Хачирхалтай нь, энэ хэрэг гарснаас гурван жилийн дараа буюу 1985 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хориход ял эдэлж байсан Ж.Мягмар гэгч нь “Би Дугархорлоо гэдэг хүний хэргийг мэднэ. Бид бүлэглэн буудаж хөнөөсөн” хэмээн мэдүүлж, хэргийг задалсан байдаг. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын орлогч Л.Отгонбаяр гэх эмэгтэйтэй тохиролцож, “Дугархорлоогийн хэрэг” гэдгийг зохиомлоор бий болгож, 10 гаруй хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татуулжээ. Тодруулбал, Ж.Мягмар нь 1982 онд “Эрдэнэт” хивсний үйлдвэрээс олон тооны хивс хулгайлсан хэрэгт холбогдож, есөн жилийн хорих ял сонссон нэгэн юм. Хоригдож байх хугацаандаа Дугархорлоогийн хэргийг зохиож, Б.Буджав, М.Авирмэд, Ч.Уранчимэг, З.Цэрэндорж, Д.Чимэдбальдармаа нарыг хамсаатан хэмээн мэдүүлсэн байна. Энэ хүмүүс нь Ж.Мягмарыг танихгүй шахам бөгөөд ганц, хоёр л удаа уулзаж байжээ. Улсын ерөнхий прокурорын орлогч Л.Отгонбаяр тэргүүтэй хууль сахиулахынхан хоригдол Ж.Мягмарын үгээр дээрх хүмүүсийг яллаж, гурван хүнд цаазын ял, Ч.Уранчимэгт 15 жил ногдуулжээ. Харин З.Цэрэндорж, Д.Чимэдбальдармаа нарт бага хэмжээний ял ногдуулсан ч Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор өршөөж, сулласан байна. Цаазын ялыг 15 жилийн хорих ял болгон гянданд эдлүүлэх шийдвэр гарчээ. Үүнээс гадна Ж.Мягмарын хивсний хэргийг илрүүлж, шүүж, мөрдсөн хууль хяналтын байгууллагынхан буруутгагдаж, ял эдэлсэн юм. Учир нь, тэднийг мөнгө авч, хэргийг буруу шүүсэн хэмээн мэдүүлсэн байдаг.
Харин нэрт зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай 1989 онд “Үнэн” сонинд “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз” гэх нийтлэл бичсэнээр тухайн хэрэг задарч, цаазын ял болон гянданд хоригдох хатуу шийтгэл хүлээсэн хүмүүс хилсээр хэрэгт тохогдсон нь үнэн болж, энэ хэргийн ээдрээт хувьц заяа шийдэгдсэн түүхтэй. Бид хилсээр гүтгэгдэж, 15 жилийн хорих ял сонсож, таван жил хоригдсон Ч.Уранчимэг гэх эмэгтэйн охин Ч.Сайханжаргалыг удаан хайсны эцэст олж, ярилцлаа.
Тэрбээр Улаанбаатар хотод охины хамт амьдардаг бөгөөд ээж Ч.Уранчимэг нь 2006 онд өвчний улмаас таалал төгсжээ.
-Та ээжийнхээ талаар яриад өгөөч. Энэ хэрэгт яаж яваад холбогдсон юм бэ?
-Эхлээд ээжийгээ танилцуулах нь зүйтэй болов уу. Миний ээжийг Чүлтэмийн Уранчимэг гэдэг байлаа. Архангай аймгийн 13 хүүхэдтэй малчин айлын том охин нь болж төрсөн байдаг. Ээж хорих ангиас суллагдаж гарч ирсэн даруйдаа бичиг баримтаа шинэчилсэн юм байна лээ. Иргэний үнэмлэх нь Булган аймгийн Сэлэнгэ суманд 1958 оны долдугаар сарын 17-нд төрсөн гэж бичсэн байдаг. Уг нь эмээ маань 1955 онд төрсөн гэж ярьдаг байсан. Хэцүү нэртээс 1990 онд гарч ирээд, ажиллаж байсан модны үйлдвэртээ очиж регистрийн дугаар авч, бичиг баримттай болж байсан юм билээ. Дээхэн үеийнхний төрсөн он, сар нь тодорхой биш, барагцаагаар бичигдсэн байх нь түгээмэл юм байна лээ.
Ээж хилсээр хоригдох үедээ буюу 1985 онд Хялганатын модны үйлдвэрт ажиллаж байсан. Намайг 15, 16 настай байхдаа л төрүүлсэн юм билээ. Би эмээ, өвөө дээрээ өссөн. Бага байхын л бие муутай, эмнэлгээс салдаггүй байсан учраас ээж минь намайг өсгөж, хажуудаа авч явахад хэцүү байсан байх. Өвөө маань бурхан болчихсон учраас ээжийн нуруун дээр л хамаг ачаа ирсэн. Хэдэн өнчин дүү нараа, ээжийгээ, бие муутай охиноо өсгөнө, тэжээнэ гэдэг чинь амаргүй шүү дээ. Тэр үеийн нийгэм хэцүү, нэг үгээр бол өлсгөлөнгийн үе байлаа. Ээж модны үйлдвэрт ажилд орсон. Эмээ, ах, эгч бид Эрдэнэт хот руу нүүгээд ирчихсэн байсан юм. Ээжийн хүчинд л идэх хоолтой залгаж байсан гэсэн үг. Ээжийг хоригдох үед би эмнэлэгт байсан учраас тэр бүр бүгдийг санадаггүй. Нэг л өдөр ажил дээрээ байж байхад нь сэргийлэхийн хүмүүс ирээд аваад явсан гэдэг. Онц ноцтой хүн амины хэргийг толгойлж, зохион байгуулсан гэж ээжийг минь хилсээр ялласан. Угтаа ээжийг энэ аймшигтай хэрэгт гүтгэж, гүжирдсэн Ж.Мягмар гэдэг хүн ээжид сэтгэлтэй байсан юм байна лээ. Залуу хүмүүс нэгэндээ сэтгэл алдарч, хайрлаж, дурлахын алийг тэр гэх вэ. Ээжийг минь ганц, хоёр удаа өдөж хоргоосон л байх. Тэгээд нүүр өгөөгүй юм байна лээ. Ээж өөрөө ч “Намайг танилцъя” гээд байдаг байсан. Надад таалагдахгүй болохоор нь юм хэлдэггүй байсан” гэж ярьж байсан. Үнэндээ царайг нь ганц, хоёрхон удаа харж байсан болохоор танихгүй л гэсэн үг. Тэгээд тэр Мягмар гэж хүн өс санаад ээжийг минь хүн амины хэрэгт гүтгэчихсэн. Бүүр зохион байгуулагч нь гэж хэлээд, өндөр ял ногдуулсан байдаг. Ердөө л өөрийг нь тоосонгүй гээд 20 гаруйхан настай ээжийг минь ялтан болгочихсон шүү дээ. Ганцхан миний ээж ч биш, өөрийнх нь хэргийг шалгаж, шүүсэн хууль хүчний байгууллагынхан, хамт архи уусан хүмүүсээ хүртэл гүтгэж, хөлдөө чирсэн. 10 гаруй айлын амьдралыг зохион байгуулалттайгаар сүйтгэж, тоглосон хүмүүс дээ. Одоо ч би үнэхээр гомдолтой явдаг. Хэлмэгдүүлэлт гэдэг чинь аймшигтай хар нүх байна лээ. Ганцхан тэр хүнээр дуусахгүй, ард үлдсэн амьдрал, аав, ээж нь хамтдаа нурчихдаг. Ж.Мягмар 1982 онд “Эрдэнэт” хивсний үйлдвэрээс 20 гаруй хүнтэй бүлэглэж, их хэмжээний хивс хулгайлсан гэсэн. Хивсний хэрэгт шалгагдаж, байцаагдаж байх үедээ Дугархорлоогийн гэх зохиомол хэргийг прокурортой хамтарч зохион байгуулсан. Мөрийтэй тоглоод өрөнд орсон хүмүүс л хивс хулгайлсан гэдэг. Гэтэл Ж.Мягмар хивсний хэргээр өөрийг нь шалгасан цагдаа, мөрдөгч, шүүгч, хуульч гээд бүгдийг нь хилс хэрэгт гүтгэсэн.
-Таныг эмнэлгээс гараад ирэхэд л ээж тань байгаагүй юм уу?
-Тийм ээ, манайх гурван ханатай гэртэй, ядуу тарчиг айл байсан юм. Биднийг тэжээж байсан ээжийг гэнэтхэн хорих анги руу ачаад явчихсан байсан. Эмээ, бид хоёр хөлийнхөө улыг эргэтэл ээжийн араас явсан. Өч төчнөөн өргөдөл бичиж, хандаагүй байгууллага, хүн байгаагүй. Хорихын үүдэнд очихоор хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн уйлж унжаад, аюул болно. Чимэдбальдармаа гээд эмэгтэй мөн л ээжтэй хамт 200 гаруй хоног хоригдсон. Тэр эмэгтэйн ой хүрч байгаа хүүхэд нь хорихын гадаа уйлаад л, нөхөр нь орилоод, өөрийнх нь хөхний сүү гойжоод байна гээд л мөн ч хэцүү үе байсан шүү. Миний ээжийг Ганц худгийн мөрдөнд 300 гаруй хоног суулгаж байж ял оноосон. Шөнө, оройгоор байцаана, өдөр нь хэлэн дээр нь ганц халбага хоол ч тавихгүй тамладаг байсан юм билээ. Албан тушаалд шунасан Улсын ерөнхий прокурорын орлогч Л.Отгонбаяр гэдэг эмэгтэй, өөрийгөө ялгүй хоцорно гэж бодохдоо ял наймаалцаж, зохиомол хэрэг үүсгэсэн Ж.Мягмар хоёрын тарьсан балаг олон айлд зовлон авчирсан даа.
-Прокурор, сэргийлэхээс танай гэрт нэгжлэг хийж байсан уу. Өргөдөл бичээд өгөхөөр ямар тайлбар өгдөг байсан бэ?
-Би тэр үед 13, 14 настай л байсан байх. Бас ч гэж харьцангуй том болчихсон, юмны наадах, цаадахыг мэддэг болчихсон байсан. Улсын ерөнхий прокурорын орлогч Л.Отгонбаяр гэдэг эмэгтэй Эрдэнэтийн зочид буудалд хэвтчихээд л эмээг минь байцааж, хамаг хувцсыг нь тайлуулаад л “Хоёр алчуур олж ирэхгүй бол охины чинь араас явуулна. Та хувцсаа тайл” гээд л тамлаж өгдөг байсан. Дугархорлоо гэдэг хүний авч явсан мөнгө төгрөг нь боолттой алчууранд байсан юм уу даа. Тэрийг нь манай ээжийг авсан гээд гүтгээд байсан хэрэг. Эмээ минь арга ядахдаа тэр хүний нэхээд байсан хоёр алчуурыг хайсан. Охиноо л гаргаж авч байвал бусад нь яах вэ гэж бодож байсан байх. Тэгээд хамт ажиллаж байсан хоёр эмэгтэйгээсээ алчуур гуйж хүртэл явж байлаа. Азаар нэг эмэгтэй нь “Та хэрэв алчуур олоод очвол хэрэг хийсэн нь үнэн гээд таны охиныг шоронд явуулна. Хийгээгүй хэргийн төлөө битгий ингэж яв. Нотлох баримт болгоод, таны охиныг хилсээр шийтгэж, хэрэг хүлээлгэнэ” гэж хэлсэн юм билээ. Эмээ тэрийг нь ойлгож, алчуур хайхаа больсон. Тэрнээс өглөө, оройжин л алчуур хайдаг байлаа. Сүүлд эмээ “Би ёстой тэнэг толгой, яаж тэр алчуурыг нь орлох алчуур олж өгчихөөгүй юм бэ. Миний охины заяа түшлээ” гээд л уйлаад байдаг байсан.
-Ээжийгээ хоригдсоноос хойш та хэд хэрхэн амьдарсан бэ?
