугаарын хязгаарлалт мөрдөхгүй болчих вий дээ?
-Мөрдөхгүй байх ёстой. Бид хуулиа дагаж, тэг зогсвол зогсоод, энэ төр засгийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дарга нар дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж, албан тушаалдаа үлдэх амь тариа хийн аргазаасаар байх болно. Түгжрэлийн эсрэг бодитой, зоригтой, мэргэжлийн шийдвэр гаргуулах хэрэгтэй. Бүхэл бүтэн сонгуулийн гурван цикл өнгөрч, 12 жил болчихоод, хэдэн их наяд төгрөг зарцуулсан хэрнээ түгжрэлийн эсрэг ганц шийдэл нь дугаарын хязгаарлалт байж болохгүй. МАН найман жил болоход түгжрэлийг арилгах үр дүнтэй хоёр л ажил хийсний нэг нь Яармагийн нүхэн гарц, нөгөө нь Энхтайваны өргөн чөлөөний зүүн гарын эргэлтийг хориглосон явдал. Гэвч намын дотоод зөрчлөөс болж энэ шийдвэрээсээ буцсан.
Би анх 1988 онд зүүн гарын эргэлтийг хориглохыг хэрэгжүүлж байлаа. Тухайн үед Баруун 4-н зам, Амарсанаагийн гудамж их түгжирдэг байсан. Зүүн эргэхийг хориглосноор түгжрэлгүй болж байлаа. Манай Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын дарга Г.Ринчиндорж хурандаа амралттай байсан бөгөөд маргааш нь бил үү залгаж “Төв хорооноос над руу яриад байна. Чи юу хийчих вэ” гэлээ. Учраа тайлбарлатал, “Шийдвэрээ хамгаалаарай” гээд өөрөө явж үзээд, “Зөв шийдвэр байна шүү” гэж байлаа. Энэ мэт хөдөлгөөн зохион байгуулалтын аргаар түгжрэлийг бууруулах олон боломж бий. Гэвч үүнийг төр засгийн удирдлага хүсэхгүй байна уу, сонирхохгүй байна уу, мэргэжлийн хүмүүс нь мэдэхгүй байна уу? Нөгөө талаас олон нийтийн сүлжээнд шүүмжлүүлэхээс айгаад шийдвэрээ хамгаалдаг инженер, албан тушаалтан байхаа больж.
-Та 1987-1991 онд Замын цагдаагийн газарт ажиллаж байсан. Гэхдээ тэр үеэс хойш 30 гаруй жил өнгөрч, машины тоо ч нэмэгдсэн. Таны яриад байгаа зүйлс хоцрогдсон юм биш үү?
-Замын хөдөлгөөнийг удирддаг, зохион байгуулдаг арга хэрэгсэл 30 жилийн өмнө ямар байсан, тэр хэвээрээ байгаа. 30 жилийн өмнө замын хөдөлгөөний эрчмийг яаж тооцдог байсан, яг л тэр аргаараа байгаа. Уулзвар, замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар тооцдог томьёо хэвээрээ. Яахав программаар боддог болсон байх. Би бол гараар боддог байлаа. Гэхдээ дүн нь адилхан гарна шүү дээ. Инженерийн шийдэл хэзээ ч хувирдаггүй.
-Манайх автомашин төвтэй, явган зорчигчдод ээлгүй санагддаг. Жишээ нь, явган зорчигч ногоон гэрлээр зам хөндлөн гарч амждаггүй шүү дээ. Гэрлэн дохионд стандарт, тодорхой хугацаа гэж байдаг уу?
-Гэрлэн дохионы горимыг боддог арга бий. Явган зорчигчийн зам хөндлөн гарах хугацааг нэмэх гэхээр уулзвар дээр тээврийн хэрэгсэл нь түгжирчих гээд байдаг болов уу. Ер нь явган хүний хөдөлгөөнийг автомашины хөдөлгөөнөөс зам доогуурх болон дээгүүрх гарцаар тусгаарлах ёстой. Ингэж байж үүнийг шийднэ.
-Таныг Монголын хамгийн анхны нүхэн гарц буюу Хүнсний 20-ийн гарцыг хийсэн гэж сонссон. Ямар тооцоо, судалгаан дээр үндэслэж хийж байсан бэ. Мөн сүүлийн жилүүдэд манайд зам дээгүүрх гарц олширсон. Энэ хэр үр дүнтэй шийдэл вэ?
-Ер нь зам дээгүүрхээс илүү доогуурх гарцыг үр дүнтэй гэж үздэг. Хүнд өгсөх хэцүү, уруудах амар гэдэг инстинкт байдаг. Энэ утгаараа зам доогуурх гарцаар хүн гарахдаа илүү дуртай. Зам дээгүүрх гарцаар эхлээд өгсдөг болохоор зүрхшээдэг. Үүнээс үүдэж зам доогуурх гарц үүссэн.
