• Өнөөдөр 2024-04-27

ХУЛСТАЙ, ЭРЭЭН, ТОХОЙ, ХОНГОР, ЦАГААН ЭРГИЙН ГОЛЫН ЭХИЙГ ШИРГЭЭСЭН “МОНГОЛ УРАНИУМ РЕСУРС” ХХК УРАН ОЛБОРЛОЖ БАЙГАА ЮУ

2021-06-24,   2030

Монголын хуулийг уландаа гишгэсэн “Мон Ураниум Ресурс” ХХК дур зоргоороо аашилж, авлигад амаа “таглуулсан” хууль хяналтынхан хөдөлж өгөхгүй байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ураниум Ресурс”  ХХК тус сумын хүн, малын ундаа болсон таван голын ай савыг шороогоор булж, байгаль орчинд онц ноцтой хохирол учруулсан талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл энэ удаад "Монгол Ураниум Ресурс" компанийн хууль бус хайгуул болон хууль хяналтынхантай сүжирсэн талаар ноцтой баримтыг дэлгэж байна. "Монгол Ураниум Ресурс" ХХК-ийг Эрдэнэцагаан сумынхан “Энэ компани ачир дээрээ “Хүрэн нүүрс”-ний гэх тодотголтой боловч цаагуураа уран олборлож байгаа” хэмээн хууль бус үйлдэлтэй нь тэмцсээр өдийг хүрсэн. Гэвч ард иргэдээс хаягласан гомдол, санал хууль хяналтын байгууллагын “хурган” даргын шүүгээнд мартагдсаар цөөнгүй жил өнгөрч байгаа юм. 

Эзэнгүй болсон Эрдэнэцагааны үнэн төрх буюу иргэдийн байр суурь

Нутгийн иргэн Г.Өнөрцэцэг “Байдал хүндрээд байна. Голын гольдрол дотор өрөм тавиад хайгуул хийж байгаа. Хайгуулын лиценз байхгүй хэр нь хайгуул хийж байгаа. Одоогоор хүрэн нүүрс гараагүй ч маш гүнзгий ухаж байгаа. Үүнийг л бид уран олборлохоор бэлдэж байгаа болов уу гэж хардаж байна. Үйл ажиллагааг нь зогсоож, хяналт тавьдаг мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Ууганцэцэг гэж хүүхэн байсан юм. Тэр овоо сайн ажиллаж байтал албан тушаалыг нь ахиулаад хот руу явуулчихсан. Энэ компанийн хийсэн ажил байх. Аймгийн МХГ, Прокурорын газраас хөдөлж байгаа юм алга. Тэр компанийнхан “Уул уурхай эрхлэхийг сумын 20 малчин зөвшөөрсөн” гэж яриад байгаа. Үнэндээ зөвшөөрсөн хүн нэг ч байхгүй.

“Танайх ямар үхэх малтай биш” гэж доромжилдог улс шүү дээ. Манай сум аль хэдийн гамшгийн байдалд орсон. Улсын стратеги, бодлогыг хөдөөний бид мэдэхгүй юм. Үүнийг анхаарахгүй бол удахгүй Монгол Улсын зүүн урд бүс сөнөх гэж байна.

 Аймгийн Засаг даргад гурван ч удаа бичгээр албан ёсны гомдол хүргүүлсэн. Аймаг орон нутгийн удирдлагууд цаашаа л элэгтэй байх шиг байна” гэв.

Эрдэнэцагаан сумын Ахмадын хорооны тэргүүн Д.Оюунбилэг “Манай хорооноос энэ компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоох хүсэлт бүхий санал гомдлыг өнгөрсөн оны аравдугаар сард БОАЖЯ, УУХҮЯ, УИХ-ын гишүүн Н.Ганибал нарт хүргүүлсэн. Харамсалтай нь, одоо болтол бидэнд хариу ирээгүй байна. Хөгшин настай бид хэний төлөө явах нь тодорхой. Дээдсээс бүрэн бүтэн хүлээж авсан нутгаа үр хойчдоо бүрэн бүтэн үлдээхийг л зорьж, тэмцэж байна.

Эх нутгийн минь газар шороо, эх байгаль, уул ус шуналтнуудын хөлд дэвсэгдэж байхад тайван нүд аньж чадахгүй. Хэдийгээр нүүрс гэдэг ч “Бид нар уран” гэж үздэг. Үнэхээр уран олборлоод эхэлбэл хүн ардын эрүүл мэнд хэцүүднэ.