-Ээжийг явснаас хойш би бараг л сургуульд сураагүй. Хувцас хунар муутай, амьдрал тааруу учраас сурах нөхцөл ч байгаагүй. Хүүхдүүд “Танай ээж чинь алуурчин гэсэн. Алуурчны хүүхэд” гээд байлгаж суулгахгүй. Ер нь бид сүүлдээ Эрдэнэтэд ч багтахад хэцүү болсон. Ялгаварлан гадуурхалт гэдэг чинь хүний санаанд багтамгүй үг, харцны нийлбэр юм биш үү дээ. Өлсөж үхэхгүйн тулд Эрдэнэтийн хогийн цэг дээр л өнждөг боллоо. Тэндээс амь зогооно. Эмээ өдөржин сэргийлэхээр явна. Тэтгэврээ зээлж аваад, хамгийг нь ээжийн араас явах ажилд зориулчихсан. Гэрт идэх хоолгүй, өмсөх хувцасгүй хүмүүс чинь яах вэ дээ. Бидний амьдрал орвонгоороо л эргэсэн дээ. Ер нь хэцүү бүгдийг туулаад, одоо л арай дээрдэж, нуруу тэнийх нь гэж бодож сууна.
-Шүүх хурал болтол ээж тань ямар байдалтай байсан бэ. Уулзуулдаг байсан уу?
-Зогсоо зайгүй уйлаад л байдаг байсан. Тэгэлгүй яах вэ дээ, тэр хар нүхэнд чинь 300 гаруй хоног хоригдчихсон хүн чинь. Их л турж эцэж, сэтгэл санаагаар унасан. “Ээжийгээ амьдаар нь зовоосон би ёстой өөдгүй охин” гээд л уйлаад байдаг байсан санагддаг. Эмээ минь хүүхдүүдийнхээ заримыг нь айлд өргүүлсэн. Бүтэн жилийн хугацаанд хорих ангийн хаалга сахиад суучихаар ямар олиг байх вэ дээ. Ээж уг нь холбогдох хүмүүст нь дотроос өргөдөл бичээд л байдаг байсан. Даанч “Шийдвэрлэх боломжгүй. Хүсэлт хүлээж авах боломжгүй” гэсэн хариу ирдэг байсан. Тэр үеийн амьдралын хэцүүг илэрхийлж ярих юм биш. Ар гэр бүхэлдээ хаягдаж, зогссон гэхэд болно.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Нэг дүүтэй байсан. Ээжийг хоригдох үед аавтайгаа үлдэж, тэндээ амьдарсан. Уг нь ээж хорих ангид очихдоо бие давхар байсан юм шиг байна лээ. Харамсалтай нь, сэтгэл санааны хямралаас болоод зулбачихсан гэдэг. Дүү маань аавтайгаа хамт байж байгаад ээжийг хорихоос суллагдсаны дараа ирсэн. Хоёр гэрийн дунд явж байгаад л хүн болсон. Харамсалтай нь, дүү минь гурван жилийн өмнө өвчний улмаас бурхан болсон. Би одоо ганцаараа үлдээд байна даа. Ээжийн маань дүү нар ч цөөрсөн.
-15 жилийн хорих ял оноосон шүү дээ. Суллагдсан талаар нь та яриад өгөөч?
-Жил орчим мөрдөнд хорьж байгаад 15 жилийн хорих ял оноосон. Гурван хүнд цаазын ял оноогоод, ээжид минь олон жилийн ял өгсөн. Ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн Ж.Мягмар гэдэг хүний үгээр л гэмгүй хүмүүсийг яллаж, ял оноосон байдаг. Мянга хашхираад хэн ч сонсоогүй дээ. Харин азаар сэтгүүлч Ж.Барамсай нийтлэл бичиж, энэ хэргийн зангилаа тайлагдсан. Тэгээд ч тэр Ж.Мягмар гэдэг хүн цаазын ял сонсоод хэргээ хүлээж эхэлсэн юм байна лээ. Хүмүүсийг гүтгэж, гүжирдсэн гэдгээ хэлж, сэтгүүлчид энэ мэдээлэл хүрснээр дахин шалгаж, үнэнийг тогтоосон байдаг. Ээжийг таван жилийн хорих ял эдлээд байхад нь хэргийн учиг тайлагдаж, цагаатгаж суллах шийдвэр гарсан. Хилсээр хэрэг үүрүүлсэн нь тогтоогдож, буруутай хүмүүсийг тогтоосон байдаг. Ж.Барамсай сэтгүүлчид бид туйлын баярлаж явдаг. Хэрэв тэр хүн нийтлэл бичиж, хууль хяналтын байгууллагынхны буруутай үйлдлийг ил гаргаагүй байсан бол ээж минь 15 жил хоригдох байсан. Гэхдээ хийсэн хэрэггүй хүн өргөст торны цаана таван жил сууна гэдэг гутамшигтай.
