• Өнөөдөр 2024-03-29

Говь-Алтайн алтыг "цөлмөх" гэж Говийн их дархан цаазат газрын нэр, байршлаар оролдож эхлэв үү

2021-11-15,   1952

         Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОВОО ХАРААГАА БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЦӨЛМӨХ ДЭЭР ОНИЛЧИХ ШИВ ДЭЭ

        Газрын баялгийг сорчлогчид Говь-Алтай аймгийг, дамаа Говийн их дархан цаазат газрыг “онилж” эхэлсэн юм биш биз. Алт, нүүрсний “тонуулчдын” овоо хараанаас “Говийн их дархан цаазат газар” гэх нэршлээр халхлагдаж, өдий хүрсэн Говь-Алтай аймаг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн үед уул уурхайн золиос болж дуусах юм биш байгаа.


       Хардах эрх байна, үндэслэл ч байна. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хоёр Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр, байршил өөрчилсөн асуудлаар мэтгэлцсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байх Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийн А/45 дугаар тушаалаар Зүүн гарын дархан цаазат газар болгон нэрийг нь өөрчилж, захиргааг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлснийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан эсэргүүцэж, асуулга тавьснаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан сайдын суудалд залраад ажилтайгаа танилцаж ч амжаагүй байхдаа буюу 11-хэн хоногийн дараа Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны нэрийг өөрчлөх, байршлыг нь Ховд аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргажээ гэсэн үг л дээ. Ажлаа авмагцаа нэн яаралтай ийм шийдвэр гаргасан нь хэнд ч хар төрүүлнэ. 
 
Үүнийгээ тайлбарлахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд байсан нь асар их зардал чирэгдэлтэй байсан. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт гарсан ашигт малтмалын олборлолтын хууль бус зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагаан толгойн постод Тахийн талаас нэг талдаа 260 км замыг туулж очдог бол Ховд аймгийн Алтай сумаас 130 км зам туулж очно. Шатахууны зардлыг 50 хувь хэмнэнэ гэсэн үг. Нөгөөтээгүүр, байгаль хамгаалагчдын хүүхдүүд Тахийн талын бага сургуульд 1-5 дугаар анги, Бугат сумын дунд сургуульд 6-9 дүгээр анги, Төгрөг, Есөнбулаг сумдын сургуульд 10-12 дугаар ангидаа суралцаж гурван шатны сургууль дамжин суралцаж байна. Харин Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргааг байршуулснаар албан хаагчдын хүүхдүүд нэг сургууль, нэг ангид суралцан ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдэнэ” гэжээ. 

Харин шатахуун хэмнэх, байгаль хамгаалагчдын хүүхдүүдийг нэг сургуулиар төгсгөхөөс илүү чухал зүйл орхигдож болзошгүйг байгааг Н.Уртнасан сайд дурдаагүй байна. Тодруулбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүлснээрээ алт, нүүрсний тонуулчдын анхаарлын төвд байдаг Говь-Алтай аймгийн сумдууд хараа хяналтгүй хоцорвол яах вэ гэдэг асуудлыг дурдсангүй. Эсвэл алт, нүүрсний тонуулчдыг Говь-Алтай аймаг руу оруулах гэж зориудаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэв үү. 

 

ХАРДАХ ЭРХ 1. ГОВЬ-АЛТАЙГ ХАЯАД ХОВД РУУ...

