• Өнөөдөр 2024-05-12

ХОРТОН ШАВЖ УСТГАХ ТӨСВИЙГ “ИДСЭН” ХЭЧНЭЭН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ САЙДЫН ӨРГӨДЛӨӨР ХУУЛИЙН ХААЛГА ТАТАХ ВЭ

2022-07-08,   657

Нийслэл, орон нутгийн ойн модод хортонд идэгдэж, шарлаж, үхжиж байгаа мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байгаа. Уулын ар, өвөр хавар, намар шиг өнгөтэй байгаа нь хортон шавж идсэний илрэл.

      БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ойн шавж тавдугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл идэвхтэй үрждэг. Шавж төрлөөсөө шалтгаалаад зарим нь 15 хоног, зарим нь 30 хоног амьдардаг. Иймд хор цацсанаас хойш 21 хоногийн дараа мод сэргэж эхэлдэг. Тиймээс үр дүн урт хугацааны дараа гардаг гэсэн үг.    Шаардлагатай бол ҮАБЗ-өөр хортон шавжийн асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж харж байгаа. Мөн байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрийг орон нутгийн удирдлага нь хортон шавж устгалд зарцуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл Баян-Өлгий аймаг байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрөөс нэг ч төгрөгийг энэ чиглэлд зарцуулаагүй байх жишээтэй. Энэ төлбөрийг өөр чиглэлд зарцуулсан, шавж устгах санхүүжилт байхгүй гэх мэт тайлбар хэлсэн аймгийн удирдлагуудыг АТГ-т өгч, шалгуулна” гэж хэлсэн байдаг.

Тэгвэл бид аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нартай холбогдож, хортон шавж устгах ажиллагааны талаар тодруулж, мэдээлэл авснаа хүргэж байна.

БУЛГАН АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА А.ГАНТӨМӨР: 12 мянган га талбайд 370 сая төгрөгөөр хортон устгах бодис цацсан

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр:

          -Манай аймаг орон нутгийн төсвөөс 376 сая төгрөг төсөвлөж, хортон шавж устгалын ажил зохион байгуулсан. Одоогийн байдлаар орон нутгийн хөрөнгөөр нийт 12 мянган га талбайд хортон шавж устгаад байна. Мөн үүнээс гадна 21 сая төгрөгөөр хортон шавжийн судалгааны ажлыг 300 мянган га талбайд хийхээр төлөвлөж, төсөвлөөд байгаа. Одоогоор тендер зарлагдаж, судалгааны ажил хийгдэж байгаа. Жил болгон 27, 28 мянган га талбайд хортон шавж устгал хийдэг байсан. Энэ жил төсөв хүрэхгүй учраас 12 мянган га талбайг эрүүлжүүлээд байна. Хортон шавжтай тэмцэх ажлын хугацаа дууссан. Сангийн сайд, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаал шинэчлэгдээд хортон шавж устгах ажлын төлбөр хоёр дахин нэмэгдсэн. Нэмэгдээгүй байх үед 300 гаруй сая төгрөгөөр 30 орчим мянган га талбайд хор цацаж хүрдэг байсан. Хэрэв төсөв байвал хортон шавж устгах хор цацах талбай олон бий. Гэхдээ одоо хортон эрвээхэй болох шатандаа орчихсон учраас хор цацаад нэмэргүй. Аймгийн хэмжээнд хортонд идүүлээд, үхжиж, шарласан байгаа ойг одоо яах ч боломж байхгүй. Төсөв байхгүй, хугацаа нь дуусчихсан үед яалтай билээ. Ойг идэж байгаа хорхойны идэлт зогссон. Үүнээс гадна 20 мянга гаруй га талбайд өлийн цагаан оготно устгах ажлыг хийнэ. Уг ажилд 100 гаруй сая төгрөг төсөвлөсөн байгаа” гэлээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БОАЖГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН: ОРОН НУТАГ ТӨСӨВ БАТАЛЖ ӨГДӨГГҮЙ УЧРААС ХОРТОН ШАВЖ УСТГАХ ХОР ЦАЦДАГГҮЙ

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн:

           -Хортон шавж устгах ажил гэж зохион байгуулаагүй. 2016, 2017 онд нэг удаа хортон шавж устгах бодис ойдоо цацсан. Түүнээс хойш ямар ч төсөв байхгүй учраас уг ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа. Одоогийн байдлаар хэчнээн га талбайд хор цацах шаардлагатай гэсэн судалгаа нь ч гараагүй байна. Хор цацах шаардлагатай талбай бий. Орон нутгийн төсвөөс төсөв баталж өгдөггүй, зөвшөөрдөггүй. Яам руу хандаж, төсөв мөнгө өгөхийг хүссэн.

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА: ХОРТОН ШАВЖ УСТГАХАД 10 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Ганзориг:

          -Хортон шавж устгалын ажил хийгдээгүй байгаа. Тодорхой төсөв төлөвлөсөн, мэргэжлийн байгууллага, ААН рүү санал явуулсан. Энэ ажиллагаанд ерөнхийдөө 10 сая төгрөг төсөвлөсөн байгаа.  Түүнийхээ хүрээнд судалгаагаа хийж байна. Хамтран ажиллах ААН болон байгууллагатайгаа гэрээ эцэслэн байгуулагдаагүй. Төсвийн хувьд орон нутгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнээс зохицуулагдсан.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Д.БАТБАЯР: ХОРТОН ИДСЭН ТАЛБАЙ БАЙХГҮЙ УЧРААС УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батбаяр:

           -Дархан-Уул аймагт энэ жил хортон шавжтай тэмцэх ажил зохион байгуулаагүй. Яамны хөрөнгө оруулалтаар хийгддэг ажил. Манай аймагт энэ жил байхгүй байна лээ. Дараа жил Дархан-Уул аймагт ой модны тооллоготой. Ойн тооллогыг 10 жилд нэг удаа улсын төсвөөр явуулдаг. Энэ ажлын хүрээнд хортон устгах ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн жил 7000 га талбайд хортон устгасан. Орон нутгийн төсвөөс хортон устгах ажилд төсөв батлаагүй. Учир нь, өнгөрсөн жил зохион байгуулчихсан учраас энэ жил дахин устгах хэрэггүй гэж үзсэн. Энэ жилийг өнжиж байгаа гэсэн үг. Хортоны нөлөөнд автсан талбай одоогоор байхгүй байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА З.ТҮВШИНТӨГС: СУДАЛГААГААР 114000 ГА ТАЛБАЙГ ХОРТОН ШАВЖ БАЙНА ГЭСЭН

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс:

            -Энэ жил хортон шавж устгах ажлыг 194 сая төгрөгөөр 5000 га газрыг хамруулан зохион байгуулсан. Байгаагаа төсвөөрөө л хортон шавж устгах ажлыг хийлээ. Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн 85 хувийг нь ойн хортон шавж устгалд зориулах ёстой ч бүрэн зарцуулж чадахгүй байгаа. Учир нь, Сангийн яамнаас манай аймаг руу хязгаар тогтоож оруулж ирсэн. Өмнөх жилүүдэд ч 4000-5000 га талбайн хортон шавж устгасан. 2021 оны судалгаагаар 114,000 га талбайд хортон шавж байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнээс устгалын ажил явагдаад үлдсэн га талбайг бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсан.

ОРХОН АЙМГИЙН БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Л.БАТСАЙХАН: 14 МЯНГАН ГА ТАЛБАЙГААС ХОРТОН ШАВЖ ИЛЭРСЭН

Ой биологийн төрөл зүйл, цөлжилт, газар зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн  Л.Батсайхан:

        -2433 га талбайд хортон шавж устгалын бодис цацсан. Манай аймагт нийт 14344 га талбай шинэсэн ойд хортон шавж илэрсэн. 30 сая төгрөгийн утаат шүршигч багажаар каратэ хорт бодис ашигласан. Засаг даргын онцгой байдлын комиссоос онцгой байдлын зардлаас гарсан. Байгал орчин аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн байгаа. 2529 га талбайд шарлах нь гайгүй байгаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Г.БАЯСГАЛАН:

-Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан:

            -Манай аймаг энэ жил орон нутгийн төсвөөс 2000 га талбайн зардал гаргасан. Түүн дээрээ тендер зарлаад “Гранд Форест” гэдэг компани шалгарсан. Тархсан талбай нь 30000 га газар байгаа. Улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгийн төсөв баталсан үүнээс тодорхой хэмжээний нийлүүлэлт гэх мэт зүйлийг хүлээгээд бүтээгүй. Мөн сум орон нутаг болон жуулчны баазууд устгалын бодис хор авсан. Ингээд нийтдээ 4000 га газрыг хамруулан ажил явагдаад байна. 2000 га талбайн төсөв нь 86 сая төгрөг баталсан. Зайлшгүй шаардлагатай талбай нь 30,000га газар байгаа бөгөөд үүнээс 4000 га газар ажил хийгээд үлдсэн 26,000га газар шаардлагатай байгаа.

СҮХБААТАР АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА О.БАТНАСАН: ОЙ МОДГҮЙ УЧРААС ТОДОРХОЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга О.Батнасан:

           -Хортон шавж устгалын ажил хийгээгүй байна. Ой модгүй учраас тодорхой ажил хийгээгүй. Тарьсан моднууд дээрээ л бодис цацах ажил хийсэн байгаа. Орон нутгийн төсвөөс буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас гаргадаг. Аймаг сумдын нийтийн эзэмшлийн талбайд тарьсан моднууд дээр л ажил хийгддэг.

ТӨВ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Ж.ДАШ-ЯЙЧИЛ: 28 мянган га талбайд хортон шавж устгах ажлыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил:

           -Хортон шавж устгах ажил зохион байгуулаад явж байна. Батсүмбэр суманд 200 га талбайд ААН-д нь өөрсдөө хөрөнгө гаргаад 60 литр хороор ажиллаж байна. Ажиллаад гурав хонож байна. Мод бэлтгэлийн компаниуд хийж байгаа. Орон нутгийн төсвийн хувьд сумын ИТХ-ын төлөөлөгчид хуралдана. Тэр хурал дээр тодотголууд хийгдээд хортон шавж  устгалд мөнгө тавь гэсэн чиглэл өгсөн. Одоогоор  57000 га талбайд хортон шавж тархсан гэсэн судалгаа гарсан. Гэхдээ манайд холимог тархалттай байна. Зайлшгүй хортон шавж устгал хийх ёстой 28000 га талбай байгаа. Хөнөөлийн голомттой үе гэсэн үг. Нэг асуудал байгаа нь хор олдохгүй байгаа. Бид хөнөөлийн голомттой байгаа газартаа илүү анхаарч ажиллаж байна. Эрдэнэ суманд ААН-д орон нутгийн төсвөөр хортон шавжтай тэмцэх ажил хийж байгаа.

УВС АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Б.ЭНХТУЯА: ТӨСӨВ БАЙХГҮЙ УЧРААС ХОРТОН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА

-Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Энхтуяа:

            -Хортон шавж устгалын ажил зохион байгуулаагүй байна. Шаардлагатай судалгааг ойн ангиуд, сумдын байгаль орчны хамгаалагч нар хийсэн боловч санхүүгийн асуудлаас болоод ажил эхлээгүй байна. Бид энэ асуудлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам болон аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Одоогоор судалгаанд 10000 га талбайд устгал явуулах шаардлагатай гэж үзсэн. 2022 онд хийх ёстой байсан төсвийг 2021 онд батлуулсан үүнээс батлуулж байх хугацаанд мөнгө гаргаж өгөх боломж байгаагүй. Нийтдээ аймгийн хэмжээнд 380 сая төгрөгийн байгаль хамгаалах сангийн мөнгө баталж өгсөн боловч ИТХ төлөөлөгч нар үүнийг хүлээж авалгүй хасалт хийсэн. Одоогоор төсвийн шалтгаанаас болж энэхүү ажил хийгдээгүй байна. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд тэрбум мод хөдөлгөөн, мод үржүүлэг, ойн зурвас, сумдын ногоон байгууламж гэх мэт ажлуудад 474 сая орчим төгрөг тавигдсан. Устгалын ажлын судалгаа нь хавар хийгддэг болохоор дахин төсөвт нь тодотгол хийх боломж гарахгүй байгаа.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН: ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОРТОН ШАВЖ УСТГАСАН

Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Бямбасүрэн:

         -Судалгаагаа хийж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр 6000 га газар буюу Жаргалант, Галт суманд, орон нутгийн төсвөөр 21 суманд 6000 га талбайд хийсэн. Тархсан байгаа талбай нь 339,000 га гэсэн судалгаа байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажил нь агаарын хөлгөөр явагдаад нийтдээ хоёр тэрбум төгрөгөөр 6000 га талбайд, орон нутгийн хөрөнгөөр 105 сая төгрөг буюу 6000 га талбайд утаат үүргэвчийн багажаар хийсэн байгаа. Өмнө оны хаврын судалгаагаар 13 сумын нутаг дэвсгэрт байсан бол энэ жил 21 сумын хэмжээнд болж нэмэгдээд 339,000 га талбайн судалгаа гарсан. Өнгөрсөн жил орон нутгийн төсвөөс 6000 га талбайд, улсын төсвөөр 15000 га талбайд хийсэн. Манай аймаг нийт 4.012.000 га талбайн ойн сантай.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Б.ДАРХАНТӨР: 28 ГА ТАЛБАЙГ ХОРТОН ИДСЭН

            Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр:

           -Хортон шавж устгах ажил дөнгөж эхэлж байна. Дуусаагүй байгаа учраас тоо судалгаа хэлэх боломжгүй. Судалгаагаар 40 мянган га талбайд хортон үүрлэсэн гэж үзсэн. Тэмцэх шаардлагатай талбай нь 28 га. Одоогийн байдлаар орон нутгийн төсвөөс 15 сая төсөвлөж өгсөн. Энэ жилийн хувьд тархалт их байгаа учраас төсөвлөсөн мөнгө хаана ч хүрэхгүй байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА Н.ОТГОНБАЯР: 14 САЯ ТӨГРӨГӨӨР ХОРТОН ШАВЖИЙН СУДАЛГАА ХИЙНЭ

Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Отгонбаяр:

            -Энэ жил хортон шавж устгал хийгээгүй. Аймгийн хэмжээнд хортон шавжийн судалгаа хийх зардлаа тавьсан байгаа. 14 сая төгрөгөөр аймгийн төвийн мод, хөдөө зарим газарт судалгаа хийх ёстой. Гол нь Замын-Үүд, Сайншандын ургамлын судалгааг голлож  хийнэ. Хилээр зарим иргэн нууцаар ургамал тарих тохиолдол гардаг юм билээ. Үүгээр дамжин хортон шавж орж ирэх магадлалтай гэсэн. Ийм учраас манайд хийх санал ирсэн. Тэрбум мод эрдэм шинжилгээний хүрээлэн, хөдөө аж ахуйн багш нартай хамтран сургалт зохион байгуулсан юм. Тэгээд Сайншандын  төвийн модыг үзүүлэхэд хортон шавж байна гэсэн. Тиймээс судалгаа хийхээр 14 сая төгрөг төсөвлөсөн байна. Модны шавж мэдэгддэггүй байсан. Манай аймагт  ой гэх зүйл бараг байхгүй учраас шавж устгал хийж байгаагүй.


ХОРТОН ШАВЖ УСТГАХ ТӨСВИЙГ “ИДСЭН” ХЭЧНЭЭН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ САЙДЫН ӨРГӨДЛӨӨР ХУУЛИЙН ХААЛГА ТАТАХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188