Ээж минь үүнд л их харамсаж, халаглаж “Хэлэх үг олдохгүй байна.Хар дарсан зүүд шиг л өнгөрсөн дөө, таван жил” гэж ярьдаг байлаа. Суллагдах үед нь сайхан байлгүй яах вэ. Муу эмээ минь зөндөө уйлсан. Цөхөртлөө явсан хүн чинь охин нь цагаатгагдаад, суллагдаад ирэхээр хачин их баярлаж, сэтгэл санаа нь амарсан.
-Ээж нь гарч ирээд ямар ажил хийж байсан бэ. Эрдэнэтэд амьдарч байсан юм уу?
-Улс миний ээжийг хэлмэгдүүлсэн гээд нэг өрөө байр өгсөн. Нэгдүгээр хорооллын арын дэнжид байр өгч, бид Улаанбаатар руу нүүж ирсэн. Ээж минь эзэмшсэн мэргэжил, хийж сурсан, туршлагатай ажил байхгүй учраас орцны жижүүр, сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байлаа. Хүний амьдрал нэг дорд орчихоороо өөдлөх гэж тун ч зовдог, хэцүү юм билээ. Амьдрал нь олигтой ч болсон юмгүй, бие нь өвдсөөр байгаад л 10 гаруй жилийн өмнө бурхан болсон. Харанхуй өрөөнд хоригдоод байхаар эрүүл эрхтэнгүй болчихдог юм билээ. Суурь өвчтэй болж, гутранги болчихсон байсан даа. Ээж 1990 онд гарч ирсэн шүү дээ. Би 1991 онд амаржиж, нэг охинтой болсон. Миний охиныг өсгөлцөж, 15, 16 жил бидний дэргэд хань болж амьдарсан. Хэрэв ээж хэлмэгдэж, хоригдоогүй бол бид шал өөр амьдрах байсан.
-Таны амьдрал одоо хэр байна вэ?
-Хар нялхаасаа л зүрх, судасны өвчтэй байсан учраас дээрдсэн зүйл алга. Гэхдээ сэтгэл санаа тайван, комиссын бараа зараад, ганц охиноо хүний дайтай хүн болгочихоод л байж байна. Миний амьдрал одоо л дээрдэж, цэгцэрнэ гэж итгэдэг. Ээж минь амьд сэрүүндээ улсаас өгсөн байраа зараад, Баянхошуунд хашаа, байшин авсан. Бид тэр хашаа, байшингаа зараад, таван жилийн өмнө ипотекийн зээлээр орон сууц авсан. Би охиныхоо хүүхдүүдийг харж, хажуугаар нь худалдаа наймаа эрхэлж байна. Амьдралд тэмцэгч байсан нь ялдаг хойно тэмцсээр л байх болно. Дахиж нэг ч хүнд, гэр бүлд ийм хэлмэгдүүлэлт битгий болоосой гэж залбирч байна.
-Баярлалаа, танд. Аз жаргал хүсье.
-Баярлалаа. Миний ээжийн хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэлмэгдүүлсэн гэдгийг нь тогтоосон бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Хэрэв энэ хэрэг илрээгүй байсан бол миний ээж хориход амиа алдах байсан байх гэж айдаг. Гэм зэмгүй, залуухан, үзэсгэлэнтэй, хөдөлмөрч ээжийг минь хилсээр шоронд тарчлааж зовоосон хүмүүст голоо тасартал гомдсоор явна.
ДУГАРХОРЛООГИЙН ХЭРЭГТ ХЭЛМЭГДСЭН Ч.УРАНЧИМЭГИЙН ОХИН САЙХАНЖАРГАЛ: ХИВСНИЙ ХУЛГАЙЧ МЯГМАРТ НҮҮР ӨГӨӨГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ МИНИЙ ЭЭЖ ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |