• Өнөөдөр 2024-04-23

ОЛОНД ТАНИГДААГҮЙ, "ҮЗЭГДЭЛ" БОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮД

2022-05-19,   1680

 
            “...Хүрэлбаатар гишүүн ээ” гэж хэлд орлоо гээд Саарал ордноор нэг онигоо гарсан даа. Угтаа бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нам жим байсан УИХ “амь” орж, хэнд ч танигдаагүй гишүүд нь хэлд орж эхэлсэн нь энэ. Дөрвөн жил төр түшилцэж, түмэн олныг төлөөлж суух 76 гишүүн дунд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй хэлгүй гишүүн олон бий. Шинэ парламент бүрэлдээд хоёр жил, ээлжит чуулган дөрвөн удаа, ээлжит бус чуулган хэд хэдэн удаа хуралдаад, төрд сонгогдсон гишүүд аль хэдийнээ учраа олохтойгоо болсон байтал ард түмний нүдэнд өртөөгүй, өртөх нь битгий хэл нэрийг нь мэдэхгүй гишүүд цөөнгүй байгаа.
 
                Угтаа бол дөрвөн жил ард түмнийг төлөөлж, хууль батлан, иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй түшээд ажлаа хийхгүй, үүргээ гүйцэтгэхгүй байгаагийн илрэл нь хэнд ч танигдахгүй байх. Тэд зөвхөн сонгогдсон тойрогтоо цөөн хэдэн төгрөг тусгуулаад, хэл ам татлалгүй өөр өөрийн фракцынхаа үзэл баримтлалыг дагаад, хуулийн төслүүдийг кпопдоод суух үүрэг хүлээж сууна. Үндсэндээ бол тэд томчуудынхаа гар хөл болж, хүссэн хуулийн төслийг нь дэмжих, дэмжихгүйн үүрэг л хүлээчихсэн гар, хөл нь тушаатай албатууд гэсэн үг. Дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд нэг хууль санаачлах нь битгий хэл хуралдаандаа суухгүй, хувийн бизнесээ божийлгож аваад л алга болчихдог увайгүй төрх улс төрд улиг болтлоо ужгирчээ. Уг нь бол парламентын засаглал нь тойрог тус бүрээс сонгогдсон гишүүд нийт ард түмний эрх ашгийг хамгаалах үүднээс, хууль санаачлах, хууль боловсруулах, хуулийн төсөл батлах үүргийг гүйцэтгэнэ. Тиймдээ ч ажлаа мэддэггүй эрх дархтнуудаас хариуцлага нэхэх эрх ард түмэнд бий.
 

   Хоёр жилийн нүүрийг үзсэн ч олонд танигдаагүй, ард түмний хэл амнаас холуур суугаа үзэгдэл болсон гишүүдийн хэн нь хэн болохыг танилцуулъя.

 
БАЯН-ӨЛГИЙН НАМЗХ-ООС УЛС ТӨРД ОРЖ ИРСЭН АВАРГА ТАРИАЛАНЧ Т.АУБАКИР
 
         Өнгөрсөн удаагийн ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгийн МАН-аас “битүү морь” болж Их хуралд дэвшсэн нь тус аймгийн НАМЗХ-ын дарга Т.Аубакир байв. Уг нь намаас нэр дэвшүүлэх гишүүдийн нэр яригдаж эхлэхэд тус аймагт Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулег УИХ-д дэвшүүлнэ гэж байсан. Харин намын Бага хурлын дараа Т.Аубакирыг нэр дэвшүүлэхээр болсныг танилцуулсан. Ингээд 2020 оны ээлжит сонгуульд Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймгаас сонгогдож, төр түшилцэх эрхээ олж авсан билээ. Төр түшилцээд хоёр жил болсон Т.Аубаукир гишүүн олонд танигдаж амжаагүй л явна.
 
        Баян-Өлгий аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул гишүүн сайн улстөрч гэхээсээ илүүтэй сайн тариаланч нэгэн гэнэ. Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарсан гэдэг. Т.Аубакир нь газар тариалангийн салбарт 20  гаруй жил ажиллласан "Тариан цацал" ХХК-ийг хариуцсан ажиллуулж байжээ.  "Тариан цацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Улмаар 2020 онд тусс компани Улсын аварга тариаланч хамт олноор  шалгарч түүхтэй аж.
 
       Харин улс төрд Т.Аубакирыг ураг төрөл, хамаатан садныхаа нөлөөгөөр орж ирсэн гэх нь бий. Энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле УИХ-ын сонгуулийн үеэр  “Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд. Сүүлийн эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатангийн хүүхэд юм. Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан нь Х.Баделхантай нэг удмын хүмүүс. Энэ мафийн сүлжээ намайг унагасан” хэмээж байв.
 
ТОМ АРТАЙ, "МАЛИННА" БУЮУ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ А.АДЪЯАСҮРЭН
 
          Ерөнхийлөгчийн зөвлөхөөс Их хурлын гишүүн болсон А.Адъяасүрэнг ард түмэн төрийн түшээд гэхээс нь илүүтэй авлига, албан тушаалын хэрэг, сошиал орчинд дуулиантай амьдардаг болсноор нь илүү мэддэг болсон. Сонгуулийн сурталчилгааны үеэр алдар жүжигчин Моника Беллуччиг даган дуурайж, удалгүй гишүүний тангараг өргөснийхөө дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хамт авахуулсан зураг нь цахим сүлжээнд цацагдсанаар түүнийг олон нийт эчнээ таньдаг болсон. Гэвч Баянхонгорчуудыг төлөөлж суугаа төрийн түшээд нь хийсэн ажил, санаачилсан хуулиараа ард түмэнд төдийлөн танигдаагүй байна.
 
Түүгээр ч зогсохгүй авлига албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тэрбээр эгүүлэн татах гишүүдийн тэргүүн эгнээн бичигдэж байгаа гэх нь бий. Харин том артай тулдаа өнөөдрийг хүртэл Их хуралд ирцээ бүртгүүлээд сууж байгаа нэгэн юм.
 
ГУЯ ДАГАЖ ХҮЗҮҮ БОЛСОН Э.БАТ-АМГАЛАН
 
         Гуя дагаж хүзүү гэгч болж Их хуралд суусан МАН-ын гишүүд энэ парламентад цөөнгүй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан юм. Ямарсайндаа л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар жигтэйхэн уурлаж, “Хүрэлбаатар гишүүн ээ гэж хэлд орлоо” хэмээн шүүмжлэх билээ.
 
 НИТХ-ын төлөөлөгчөөс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн Э.Бат-Амгалан нь төрд ажилласан туршлагын хувьд тун нимгэн намтартай нэгэн. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэгт тооцогдох Баянзүрхээс сонгогдсон тэрбээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Их хуралд амаа үдүүлсэн гишүүдийн нэг байв. Харин саяхнаас түүнийг дуу орж, нийслэлийн төсөвт нэлээд анхаарах болсонд ахмад гишүүд нь ихэд дургүйцэж, хорхойтой араанд нь зуулгасан гэх бор шувуу нисэх болжээ.
 
Ц.НЯМДОРЖИЙГ УНАГАЖ, ИХ ХУРАЛД СОНГОГДСОН Д.БАТЛУТ
 
              Өнгөрсөн удаагийн сонгуулиар ганц алагласан аймаг нь Орхон. Эрдэнэтийнхэн бусад аймгуудаа бодвол 2020 онд арай туршлагатай сонгуульдсан гэж олон ам сайтай байгаа ч сонгосон гишүүд нь хэл аманд өртсөөр байгаа. Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн Н.Алтанхуяг гишүүн бие дааж Их хуралд суудалтай болсон ч нам руу гаа урваж, АН-ын бүлэгт бүртгэлтэй гишүүдийн нэг болсон. Түүгээр ч зогсохгүй МАХН-ны гишүүн “Босоо Ганбааг” уруу татаж намдаа оруулснаар Эрдэнэтийнхний санал АН руу хазайсан гэж болно.
 