Цар тахлаас болж бид нар хөл хориотой, бөөгнөрч хуралдаж болохгүй болсон. Энэ хугацаанд нь тэнд бүхий л үйл ажиллагаа явагдаж байна. Тус компанид 20 гаруй ахмад очиж, уулзалт хийж энэ хүсэлтээ хэлсэн. Тухайн үед “Дарга эзгүй байгаа” гэсэн шалтгаанаар дорвитой юм яриагүй. Бидний хүүхэд амьдрах газаргүй, ам тосдох малгүй, уух усгүй боллоо" хэмээв.

 

 

“МОН УРАНИУМ РЕСУРС” ХХК-ын “мост” болсон төрийн албаныхан

Энэ сарын 18-нд Эрдэнэцагаан сумын Засаг даргын захирамжаар тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гаргасан байна. Шалгалтаар “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Мэнэнгийн сав газар усны гэрээ байхгүй, Эрээний яг голд таван өрөм зоосон, хоёр голын урсгал дээр шороо асгаж хаасан, шүүрлийн усан дээр стандарт тоолуур тавиагүй, Газрын гэрчилгээ байхгүй зэрэг зөрчил илэрчээ. Улмаар ажлын хэсэг зургадугаар сарын 21-нд дүнгийн хурал хийж, “Зөрчлөө арилгатал нь тус компанийн үйл ажиллагааг түр хааж өгнө үү” хэмээн Сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуунд хүсэлт хүргүүлсэн байна. Гэвч өөрийнхөө байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж захирамж гаргах эрх мэдэл сумын Засаг даргад байсангүй.

Цагаан цаасан дээр хараар бичигдсэн Монголын хуулийг гишгэлээд гардаг тус компанид Эрдэнэцагаан сумын ИТХ болоод Засаг дарга өчүүхэн санагдаж буйгийн илрэл энэ биз. Хүчтэй компани гэсэн дээ нутгийн зарим төрийн албан хаагч, албан тушаалтнуудыг өөрийн талд оруулсан талаар тэмцэл өрнүүлж буй иргэд онцолж байлаа.

Тодруулбал, дүнгийн хурал дуусаад хагас цаг өнгөрч байхад өнөөх шалгалтаар гарч ирээгүй бичиг баримтууд гарч ирсэн гэнэ. Гэхдээ тухайн гэрээнүүд хууль бус байсан талаар  сумын ИТХ-ын тэргүүлэгч, ХАА байгаль орчин хариуцсан байнгын хорооны дарга, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн Ч.Адьяасүрэн “Шалгалтын явцад гарч ирээгүй өнөөх усны гэрээ сумын Байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Жаргалсайханы гарын үсэгтэйгээр гэнэтхэн гараад ирсэн. Э.Жаргалсайханд албан ёсны Улсын байцаагчийн үнэмлэх ч байхгүй. Сумын Засаг даргын шийдвэргүй, ИТХ-аар хэлэлцэж батлах ёстой асуудлыг ганцаараа шийдэж, гарын үсэг зурх эрх бүр ч байхгүй. Мөн Дорнод аймгийн Газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Цэрэнжаргал “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн захирал Х. Бүрэн-Эрдэний гарын үсэг, тамга тэмдэггүй гэрээг бий болгосон. Би дандаа нотлох баримттай ярьж байгаа шүү” гэв.

 

Ард иргэдийн зовлон, хууль хяналтынхны анд нөхөр болсон тус компани өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд  уурхайн баруун тийш хайгуул хийнэ гэж Зотол хайрханы энгэрт 12 шон босгосон байна. Нутгийн иргэдийн бослого, тэмцэлтэй тулгарах нь төвөгтэй байсан болохоор цар тахлыг далимдуулсан нь энэ аж.  Тодруулбал, Эрдэнэцагаан сум өнгөрсөн гуравдугаар сарын 5-аас тавдугаар сарын 25-ныг хүртэл 0 зогсолттой байжээ. “Хулгайч чөлөөнөөр, боохой борооноор” гэдгийн үлгэрээр чухам энэ хооронд усаа татаж, хайгуулаа хийж уурхай жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэнэ. Сумын засаг даргаар хайгуулийнхаа төлөвлөгөөг батлуулаагүй учир энэ үйлдэл нь мөн л иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.  Харин тэд ханаж цадсангүй Эрдэнэцагаан сумаас 11 километрт орших Өргөний талбай дээр хайгуул хийхээр хэмжилт хийжээ. Энэ бүх үйлдлийг нутгийн иргэд гэрэл зураг болон дүрс бичлэгээр баримтжуулж манай редакцид илгээсэн юм.

н.Хүрэлбаатар: Мэргэжлийн хяналтын газар хуулийн хүрээнд ажилласан

Бид мэдээллээ тэнцвэртэй байлгах зорилгоор  Сүхбаатар аймгийн МХГ-ийн Уул уурхай хариуцсан байцаагч н.Хүрэлбаатартай холбогдсон юм. Тэрбээр “Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард иргэдийн санал хүсэлтийн дагуу аймгийн цагдаа, тагнуул, байгал орчны газартай хамтарсан шалгалт хийсэн. Шалгалтаар “Зөвшөөрөлгүй цооног өрөмдсөн” зөрчил илэрсэн. Улмаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Цооногийн үйл ажиллагааг зогсоох санал оруулж Прокурорын байгууллагаас зогсоосон. Хуулийн хүрээнд зөрлийн торгууль болох нэг сая 500 мянга, байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэргийн нөхөн төлбөр болох есөн сая 700 мянга орчим нөхөн төлбөр төлүүлэхээр шийдсэн. Зөрчлийн хэрэг шалгагдаж дуусаад торгуулиа барагдуулсан учир үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсэн байх. Мэргэжлийн хяналтын газар хуулийн хүрээнд ажилласан. Би байгууллагынхаа даргад албан ёсоор мэдэгдэж, бүх бичиг баримтыг нь явуулъя” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Би УУХҮЯ болон АМГТГ-т хандаж уран олборлож байгаа талаар шалгуулах хүсэлт гаргасан

Эрдэнэцагаанчууд үнэхээр зовлонгийн өмнө цөхөрч гүйцжээ. Гэвч тэд “Мон Ураниум Ресурс” ХХК-ийн өмнө сөхөрсөнгүй. Харин тэд аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүндээ энэ асуудлыг цэгцэлж өгнө гэдэг итгэж, хүлээж буйгаа нуугаагүй юм.

Тодруулбал, “Бидний саналаар сонгогдсон гишүүн учир бидний дуу хоолойг сонсох байлгүй”, “Аймаг орон нутгийн удирдлагууд жижигдээд байгаа болохоор төрийн түшээ хүн л энэ асуудалд цэг тавих байх”, “Энэ нутаг орны төлөө юм хийнэ л гэж гарч ирсэн бол хийх л ёстой” зэрэг үгс айлаас айлын хооронд ам дамжаад удаж буй гэнэ.

 

 

 

 

Иймээс бид УИХ-ын гишүүн Н.Ганибалтай холбогдож энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Тус тойргоос сонгогдсоны хувьд энэ асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлсэн. Яг газар дээр нь очоод үйл ажиллагааг нь цуцлах боломж бололцоо УИХ-ын гишүүний бүрэн эрхэд байхгүй. Би УУХҮЯ болон АМГТГ-т хандаж уран олборлож байгаа талаар шалгуулах хүсэлт гаргасан. Мөн МХЕГ-аас “Мон Ураниум Ресурс” ХХК компанийн үйл ажиллагааг шалгах баг гаргасан боловч цар тахлийн дэгдэлт их байгаа учраас хараахан очиж чадахгүй байна” гэдэг хариу өгсөн” гэв.

 

Их мөнгөндөө дулдуйдаж Монголын хуулийг гол горхитой нь хамт булж орхисон “Монгол Ураниум Ресурс” компанийн ивээлд багтсан төр засгаасаа Эрдэнэцагаанчууд аврал гуйж байна. Бид олон талт эх сурвалжаа нэмж, дараа дараагийн дугаараараа тус компанийн цаад эзэн хэн болох, хууль хяналтынхнаас хэн нь тэдний хэтэвчинд багтсан талаар эрэн сурвалжилж хүргэх болно.


ХУЛСТАЙ, ЭРЭЭН, ТОХОЙ, ХОНГОР, ЦАГААН ЭРГИЙН ГОЛЫН ЭХИЙГ ШИРГЭЭСЭН “МОНГОЛ УРАНИУМ РЕСУРС” ХХК УРАН ОЛБОРЛОЖ БАЙГАА ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-24 17:04:25
    Munkhuu: Тѳр засаг нь арга хэмжээ авч ѳадахгүй байсаар тэнгэр хангай дэлхий минь жиднээс ѳѳрсдѳѳ хариугаа авч эхэллээ дээ. Ицм ч тѳртэй байх гэж...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188