 
           Гол асуудал нь, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргаас албан бичиг ирсэн гэх бөгөөд уг албан бичигт “Дархан газрын захиргааг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой Бугат сумын газар нутагт хамааран дархан цаазат газарт ордог 616.562 га газар тусгай хамгаалалтаас гарах сөрөг нөлөөлөл бий боллоо” гэсэн байгаа юм. 
           Жинхэнэ хардах асуудал эндээс эхэлнэ. Тодруулбал, Говь-Алтай аймагт одоогоор 93 орд, 700 гаруй илрэл мэдэгдээд байгаа гэх. Мөн  тус аймагт 96 аж ахуйн нэгж 140 гаруй лиценз эзэмшдэг бөгөөд Хөв булаг, Зээгтийн нүүрсний уурхай, Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Зүүн сайр, Хуурай, Бөөрөгийн алтны шороон орд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр бол, газрын хөрсөндөө алт тэргүүтэй асар их баялагтай аймаг гэсэн үг л дээ. Харин аймгийн газар нутгийн 53.9 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад багтсан байдаг учраас өдий хүртэл энэ хэмжээнд алт, нүүрсний тонуулчдыг дураараа дургидаг газар болохгүй тэсэж үлдсэн гэхэд болно. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд байсан Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Зүүн гарын дархан цаазат газар болгож нэрийг нь өөрчлөөд, байршлыг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлсэн нь "Говь-Алтай аймгийг бүхэлд нь хамгаалалтгүй, хараа хяналтгүй болгож үлдээх гэсэн нэг алхам" гэж учир мэдэх хүмүүс шүүмжлээд байгаа юм л даа. 
 
          Түүнчлэн, 2019 оны статистик мэдээллээр Говь-Алтай аймагт зөвшөөрөлтэй нэг холбоо, есөн ТББ, зөвшөөрөлгүй 20 гаруй нөхөрлөлийн 300 гаруй “нинжа” алт олборлож байгаа гэх бөгөөд том уурхай, жижиг “нинжа” нарын балгаар тус  аймгийн 15 сумын 159 газрын 415 га талбай уул уурхайн олборлолтын эвдрэлд орсон гэх мэдээлэл байна. Хэрвээ Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Ховд аймгийн Алтай суманд нүүчихээд, Говь-Алтай аймаг руу хараа сунгаж чадахгүй бол газрын баялгийг сорчлогч акулууд, “нинжа” гэх жараахайнуудын дураараа дургих баялгийн нуур болж хувирах юм биш үү. Ховдын газрыг хамгаалж чадахгүй байна гээд тийшээ нүүсэн хойгуур нь Говь-Алтайг цөлмөчихвөл юу болж хувирах вэ гэсэн үг. Хэрвээ тэгвэл Говь-Алтай аймагт нутаглаж буй 350 толгой тахь, 13 мянган хар сүүлт, 9000 орчим хулан хаачих вэ. 
 

ХАРДАХ ЭРХ 2. ТҮҮХ ДАВТАГДСАН НЬ...

 
            Өнгөрсөн хугацаанд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд харьяалагдах зарим талбайг хамгаалалтаас гаргах, улмаар ухаж төнхөхийг санаархсан оролдлого нэг биш удаа гарч байсан. 
 
Хамтарсан Засгийн газрын үед буюу С.Баяр Ерөнхий сайд байхдаа “Талбайг нөөцөд авах тухай” 86 дугаар тогтоол гаргаж  байсан. Тогтоол ёсоор 25 талбайг нөөцөд авахаар тусгасны дотор Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаарах талбай багтаж байсан нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг тогтоол цуцлагдсан байдаг. Тодруулбал, уг тогтоол Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутагт хамаарах Наран сэвэстэйн талбай, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт хамаарах Хатан суудалын талбай багтаж байсан юм. 
       Түүнчлэн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2013 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн тухайн үеийн Засаг дарга Ш.Амгаланбаярт “Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү” гэдэг албан бичиг илгээсэн байдаг. Тухайн үедээ орон нутгийн зарим удирдлагууд, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нутгийн иргэд эсэргүүцэж, асуудал тэгсгээд мартагдсан. 
           2015 оны хоёрдугаар сард УИХ-аас “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” гэгчийг батлахдаа “Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэх ноцтой заалт оруулсан нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Учир юу гэвэл, “Яг энэ заалтаар Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газарт хамаарах Талын мэлтэс, Хатан суудал гэх мэт алтны нөөцтэй газруудыг ониллоо” гэж шүүмжлэл гарч байлаа. 
 
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл” гэгчийг Сангийн сайд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл сая намрын нэг дуулиан байсан. Цар тахлаар түрий барьж, эдийн засгаа эрчимжүүлэх нэрийн дор казино, бооцоот морин уралдаан, мансууруулах бодис тариалах зэргийг зөвшөөрөхөөр уг хуулийн төсөлд тусгасан нь олны шүүмжлэлд өртсөн учраас УИХ-д өргөн мэдүүлэхээс түр хойш тавьж байгаа гэх. Хамгийн гол нь, энэ хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутагт байх ашигт малтмалын тухай ноцтой гурван заалт тусгагдсан байдаг. Чухамдаа эдийн засгаа сэргээх нэр барьж тусгай хамгаалалттай газар нутаг руугаа дайрах гэсэн өмнөх Засгийн газруудын түүхийг энэ Засгийн газар ч давтаж байгаа юм байна гэж харагдаж байна. 
 
Тодруулбал, Уг хуулийн төслийн 2.5.13-т “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэхэд орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал, дүгнэлт авахыг шаардахгүй”
 
9.27.1.1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тосны олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх”
 
10.33.1-т “Энэ хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл нь хуулийн хүчинтэй хугацаа дууссанаас үл хамааран тусгай зөвшөөрөлд заасан хугацаанд хүчинтэй байна” гэж заасан. 
 

Товчхондоо, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох эсэхийг Засгийн газар толгой мэдэн шийднэ, сум орон нутгийн удирдлагууд оролцох эрхгүй гэх утгатай заалт оруулсан нь учиртай. Цар тахлыг далимдуулж, эдийн засгаа сэргээг нэрээр халхавчилж тусгай хамгаалалттай газар нутгийн дор байгаа баялаг руу дайрах гэсэн нэг санаархал гэсэн үг. 

 
            Ингээд харвал, Говь-Алтай, Ховд аймгийн дамнан орших Говийн их дархан цаазат газар луу алт, нүүрсний “тонуулчид”-ын шуналын нүд хэдийнэ орчихоод ямх ямхаар, сөөм сөөмөөр ойртож байна гэж харагдаж байна. Энэ хүслээ биелүүлэхийн Засгийн газарт нөлөөлж, Засгийн газар нь цар тахал, эдийн засгийн хямралыг түрий барьж, энэ хүслийг нь гүйцээж өгөх гэж хардах гэж хардах үндэслэл ч байна. Говийн их дархан цаазат газрын нийт газар нутаг 1.8 сая га болчихоор Говь-Алтайд байгаа ганц захиргаа хамгаалж чадахгүй байна гэж Н.Уртнасан сайд өөрөө мэдэгдсэн. Тэгвэл яагаад Говь-Алтайд нэг, Ховдод нэгийг байгуулж болдоггүй юм. Яагаад ганц захиргаатай байлгах гээд, тэрийгээ заавал Ховдод байлгах гээд байгаа юм. Тэр байтугай хоёр яам байгуулах гээд хэдэн арван тэрбумаар тоологдох төсөв батлаад сууж байгаа биз дээ, хоёр хамгаалалтын захиргаа, хорин хэдэн байгаль хамгаалагчийн идэх хоол, унах машины шатахууны зардал өндөр байна гэж үү дээ. Энэ мэтээр Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны нэр, байршлыг өөрчилсөн асуудал цаанаа алт, нүүрсний тонуулчдын эрх ашгийг агуулж байна уу гэдэг хардлага дагуулж байна. 
 

Говь-Алтайн алтыг "цөлмөх" гэж Говийн их дархан цаазат газрын нэр, байршлаар оролдож эхлэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-20 06:48:52
    Зочин: Арваад жил яригдаж буй төрийн томчуудын хуйвалдаан ахисаар байгаад хаяанд ирж буй нь энэ бололтой. Үндсэн хуулиасаа авахуулаад хуулийг гууль болгогсод УИХ, Засгийн газарт л цохиж явах юм даа хачирхалтай нийгэм шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188