       Харин МАН-аас торойж сонгогдсон, сонгогдох сонгогдохдоо Ц.Нямдоржийг унагаж сонгогдсон дуулиантай гишүүн. Орхон аймагт Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийгөө таниулж, тойргоо усалж чадсан тэрбээр Их хуралд орсноосоо хойш санаачлагчтай ажил хийж, олны анхаарал хараахан өртөж чадаагүй явна. Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Тамгын газрын ажилтнуудаа байр өгсөн хэрэгт холбогдож багагүй дуулиан тарьсан. Харин саяхан Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, Хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх хууль санаачлан иргэдийн дургүйцлийг түрүүлээд амжсан. Үүнээс өөрөөр тэрбээр олонд хараахан танигдаж амжаагүй байгаа юм.
 
ГАЙ Ч ҮГҮЙ, ГАВЬЯА Ч ҮГҮЙ Ж.БАТЖАРГАЛ
 
        Төв аймгаас Их хуралд шинээр хоёр гишүүн орж ирсний нэг нь Ж.Батжаргал. Өнжүүлэн Батжаргал нэрээрээ аймагтаа танигдсан тэрбээр, ИТХ-ын төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын суудалд очиж, удалгүй Их хурлын гишүүн болж дэвшсэн зайтай эр. Түүнийг МАН дотроо М.Энхболдын хүн гэх нь ч бий. Мөн л Их хуралд үзэгдэл болсон гишүүдийн нэг.
 
            Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Их хуралд сууснаасаа хойш мэргэжлийнхээ ур чадварыг төдийлөн олонд таниулж чадаагүй явна. Харин тойргоо усалж, дахин сонгогдох арга аа бодсон уу, эсвэл хүч хүрч дуугарах сэдэв нь тэр байв уу ямартай ч газар тариалан, хөдөө аж ахуйн асуудлаар хааяа нэг дуугарч харагдах болсон. Их хуралд орж ирснээсээ хойш гай ч тариагүй, гавъяа ч байгуулаагүй гишүүдийн нэг нь Ж.Батжаргал байна.
 
НАМ ДАГАВАЛ АМ ТОСТОХ Г.ГАНБОЛД
 
          Өвөрхангай аймгийн Холбооны газрын гол шугамын монтёр, скайтел ХК Өвөрхангай аймаг дахь салбарт менежер, Өвөрхангай аймгийн ИТХ   төлөөлөгч, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажилласан гэх нимгэн намтартай, ч нам дагасны хүчинд Их хурлын гишүүн болтлоо дэвшсэн нэгэн бол Г.Ганболд. Их хуралд орж ирсэн ч ахмад гишүүдийнхээ харцаар хөдлөдөг гэх Г.Ганболдын тухайд мөн л улс төрд танигдаагүй, хэлгүй гишүүн билээ.
 
           Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ховорхон үзэгдэх түүнд Өвөрхангайхан тийм ч ам сайтай биш сурагтай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө авлигын хэрэгт холбогдож, дуулиан тарьсан нь нэр хүндэд нь багагүй нөлөөлсөн биз ээ.
 
АМ ҮДҮҮЛСЭН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН
 
            Тойрогтоо танигдсан ч ард түмэнд танигдаагүй, “хэлгүй” гишүүдийн буухиаг Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин гишүүн үргэлжлүүлж байна. Аймгийн Засаг дарга болон НМХГ-т дарга гэх мэтчилэн төрд ажилласан туршлага нь бусад гишүүдээсээ хавь илүү ч Их хуралд орж ирснээсээ хойш амаа үдүүлсэн аятай ирцээ бүртгүүлж, кноп дардаг, төрийн ажлаас хойш суусан гишүүдийн нэг нь Т.Энхтүвшин болоод байна. Хоёр жилийн хугацаанд Их хурлын гишүүнээр ажиллахдаа бусад гишүүдийн хамт таван хуулийн төсөл санаачлан Их хуралд өргөн бариад байгаа юм байна. Ингэхдээ чөлөөт бүсийг өргөжүүлэх ажилд нэлээд анхаар ажиллаж байгаа гэх.
 

ОЛОНД ТАНИГДААГҮЙ, "ҮЗЭГДЭЛ" БОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 08:01:54
    зочин: хотныхоо хонийг танихгуй юм бнааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-22 14:33:02
    иргэн: нам дагасан гуянууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-19 10:01:45
    zochin : тэр казахстан руу нь явуулах хэрэгтэй ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188