• Өнөөдөр 2024-04-26

Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг “эрэн сурвалжилж” байна

2021-09-14,   667

          Дэлхий дээр коронавирусийн нийт 37 төрлийн мутаци хувилбар бий болоод байна. Одоо гурван төрлийн мутаци ноёлж байгаа бол залгаад хоёр төрлийн мутаци аюул заналхийлэхээр отож байж болзошгүй гэнэ. Монголд хэд нь тархсан, тархалтыг цаашид хэрхэн хумих, хүн амыг бөөгнөрлийг хэрхэн зохицуулах, халдварын оргил үе нь одоо тохиож байна уу, эсвэл цаашид улам нэмэгдэх үү, хайртай бяцхан үрсээ хичээл сургуульд нь явуулаад байх нь зөв үү, буруу юу гээд түм буман асуулт, асуудалд будилсан ард түмэн Эрүүл мэндийн сайдын амыг хараад хүлээж байна. Эрүүл мэндийн яамны өдөр тутмын, ёс төдий мэдээллийг алдалгүй уншиж, үзэж байгаа ч Засгийн газар одоо ба ойрын ирээдүйд цар тахалтай хэрхэн, яаж тэмцэх гээд байгааг Эрүүл мэндийн сайд нь л тайлбарлана биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн сайд маань таг чиг. 
 
        Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёр өдрийн өмнө Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын тасагт тоног төхөөрөмж хүлээн авах ёслол дээр нэг үзэгдэв. Тэр өдрийнхөө үдээс хойхно албан ёсны цахим хуудсаараа “Цар тахлын улмаас хайртай нэгнийгээ алдсан хүн бүрд эмгэнэл илэрхийлье, харамсаж байгаагаа мөн илэрхийлье” гэж тун товчоор эмгэнэл илэрхийлснээ, завсарт нь “Эрүүл мэндийн салбарынхан маань байж болох бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна. Алдсан хүн арван тамтай байдаг. Нас барж буй иргэн бүрийн ард гомдол үлддэг. Эмч хүнийхээ хувьд энэ жаргал зовлонг 20 жил үзэж, мэдэрч явна” гэх биеэ өмгөөлсөн ч гэх үү, алдаагаа хаацайлсан, ард түмнээ тавласан ч гэх үү  тайлбар хавчуулсан пост оруулж харагдсан.
 
Үүнээс өмнө гэвэл, тав хоногийн өмнө ХӨСҮТ-д, найм хоногийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн тасагт үзэгдсэн байдаг бол 13 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 1-нд Нийслэлийн 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд М.Энх-Амгалан нартай хамт оролцож харагдсан. 

Юу хэлэх гээд байна гэхээр, хичээл сургууль цуглаж, хүн амын бөөгнөрөл дээд цэгтээ хүрч байгаа оргил ачааллын сар эхлээд талдаа орж байхад Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахим хаягтаа пост бичих, элдэв ганц нэг удаа ёслол, хүлээн авалтад оролцохоос өөрөөр лав үзэгдсэнгүй. Хамгийн сүүлд 20-иод хоногийн өмнө л Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн хуралд оролцож, “Гуравдугаар тун хийхээр боллоо” гэж мэдэгдэл хийсэн байх. 

 
          Коронавирусээр хоногт 2500-3500 хүн халдварлаж байна. 5-10 хүн нас барах нь байдаг л хэвийн үзэгдэл мэт боллоо. Өнөөдрийн байдлаар 21 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1682 хүн хүнд, 286 хүн маш хүнд оноштой, үхэх сэхэхийн зааг дээр байгаа гэнэ. Нас баралт өнөө маргаашгүй 1000 давах нь. Гэтэл бид ердөө 3,5 саяулаа. Цөөхөн бидэнд өдөрт 3000 хүн халдвартай гэж оношлогдож, 10 хүн морг руу шилжих нь хэтэрхий өндөр тоо шүү дээ. 
 
Өдөрт 3000 байтугай, гурван шинэ тохиолдол илрэхэд Засгийн газар үймж сандардаг, эргэлзээтэй байсан нэг сорьц сөрөг болох нь батлагдахад ЭМЯ нь баярлаж, хэвлэлийн хурал хийдэг байсан үе бий. Эргээд харахад сүржин байсан мэт санагдавч, ард түмэн тахал дунд төрдөө хаягдчихсан мэт мэдрэмж тэр үед төрдөггүй л байлаа. Гэтэл одоо коронавирус мартагдчихсан юм уу, эсвэл аюулгүй болчихсон юм уу, ямартай ч Эрүүл мэндийн сайд лав үзэгдэхээ болилоо. Үгүй бол “Одоо ч, цаашид ч коронавирус дунд амьдарна, нэгэнт өнгөрсөн, дасан зохиц” гээд хаячхаж байгаа ч юм уу. 
 
          Халдвар хэдэн өдрөөр дараалж нэмэгдвэл Эрүүл мэндийн сайд нь эрдэмтэд, эмч нартайгаа зөвлөлдөөд ямар арга хэмжээ авах, хөл хорио тогтоох уу, үгүй юу гэдгээс эхлээд гарц гаргалгаа гаргадаг, Засгийн газартаа хэл хүргэж, хэлэлцүүлдэг, шаардлагатай бол салбараа төлөөлж сөрж зогсдог байх ёстой биз дээ. Өмнөх сайдуудын үед тэгдэг байсан биш бил үү. Төр, ард түмэн хоёрыг Эрүүл мэндийн салбараар холбож байгаа гүүр нь одоогоор С.Энхболд мөн биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд та нүдэн балай, чихэн дүлий хагас сар, хорь хоногоор таг чиг алга болж байгаа нь зохимжгүй байна. Хаа нэг хэвлэлийн хурал хийхээрээ алсыг харсан бодит гарц гаргалгаа биш, вакцины тун ярьдаг байх нь хангалтгүй байна. Коронавирус  эхэндээ шинэ тутам байсан, эрүүл мэндийн салбар сар жилээр ажлаа төлөвлөх боломжгүйг ард түмэн ойлгодог байсан. Гэтэл бид цар тахалтай “танилцаад” хоёр жил болж байна. Дотооддоо халдвар алдсан “ой” сар гаруйхны дараа тохиох нь. Өөрөөр бол, хэрхэн тэмцэх, ямар арга хэмжээ авах, яах ийхээ ойлгох, арга барилаа олох хангалттай хугацаа. Гэтэл эрхэм сайд та цахим хаягтаа эмгэнэл ч юм уу, гомдлын эсвэл өмгөөллийн пост хийхээс хэтрэхгүй нь байсаар л. 
 
 
 

Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг “эрэн сурвалжилж” байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-15 12:26:40
    энэ цаг үед: эрүүл мэндийн сайдаар ажил хэрэгч, шуурхай, зангарагатай хүн томилоод ачааг нь үүрүүлэх хэрэгтэй байх юм, эрүүл мэндийн сайдаас бусад бүх хүн эрүүл мэндийн мэргэжилтэн болж дууслаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188