1988 онд Баруун 4-н замаас Зүүн 4-н зам хүртэл хааж байгаад, цэвэр, дулаан усны шугам татсан юм. Тухайн үед Хүнсний 20-ийн гарц гэрлэн дохиотой байсан. Энэ үеэр би хотын дарга С.Мөнхжаргалд “Бид газар шорооны асар их ажил хийж байна. Үүнийг ашиглаад зам доогуурх гарц хийе” гэсэн. Тэр үед би дэслэгч байлаа. Гэтэл С.Мөнхжаргал дарга “Тэгье, зөв санаачилгыг дэмжиж байна. Бичгээ хийгээд аваад ир” гэсэн. Ингээд би газрын дарга Г.Ринчиндорж хурандаад санаачилгаа танилцуулахад дарга маань баярлаж, “Бичгээ төлөвлөөд ороод ир” гээд өөрийнхөө машиныг өгч явуулж байлаа. Ингэж энэ гарцыг хийсэн. Барилгын зургийн институтийн Эрхэмбаатар гэх залуу зургийг нь гаргасан юм. Хүнсний 20-ийн гарц нь баруун талдаа гарцтай шүү дээ. Яагаад гэхээр, борооны ус зайлуулах шугам нь хүний мөрний хэмжээний дээр байхгүй юү. Тэгэхээр гарцанд орсон борооны усыг соруулах шугамыг зүүн талд нь байршуулсан юм. Улаанбаатар хотод зам доогуурх гарц олныг хийх шаардлагатай. Энэ нь явган зорчигчийн аюулгүй байдал хийгээд замын түгжрэлийг бууруулахад маш чухал хувь нэмэртэй.
-Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотод томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Газ ачиж явсан машины жолооч осол гаргаж, олон хүний амь эрсдэж, олон хүн орон гэргүй болсон. Таныг ажиллаж байх үед ийм эрсдэлээс хэрхэн сэргийлж байв?
-Ийм төрлийн машины зөвшөөрлийг 1987-1991 онд би өгдөг байлаа. Хэвлэлээс авсан мэдээллээр, аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгсэлд олгох тусгай зөвшөөрөлд хуруу, хумсаа дүрээгүй төрийн байгууллага байхгүй бололтой. Энэ зөвшөөрөл нэг л байгууллагад байх ёстой. Сүүлийн үед төрийн байгууллагууд юм бүхэнд хамааралтай болох сонирхолтой болчихсон. Үүний гай энэ хэргээр илэрсэн. Би зөвшөөрөл өгөхдөө тухайн ачааг тэээвэрлэх автомашины бүрэн бүтэн байдлыг тогтоосон техникийн комиссын акт, жолоочид хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн актыг авч, өөрөө маршрутыг нь зурж, зорчих цагийг нь тодорхой гаргах зэргээр аюулгүй ажиллагааны бүх зүйлийг нь зааж өгдөг байлаа.
Тухайн жолооч яагаад тэр замаар зорчсон, хэн зөвшөөрлийг нь өгсөн гэх мэт асуудал сөхөгдөх ёстой. Мөн Нийтийн тээврийн газраас С зөвшөөрлийг аваагүй байсан тухай мэдээлэл гарсан. Уг нь аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрлийг тээврийн хэрэгсэл нэг бүрд тусгайлан өгөх учиртай байтал одоо захын киоск машинаас авч байна шүү дээ. Хариуцлага ийм хэмжээнд очсон байна. Намайг ажиллаж байх үед газ байсан, зөөдөг л байсан. Маршрутаа батлуулж, аюулгүй байдлыг нь хангаж, хамгаалалтын машин дагаж явдаг байлаа. Бид ийм хэмжээнд аюулгүй байдлыг хангаж байсан. Гэтэл өнөөдөр тэр машиныг орон сууцны хорооллын дэргэдүүр явуулж байна гэдэг энэ зөвшөөрлийн систем алдагдсаны илрэл. Эцэст нь нэг жолооч, нэг аж ахуйн нэгжийг буруутгаад өнгөрч байна. Энэ бол төр засгийн алдаа. Ийм хэмжээнд зөвшөөрөл олгож байгаа төр, албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
П.ЦЭВЭГМИД: ТҮГЖРЭЛ ЭРХ МЭДЭЛД ОЙР БАЙГАА ХҮМҮҮСИЙН БИЗНЕС БОЛЧИХЛОО |
|
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
2025-05-03 21:53:23
2025-05-03 21:44:02
2025-05-03 21:05:10
2025-05-03 20:55:31
2025-05-03 19:14:35
2025-05-03 19:03:08
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |