• Өнөөдөр 2024-04-19

ХУУЛЬ ЗӨРЧСӨН “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШАЛГАЖ БАЙНА

2022-05-27,   833

    -"ОЮУ ТОЛГОЙ"-Н ХӨРСӨНД ХОГ Л БУЛААСТАЙ ҮЛДЭХ ЮМ БИШ БИЗ-
      “Оюу толгой” компани 15 мянган ажилчинтай. Дундаж хүн амтай дөрвөн сумыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц тооны хүн ажилладаг гэсэн үг. Тэгвэл эдгээр ажилчдынх нь зөвхөн нэг өдрийн хоолноос дөрвөн тонн орчим хог хаягдал гардаг. Хоолны хог хаягдал дээр нэмээд ахуйн буюу ариун цэврийн цаас, амны салфетка, ус, ундааны хуванцар сав, хуучин хувцас, хүнд даацын автомашинуудын дугуй, сольсон тос, тосол, эвдэрсэн сэлбэг хэрэгсэл, эмнэлгийн хог хаягдал, химийн болон тэсэлгээний бодисын сав, баглаа, барилгын хог хаягдал нэмэгдэнэ гэж тооцвол өдөр тутам ойролцоогоор 20-30 тонн хог гаргадаг гэх. 
 
Гайхмаар нь, “Оюу толгой” компани өдөр тутам ийм их хэмжээний хог хаягдал гаргаж байдаг мөртөө булж устгахаас өөрөөр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэргүй. Гэтэл “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад 13 жил, анхны Зэсийн баяжмал нь экспортод гараад есөн жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд “Оюу толгой” компани энэ их хогоо хаанаа “нууж” ирсэн хэрэг вэ. Өөрөөр бол, өмнийн говийн алт, зэсийг нь хуу сорох мөртөө хог хаягдлаа “булшлаад” байгаа юм биш биз. Яг энэ асуудлаар буюу “Оюу толгой” компани хог хаягдлаараа байгаль орчинд ноцтой хохирол учруулж буй асуудлаар Экологийн цагдаагийн албанаас шалгалт явуулж байгаа аж. 
Тэгвэл “Оюу толгой” компанийн 2019-2020 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланд дурдагдсан хог хаягдалтай холбоотой зарим ноцтой баримтуудыг хүргэе.  
 
       Манай улсын Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай холбогдох хууль тогтоомжууд болон дэлхий нийтийн жишгээр бол 15 мянган хүн ажиллуулж, асар их хэмжээний хог хаягдал гаргаж буй “Оюу толгой” компани дэргэдээ хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй байх ёстой байв. Харамсалтай нь, “Оюу толгой” компани төслөө эхлүүлснээсээ хойш цэнхэр сендвичин үйлдвэр, барилгуудыг шил дараалуулан барьж, чухамдаа алт, зэсээ хурдан баяжуулж, ашиг хүртэхээ л анхаарснаас бус хог хаягдлаа хэрхэх тухайд анхаарал хандуулаагүй аж. Ингэхдээ ажилчдын кемп болон үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдлынхаа ердөө тал хувийг дотоод дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаах, үлдсэн тал хувийг нь булж устгах зохицуулалттай явж иржээ. 
Жишээ 1. “Оюу толгой” компани үйлдвэрлэлдээ нийт 303 нэр төрлийн химийн бодис ашигладаг ажээ. Харамсалтай нь, химийн бодисоо хадгалах зориулалтын агуулахгүй, мөн химийн бодисоо ашигласны дараа үлдэгдэл хаягдал болон шил, сав, баглааг нь аюулгүй хадгалах, устгах агуулахгүй, ил задгай хадгалж иржээ. Уул уурхайн баяжуулалт, үйлдвэрлэлд ашигладаг химийн бодисууд бол хамгийн хортой буюу тухайн хөрс, орчноо шууд үхжүүлэх сөрөг нөлөөтэй. Гэтэл үйлдвэрүүддээ хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж ирсэн хэрнээ химийн бодис болон химийн бодисын хаягдлаа хадгалах зориулалтын агуулах барихгүй явж ирсэн нь байгаль орчинд ямар хайхрамжгүй хандаж ирсний бэлээхэн жишээ юм. 
 
Жишээ 2. “Оюу толгой” компанийн бүрэн устгаж “чаддаггүй”, тэгсэн мөртөө хөрс, байгаль экологид үлэмж хохирол учруулдаг хог нь автомашинуудын тос, тосол буюу хаягдал техникийн тос. 2019 онд л гэхэд “Оюу толгой” компанийн уурхайн талбай дахь хогийн цэгт 940 м3 техникийн тосны хаягдал цугларчээ. Гэтэл талыг нь буюу 581 м3 техникийг тосыг л дахин боловсруулахаар “Алтан оршихуй” ХХК-д тушаасан байна. Харин үлдсэн тал хаягдал нь уурхай дахь хогийн цэгтээ үлджээ.
 
Жишээ 3. “Оюу толгой” компанийн өдий хүртэл хэрхэн устгахаа шийдэж чадахгүй явж ирсэн хог нь хүнд даацын болон суудлын автомашинуудын хаягдал дугуй. Жилд хэдэн зуун ширхэгээрээ хог болж хаягддаг ч хэрхэн устгах дорвитой шийдэл ололгүй өдий хүрчээ. Олсон ганц шийдэл нь бага оврын хаягдал дугуйнуудаа нутгийн иргэдэд үнэгүй тараадаг аж. Тухайлбал, 2019 онд 158.3 тонн хаягдал бага оврын дугуйг нутгийг иргэдэд тараажээ. Нутгийн иргэдийн хувьд “Оюу толгой” компаниас авсан хаягдал дугуйгаар хонины хашаа барих мэтхэнд л ашигладаг, бусдаар ашиглах хэрэгцээ байхгүй учраас их хэмжээгээр авдаггүй. Тиймдээ ч “Оюу толгой” компанийн хогийн цэг хүнд даацын болон бага оврын автомашины дугуйгаар дүүрэн байдаг гэх. 
 
       Дээр дурдсан химийн бодис, хаягдал дугуй, техникийн тосны хаягдлаас гадна ахуйн болон автомашины зай хураагуурын хаягдал багагүй хувийг эзэлдэг ажээ. Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой" төсөл Монголд ашигтай, ашиггүй гэх хоёрхон сэдвээр л талцаж, маргаж ирснээс биш хамгийн чухал асуудал буюу байгаль орчинд ямар аюул заналхийлж байгааг нь хэн ч ярьсангүй өдий хүрлээ. Гэтэл өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өмнөговь аймагт уул уурхайн болон ахуйн хог хаягдлын овоо бий болж, говь нутгийн хөрсөнд гамшиг учруулсаар байна. 

ХУУЛЬ ЗӨРЧСӨН “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШАЛГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-28 03:40:44
    Эрдэнэ: Уб хотын бүх хаягдал бас л булдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-27 18:51:20
    Ха ха, хаанахын явуулга вэ?: Булж устгана гэдэг чинь ландфилийг хэлж байгаа юм л даа. Тусдаа шинжлэх ухаан, мэргэжлийн том салбар юм шүү. Хүн төрөлхтөн хог хаягдлаа ландфилийн технологиор л далд оруулж байна. Байгальд хоргүй байх бүх нөхцөлийг нь хангасан технологи юм шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188